| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0171/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 156
2020 оны 04 сарын 30 өдөр Дугаар 2020/ШЦТ/156 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч Э.Билүүн,
шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Х-ын М-д холбогдох эрүүгийн 1934011000136 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Хулд суманд 1975 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 11-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ЗМ дугаарын регистртэй, Х овгийн Х-ын М
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.М нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сум Галуут 2 дугаар баг “Тахилтын гол” гэх газарт асфальтан зам дээр Тоёота приус-20 маркийн 49-35 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн А.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн С.А-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934011000136 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.О /хх-ийн 20, 22 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч З.Т /хх-ийн 30-32 дугаар хуудас/, гэрч Ц.О /хх-ийн 33 дугаар хуудас/ яллагдагч Х.М /хх-ийн 58- 59 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 041 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 151 дугаартай дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,
Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 179 дугаартай дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 дугаар хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/, гэрч Ц.О-ийн шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 79 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.О-ийн гомдол санал, нэхэмжлэхгүй тул үнэлгээний байгууллагаар тээврийн хэрэгслээ үнэлүүлэхгүй гэх хүсэлт /хх-ийн 80 дугаар хуудас/, шүүгдэгч Х.М-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 62-74 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Х.М нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сум Галуут 2 дугаар баг “Тахилтын гол” гэх газарт асфальтан зам дээр Тоёота приус-20 маркийн 49-35 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн А.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн С.А-ын амь насыг хохироосон үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч А.А-ийн ...2019 оны 11 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг явж байхад машин гэнэт эргээд замын хажуу талын жалгаруу орчихсон. Тухайн үед би унтаж байсан. Бид нар машинаас гараад замаар явж байсан машины жолооч эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Уг машинаа М жолоодож байсан. Талийгаач машинаас нилээн хол зайд шидэгдсэн байсан. Х.М-ыг хэр хурдтай явж байсныг хараагүй болохоор мэдэхгүй байна. Ослоос болж хоёр хөл маань хугарсан. Баруун гар сарвууны савхан яс хэсгээр гар хугарсан, цээжин хэсэг хөндүүртэй байна... ...Надад гомдол санал байхгүй... /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
иргэний нэхэмжлэгч Х.О-ийн: ...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Би 2019 оны 11 сарын 22-ны өдөр дүү М-д машинаа унуулж явуулсан юм. Анх 2015 оны 05 сарын 25-ны өдөр худалдан авч байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 20 дугаар хуудас/,
...Би болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Манай дүү М нь энэ тээврийн хэрэгслийг унадаг юм. Анх худалдаж авахдаа миний нэр дээр худалдаж авсан юм. Энэ тээврийн хэрэгслийг би унаж үзэж байгаагүй. Би энэ тээврийн хэрэгслийг үнэлүүлэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 22 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Б.Т-ын: ...Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт явж байхад машин замын хажуу талын жалгаруу ороод өнхөрсөн. Бид нар машинаас гарахад талийгаач ээж маань шидэгдээд газар уначихсан байсан. Талийгаач маань Баяндэлгэр сумын эмнэлэгт хүргэгдэж очоод нас барсан. Осол гарах үед би унтаж байсан болохоор яагаад осол гарсан, хэдэн км машин хурдтай явж байсныг хараагүй... ...Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй, зүгээр байна... /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
гэрч Ц.О-ын: ...Улаанбаатар хотруу Төв аймаг Баяндэлгэр суманд явж байтал манай нөхрийн ёолох чимээ гарсан. Тэгээд нөхөр рүүгээ хартал машин замын хажуу руу орчихсон маш хурдан болж өнгөрсөн. Би хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар анзаараагүй. Би жолоочийн хажуу талын урд талын суудал дээр зорчиж явсан. Суудлын бүс зүүсэн байсан. Манай хадам эгч О-ийн тээврийн хэрэгсэл байгаа юм... ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 33 дугаар хуудас/,
яллагдагч Х.М-ын: ...Улаанбаатар хот руу Төв аймаг Баяндэлгэр суманд явж байтал миний зүрхээр хатгаад нэг мэдсэн замын хажуу руу онхолдсон байсан. 80 километр цагийн хурдтай явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би 2010 оноос тээврийн хэрэгсэл жолоодож байна. Би хэрэг болохын урд өдөр ямар нэгэн хүнд ажил хийгээгүй. Ядарч сульдсан зүйл байхгүй. Би хохирогч нарын хохирлыг нөхөн төлж байгаа. Гэм буруугаа ойлгож байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 041 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 151 дугаартай дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,
Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 179 дугаартай дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 дугаар хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/, гэрч Ц.О-ийн шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 79 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.О-ийн гомдол санал, нэхэмжлэхгүй тул үнэлгээний байгууллагаар тээврийн хэрэгслээ үнэлүүлэхгүй гэх хүсэлт /хх-ийн 80 дугаар хуудас/, шүүгдэгч Х.М-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 62-74 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Х.М-ын 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сум Галуут 2 дугаар баг “Тахилтын гол” гэх газарт асфальтан зам дээр Тоёота приус-20 маркийн 49-35 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн А.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирж, С.А-ын амь нас хохирсон үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж, хүний амь хохирсон үйл баримтыг гэм буруугийн болгоомжгүй гэмт хэрэг гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг болно.
Мөн шүүгдэгч Х.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүдээр,
мөн шинжээчийн 041, 150, 151, 179 дугаартай дүгнэлтүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 дугаар хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/, гэрч Ц.О-ийн шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 79 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.О-ийн гомдол санал, нэхэмжлэхгүй тул үнэлгээний байгууллагаар тээврийн хэрэгслээ үнэлүүлэхгүй гэх хүсэлт /хх-ийн 80 дугаар хуудас/, шүүгдэгч Х.Мы хохирол төлсөн баримтууд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Х.М-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирж, 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.М-ын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн С.А-ын амь нас хохирч, иргэн А.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч Х.М-ын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч А.А нь мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн улмаас хүндэвтэр хохиролтой холбоотой эмчилгээний зардал болон оршуулгын зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Х.М-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй талаарх хүсэлт, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.О нь эд хөрөнгөнд учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаарх мэдүүлэг /хх-ийн 20, 22 дугаар хуудас/, 49-35 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхгүй, гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 80 дугаар хуудас/ зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Х.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Х.М-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, амь хохирогчийн хууль төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Х.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба эрх хасах ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн тул тэнсэж албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн 1934011000136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч А.А нь шүүгдэгч Х.М-д гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х овгийн Х-ын М-ын жолоочийн 701933 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг,
шүүгдэгч Х.М-ээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Х-ын М-ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Х-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Х-ын М-д шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Х-ын М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1934011000136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч А.А нь шүүгдэгч Х.М-д гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х овгийн Х-ын М-ын жолоочийн 701933 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг,
шүүгдэгч Х.М-ээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Х-ын М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Х-ын М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Х-ын М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН