Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

  2020 оны 04 сарын 20 өдөр                   Дугаар 2020/ШЦТ/136                                          Зуунмод сум

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд, 

улсын яллагч  А.Азжаргал,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б-ийн Дид холбогдох эрүүгийн 2034001550120 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

  

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо дунд дарь-эх 27-р гудамж, 1586 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоо Төв аймаг, Эрдэнэсант сумын Угалзат 4 багийн нутаг Гэчгэн гэх газар түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ЧБ дугаарын регистртэй, Б овгийн Б-ийн Д

  

                                       Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Д нь Төв аймгийн Эрдэнэсант сумын “Улаанхудаг” 5 дугаар багийн нутагт иргэн Б.Э-ийн гэрт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Э-тэй “битгий маргалдаад бай, орон гэр буулгах гээ юу” гэж хэлснээс маргаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь нүүрэн тус газар шаазан аягаар цохиж, духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, урууланд зулгаралт бүхий хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034001550120 дугаартай хэрэгт хохирогч Б.Э-ийн /хх-ийн 4-7, дугаар хуудас/, гэрч Б. Э /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч Б.Б /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Б.Д /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Н.Ц  /хх-ийн 16 дугаар хуудас/, /, гэрч Д.Л  /хх-ийн 17-18 дугаар хуудас/, яллагдагч Б.Д /хх-ийн 30-31 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,  

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44-45 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-41 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.       

     

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын “Улаанхудаг” 5 дугаар багийн нутагт иргэн Б.Э-ийн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Э-тэй “битгий маргалдаад бай, орон гэр буулгах гээ юу” гэж хэлснээс маргаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь нүүрэн тус газар шаазан аягаар цохиж, духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, урууланд зулгаралт бүхий хөнгөн учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Э-ийн ...би Д-г ахын дүү одоо болио яах гээд байгаа юм гэтэл ширээн дээр байсан шаазан аягыг барьж аваад тэр аягаараа миний баруун талын хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохиж миний хөмсгийг дээд талыг язалж би сумын эмнэлэг дээр оёо тавиулсан... ...Д нь манай гэрийн ширээн дээр байсан шаазан аягаар миний баруун талын хөмсөгний дээд тал руу нэг удаа хүчтэй цохьсон. Өөрөөр гар хөлөөрөө бол цохиогүй... ...Д-д цохиулсны дараагаар толгой манараад нүд юм харж болохгүй бас хөмсөгний дээд талаас цус урсаад байсан... ...эмнэлэгт толгой, тархины зураг авахуулж эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан. Тэгээд би цаашид эмчилгээний зардал болох 1.500.000 төгрөгийг нэхэмжилнэ... /хх-ийн 5 дугаар хуудас/,

...Д эхнэрээ хардаад маргалдаад байсан. Тэгэхээр нь би Д-г та хоёр битгий маргалдаад бай гэр орон буулгах гээд хаашаа юм гэсэн чинь Д ширээн дээр байсан цай ууж байсан аягыг барьж аваад миний хөмсөг рүү цохиж гэмтэл учруулсан юм. Өөр намайг цохиж зодоогүй... ...Эмчилгээ хийлгэсэн зардал 1500000 төгрөг эмчилгээ хийлгэсэн. Надад эмчилгээ хийлгэсэн болон эм тариа авсан талаар гаргаж өгөх баримт сэлт байхгүй байна. Би даралт бууруулах эм тариа хийсэн... ...Надад гомдол санал гэх зүйл байхгүй байна хохирол мөнгө төлүүлэх саналтай байна... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

гэрч Б.Б: ...орой 20 цаг өнгөрч байхад Тархиа хагалуулсан хүн эмнэлэг дээр ирлээ оёдол тавих шаардлагатай гэх дуудлагын дагуу суман дээр ирэхэд Б-ын Э гэх манай сумын худгийн түгээгч ах хамт архи ууж байсан хүндээ баруун хөмсөгнийхөө дээд талыг аягаар цохиулж яруулсан гэсэн мэдээлэлтэй ирсэн байсан. Тэр үед нь би өвчин намдаах тариа, цус тогтоох тариа хийж шархыг нь цэвэрлэж тухайн үед хөмсөгнийх нь дээд хэсэгт 4 ширхэг оёдол тавьж байсан. Ер нь бол архи үнэртэж байсан гэхдээ бараг эрүүл шахуу байсан. Өөрийнхөө эхнэр Л эгчтэй бас толгойг нь хагалсан гэх Д гэх хүнтэй хамт явж байсан... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

гэрч Н.Ц ...олон юм яриад хардаад хэрүүл хийгээд байсан. Тэгсэн Э ах та нар боль гэр орон нураачих гээд байх юм гэсэн. Тэгтэл Д ширээн дээр байсан шаазан аяга аваад Э ах руу шидэж гэмтэл учруулсан юм... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Д.Л...Д эхнэрийгээ чи муу Ү-тэй унтаа биз дээ гэж хэлж байхаар нь би тэр хоёрыг хэрэлдэхээ боль гэж хэлчхээд гарч худаг явж худагийнхаа шланкыг нь шавхаж галыг нь үзчихээд буцаад гэртээ ороод иртэл миний нөхөр Э-ийн баруун хөмсөгнийх нь дээд хэсэгт язарчихсан цус нь гоожоод байж байхаар нь би яав, юу болов оо яаж байгаа юм бэ гэтэл нөхөр маань намайг зодчихлоо, ханийг нь зодчихлоо гэхээр нь би гарч эмнэлэг явсан. Тэгээд нөхрийг эмнэлэг рүү явуулж оёдол тавиулсан. Тухайн үйл явдал болоход би хажууд нь байгаагүй... /хх-ийн 18 дугаар хуудас/,

яллагдагч Б.Д ...Би Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5-р багийн нутагт байх иргэн Б.Э-гийн гэрт 2020 оны 01 сарын 30 –ны өдөр Б.Э-гийн биед шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцууллаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 30-31-дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №82 дугаартай ...Б.Э-ийн биед духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, урууланд зулгаралт бүхий хөнгөн хохирол... учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44-45 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-41 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

     

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Д-ийн иргэн Б.Э-ийг “битгий эхнэртэйгээ маргалдаад бай, орон гэр буулгах гээ юу” гэж хэлснээс шалтгаалан түүнтэй маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь нүүрэн тус газар шаазан аягаар цохиж зодсон үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг гар, хөлөөрөө эсхүл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх эд зүйлээр цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон өөрөө энэ үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн зодож цохисон хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Д-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-ийн биед духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, урууланд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд баримтгүйгээр эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилдэг ба энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, хавтас хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Б.Д-оос энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэх хэдий ч энэ нь хохирол, хор уршгийг төлж барагдуулсан гэж үзэх боломжгүй.

 

Харин хохирогч Б.Э-ийг эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Б.Д-оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Д-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүхээс шүүгдэгч Б.Д-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Эрүүгийн 2034001550120 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б.Д-оос гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

         шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

   36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

          зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

    удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-ийн Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

      

4. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Д-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

  

5. Эрүүгийн 2034001550120 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б.Д-оос гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

            6. Хохирогч НФ дугаарын регистртэй, Б нь овгийн Б-ын Э нь эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б-ийн Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б-ийн Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН