Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 968

 

                                                 

 

 

 

 

 

 

 

Ш.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00559 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Одончимэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 16 606 000 төгрөг  гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Лхагвасүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Золзаяа,

Хариуцагч: Ч.Одончимэг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Соёл-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ч.Одончимэгт 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлсэн.  Ч.Одончимэг нь анх 2013 оны 11 дүгээр сард над дээр хүрч ирээд 10 000 000 төгрөг таньдаг хүн байвал зээлээд өгөөч ээ 10 хувийн хүүтэй гэж хэлүүлээд өдөр шөнөгүй намайг гуйж би cap болгон хүүг нь өгнө он гараад 2014 оны 02  дугаар cap гэхэд мөнгийг өгөөд дуусгана гэж гуйсан. Би Ч.Одончимэгээс чи ийм их мөнгөөр яах гэж байгаа юм бэ гэхэд бизнесээ өргөжүүлж бараа авах  юм гэж хэлсэн. Ч.Одончимэг нь миний нөхрийн ойрын хамаатан төрсөн ах дүүгийн хүүхдүүд, би түүнийг  бага зэрэг мэддэг болохоор итгээд Нарантуул зах дээр Монгол гэрийн наймаа хийдэг контейнерын найз хүүхэн н.Мөнхсайханаас гуйгаад сарын 10 хувийн хүү өгнө гэж байна гээд авч өгсөн. 2014 он гарч н.Мөнхсайхан надаас мөнгөө нэхэж, би Ч.Одончимэг н.Мөнхсайхан хоёрыг уулзуулахад тэд маргалдаад, энэ хүүхэн чинь мөнгө өгөхгүй бол би чамаас л мөнгөө авна гэсэн. Тэгээд ямар ч байсан мөнгө авсан нь үнэн гэсэн юм бичүүлж ав гээд 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өөрөөр нь мөнгө авсан нь үнэн гэсэн баримт бичүүлж авч байсан нь өнөөдөр надад байгаа ганц баримт болоод байна. Үүнээс хойш н.Мөнхсайхан надаас өдөр шөнөгүй мөнгөө нэхэж наймааны цаг эхлээд байна би мөнгөө эргэлдмээр байна гэж хэлсэн. Монгол гэрийн наймаа нь наадмаас эхлээд намрын 3 capд гүйлгээний үе нь байдаг. Сүүлдээ би Одончимэгтэй уулзаад, мөнгө олдохгүй байна гэхээр нь өөрт байсан 8 000 000 төгрөг, хэдэн өдрийн орлогыг хамаад 10 000 000 төгрөг болгоод н.Мөнхсайханд өгье харин би чамаас 10 хувийн хүү авахгүй чи надад 5 хувийн хүү л өгөөрэй, эргэлтийн бүх мөнгөө гаргаж өглөө гэхэд Ч.Одончимэг их баярлалаа би чамд мөнгийг чинь хурдхан гаргаад өгнө гээд надаар өрөө даруулсан. Надад 2014 оны 9 дүгээр сараас хойш 5 хувийн хүүгээ өгч байгаад 2015 оны 11 дүгээр сараас хойш огт өгөөгүй.  2016 оны 7 дугаар сард миний бага охин хагалгаанд орох болоод би Ч.Одончимэгтэй уулзаж, хэд хэдэн сарын хүүг авахаа болъё, харин 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө надад 3 000 000 төгрөг олж өгөөрэй гэхэд, бэлдээд байж байя гэсэн боловч хагалгааны хугацаа болоход юу ч байхгүй гэхэд нөхөр хүүхдүүдтэйгээ гачууртад зугаалж явж байсан. Намайг мөнгөө нэхэхэд өгдөг газраа өг, явдаг газраараа яв, надад өгөх юм байхгүй гэсэн. Би Ч.Одончимэгээс 2014 оны 9 дүгээр сараас эхлэн 2016 оны 11 дүгээр cap хүртэл нийт 27 сарын хүү 13 500 000 төгрөг авах ёстойгоос 6 894 000  төгрөг авсан байна. Одоо Ч.Одончимэгээс үндсэн мөнгө 10 000 000 төгрөгөө 2014 оны 9 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр cap хүртэлх төлөгдөөгүй хүү болох 6 606 000 төгрөг, нийт 16 606 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

  Миний бие 2012 оны 12 дугаар сарын 05-нд 2 000 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 29-нд 2 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 29-нд 1 500 000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 20-нд 500 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 06-нд 2 400 000 төгрөгийг тус тус Ш.Лхагвасүрэнгээс зээлж нийт 8 400 000 төгрөгийг авсан ба 8 400 000 төгрөгийн хүүний үлдэгдэл болох 1 600 000 төгрөг нэмж нийт 10 000 000  төгрөг болсон. Ш.Лхагвасүрэнгээс зээлсэн нийт 10 000 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл буюу 9 сарын хугацаанд эргэн төлсөн. Гэтэл намайг төлөөгүй, дутуу гэх зэргээр илүү төлүүлэхээр шаардаж, ажил, гэрт ирж өдөр шөнөгүй утсаар ярьж, зурвас бичдэг байсан. Ш.Лхагвасүрэн намайг дарамталсаар байгаад 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр cap хүртэл буюу 15 сарын хугацаанд 9 000 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сараас хойш 2 282 000 төгрөг, нийт 11 282 000 төгрөг нэмж авсан. Миний бие зээлээ хүүгийн хамт төлсөн байхад дахин 11 282 000 төгрөг нэмж авсан нь үндэслэлгүй ба  илүү төлсөн мөнгөө түүнээс нэхэмжлэх болно. Иймээс Ч.Одончимэг би Ш.Лагвасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Одончимэгээс зээлийн гэрээний үүрэгт 16 606 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Лхагвасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 980 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.

 

              Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх  хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй "хариуцагч Ч.0дончимэгийн 5035214111, Б.Батсүхийн 5035382969 тоот төгрөгийн дансны хуулгын” үндсэн дээр шийдвэрээ гаргасан байхаас гадна, хэрэгт авагдсан нотлох баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх, талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч миний бие 2012 оны 12 дугаар сараас эхлэн хариуцагч Ч.Одончимэгт тодорхой хүүтэйгээр мөнгө зээлүүлж байсан. Тухайлбал, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг, 3 дугаар сарын 29-ний өдөр 1 500 000 төгрөг, 4 дүгээр сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан 10 000 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2 400 000 төгрөг, 08-ны өдөр 7 600 000 төгрөгийг тус тус зээлүүлж байсан. Ийнхүү хүүтэй мөнгө зээлж байсан болохоо хариуцагч Ч.Одончимэг шүүхэд удаа дараа гаргасан хариу тайлбартаа дурдсан. Гэтэл шүүхэд нотлох баримтаар авагдсан дансны хуулга,  дээрх төлөгдсөн мөнгөнүүдийн зарим нь 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө зээлүүлсэн мөнгөний үлдсэн төлбөр болон хүүнд төлөгдсөн байхад шүүх үүнийг ялгаж үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагад хамааруулсан. Өмнөх зээлийн  төлбөр тооцоо бүрэн авагдаагүй байсан ч миний бие хариуцагчаас 2013 оны 06, 08-ны өдөр зээлдүүлсэн мөнгөө хүүтэй нь нэхэмжилсэн. Иймд хариуцагчаас төлөгдсөн мөнгөний аль нь 2013 оны 11 сараас өмнөх зээлд төлөгдсөн, аль нь  2013 оны 11 сараас хойшхи зээлд төлөгдсөн болохыг ялгаж шийдвэрлэх ёстой байсан. Хэрэв 2013 оны 11 сараас  хойшхи зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн байсан бол хариуцагч 2016 оны 7 сард нэхэмжлэгчид төлбөрт төлөх үүрэгтэй байсан талаар утсаар ярьж мессеж бичихгүй байсан. Шүүх утасны бичлэг болон мессежийг нотлох баримтаар үнэлээгүй. Мөн шүүхийн шийдвэрт хариуцагч  хэзээ хэдэн төгрөг төлж зээлийн төлбөрийг бүрэн хаасан нь тодорхой бус ерөнхий байдлаар  10 215 000 төгрөг төлөгдсөн гэснээс үзвэл хэрэгт авагдсан нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай байх талаас нь үнэлж дүгнэж шийдвэрлээгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч хүүтэй мөнгө зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар тодорхойлолт нэртэй гэрээг байгуулж бичгийн баримт үйлдэж өгсөн тухай гэрч н.Мөнхсайхан болон хариуцагч өөрөө шүүх хуралдаанд тайлбар гаргасан байхад хүү тооцон авах эрхгүй гэж үзсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна..

 

            Нэхэмжлэгч Ш.Лхагвасүрэн нь хариуцагч Ч.Одончимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 606 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Ч.Одончимэг нь 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Лхагвасүрэнгээс  зээлсэн, уг мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан талаар тайлбарласан тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Ч.Одончимэгийн Д.Мөнхсайханд төлөх зээлийн төлбөрийг өмнөөс нь төлж, тэрээр уг төлбөрийг надад,  сар бүр 5 хувийн хүүтэй төлж байхаар тохиролцсон” гэж тайлбарласан.

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Талууд хуулийн дээрх зохицуулалтын дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул анхан шатны шүүх зээлийн хүүд нэхэмжилсэн 6 606 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Харин зээлийн үндсэн төлбөр болох 10 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Одончимэг бүрэн төлж барагдуулсан гэж маргасан үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  буруу гэж үзнэ.

 

            Талууд зээлийн гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амаар байгуулсан үйл баримтын талаар тайлбарласан ба энэ өдрөөс өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн төлбөрт төлсөн 90 000 төгрөг /хх-38/, н.Батсүхийн данснаас шилжүүлсэн нийт 160 000 төгрөг /хх67-69/, н.Батбаярын данснаас шилжүүлсэн нийт 366 000 төгрөгөөс 55 000 төгрөг /хх-86/  тус бүр нь хариуцагч Ч.Одончимэгийн төлөх зээлийн өр төлбөрт төлөгдсөн эсэх нь тогтоогдоогүй байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

            Хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар хариуцагч Ч.Одончимэг нь нийт  9 250 000 төгрөг /хх-39-64, 66, 82-86/-ийг зээлийн төлбөрт төлсөн болох нь тогтоогдож байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Лхагвасүрэнгээс “зээлийн төлбөрт нийт   9 885 000 төгрөгийг дансаар хүлээн авсан” гэх тайлбарыг нотлох баримтаар үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2  дахь хэсэгт заасантай нийцэх тул хариуцагчаас /10,000,000 – 9,885,000 = 115,000/ зээлийн үлдэх төлбөрт 115 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэл болох хуулийн заалтыг орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх шаардлагатай.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00559 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйдийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Одончимэгээс 115 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Лхагвасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16 491 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 …” гэснийг, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2” гэж,  “... үлдээсүгэй” гэснийг,  “үлдээж, хариуцагч Ч.Одончимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Лхагвасүрэнд олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 980 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                Т.ТУЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ