| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2020/0186/Э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2020-10-27 |
| Зүйл хэсэг | 23.3.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 2007001560100 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ................................................ ажилтай, ам бүл 1, Налайх дүүрэг, ............................................... тоотод оршин бүртгэлтэй боловч ...................................тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Г.Б /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын үед ......................................... тоотод байрлах гэрээсээ эгч Г.Дгийн гадаад паспорт буюу гадаад улсад зорчих эрх олгосон баримт бичгийг зориуд хулгайлж, улмаар тухайн паспортыг ашиглан 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын хилээр нэвтрэн орж, 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тухайн улсын хилээр буцаж гарахдаа Бүгд Найрамдах Турк Улсын “Станбул Хавилман” нисэх онгоцны буудлын хогны саванд хохирогч Г.Дгийн гадаад паспортыг хаяж, устгасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би гадаад паспортоо огт хэрэглэдэггүй юм. Бичиг баримтууд дунд манай гэрт байж л байдаг байсан. Саяхан цагдаагийн байгууллагаас залгахаар нь гадаад паспортаа үзэхэд байхгүй байхаар нь алга болсныг мэдсэн. Тэгээд Г.Б рүү залгаад миний гадаад паспорт чамд байгаа юм уу гэж асуухад тиймээ би авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2016 оны 06 дугаар сард сургуулиа төгсөөд өөрийнхөө гадаад паспортоор Турк улсад очиж ажил хийхээр явсан. Тэгээд тэндээ ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монголд ирсэн. Тэнд ажиллаж амьдарч байхдаа хууль ёсны зөвшөөрөлгүй удаан хугацаанд амьдрах, ажиллах визгүй байсан учраас Турк улс руу дахин орох эрхгүй болсон. Тэгээд явахдаа 2018 оны 02 дугаар сард өөрийнхөө гадаад паспортоор Турк улс руу явсан. Тэгж явахдаа Турк улсын хил дээр өөрийн эгч Ганзоригийн Г.Дгийн гадаад паспортыг үзүүлэн орсон. Тэндээ ажил хийж байгаад 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Турк улсын хил дээр өөрийн төрсөн эгч Г.Дгийн гадаад паспортыг үзүүлж, Монгол улсын хил дээр өөрийнхөө гадаад паспортыг үзүүлж орж ирсэн. Монгол улсын хилээр орох үедээ ямар байдлаар орж ирж байгаагаа паспорт шалгагчид хэлээд орж ирсэн боловч намайг зөрчил гаргасан гээд шалгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 дүгээр хуудас/,
Гэрч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Истанбул Улаанбаатар чиглэлийн ТК362 дугаартай аяллын онгоцоор ирсэн зорчигчдыг шалгаж байх хугацаанд Г.Б гэгч хүн өөрийн Е1577133 дугаартай энгийн гадаад паспортанд Бүгд Найрамдах Турк улсаас гарсан штамп даруулаагүй байсан. Тэгээд яагаад даруулаагүй талаар асуухад Г.Б би өөр хүний паспортаар Турк улсаас гарсан, тэр паспортаа Туркийн нисэх онгоцны буудал дээр штамп даруулаад устгасан гэж хэлэхэд нь би бичиг баримтыг хүнтэй нь хамт ахлах даргад хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19, 42-46 дугаар хуудас/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2-5а /2038 дугаартай албан бичгийн хавсралт /хх-ийн 53 дугаар хуудас/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2-5/3321 дугаартай “Г.Д нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр УБ-Сөүл чиглэлээр ОМ-301 дугаар аяллын онгоцоор гарсан, 10 дугаар сарын 23-ны өдөр Сөүл-УБ чиглэлийн ОМ-302 дугаарын аяллын онгоцоор улсын хилээр орсон бүртгэл авагдсан байна” гэх утга бүхий албан бичиг /хх-ийн 78 дугаар хуудас/,
Хохирогч Г.Дгийн гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа, Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлэг /хх-ийн 135-137 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын үед ******* тоотод байрлах гэрээсээ эгч Г.Дгийн гадаад паспорт буюу гадаад улсад зорчих эрх олгосон баримт бичгийг зориуд хулгайлж, улмаар тухайн паспортыг ашиглан 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын хилээр нэвтрэн орж, 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тухайн улсын хилээр буцаж гарахдаа Бүгд Найрамдах Турк Улсын “Станбул Хавилман” нисэх онгоцны буудлын хогны саванд хохирогч Г.Дгийн гадаад паспортыг хаяж, устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өмнө нь өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Саяхан цагдаагийн байгууллагаас залгахаар нь гадаад паспортаа үзэхэд байхгүй байхаар нь алга болсныг нь мэдсэн. Тэгээд Г.Б рүү залгаад миний паспорт чамд байгаа юм уу гэж асуухад тиймээ би авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г.Б би өөр хүний паспортаар Турк улсаас гарсан, тэр паспортаа Туркийн нисэх онгоцны буудал дээр штамп даруулаад устгасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт,
Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2-5а /2038 дугаартай албан бичгийн хавсралт,
Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2-5/3321 дугаартай албан бичиг,
Хохирогч Г.Дгийн гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа, Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгч Г.Б нь өөрийн төрсөн эгч Г.Дгийн гадаад паспортыг ашиглах зорилгоор Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагаас олгосон иргэний гадаадад зорчих эрхийг баталгаажуулсан баримт бичиг болох гадаад паспортыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн эзэмшилд авч, улмаар тухайн гадаад паспортыг ашиглах боломжгүй болгон урж устгасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Бт дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.Д нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гадаад паспортыг зориуд хулгайлсан, устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бт 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ