| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0176/Э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2020-05-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 159
2020 05 04 2020/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч А.Азжаргал,
шүүгдэгч А.С,
хохирогч Ж.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн А-ийн С-д холбогдох эрүүгийн 2034001120163 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1985 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмнэлгийн магадлан шинжээч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Төв аймаг Архуст сум 1 дүгээр баг, Боголын 1-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЮ дугаарын регистртэй, Х овгийн А-ийн С
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.С нь хэрэг бүртгэлтийн 193400356 дугаартай хэрэгт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор тогтоогдон 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор “...Манай нөхөр Ж.З 2015 оноос хойш зодож гар хүрч зодож эхэлсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн жил 2018 оны 08 дугаар сард согтуу орж ирээд шалтгаангүйгээр цохиж эрүү хугалсан” гэж,
2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын 1934003560269 дугаартай Ж.З-д холбогдох хэрэгт хохирогчоор “...2017 оны 05 дугаар сард миний толгой руу цохиж ханатай хавсарч, ...2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр миний толгой, эрүүн тус газар тус тус цохиж эрүү хугалсан... 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гараа раа миний эрүү рүү цохиж хугарсан байсан эрүүг дахин хөндсөн... Намайг удаа дараа зодож гэмтээж байсан” гэж,
2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “дахин 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр З-д цохиулж эрүүгээ хөндсөн” гэж тус тус мэдүүлж, өөрийн нөхөр Ж.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодон” гэмт хэргийг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Асуух зүйл байвал асуултад хариулъяа... гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.З:
...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 2034001120163 дугаартай хэрэгт хохирогч Ж.З /хх-ийн 92 дугаар хуудас/, гэрч А.С /хх-ийн 3 дугаар хуудас/, гэрч С.Ч /хх-ийн 4-5 дугаар хуудас/, гэрч Я.Б /хх-ийн 6 дугаар хуудас/, гэрч Н.А /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрч А.Б /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Б.А /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч С.Ч /хх-ийн 13-15 дугаар хуудас/, гэрч Н.Т /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогч А.С /хх-ийн 23-25, 26-28, 29-30 дугаар хуудас/, гэрч Э.У /хх-ийн 31-33 дугаар хуудас/, гэрч Ж.З /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч С.Ч /хх-ийн 36-39 дүгээр хуудас/, гэрч Б.Б /хх-ийн 40-42 дугаар хуудас/, гэрч Б.О /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, гэрч Б.Т /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч Б.З /хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч П.Б /хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч Л.Ц /хх-ийн 51-52 дугаар хуудас/, гэрч Ц.С /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, гэрч С.Ч /хх-ийн 55-56 дугаар хуудас/, гэрч Х.Д /хх-ийн 57-58 дугаар хуудас/, яллагдагч Ж.З /хх-ийн 65-66, 67-69 дүгээр хуудас/, яллагдагч А.С /хх-ийн 80-81,115-116 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
Эрүүгийн 193400356 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20 дугаар хуудас/, шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/, 1934003560269 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЗ/887 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн 1934003560269 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаасан тухай /хх-ийн 70-72 дугаар хуудас/, хохирогчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан тухай баримт /хх-ийн 73 дугаар хуудас/, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Ж.З-д холбогдох хэргийн тэмдэглэл /хх-ийн 94-114 дүгээр хуудас/,
шүүгдэгч А.С-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-90, 122-125 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч А.С нь өөрийн нөхөр Ж.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодон” гэмт хэргийг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах яллагдагч А.С-ийн ...Би уг нь нөхрөөсөө салах гэж Төв аймгийн шүүхэд өргөдөл өгсөн юм. Тэгээд өмгөөлөгч авч шүүх хурал маань 2019 оны 06 дугаар сарын 20-ны үед болоод бид хоёр сарын хугацаатай эвлэрэх хугацаа өгсөн. Тэрнээс хойш 2019 оны 08 дугаар сарын 05-ны үед дахин шүүх хурал болоод бид 2 эвлэрсэн. Тэгсэн манай эгч Ч нь уурлаад айл гэр салахад заавал хэрэлдэж маргалдсан байх ямар нэгэн шалтгаан байх ёстой тэгж байж салдаг юм би хууль мэднэ гээд цагдаагийн байгууллагад өрөгдөл өгсөн. Тэгээд эгч маань цагдаа асуувал манай нөхөр байнга зоддог гэж хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би эгчээсээ айдаг болохоор тэгээд хэлсэн юм... ...манай эгч бөө юм. Тэгээд байнга уурлаж намайг айлгаж чи нөхрөөсөө сал гэж ятгадаг байсан... /хх-ийн 80-81 дугаар хуудас/,
...Би дээрх өдрүүдийн зодуулсан гэдэг асуудлуудаас 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр цохиж өмнө нь хугарсан байсан эрүүг хөндөж байсан нь бол үнэн тэрнээс өмнө зодсон, цохисон асуудлууд нь бүгд худлаа он сар өдөр болсон асуудлыг бүгдийг зохиосон бөгөөд би шүүхийн хэлэлцүүлэг дээр үнэн зөв мэдүүлгээ өгсөн юм... ...Би 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нөхөртөө зодуулчихаад эгчдээ хэлээд салах шийдвэр гаргаад салах өргөдлөө шүүхэд өгөхөд эвлэрэх хугацаа өгсөн юм. Тэгээд манай бөө эгч Ч нь цагдаад мэдэгдсэн байсан бөгөөд Сувд-Эрдэнэ цагдаад шалгагдаж эхэлсэн. Тэгээд надад удаа дараа зодуулдаг байсан гэж мэдүүл гээд байдаг байсан бөгөөд би өөрийн ухаангүй сонин болчихсон салчихвал болох л юм байна гэж бодоод худлаа мэдүүлэг өгөөд яваад байсан юм. Тухайн үед би Ч гэдэг эгчээс бөө үзэж хардаг болохоор нь итгээд яваад байсан бөгөөд танай эмэгтэй хүмүүсийн удамд байна. Ээж чинь 37 настайдаа нас барсан чи нөхрөөсөө салахгүй бол 37 настайдаа нас барна гэж зэргээр айлгаад байхаар нь би итгээд худлаа ярьсан юм... /хх-ийн 115-116 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Ж.З-д холбогдох хэргийн тэмдэглэл /хх-ийн 94-114 дүгээр хуудас/ бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч А.С нь өөрийн нөхөр Ж.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэх, гүтгэх нь хууль бус шинжтэйг мэдсээр байж гэмт хэрэгт үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн нь гэм буруугийн хувьд санаатай хэлбэртэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч А.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч, өөрийнх нь мэдүүлэг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Ж.З-д холбогдох хэргийн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.С-г хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийг улмаас хохирол, хор уршиг учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч А.С-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэхээс гадна түүний жирэмсэн байгаа байдлыг мөн харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагаас хорих ялыг оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн 2034001120163 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн А-ийн С-г хохирогчоор бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х овгийн А-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн А-ийн С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 2034001120163 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн А-ийн С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х овгийн А-ийн С нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биелчлэн эдлүүлэхийг,
Мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн А-ийн С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Х овгийн А-ийн С-д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН