Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 257

 

Л.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор П.Ганбаатар,

            Шүүгдэгч Л.А,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А-ын гаргасан давж заалдах гомдлоор Л.А-д холбогдох эрүүгийн 1709023430348 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.А нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 8 тоот хашааны үүдэнд, автомашин дотор хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий Б.Отэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.А-ыг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг Б.Отэй хамтран амьдарч байх хугацаандаа гэр бүлийн маргаанаас хоорондоо маргалдаж, Б.От хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж үзээд надад 700 цаг олон нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан. Би тус ялыг биелүүлэх боломжгүй. Учир нь би бага насны 1 дүгээр ангийн хүүхэдтэй, асран хамгаалагч нь би, хичээл, сургуульд нь байнга хүргэж өгч, авдаг. Надаас өөр хүн байхгүй. Иймээс надад оногдуулсан ял шийтгэлийг өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Л.А нь “бага насны хүүхэдтэй тул шүүхээс оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийх ялыг эдлэх боломжгүй. Оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх гомдол гаргасан. Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар түүнд танилцуулж, гарын үсэг зуруулсан. Шүүх прокурорын саналыг харгалзан үзээд ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй хүмүүсийг заасан байгаа. Л.А нь нийтэд тустай ажил хийлгэж болохгүй үндэслэлд хамаарахгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Л.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэв.

Л.А нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 8 тоот хашааны үүдэнд, автомашин дотор хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Б.Отэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Оийн “...Би Л.А гэх хүнтэй 2 жил хамтран амьдарсан. Хоорондоо харилцаа таарахгүй болоод салж байгаа юм. Энэ асуудлаа 2017 оны 7 дугаар сард танай хэлтэст хандаж шалгуулж байсан. Тэгтэл Л.А надаас салахгүй, гэрийн түлхүүр хувилж аваад гэрээс явахгүй байгаа. Өнөөдөр өглөө 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 8 тоот, гэрт яриа өдөөд юм асуухад нь дуугарахгүй байсан чинь хэрүүл өдсөн. Би гэрээс гарч машиндаа сууж явах гэхэд салаавч гарган хэл амаар доромжилж, баруун шанаа руу гараа зангидаж байгаад цохисон. Би “яагаад хүн цохиод байгаа юм бэ?, юу ярих ёстой юм бэ?” гээд баруун гараараа нүүрээ халхалтал гарын шуунаас барьж байгаад машины 2 хаалганы голын багана мөргүүлсэн. Тэгээд гараа зангидаж байгаад толгой руу 2, 3 удаа цохисон. ...Толгой маш их өвдөж байна. ...” /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

Гэрч О.Учралын “...Л.А байнга ээжтэй хэрүүл маргаантай байдаг. Сүүлд ээжийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зодсон гэсэн. Дүү О.Уянга надад хэлсэн. ...” /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

Гэрч О.Уянгын “...Манай ээж Б.О ... 2015 онд Л.А гэх залуутай танилцаж, хамтран амьдардаг болсон. Л.А нь эхний хэдэн сар их гайгүй залуу шиг байсан. Тэгээд 8, 9 сар болсон чинь манай ээжтэй хэрүүл, маргаан хийж, зодох болсон. ...” /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Л.А-ын яллагдагчаар өгсөн “...Би хамтран амьдрагч Б.Отэй өглөө гэрээс гараад ажилдаа явах замдаа маргалдсан. Хардаж, сэрдэж хэрүүл үүсгээд байхаар нь хамар хэсэгт нь хурууныхаа үзүүр хэсгээр хүрээд “миний хайр юу гэж тийм юм байхав дээ” гэж хэлэхэд гэнэт уурлаад миний толгой хэсэг рүү 3, 4 удаа цохисон. Намайг цохиод байхаар нь би “болиоч” гээд гараараа хаасан чинь өөрийг нь цохих гэж байна гэж бодоод толгойгоо хойш саваад машины зүүн талын багана мөргөсөн. Б.О тэгээд “намайг зодсон, чамайг цагдаад өгнө” гэсэн. ...” /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 14881 дугаартай “...Б.Оийн биед тархи доргилт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Л.А нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, өөрийн хамтран амьдрагч Б.Отэй маргалдаж, улмаар хүч хэрэглэсний улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч Б.О нь “Л.А удаа дараа зодож байсан” талаар мэдүүлсэн байх боловч энэ нөхцөл байдлыг шалгаагүй байх бөгөөд хохирогч энэ талаар гомдол гаргаагүй байх тул Л.А-дхолбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэсэн байна гэж үзэв.

Л.А-дхолбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Л.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан түүнд 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Л.Аас “... бага насны хүүхдээ асран хамгаалдаг тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 Л.А-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан хэрнээ түүнийг гэм буруутайд тооцохдоо “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн нөхцлийг орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж өөрчлөв.