Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 16 өдөр                      Дугаар 2020/ШЦТ/132                                       Зуунмод сум

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ын Н-д холбогдох эрүүгийн 1934011510085 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Жаргалант суманд 1982 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Төв аймаг, Жаргалант сум, Өгөөмөр 2 дугаар баг, 13-03А тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НМ дугаарын регистртэй, Т овгийн Б-ын Н

 

                                      Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг Салхит гэх газраас иргэн Ч.Б-ийн өмчлөлийн 1 тооны морийг аргамжаатай байхад нь хулгайлж, 1110700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

  

Эрүүгийн 1934011510085 дугаартай хэрэгт хохирогч Ч.Б-ийн /хх-ийн 12-13, 14 дүгээр хуудас/, гэрч Б.Л-ийн /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Б.Н-ын /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Ц.Н-ийн /хх-ийн 17 дугаар хуудас/, яллагдагч Б.Н-ын /хх-ийн 35-36 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06/22 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-29 дүгээр хуудас/, 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/109 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-72 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10 дугаар хуудас/, хохирогч Ц.Б-ийн малын А дансны, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52-54 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Н хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 39-51, 55-62 дүгээр хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг Салхит гэх газраас иргэн Ч.Б-ийн өмчлөлийн 1 тооны морийг аргамжаатай байхад нь хулгайлж, 1110700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ч.Б: “...өөрийн унаж байсан хонгор зүсмийн морио гэрийнхээ зүүн талд 400 метр зайтай аргамжсан байсан. Тухайн үед оройны 20 цаг болж байсан. Тэгээд гэртээ ороод амарсан. Тэгээд өглөө нь 08 цагийн үед босоод морио харахад байхгүй байсан. Тэгээд би очоод үзтэл аргамжааг нь гадасны хажууд эвхээд тавьсан байсан. Тэгээд би тэр хавиар нь хайсан олдоогүй... ...би алдсан адуугаа 1500000 төгрөгөөр үнэлж байна...” /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

...Н нь надад хохирлын оронд 1 даага өгсөн. Уг даага нь энэ хавар шүдлэн настай болох юм... ...унааны зардал нэлээд гарсан. Би шатахуун хийсэн баримтаа олохгүй байгаа юм. Ойролцоогоор 300000 төгрөгийн шатахуун зарцуулсан. Үүнийг нэхэмжилмээр байна. Тухайн үедээ хулгайд алдсан адууны махаа өөрөө авсан бөгөөд тухайн махыг 600000 төгрөгөөр зарсан. Үнэлгээтэй танилцахад 1110700 төгрөгийн хохирол гарсан байсан. Үүнээс 600000 төгрөгийг хасахаар 510700 төгрөг болж байгаа юм.../хх-ийн 14 дүгээр хуудас/,

гэрч Б.Л: ...худгаас усаа аваад явж байхад Н гээд залуу хүрэн морь зайдан унаад явж байсан. Тэгээд над дээр ирээд Хашаанд чинь ахаа нэг адуу алах гэсэн юм болох уу гээд гуйсан. Тэгэхээр нь би этгээ гээд хэлсэн юм. Тэгээд би гэртээ очоод байж байтал араас хүрэн морь унаад хонгор морь хөтлөөд орж ирсэн. Тэгээд манай хашаанд оруулаад Н өөрөө нугаслаад гүрийний цусыг нь ханаад тэгээд унагаад махаа 5 хэсэг хаа болон сээр хүзүү гуяаар нь салгаад манай хашаанд байсан машины ачаан дээр атвьсан. Би хөл гарыг нь түшиж өгсөн. Хийж дуусгаад манай эхнэр гэдсийг нь арилгасан. Тэгээд дуусгаад өөрөө малын эмчээс бичиг авна гээд явсан. Тэгтэл удалгүй цагдаа ороод ирсэн... /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч Ц.Н: ...Н тэр өдрийн өглөө гадагшаа юманд явчихаад ирье гээд хээр морь унаад явчихсан байсан. Юунд явсныг нь мэдэхгүй байна... ...миний хээр морь нар саран тамгатай, 4 настай морь байгаа юм... ...би хээр морио 12 сарын дундуур 600000 төгрөгөөр зарчихсан юм. Надад тухайн үед мөнгөний хэрэг байсан юм... /хх-ийн 17 дугаар хуудас/,

яллагдагч Б.Н: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би ганцаараа мал хулгайлсан... ...би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа... /хх-ийн 35-36 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06/22 дугаартай ...Ч.Б-ийн өмчлөлийн 1 толгой адууг 1110700 /нэг сая нэг зуун арван мянга долоон зуу/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 20-29 дүгээр хуудас/, 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/109 дугаартай ...Б.Н-ын өмчлөлийн 1 толгой адууг 592500 /таван зуун ерөн хоёр мянга таван зуу/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 64-72 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10 дугаар хуудас/, хохирогч Ц.Б-ийн малын А дансны, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52-54 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Н хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 39-51, 55-62 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

    

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

                                                                                                       

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар: 

Шүүгдэгч Б.Н нь Ч.Б-ийн өмчлөлийн 1 тооны морийг аргамжаатай байхад нь хулгайлж, 1110700 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож ашиг олох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж нөхцөл байдлыг өөрөө хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Н-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Б-ийн 1 тооны адуу алдагдаж 1.110.700 /нэг сая нэг зуун арван мянга долоон зуу мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Үүнээс шүүгдэгч Б.Н нь хохирогч Ч.Б-д гэмт хэрэг үйлдэж учруулсан 1 тооны адууны хохиролд 1.110.700 /нэг сая нэг зуун арван мянга долоон зуу мянга/ төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 10 дугаар хуудаст эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавтаст хэргийн 14 дүгээр хуудаст авагдсан хохирогч Ч.Б-ийн /...Н нь надад хохирлын оронд 1 даага өгсөн... ...300.000 төгрөгийн шатахуун зарцуулсан... ...Тухайн үедээ хулгайд алдсан адууны махаа өөрөө авсан бөгөөд тухайн махыг 600.000 төгрөгөөр зарсан.../ гэх мэдүүлэг, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/109 дугаартай ...хохирогч Ч.Б-д өгсөн Б.Н-ын өмчлөлийн 1 толгой адууг 592.500 /таван зуун ерөн хоёр мянга таван зуу/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 64-72 дугаар хуудас/, шүүхийн шатанд шатахууны зардалд 300.000 төгрөгийг төлсөн зэрэг дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Н нь хохирогчид нийт 1.492.500 /нэг сая дөрвөн зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийн хохиролд төлсөн байна.

Мөн шүүхийн шатанд хохирогч Ч.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй талаар мэдэгдсэн тэмдэглэл зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Н-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх шүүгдэгч Б.Н-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэх дүгнэлээ.  

 

Мөн шүүгдэгч Б.Н-д шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тус тус ял оногдуулахыг мэдэгдэж, түүний тэнсэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

  

Эрүүгийн 1934011510085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Ч.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

     хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,

                                    заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Б-ын Н-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Б-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Б-ын Н-д шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Б-ын Н-д тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1934011510085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Ч.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т овгийн Б-ын Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Т овгийн Б-ын Н-д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

   

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН