Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Н.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Рд холбогдох эрүүгийн *******тай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, *******, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, агартехникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, 2 зээгийн хамт ..........................................  тоотод бүртгэлтэй боловч Налайх дүүргийн 5 дугаар хороо *******ын 10 дугаар гудамжны *******од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт Н.Р /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Н.Р нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо 80 дугаар байрны 58 тоотод байрлах хохирогч Ж. гэрт түүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар тухайн гэрээс гарч явахдаа их гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ж.Сид 500.000 төгрөг буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч П.Н.Р нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, Өмнө өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Хохирогч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний танил найз болох Рина хочтой Н.Р манай гэрт ирсэн. Бид хоёр юм ярьж сууж байгаад би Н.Рд өөрийн тэтгэвэр авдаг төрийн банкны виза картыг 09-26 гэсэн кодтой нь хамт өгсөн юм. Н.Р гараад дэлгүүр ороод 0.75 литрийн хар шилтэй архи аваад ирсэн. Тэр архийг Н.Р бид хоёр хувааж ууж байгаад би согтоод унтсан. Тэгээд маргааш өглөө нь Зина гэх эмэгтэй ирсэн. Бид хоёр манай гэрээс гараад гэрийн хажууд байдаг Хаан банкны АТМ-ээс мөнгө аваад дэлгүүр орж архи аваад манай гэрт очоод хувааж уугаад тэгээд Зина манай гэрээс яваад би гэртээ ганцаараа үлдсэн. Манай ач хүү Ч.******* гэртээ ирсэн тэгээд би “миний цай уудаг мөнгөн аяга алга болсон” талаар хэлээд ******* миний тэтгэврийн картыг авч гараад шалгахад миний дансанд мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Миний цай уудаг өв залгамжилж ирсэн их гарын мөнгөн аягыг аваад явсан байсан. Би цагдаад өргөдөл өгсөн чинь маргааш нь миний мөнгөн аягыг цагдаад өгсөн байсан. Тэгээд намайг утсаар залгахад миний данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Би цагдаагаас мөнгөн аягаа хүлээж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч П.Н.Р мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ж.С бид хоёр 1 шил 0.5 литрийн архи байсныг хувааж уусан. Тэгээд архи дуусангуут тэр надад Хаан банкны виза картаа нууц дугаартайгаа өгөөд дэлгүүрээс архи аваад ир гэхээр нь миний бие картыг нь авч гараад дэлгүүрээс 0.33 литрийн архи, ус ундаа авах үедээ виза картыг нь уншуулаад 300.000 төгрөгийг өөрт нь мэдэгдэлгүй авсан. Тэгээд гэрт нь орж ирээд картыг нь хүлээлгэж өгөөд авчирсан 0.33 литрийн архийг нь хувааж уугаад Ж.С нилээд согтоод байхаар нь би явлаа маргааш хүүхэд харна гээд гарахдаа өөрт нь мэдэгдэлгүйгээр ширээн дээр байсан мөнгөн аягыг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

            “......” ХХК-ийн 2020 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн .................... дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Мөнгөн аяга 500.000 төгрөг” тайлан /хх-ийн  20-21 дүгээр хуудас/,

 

            Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Н.Рийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/, Гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 36 дугаар хуудас/,  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, түүний охин П. нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-47 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр “Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамж /хх-ийн 49 дүгээр хуудас/, Хүүхэд асран хамгаалах, харгалзан дэмжих тухай гэрээ /хх-ийн 50 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Р нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо 80 дугаар байрны 58 тоотод байрлах хохирогч Ж. гэрт түүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар тухайн гэрээс гарч явахдаа их гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ж.Сид 500.000 төгрөг буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Н.Р нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Ж. мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний танил найз болох Рина хочтой Н.Р манай гэрт ирсэн. Бид хоёр юм ярьж сууж байгаад би Н.Рд өөрийн тэтгэвэр авдаг төрийн банкны виза картыг 09-26 гэсэн кодтой нь хамт өгсөн юм. Н.Р гараад дэлгүүр ороод 0.75 литрийн хар шилтэй архи аваад ирсэн. Тэр архийг Н.Р бид хоёр хувааж ууж байгаад би согтоод унтсан. ...Манай ач хүү Ч. ******* гэртээ ирсэн тэгээд би “миний цай уудаг мөнгөн аяга алга болсон” талаар хэлээд Жавхан миний тэтгэврийн картыг авч гараад шалгахад миний дансанд мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Миний цай уудаг өв залгамжилж ирсэн их гарын мөнгөн аягыг аваад явсан байсан. Би цагдаад өргөдөл өгсөн чинь маргааш нь миний мөнгөн аягыг цагдаад өгсөн байсан” гэх мэдүүлэг,

 

            “......” ХХК-ийн 2020 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн .................... дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг болно.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд маргахгүй, хүлээн зөвшөөрч байх ба шүүгдэгч Н.Р нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Н.Рийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

                Шүүгдэгч Н.Р нь хохирогч Ж.Сид эд хөрөнгө болох мөнгөн аягыг нь буцаан өгсөн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рд 1 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатараас “шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /*******, эрүүл мэндийн байдал, насанд хүрээгүй зээ хүүгийнхээ асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэв.

 

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч ******* овогт Н.Рийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

             

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Рд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Н.Р нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНХЖАРГАЛ