Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 183

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Э.Чулуунцэцэг,

шүүгдэгч Г.Э, Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ш.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Э нарт холбогдох эрүүгийн 2007002070171 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр *******,******* суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт ........................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт Ш.М /РД:  /,

 

Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймаг, Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд даацын оператор мэргэжилтэй, .......................................  ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .............................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

Боржигон овогт Г.Э /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

******* овогт Ш.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын орчимд хохирогч Г.Эын “олон нийтийн газарт өмдөө шувтлан бие заслаа” гэх зүй ёсны шаардлагад дургүйлхэн түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч Г.Эын биед нь баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд доод зовхи, нүдний салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Боржигон овогт Г.Э нь 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын орчимд хохирогч Ш.Мд “олон нийтийн газарт өмдөө шувтлан бие заслаа” хэмээн хэрүүл маргаан үүсгэн улмаар хохирогч Ш.Мын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө 2-3 удаа өшиглөсний улмаас биед нь зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дээд уруулд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ш.Мын танхай балмад, ёс зүйгүй үйлдэлд нь шаардлага тавихад намайг цохиж, өнөөдрийг хүртэл надаас уучлалт гуйгаагүй, хохирлыг минь барагдуулаагүй. Харин ч цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгч, харилцан зодоон мэт болгож, ах, дүү нартайгаа хуйвалдан худал мэдүүлэг өгч байгаад нь их харамсаж байна. Тухайн өдөр би 0-10 насны 4 хүүхэд, эхнэр, дүү нарын хамт салхинд гарах гээд явж байсан. Ш.М голоос 3 метрийн зайтай, надаас 20-25 метрийн зайтай бэлэг эрхтнээ гаргачихсан шээгээд зогсож байсан. Үүнийг нь манай эхнэр, хүүхдүүд харсан. Тэгээд би Ш.М руу нэлээн дөхөж очоод цонхоо онгойлгоод “хөөе залуу болиоч ээ, энэ машин дотор олон эмэгтэй хүн явж байна. Чи наад юмаа далд хийгээч” гэж хэлсэн. Салхинд хэлж байгаа үг нь сонсогдохгүй, өөдөөс хүрээд ирэхээр нь би машинаасаа буусан. Тэгтэл өөдөөс маш ууртай тулаад иртэл архи үнэртээд байхаар нь би цааш нь түлхэх санаатай хоёр гараараа цээжинд нь хүрсэн. Би хамт явж байсан хүмүүсийг нь дуудах гээд хажуу тийшээ хартал намайг гэнэт цохисон. Тэгээд юу болсныг мэдэхгүй, нүдэнд гал асаад манарсан. Гэтэл нэг залуу ирээд миний хоёр гарыг барьчихсан салгаад зогсож байсан. Намайг хараал хэлсэн гэсэн. Би авто машинд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт явж байсан надад хараал хэлсэн зүйл огт байхгүй. Миний ажлыг алдагдуулаад намайг яллагдагчаар татсанд маш их гомдолтой байна” гэв.

 

            Шүүгдэгч Ш.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Тэрэлж рүү амрахаар гэрийнхэнтэйгээ явсан. Тэрэлжид очоод идэж уугаад би 3 лааз пиво уусан. Тэгээд 15 цагийн үед явахаар болоод машиндаа зарим нь суугаад байж байхад би явахаасаа өмнө бие засах гээд модны хажууд очоод шээх гээд зогсож байтал замд явж байсан машинаас нэг ах хөөе чи наанаа хамаг юмаа унжуулчхаад юу хийж байгаа юм нааш ир гэхээр нь би яваад очтол миний мөр рүү хоёр гараараа түлхэхээр нь би зөрүүлээд нүд рүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл намайг боож унагаад нүүр рүү маань 3 удаа өшиглөхөд хамт явж байсан хүмүүс салгасан. Би гэм буруугаа хүлээж байна” гэв.

            Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүүхдүүдээ салхинд гаргах гээд хүүхдүүдээ аваад эхнэр Ц.С, дүү *******, түүний хүүхдүүдийн хамт өөрийн тээврийн хэрэгслээр буудаллах газар хайгаад явж байтал өөдөөс нэг залуу бэлэг эрхтнээ гаргаад өмдөө хагас тайлсан байдалтай зогсож байсан. ...Би зүй ёсны шаардлага тавьсан. ... машинаасаа буутал тэр залуу “чамд ямар хамаатай юм вэ пизда минь” гэж хэлээд үүдэн шүд нь сэтэрхий залуу өөдөөс ууртай тулаад ирсэн. ...Цээжинд нь алгаа тавиад зөөлхөн түлхсэн. Тэгээд өөдөөс нүүр рүү юмаар цохисон. Юугаар цохисныг нь мэдээгүй тэгээд цохиулсны дараа манарч эхэлсэн. Тэгтэл зүүн шанаа болон толгойны ар хэсэг рүү олон удаа цохиж байсан. Би цамцнаас нь зуураад байж байтал хүмүүс ирээд зодооныг салгасан. ...тухайн үед утсаараа хартал баруун талын нүднээс цус гарсан нүд маань юм харахгүй таглагдсан байсан. Миний биед учирсан гэмтлийг Ш.М гэх залуу учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Ш.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ах Ш.*******, бэр Д.А, эгч *******, хүргэн Э.Ж, эхнэр Г.Н болон хүүхдүүдийн хамт амрахаар ирцгээсэн. ...би бие засах гээд модны хажууд очоод шээх гээд зогсож байтал зам дээр явж байсан машинаас нэг ах хөөе гээд ...би яваад очтол миний мөр рүү хоёр гараараа түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд нүд рүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл намайг боож унагаад нүүр рүү маань 3 удаа өшиглөсөн. Тэр үед хамт явсан хүмүүс маань салгасан. Тэр хүн цамцаар маань боочхоод тавихгүй байхаар нь би цамцаа тайлсан. Миний үүдэн хоёр шүд унасан нэгийг нь буцаагаад хийсэн. Зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл, тархи доргилт, дээд уруулд цус хуралт, хүзүүнд цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт зүүн тохойн хонхорт цус хуралт, баруун гарын долоовор, дунд, ядам, чигчий хурууны угийн шивнүүрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун гарын долоовор хуруу, дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүдийг Г.Э гэх ах учруулсан. Баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтлийг тэр ахын эхнэр учруулсан. Мөн тухайн үед зодоон болж салгаж байхад тэр хүний эхнэр ирээд өшиглөөд байсан. Урьд нь гэмтэл шархгүй байсан. Энэ хүнд зодуулснаас болоод гэмтэл авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Ш.Мын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... тэр ах намайг чи яагаад байгаа юм бэ гээд эхлээд намайг нэг түлхэхээр нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон, тэр үед барьж аваад газар унагаад нүүр рүү маань 3 удаа өшиглөсөн, тэр үед надтай хамт явсан ах, эгч  нар маань ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчим нөхөр хүүхдүүдийн хамт Тэрэлж рүү салхинд гарахаар явсан. Тээврийн хэрэгслийн замаас гараад мод руу ороход тээврийн хэрэгсэл их байсан учир аятайхан зогсох газар хайгаад явж байтал голын эргийн хажууд бид нарын явж байгаа зүг рүү өөдөөс хараад 1 үл таних залуу бэлэг эрхтнээ гаргаад шээгээд зогсож байсан. Уг үйлдлийг 10-13 насны 3 охин, манай эмэгтэй дүү, би гээд бүгд харсан. Тухайн үед манай нөхөр Г.Э тээврийн хэрэгсэл дотроосоо тухайн шээгээд зогсож байсан залууг чи энд ингэж шээж болохгүй гээд тээврийн хэрэгслийн цонхоороо шаардлага тавихад тэр шээж байсан залуу аймар уурлаад тээврийн хэрэгсэл рүү орилоод гүйгээд ирсэн. Тэгээд манай нөхөр буугаад уулзах гээд алхаад очтол шууд манай нөхөр Г.Эыг цохиод авсан. Манай нөхөр хариу үйлдэл үзүүлж чадахгүй зогсож байхад толгой, нүүр хэсэг рүү нь нэлээд хэд цохисон. Тэгээд манай хүүхдүүд “аавыг цохичихлоо” гээд орилолдоод тэгэхээр нь би гүйгээд гарсан. Тухайн үед манай нөхрийг цохидог залуугийн хамт явж байсан хүмүүс надтай зэрэг шахуу гүйж ирээд тэр залууг манай нөхрөөс салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 

             Гэрч Э.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн амралтын газарт гол дээр очсон юм. Тэнд 6 том хүн, 3 бага насны хүүхэдтэй очсон. Тэнд очоод голын эрэг дээр амарч хоол цай идэж уучхаад үдээс хойш 15 цаг өнгөрч байхад явцгаахаар болоод хадам ах *******, эхнэр Д.А нар нь машиныхаа арын суудал дээр, Ш.М нь урд талын суудалд сууж байсан Г.Н, ******* хоёр гадаа машиндаа юмаа хийгээд дуусаж байсан. Тэгтэл Ш.М машинаасаа буугаад бие засах гээд зогсож байтал танихгүй машинтай хүмүүс хажуугаар өнгөрөхдөө “наанаа бие засаж болохгүй” гэхэд Ш.М нь бие засаагүй байна ш дээ гэхэд чи юу гээд байгаа юм бэ наашаа хүрээд ир гээд машинаасаа буугаад ирсэн. Тэр үед Ш.М өөдөөс нь очоод шууд Ш.М нүүр рүү нь 2 удаа цохисон. Зөрүүлээд нөгөө залуу бас нэг удаа цохисон. Тэр үед нь би машинаас бууж очоод тэр хоёрыг салгах гэхэд тэр залуу Мөнхтулгыг заамдчихаад тавихгүй байсан. Тэр үед Ш.М газар уначихсан. Тэгтэл тэр залуу нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салгах үед Ш.М миний шүд уначихсан байна гэхэд нь харахад үүдэн нэг шүд нь хугарчихсан, нэг нь хөдөлчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн амралтын газарт гол дээр 6 том хүн, 3 бага насны хүүхэдтэй очсон. Тэнд очоод голын эрэг дээр амарч хоол цай идэж уучхаад үдээс хойш 15 цаг өнгөрч байхад явцгаахаар болоод эгч ******* бид хоёр юмаа янзлаад зогсож байтал “хөөе пизда минь наанаа яагаад шээгээд байгаа юм бэ” гэхээр нь хартал манай нөхөр Ш.М нь шээх гээд өмднийхөө тэлээг тайлж байсан. Тэгтэл нөхөр Ш.М нь “танд ямар хамаатай юм бэ” гэхэд нөгөө ах “чи наашаа хүрээд ир” гэхэд Ш.М нь өмднийхөө тэлээг тэлээлчихээд яваад очсон. Тэгээд хэрүүл маргаан болоод эхлэхээр нь би машинд суусан байсан Э.Ж ахыг дуудах гээд машины цаагуур гүйсэн. Тэр үед ******* эгч гүйж очоод Мөнхтулгыг татаад салгаж байсан. Тэгээд Э.Ж ах гүйж очоод нөгөө ахыг бариад авсан. Тэр ах Мөнхтулгыг заамдчихаад тавихгүй байсан. Салгах гээд хоёр тийш нь таттал Ш.М халтираад доошоо тонгойтол тэр ах нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах Тэрэлжийн амралтад очсон юм. Тэнд 11 цагт очсон, тэгээд хорхог хоол цай идэж уучихаад 15 цагт явахаар болоод би жирэмсэн учраас машин дотор арын суудал дээр нөхөр *******ын хамтаар сууж байтал гэнэт гадаа шуугилдаад явчихсан. Тэгэхээр нь машинаас буугаад хартал манай хадам дүү Мөнхтулгыг нэг танихгүй залуу газар унагачихсан нүүр ам руу нь өшиглөж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дүү Ш.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул чамд ямар хамаатай юм вэ гэхэд нөгөө залуу машинаасаа буугаад чи наашаа хүрээд ир гээд манай дүү рүү очсон, манай дүү ч өөдөөс нь очсон. Тэгээд хоорондоо маргалдаж, зодолдсон. Манай дүү Ш.М баруун талын гараараа нүд рүү нь нэг удаа цохисон. Тэр үед би салгах гээд очсон. Миний араас нөхөр маань хамт очоод нөгөө залуугийн хоёр гарыг нь ард нь бариад би дүү Ш.Мыг хориод байж байтал манай дүү согтуу байсан учраас газар унасан. Тэр үед нүүр рүү нь хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Тухайн үед тэр хүний биед нүднээс нь цус гарчихсан байсан, манай дүү Ш.Мын биед үүдэн нэг шүд нь хугараад нэг шүд нь хөдөлсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Манай дүү тэр залуугийн нүд рүү 2 удаа цохисон байхаа ямар ч байсан нэг удаа цохихыг нь бол харсан. Тэгээд би Мөнхтулгыг татаж байсан тул сүүлийн цохилтыг хараагүй, манай нөхөр Э.Ж хоёр удаа цохисон гэж байна лээ. Тэр үед манай дүү халтираад газар унасны дараа нүүр рүү нь тэр залуу миний харснаар 2 удаа өшиглөсөн, дахиад нэг удаа өшиглөсөн байхаа тэр нь оносон үгүйг мэдэхгүй. Тэгээд нөхөр бид хоёр салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 182 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Э ах машиныхаа цонхыг нээгээд хүүе залуу хүүхдүүд хараад байна зам дээр болиоч ээ гэхэд тэр залуу орилоод “юу гээд байгаа юм пизда минь гараад ир чи” гээд орилохоор нь энэ залууг цаана нь байгаа хамт яваа хүмүүст нь хэлье гээд машинаасаа буусан. Тэр үед би 4 сартай хүүхдээ тэврээд нэг хартал ахыг машины баруун урд хэсэгт ах тонгойчихсон “толгой руу нь олон удаа цохиж байсан” тэгээд би хүүе гээд хүүхдээ аваад машинаас буугаад болиоч ээ гээд тэр залууг татах гэтэл цаанаас нь хамт явсан бололтой залуу хүүхэн ирж байсан. Тэгээд хөөе наадахаа салгаач гэхэд тэр залуу манай ахыг тэврээд нөгөө хүүхэн нь ахыг зодсон залууг татаад салгасан, салгах гэж нилээн зууралдсан. Тэр үед ч зуурчихаад ахыг цохиод байсан. Тэгээд тэр залууг салгаад нэг нь аваад явсан, саарал биеийн тамирын хослолтой хүүхэн гарч ирээд чи яагаад хүн зодож байгаа юм бэ гээд цохиод байх шиг байсан. Энэ ингэдэг юм гээд хол аваачаад цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн шинжээчийн №300 дугаар:

            “1. Т.Г.Эын биед баруун нүдний дээд доод нулимсны сувгийн тасралыг нөхөн сэргээх мэс заслын дараах байдал /2020.05.05 “Oculaplastic” эмнэлэг/, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд доод зовхи, нүдний салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт

 нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн №5392 дугаар:

            “1. Ш.Мын биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хурапт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дээд уруулд цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 1-р шүдний хугарал, хүзүүнд цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн тохойн хонхорт цус хуралт, баруун гарын долоовор, дунд, ядам, чигчий хурууны угийн шивнүүрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын долоовор хуруу, дунд хуруу зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дээд уруулд цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хүзүүнд цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн тохойн хонхорт цус хуралт, баруун гарын долоовор, дунд, ядам, чигчий хурууны угийн шивнүүрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын долоовор хуруу, дунд хуруу зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

           

            Шүүгдэгч Ш.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 97 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 103 дугаар хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 104 дүгээр хуудас/, “Натур эмнэлэг” комьютерт томографийн оношилгоо /хх-ийн 105 дугаар хуудас/, шүүгдэгч Ш.Мын банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 106-130 дугаар хуудас/, Цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-ийн 133-136, 140-160 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Эын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 61 дүгээр хуудас/, Г.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/, Окулопластик клиникийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, хохирлын баримт /хх-ийн 87-90, 138-139 дүгээр хуудас/, Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 187 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч Г.Эыг яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдээгүй учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгуулахаар, шүүгдэгч Ш.Мын өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч Ш.М нь гэм буруу дээр маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр улсын яллагчтай мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж оролцлоо.

 

            Шүүүгдэгч Г.Э нь 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын орчимд хохирогч Ш.Мд “олон нийтийн газарт өмдөө шувтлан бие заслаа” хэмээн хэрүүл маргаан үүсгэн улмаар хохирогч Ш.Мын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө 2-3 удаа өшиглөсний улмаас биед нь зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дээд уруулд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо

 

            Үүнд: Хохирогч Ш.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг боож унагаад нүүр рүү маань 3 удаа өшиглөсөн. Тэр үед хамт явсан хүмүүс маань салгасан. Тэр хүн цамцаар маань боочхоод тавихгүй байхаар нь би цамцаа тайлсан. Миний үүдэн хоёр шүд унасан нэгийг нь буцаагаад хийсэн” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Э.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл Ш.М машинаасаа буугаад бие засах гээд зогсож байтал танихгүй машинтай хүмүүс хажуугаар өнгөрөхдөө “наанаа бие засаж болохгүй” гэхэд Ш.М нь бие засаагүй байна ш дээ гэхэд чи юу гээд байгаа юм бэ наашаа хүрээд ир гээд машинаасаа буугаад ирсэн. Тэр үед Ш.М нь өөдөөс нь очоод шууд Ш.М нүүр рүү нь 2 удаа цохисон. Зөрүүлээд нөгөө залуу бас нэг удаа цохисон. Тэр үед нь би машинаас бууж очоод тэр хоёрыг салгах гэхэд тэр залуу Мөнхтулгыг заамдчихаад тавихгүй байсан. Тэр үед Ш.М газар уначихсан. Тэгтэл тэр залуу нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салгах үед Ш.М миний шүд уначихсан байна гэхэд нь харахад үүдэн нэг шүд нь хугарчихсан, нэг нь хөдөлчихсөн байсан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр ах Мөнхтулгыг заамдчихаад тавихгүй байсан. Салгах гээд хоёр тийш нь таттал Ш.М халтираад доошоо тонгойтол тэр ах нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... машинаас буугаад хартал манай хадам дүү Мөнхтулгыг нэг танихгүй залуу газар унагачихсан нүүр ам руу нь өшиглөж байгаа харагдсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний араас нөхөр маань хамт очоод нөгөө залуугийн хоёр гарыг нь ард нь бариад би дүү Ш.Мыг хориод байж байтал манай дүү согтуу байсан учраас газар унасан. Тэр үед нүүр рүү нь хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Ш.Мын биед үүдэн нэг шүд нь хугараад нэг шүд нь хөдөлсөн байсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн №5392 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ш.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын орчимд хохирогч Г.Эын “олон нийтийн газарт өмдөө шувтлан бие заслаа” гэх зүй ёсны шаардлагад дургүйлхэн түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч Г.Эын биед нь баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд доод зовхи, нүдний салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Ш.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...би зөрүүлээд нүд рүү нь гараараа хоёр удаа цохисон. Би гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгээд өөдөөс нүүр рүү юмаар цохисон. Юугаар цохисныг нь мэдээгүй тэгээд цохиулсны дараа манарч эхэлсэн. ...тухайн үед утсаараа хартал баруун талын нүднээс цус гарсан нүд маань юм харахгүй таглагдсан байсан. Миний биед учирсан гэмтлийг Ш.М гэх залуу учруулсан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Ц.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр буугаад уулзах гээд алхаад очтол шууд манай нөхөр Г.Эыг цохиод авсан. Манай нөхөр хариу үйлдэл үзүүлж чадахгүй зогсож байхад толгой, нүүр хэсэг рүү нь нэлээд хэд цохисон” гэх мэдүүлэг,

 

             Гэрч Э.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.М нь өөдөөс нь очоод шууд нүүр рүү нь 2 удаа цохисон.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дүү Ш.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул чамд ямар хамаатай юм вэ гэхэд нөгөө залуу машинаасаа буугаад чи наашаа хүрээд ир гээд манай дүү рүү очсон, манай дүү ч өөдөөс нь очсон. Тэгээд хоорондоо маргалдаж, зодолдсон. Манай дүү Ш.М баруун талын гараараа нүд рүү нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн шинжээчийн №300 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Чулуунцэцэг нар шүүх хуралдаанд “Ш.Мын шүд угаасаа сэтэрхий байсан, мөн шинжээчийн дүгнэлт дээр олон тооны гэмтэл учирсан, машинд нь шороо болсон хувцастай хүн сууж байсан зэргээс харахад өмнө нь зодолдсон байх магадлалтай, Г.Эын үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй” гэж маргасныг шүүх хянаж үзлээ.

 

            Хохирогч Ш.Мын зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал шүүгдэгч Г.Эт цохиулах, өшиглүүлсний улмаас үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй ба шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5392 дугаар дүгнэлт /хх-ийн 52-54 дүгээр хуудас/-ийн 3-д “Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна”, мөн гэрч Г.Нгийн “... Мөнхтулгын ... уруул сэтрээд нэг шүд нь хугарчихсан, нэг шүд нь хөдөлчихсөн байсан” гэх, гэрч Э.Жийн “... нэг шүд нь хугарчихсан, нэг шүд нь хөдөлчихсөн байсан” гэх мэдүүлэг зэргээр Ш.М тухайн зодоон болохоос өмнө үүдэн шүд нь хугаралгүй бүтэн байсан болох нь тогтоогдож, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч нарын тайлбар няцаагдаж байна.

 

            Мөн хохирогч Ш.Мын биед учирсан гэмтлүүд болох “зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” гэмтэл нь цохиулах, өшиглүүлэх үед, “дээд уруулд цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 1-р шүдний хугарал” гэмтэл нь өшиглүүлэх үед, “хүзүүнд цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт” гэмтэл нь цамцаар нь боох үед, “баруун гарын долоовор, дунд, ядам, чигчий хурууны угийн шивнүүрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын долоовор хуруу, дунд хуруу зулгаралт” гэмтэл нь Ш.М хохирогч Г.Эыг цохих үед, “баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн гуянд цус хуралт” гэмтэл нь өшиглүүлэх үед үүссэн байх боломжтой гэж шүүхээс дүгнэж, хэрэг шалгах ажиллагааны явцад хууль сануулж мэдүүлэг авсан гэрч Д.Аын “******* манай нөхөр байгаа юм, тэр өдөр Хүннү Моллын барилга дээр ажиллаж байсан, тэгээд ажил дээрээс нь шууд аваад ирсэн барилга дээр ажиллаж байхдаа өмсдөг муу хувцастайгаа явж байсан” гэх, гэрч Э.Жийн “******* ах барилгын ажил хийдэг ажил дээр нь байхад бид нар аваад явсан, ажлынхаа хувцастай явж байсан, өмсөж явсан хувцсыг нь харахад хар куртканы суга нь урагдсан, бусад хувцас нь энэ тэндээ цоорсон будаг шохой болсон байсан” гэх, гэрч Ш.Огийн “******* нь барилгын ажил эрхэлдэг юм ажил дээрээс нь шууд аваад ирсэн барилга дээр ажиллахдаа өмсдөг муу хувцастайгаа явж байсан, тэр үед өмссөн футболка уранхай байсныг анзаараагүй урагдсан бол ажил дээрээ л урагдсан байхаа, угаасаа барилга дээр муу хувцас өмсөж ажлаа хийдэг” гэх мэдүүлэг зэргээр Ш.Мтай хамт явж байсан Ш.******* нь тухайн үед барилгын ажлын хувцастай явж байсан болох нь тогтоогдож байх тул эдгээр үндэслэлээр шүүгдэгч Ш.Мыг өмнө нь зодолдсон гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

 

            Шүүгдэгч Г.Э, Ш.М нар нь хоорондоо маргалдан, Ш.М нь Г.Эын нүүрэн тус газар гараараа цохиж, Г.Э нь Ш.Мын цамцнаас боож, зууралдах үед Ш.М газар унаж, довтолгоо төгссөн байхад Г.Э хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, гэмтэл учруулсан болох нь хавтаст хэргээс шинжлэн судалсан баримт, мэдүүлгүүдээр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан тул шүүгдэгч Г.Эын хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд Г.Э, Ш.М нар нь харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд халдаж, шүүгдэгч Г.Эыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Мыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Г.Эаас баримтаар нийт 661.729 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ш.Мын өмгөөлөгч Л.Батаагаас хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан хоол идсэн, бензин худалдан авсан нийт 74.279 төгрөгөөс бусад нэхэмжлэл дээр маргахгүй гэж мэтгэлцсэн хэдий ч шүүхээс баримтаар нэхэмжилсэн нийт 661.729 төгрөгийг шүүгдэгч Ш.Мас гаргуулж, хохирогч Г.Эт олгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хэрэг Улаанбаатар хотоос алслагдсан Налайх дүүрэгт гарсан, хохирогч Г.Эын хувьд Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст ирж мэдүүлэг өгөх, шинжилгээ хийлгэх зэргээр ирэхэд зайлшгүй гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй.

 

            Хохирогч Ш.М баримтаар 283.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Э.Чулуунцэцэг хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд авагдсан 100.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх “нотлох баримт шинжлэн судлаагүй байхад үнэлэлт өгөх боломжгүй” гэх үндэслэлээр хүлээн аваагүй. Нотлох баримт шинжлэн судлах явцад хохирогч Ш.М нь 2020  оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Натур” эмнэлэгт толгойн компьютерт томографын шинжилгээ хийлгэсэн болох нь тогтоогдсон тул шүүхээс баримтаар нэхэмжилсэн 283.000 төгрөгийг шүүгдэгч Г.Эаас гаргуулж, хохирогч Ш.Мд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд 2.000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Э.Чулуунцэцэгээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх, шүүгдэгч Ш.Мын өмгөөлөгч Л.Батаагаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч Г.Э, Ш.М нар нь урьд ял шийтгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувь хүний нөхцөл байдал, гэмт хэргийн оролцоо зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Э, Ш.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овгийн Шийлэгбатын Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Боржигон овгийн Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд, шүүгдэгч Г.Эт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Ш.М, Г.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мас 661.729 /зургаан зуун жаран нэгэн мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Эт, шүүгдэгч Г.Эаас 283.000 /хоёр зуун наян гурван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ш.Мд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ