Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн Ботогара овогт Т.Сд холбогдох эрүүгийн 2007003810218 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ............................. ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ................................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт Т.С /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Т.С нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Шт таксины үйлчилгээ үзүүлэх явцдаа түүний итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны мобайл банкны гүйлгээний эрхийг ашиглан өөрийн эхнэр Ч.Аын данс руу 250 ам.доллар буюу 701.897 төгрөгийг шилжүүлж бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 06 дугаар сарын 03-ны шөнө би таксинд явж байхад тэр хүн такси барьсан. Тэгээд цайз руу явж архи аваад буцаж явахдаа архиа хагалаад дахиж очиж архи авсан. Маргааш өглөө чамайг ахиж дуудъя чи хүрээд ирээрэй, би чамд 50 доллар өгье машиныг чинь цэвэрлүүлээд ахиж надад үйлчилгээ үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нэлээн эрт 7 цагийн үед залгаад ахиж архи аваад машин дотор уугаад 100 ам.доллар шилжүүлээд 50 ам.долларыг нь өөрөө авна гээд бэлнээр авсан. Тэгээд наашаа нэлээн яваад үдээс хойш хэл амаар доромжлоод баярхаад дахин дахин дансаа харуулаад байсан. Тэгээд буцаад 2 дугаар хороонд хүргүүлэхдээ би чамд дахиад 20.000 төгрөг өгье гэж хэлсэн, тэгээд очоод май эндээс 10.000 төгрөгийг нь шилжүүлээд аваарай гээд хэл амаар доромжлоод байхаар нь дургүй хүрээд авсан” гэв.

 

            Хохирогч Ж.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаар хороо 33 дугаар байрны гаднаас хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ архи уугаад тэндээс Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 17 дугаар гудамжинд байх найз Ш.Мэгзэрийн гэрт таксигаар очиж архи ууж дуусаад, таксины жолоочийн утсыг авсан байсан тул буцаж залгаж дуудаад дахиад архинд тухайн таксигаар явсан. Би согтуу, хараа муу, бэлэн мөнгөгүй учир мобайлдаад авчих гээд мобайл банкны нууц үгээ хэлж, өөрийн утсаа өгөөд өөрийнхөө 5032771016 данс руу 50 ам.доллар шилжүүлүүлж, тэр хүнийг таксины мөнгө болгоод 50 ам.доллар ав гэж хэлсэн. Тэгээд явж байгаад буух айлдаа буугаад тэр залуугаас салсан. Ингээд би Мэгзэрийн гэрт хоноод маргааш нь Улаанбаатар хотод очоод дансаа шалгахад таксины жолооч надаас 200 ам.доллар эхнэрийнхээ данс руу, 50 ам.доллар ав гэхэд 100 ам.доллар нийт 250 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар надаас 701.897 төгрөгийг илүү завшаад авсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би Т.Сд өөрийнхөө утас, мобайл банкны нууц үгээ хэлж өгсөн нь буруудсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/,

 

            Гэрч Ч.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би саяхан цагдаа дээр ирээд нөхрийгөө ямар хэрэгт шалгагдаад байгааг мэдсэн. Манай нөхөр өмнө нь энэ талаар надад хэлээгүй байсан юм. Миний Хаан банкны 5749231838 тоот дансанд мөнгө орж ирсэн талаар мэдээгүй байсан. Тухайн үед надад миний карт байгаагүй, манай нөхөр уг мөнгийг банкны карт ашиглаад авсан юм байна лээ. Манай нөхөр таксинд явахдаа миний картыг аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

            Хохирогч Ж.Шийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс гаргасан хүсэлт /хх-03 дугаар хуудас/, хохирогч Ж.Шийн эзэмшлийн Хаан банкин дахь 5032771027 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4 дүгээр хуудас/, Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 50/10157 дугаар тодорхойлолт, гэрч Ч.Аын эзэмшлийн Хаан банкин дахь 5749231838 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Сын эзэмшлийн Хаан банкин дахь 5759015270 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38 дугаар хуудас/, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш /хх-ийн 40 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-57 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Сын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний хуулбар, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41-44 хуудас хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.С нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Шт таксины үйлчилгээ үзүүлэх явцдаа түүний итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны мобайл банкны гүйлгээний эрхийг ашиглан өөрийн эхнэр Ч.Аын данс руу 250 ам.доллар буюу 701.897 төгрөгийг шилжүүлж бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... хэл амаар доромжлоод байхаар нь дургүй хүрээд авсан” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Ж.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би маргааш нь Улаанбаатар хотод очоод дансаа шалгахад таксины жолооч надаас 200 ам.доллар эхнэрийнхээ данс руу, 50 ам.доллар ав гэхэд 100 ам.доллар нийт 250 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар надаас 701.897 төгрөгийг илүү завшаад авсан байсан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний Хаан банкны 5749231838 тоот дансанд мөнгө орж ирсэн талаар мэдээгүй байсан. Тухайн үед надад миний карт байгаагүй, манай нөхөр уг мөнгийг банкны карт ашиглаад авсан юм байна лээ. Манай нөхөр таксинд явахдаа миний картыг аваад явсан байсан” гэх мэдүүлэг,

           

            Гэрч Ч.Аын эзэмшлийн Хаан банкин дахь 5749231838 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Т.Сын эзэмшлийн Хаан банкин дахь 5759015270 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Ж.Шийн эзэмшлийн Хаан банкин дахь 5032771027 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг болно.

           

Шүүгдэгч Т.Сын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч нь тус гэмт хэргийн улмаас хохиролд 701.897 төгрөг нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэв.

 

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Т.Сыг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Т.Сд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадлага олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2-т заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ