| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2019/0002/З |
| Дугаар | 10 |
| Огноо | 2019-04-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 10
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 114/2018/0002/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Шинэ Дархан олон улсын худалдааны төвд байрлах “Дархан орон сууц санхүүжилтийн корпораци” ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдийн дарга Г.Эрдэнэбатад холбогдох “Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаар тогтоол, мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлагатай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дархан орон сууц санхүүжилтийн корпораци” ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмардашаас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаар тогтоол, мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Эрдэнэбаттай уулзаж албан бичиг өгч тохиролцоонд хүрч “Дархан орон сууц санхүүжилтийн корпораци” ОНӨААТҮГ-ын төрлийг өөрчилж Дархан орон сууц санхүүжилтийн корпораци ХХК болгож иргэн Гонгорын Гантулгын нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ албан ёсоор татгалзаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дархан орон сууц санхүүжилтийн корпораци” ОНӨААТҮГ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах,...” мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагчтай тохиролцоонд хүрсэн гэсэн үндэслэлээр татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүхийн шийдвэрийн үр дагаварыг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Дархан орон сууц санхүүжилтийн корпораци” ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2018/0002/3 дугаар бүхий индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Дархан орон сууц санхүүжилтийн корпораци” ОНӨААТҮГ нь хариуцагч Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдийн дарга Г.Эрдэнэбатад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаар тогтоол, мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА