| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0135/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 126
2020 оны 04 сарын 13 Дугаар 2020/ШЦТ/126 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч А.Азжаргал,
шүүгдэгч Ё.Б,
гэрч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ё-ын Б-т холбогдох эрүүгийн 2034000380134 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1982 оны 3 дугаар сарын 05-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт, Төв аймаг Зуунмод сумын 6 дугаар баг 07-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЭ дугаарын регистртэй, Б овгийн Ё-ын Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ё.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, Дэнж 10-01-А тоотод 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Л-тай марган түүний биед халдах үед нь салгах гэсэн насанд хүрээгүй С.У-ийг үснээс нь зулгааж, хоолойг нь багалзуурдан, цээжин тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Б:
...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Асуултад хариулна. 50.000 төгрөг Л-т өгсөн... гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Л:
...Тэр шөнө Б-ийг хамт он гаргы гээд дуудсан тэгтэл 2 3 найз ирсэн тэгээд архи ууж байгаад маргалдаад гаргахгүй гэтэл миний охин зодолдож байна гэж ойлгоод гарч ирээд дундуур орохдоо цохигдсон байсан... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000380134 дугаартай хэрэгт бага насны хохирогч С.У /хх-ийн 6-7, 40 дүгээр хуудас/, хууль ёсны төлөөлөгч Б.О /хх-ийн 52 дугаар хуудас/, гэрч Ш.Б/хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч П.Б /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Б.Л /хх-ийн 10 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч С.У /хх-ийн 40 дугаар хуудас/, яллагдагч Ё.Б /хх-ийн 23, 64 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, төрсний бүтгэлийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, нас тоолсон тэмдэглэл /хх-29 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-32 дугаар хуудас/, улсын бүртгэлийн хэлтэс /хх-33 дугаар хуудас/, шүүгдэгч Ё.Б-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35, 38, 41-47, 51, 55-57, 96-110 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Ё.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, Дэнж 10-01-А тоотод 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Л-тай марган түүний биед халдах үед нь салгах гэсэн насанд хүрээгүй С.У-ийг үснээс нь зулгааж, хоолойг нь багалзуурдан, цээжин тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах бага насны хохирогч С.У-ийн ...Б ах цагдаа нар дуудаад гээд ээжийг зодох гэхээр нь би голоор нь орсон чинь Б ах чи яах гээд байгаа юм гээд гараа раа цээж рүү цохиж зодоод багалзуурдаад үснээс зулгааж чирээд цохиж зодоод биед гэмтэл учруулсан... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
гэрч Ш.Б-ийн ...У-ийг чи үг хэллээ гэх мэтээр дарамталж үстэж зодсон... ...манай зээ охин С.У-ийн хүзүүнээс нь гараа раа базсан гэсэн. Улайсан ором гарсан байсан. Цээж нь хөхөрсөн хөндүүрэлж байна гэсэн гэмтэл учирсан байсан... /хх-ийн 8 дугаар хуудас/,
гэрч П.Б-ийн ...Намайг байхад Б Л-тай хэрүүл маргаан хийж байгаагүй. Бид хоёр явснаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна... /хх-ийн 9 дүгээр хуудас/,
гэрч Б.Л-ын ...манай охин У намайг зодуулах гэж байна гээд Б бид хоёрын голоор орсон. Тэгсэн Б цаашаа гээд түлэхсэн. Тэгсэн манай охин У газарт унасан юм. Тэгээд түүнээс болоод манай охин манай эгч О рүү утсаар Б ах намайг зодсон гэж хэлээд тэгээд эгч цагдаад өргөдөл гаргасан байх... /хх-ийн 10 дугаар хуудас/,
насанд хүрээгүй хохирогч С.У-ийн ...манай ээж Л-ыг цохиод байхаар нь би дундуур нь ороод болиулах гэтэл Б ах миний хүзүүнээс маажаад миний цээж болон толгой руу гараа раа цохиод чимхээд багалзуурдаад байсан. Тэгснээ намайг барилдая гээд хэлнээс татаж чангааж байгаад болиод хэвтсэн... /хх-ийн 40 дугаар хуудас/,
яллагдагч Ё.Б-ийн ...Л-тай маргалдаад тэгсэн Л-ын охин С.У голоор орж ирээд цохиулсан. Хүзүүнээс нь базаж С.У-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан... /хх-ийн 23 дугаар хуудас/,
...С.У-ийг цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дугаартай ...С.У-ийн биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан... талаарх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ё.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, Дэнж 10-01-А тоотод 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Л-тай марган түүний биед халдах үед нь салгах гэсэн насанд хүрээгүй С.У-ийг үснээс нь зулгааж, хоолойг нь багалзуурдан, цээжин тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “...бага насны хүүхэд болохыг мэдсээр байж...” мөн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” хамтран амьдардаггүй ч гэлээ гэр бүлийн харилцаатай хүний 12 настай хүүхдийн эсрэг чиглэсэн хууль бус үйлдлээрээ хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бага насны хүүхдийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Ё.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ё.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ё.Б-ийг гэм буруутай үйлдлийн улмаас баган насны хохирогч С.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Түүнчлэн бага насны хохирогч С.У болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.О нар эмчилгээний зардал нэхэмжлээгүй боловч хавтас хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан бензин, шатахууны зардалд 50.500 /тавин мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Ё.Б нь төлөөгүй байна.
Иймд шүүгдэгч Ё.Б-ээс дээрх бензин, шатахууны зардалд нэхэмжилсэн 50.500 /тавин мянга таван зуу/ төгрөгийг энэ шийтгэх тогтоолоор гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ё.Б-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагын торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ё.Б-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 2034000380134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ё.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ё-ын Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Ё-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Б овгийн Ё-ын Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн Ё-ын Б-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2034000380134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ё.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ё-ын Б-ээс бензин, шатахууны зардал 50.500 /тавин мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж бага насны хохирогч УП дугаарын регистртэй, Э овгийн С-ын У, түүний хууль ёсны төлөөлөгч ЗЮ дугаарийн регистртэй, А овгийн Б-ийн О нарт олгосугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ё-ын Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ё-ын Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН