Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 13 өдөр                       Дугаар 2020/ШЦТ/125                                    Зуунмод сум                  

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Эрдэнэ  бат, 

улсын яллагч  Э.Билгүүн,

шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, өсвөр насны шүүгдэгч Л.М, тэдний өмгөөлөгч Н.Намжилцогт,

өсвөр насны шүүгдэгч Л.М-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Т,

шүүгдэгч А.Э, Б.М, тэдний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овгийн Б-ын Б, С овгийн С-ийн М, О овгийн А-ын Х, Ш овгийн Б-н М, Б овгийн А-ийн Э, өсвөр насны шүүгдэгч Б овгийн Л-ын М нарт холбогдох эрүүгийн 2034000830047 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

  

                                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдэнэбулган ХХК-д шуурхай хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Алтайн 26 дугаар гудамжны 81 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгын 18-850/Е тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, УИ дугаарын регистртэй, С овгийн Б-ын Б,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаах ухааны их сургуулийн Эм зүйн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, горькийн 18 дугаар гудамж 550 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, МЮ дугаарын регистртэй, Ш овгийн Б-н М

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаах ухааны их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, зүүн баян уул 14 гудамж, 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, УХ дугаарын регистртэй, Б овгийн А-ийн Э

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дуурийн дуулаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгын 18-850-Е тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, УШ дугаарын регистртэй, О овгийн А-ын Х

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бэсти Эвэнт ХХК-нд хуримын зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, УИ дугаарын регистртэй, С овгийн С-ийн М

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн график дизайнчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 18 дугаар гудамж, 899 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, УЦ дугаарын регистртэй, Б овгийн Л-ын М

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, Л.М нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 91-42 УНЯ улсын дугаартай “приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: 

...Манай ахын гар нь юм сайн даадаггүй. Тэгээд туслая гэж өмнөх өдөр нь ярьсан. тэгээд Б.М-тай хамт явъя гэж ярьсан. Миний буруу гэмшиж байна...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М: 

... Миний буруу гэмшиж байна дахиж ийм зүйл хийхгүй зүгээр сонирхоод татаж үзсэн...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х:

...Маргах юм байхгүй. Миний буруу...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э: 

...Б.М ах салхинд гаръя гээд бензин хийгээд өгье гэсэн. Б.Б ах төөрчлөө гээд зогссон. Б ах буугаад 2-3 минутын дараа орж ирээд А.Х эгч Б.М ах нарыг аваад гарсан. Орж ирээд тамхи үүрүүлж татаад байхаар сонирхоод татаж үзсэн. Тэгээд хөдөлтөл цагдаагийн машин ирээд сандраад зугтсан. Замдаа цонхоороо өвсөө хаясан...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М: 

...Өглөө найз охинтойгоо 2020.01.17-нд таксинд явахаар болоод явж байтал С.М ах салхинд гаръя гээд хамт явсан. Амралтын газрын гадаа юм идчихээд орой болтол яваад засмал замаасаа гараад төөрсөн. Тэгээд буугаад зам харах гээд буусан, Тэгээд явтал араас цагдаагийн машин ирэхээр зугтсан. Б ах Х эгч 2 зугт гэсэн. Бусад 3 нь машинаас буугаагүй байсан. Бичиг баримтгүй байсан. Тэгээд зугт гэхээр зугтсан машинд тоглож байсан. Миний буруу гэмшиж байна дахиж ийм зүйл хийхгүй зүгээр сонирхоод татаж үзсэн...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.М: 

...Баруун Хараагаас эгчийнхээс ирээд Б.Б ахтай таараад салхинд гаръя гээд гарсан. Хөдөөнөөс ирсэн болохоор ядраад унтсан байсан. Сэрээд хартал харанхуй хөдөө байсан. Б.Б ах нэг тамхи шиг юм авч ирээд бүгд татсан...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т:

...Тэр өдрийн орой эгчтэйгээ ярьсан. Танидаг хүнтэй гарсан болохоор санаа зовоогүй байж байтал шөнө цагдаагаас яриад мэдсэн. маргааш нь нөхөртэйгөө гараад очсон... гэж тус тус мэдүүлжээ.

      

Эрүүгийн 2034000830047 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч С.У-гийн /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Л.Э-ын /2-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Б.М-ын /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ын /хх-ийн 45, 46-47 дугаар хуудас/, гэрч А.Х-ын /хх-ийн 48-49, 50, 51-52 дугаар хуудас/, гэрч С.М-ын /хх-ийн 53, 54-55 дугаар хуудас/, гэрч Л.М-ийн /хх-56 дугаар хуудас/, гэрч А.Э-ын /хх-ийн 57-58, 59 дүгээр хуудас/, гэрч Н.Д-ийн /хх-ийн 60/ дугаар хуудас/ гэрч С.У-гийн /хх-ийн 61 дүгээр хуудас/, гэрч А.Л-ын /хх-ийн 62 дугаар хуудас/, гэрч Д.Т-ын /хх-63 дугаар хуудас/, гэрч Д.С-ийн /хх-ийн 64-65 дугаар хуудас/, гэрч Б.О-ийн /хх-ийн 66 дугаар хуудас/, яллагдагч Б.Б-ын /хх-ийн 145-148 дугаар хуудас/, яллагдагч Б.М-ын /хх-ийн 153-156 дугаар хуудас/, яллагдагч А.Э-ын /хх-161-163 дугаар хуудас/, яллагдагч А.Х-ын /хх-164-165 дугаар хуудас/, яллагдагч С.М”ын /хх-170-172 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Л.М”ын /хх-ийн 182-184 дүгээр хуудас/  нарын мэдүүлгүүд,  

шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 700 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-71 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 778 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-77 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 777 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-82 дугаар хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 103 дугаартай дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

“Сонгомол Хүлэг” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020-2/01 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 102-107 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11 дүгээр хуудас/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 дугаар хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-22 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/, бусад баримтууд /хх-35-41 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, Л.М нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 126-250, 2-р хх-ийн 1-7,16-39, 44-57 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нарыг шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нартай бүлэглэн, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, “Тоёота Приус-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хавтас хэрэгт цугларсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус нотлох баримтуудыг тал бүрээс шинжлэн судлаад шүүгдэгч А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нарын шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нартай бүлэглэн, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, “Тоёота Приус-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдүүдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүй тул гэмт хэрэгт тооцохгүй, хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Учир нь: Шүүгдэгч А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нарын НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийн хувьд шүүгдэгч Б.Б, С.М нарын хэлснээр ...Төв аймгийн Жаргалант суманд оршин суух Б-ын ахынд очиж зоориноос төмс гаргаж ялгачхаад мөн салхинд гарчхаад ирэх үү... гэсний дагуу шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарыг дагаж шүүгдэгч Б.М-ын унаж байсан “Тоёота Приус-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Төв аймгийн Жаргалант сум руу явцгаасан байна.

Улмаар явах замдаа шүүгдэгч Б.Б болон С.М, А.Х нар машинаас бууж тухайн НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн ба шүүгдэгч А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нар бэлтгэх явцад машиндаа суугаад хүлээж байсан, өвс түүж бэлтгэснийг мэдээгүй, бэлтгэсэн өвсөө машинд оруулж ирснийг тухайн үедээ мэдээгүй болох нь шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж, 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус хуульчилсан бөгөөд энэ хуулийн агуулга нь “Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэх талаар хоёр, түүнээс олон хүн бүгд санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэхийг,

мөн бүлэглэн гүйцэтгэх явцдаа гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахыг тус тус ойлгохоор байна.

Харин шүүгдэгч А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нарын хувьд шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарын ...Төв аймгийн Жаргалант суманд оршин суух Б-ын ахынд очиж зоориноос төмс гаргаж ялгачхаад мөн салхинд гарчхаад ирэх үү... гэсний улмаас тэднийг дагаж явсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” үүсч байх тул бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйд санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэсэн, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоогүй хэлбэрийн төдий оролцсон нөхцөл байдал үүссэн гэж үзлээ.

 

Үйл баримтын талаар:

Түүнчлэн шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарын хувьд НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2-д заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-д заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т заасан “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” гэсэн нотолбол зохих байдлууд бүгд нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах гэрч А.Э-ын ...М, М бид гурвыг машиндаа сууж бай гээд Б, Х, М машинаас бууж яваад 40 минут орчим болсон. Тэгээд тэр гурав Мө-ын автомашины тээшинд саарал гялгар тортой юм хийгээд байсан. Тэгээд машинд суусны дараа Б гэдэг ах тамхи үүрүүлж байгаад дотор нь өвс хийсэн. Тэгээд М М бид гурав өвснөөс нь татаж үзсэн... /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

...төв замаас салаад 7-8 километр зайд байх явж байгаад зогссон. Тэгтэл машинаас эхлээд Б, Дараа нь М, Х нар буусан ба машинаас буугаад 30-40 орчим минут болоод Б, Х, М нар орж ирсэн ба орж ирэхдээ тортой зүйл авч орж ирсэн. Тэгтэл Б ах өвөр дээрээ гялгар ууттай өвс тавьж байгаад тамхины дотор талыг нь асгаж байгаад өвснөөсөө хийгээд тамхи асаагаад татсан ба бид нар бүгдээрээ сорсон. Өвсөө татаж дуусаад хөдөлсөн... /хх-ийн 59 дүгээр хуудас/,

гэрч Б.М-ын ...орой Жаргалант суманд ирээд Б ах зам заагаад хөдөө очоод нэг хашааны хажууд зогсоод өвс түүсэн. Би машиндаа сууж байсан. Тэгээд Х эгч зугтаа гээд зугтсан. Тэгээд зугтаж байгаад баригдсан... ...би хэрэглээгүй хамт явсан хүмүүс тамхины дотрыг гаргаж байгаад түүсэн өвснөөсөө татсан. Мөн саванд ус хийгээд төмөр цаас хийгээд тэгээд шатаагаад утааг нь сорсон. Би огт сороогүй. Би өмнө ч хэрэглэж байгаагүй... /хх-ийн 44 дүгээр хуудас/,

гэрч Л.М-ийн ...Жаргалант сум ороод ирнэ ойрхон гэж хэлсэн. Би замдаа ядарсан учраас унтаад явсан. Нэг мэдсэн чинь хөдөө хээр ирээд нэг полины хашааны хажууд зогсож байсан. Машинд жолооч И бид 3 байсан. Нөгөө 3 хаашаа явсан юм бэ гэж асуутал мэдэхгүй машинаас буусан гэж хэлсэн. Тэгээд би дахин унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь машин хөдлөөд хойноос цагдаа хөөж байсан... бүгдээрэй наад ууттай юм аа шидээрэй гээд надад хойд багажнаас авч өгсөн. Тэгээд би цонхоо онгойлгоод шидсэн...  /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн

яллагдагч Б.Б-ын ...буугаад бие засаж байхдаа мансууруулах өвс ургаад хатсан байхыг олж харсан. Автомашин дотроос өөрийн эхнэр Х, найз М нарыг дуудан “энэ өвс гэдэг нь мөн юм шиг байна. гурвуулаа түүгээд авчих уу” гэхэд Х мөн байна гээд машинаас 3 уут гаргаж ирээд тус тусдаа түүсэн. Бид гуравын хувьд бараг 1 цаг гаран түүсэн. Түүчээд шууд машиндаа орж ирсэн... ...гадаа байхдаа ууттай өвснөөсөө жаахан атгаж халаасанд хийсэн өвснөөсөө гаргаж ирээд тамхины доторхыг цонхоороо үйрүүлж хаяад дотор нь мансууруулах өвсөө үйрүүлж хийгээд шууд би өөрөө татсан. Надаас Х авсан. Түүнээс М аваад бүгдээрээ сорж үзэж татсан. Би дахин нэгийг ороогоод өөрөө татсан... /хх-ийн 145-148 дугаар хуудас/,

яллагдагч С.М-ын ...Зүйрмэглээд сэрэх үед Б бие засна гээд машинаас бууж байсан. Б буугаад жаахан байж байгаад Х бид хоёрыг гараад ир гээд дуудсан. Б энэ нөгөө өвс гэдэг нь мөн үү гурвуулаа түүчих үү гэж хэлсэн. Х мөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд Х уут машинаас гаргаж ирсэн. Б, Х бид гурав тус тусдаа хүн хүний нэг уут мансууруулах өвс гэдгийг түүсэн. Тухайн үед Б өөрийн янжуур тамхыг гаргаж ирээд доторхыг нь асгаад оронд нь түүсэн өвснөөсөө жааханг үүрүүлж хийгээд татсан. Б тухайн үед энэ мөн байна уу, биш байна уу гээд татсан. Б асууж сорчхоод Х-д өгсөн. Х хэд сорчхоод надад өгсөн. Би авч нэг сорчхоод Э-д өгсөн... ...Зугтаж байх үед Б өвсөө хая гээд байсан... /хх-170-172 дугаар хуудас/,

яллагдагч А.Х-ын ...би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... ...би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй... /хх-164-165 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарын НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн өвсөө хадгалсан дээрх “Тоёота Приус-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч “МАЦУМОД” ХХК-ийн эзэмшлийх болох нь иргэний нэхэмжлэгч Л.Э-ын ...16700000 төгрөгөөр худалдан авсан юм. Тэгээд төлөлтөө сар бүр тогтмол хийж байгаа. Одоо уг зээлийн үлдэгдэл 9411000 төгрөгийн үлдэгдэл байгаа... ...манай байгууллагаас зээлийн төлөлтөө хугацаанд нь төлж барагдуулах шаардлагыг ар гэрийнхэнд нь хэлсэн байгаа. Уг хүмүүсийн буруутай үйлдээс болоод манай байгууллагын эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэлд хураагдах юм бол гарах зардлыг уг хүмүүсээр төлүүлнэ... /2-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 700 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б-ын Б УЙ96042819, А-ын Х УШ94102001 гэж хаягласан 4 ширхэг шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. “А.Э” гэж хаягласан шээснээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй... талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-71 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 778 дугаартай ...”М 2020.01.24” шээсний дээж нь хэмжээ нь хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “М 2020.01.24” гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй... талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-77 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 777 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн 1160г, 609г, 270г тус бүр жинтэй саарал өнгийн гялгар уутанд байх ургамал мэт зүйл тус тус делта-9-тетрагидроканнабинол илэрсэн... талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-82 дугаар хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай ...Б.М нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.М нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.М нь сэтгэц идэвхт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101 дугаартай ...А.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх шинж үгүй байна. А.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Э нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Э нь сэтгэц идэвхт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 103 дугаартай ...Б.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх шинж үгүй байна. Б.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Б нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б нь сэтгэц идэвхт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 104 дугаартай ...А.Х нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. А.Х нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Х нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Х нь сэтгэцэд нөлөөт эм бодисонд хамааралтай /донтой/ гэх шинж баримт үгүй... дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 105 дугаартай ...Л.М нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Л.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.М нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Л.М нь сэтгэцэд нөлөөт эм бодисонд хамааралтай /донтой/ гэх шинж баримт үгүй... дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/, 

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаартай ...С.М нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. С.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.М нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. С.М нь сэтгэцэд нөлөөт эм бодисонд хамааралтай /донтой/ гэх шинж баримт үгүй... дүгнэлт /хх-ийн 99-100 дугаар хуудас/,    

“Сонгомол Хүлэг” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020-2/01 дугаартай ...5300000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 102-107 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11 дүгээр хуудас/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 дугаар хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-22 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/, бусад баримтууд /хх-35-41 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, Л.М нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 126-250, 2-р хх-ийн 1-7,16-39, 44-57 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарын бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдэл, эс үйлдэхүй нь “Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэх талаар санаатай нэгдсэнээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн гүйцэтгэх шинжийг,

мөн “Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг бэлтгэж, хадгалах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт буруугийн санаатай хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, тэдэнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Тухайн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй ба хохирол, хор уршиг шаардахгүй. 

  

Мөн шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдалд хор уршиг учирж болохоор байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсоныг тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагаас хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б, С.М нарт хорих ялыг оногдуулахдаа бүлэглэн гүйцэтгэсэн гүйцэтгэгч тус бүрийн үүрэг, оролцоог харгалзан тус бүр 3 /гурав/ жилийн хорих ял,

шүүгдэгч А.Х-д хорих ялыг оногдуулахдаа бүлэглэн гүйцэтгэсэн гүйцэтгэгч тус бүрийн үүрэг, оролцоог харгалзан үзэхээс гадна түүний хувийн байдал, гэр бүлийн байдал, хүйсийн ялгаа зэргийг харгалзан 2 /хоёр/ жилийн хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарт тус бүр оногдуулсан хорих ялыг тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Гэвч шүүгдэгч А.Х нь 14-15 долоо хоногтой жирэмсэн болох нь “ШЭЖИДДҮГ БГБХН” Өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оноы 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар “14-15 долоо хоногтой, хяналтад байгаа тухай” албан бичиг, “Мандала” эмэгтэйчүүдийн эмнэлгийн үзлэгийн хуудас, ЭХО-ны зураг зэргээр нотлогдсон ба түүний холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Х нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг,

мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус мэдэгдсэнийг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нар гэмт хэрэг үйлдэхдээ “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь “МАЦУМОД” ХХК-ий эзэмшил, өмчлөл байдаг болох хавтас хэргийн 36-39 дүгээр хуудсанд авагдсан тус компанийн албан бичиг, тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу Фидукцийн гэрээ, тээврийн хэрэгслийн 02647732 дугаарын гэрчилгээ, зээлийн гэрээ, зэргээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “МАЦУМОД” ХХК-д буцаан олгож, хавтас хэргийн 102107 дугаар хуудсанд авагдсан “Сонгомол хүлэг” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “үнэлгээний тайлан” дүгнэлтээр тогтоогдсон 5.300.000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нараас тус бүрээс 1.767.000 /нэг сая долоон зуун жаран долоон мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн 2034000830047 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт  болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч С.М, А.Х, өсвөр насны шүүгдэгч Л.М нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, Л.М нараас гаргуулах хохирол, төлбөргүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуйлсан 50 төгрөгийн дэвсгэр 1 ширхэг, мөнгөлөг цаас 1 ширхэг, 3 ширхэг саарал өнгийн уутанд хийсэн өвс зэрэг эд зүйлсийг устгахыг тус шүүхийн Тамгын газар даалгасныг,

прокурорын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг “МАЦУМОД” ХХК-д олгохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

         шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 36.2.,

  36.4 дүгээр зүйлийн 2., 36.1., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13.,

     37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

           зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш овгийн Б-н М, Б овгийн А-ийн Э, өсвөр насны шүүгдэгч Б овгийн Л-ын М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034000830047 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан... ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч С овгийн Б-ын Б, С овгийн С-ийн М, О овгийн А-ын Х нарыг бүлэглэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овгийн Б-ын Б, С овгийн С-ийн М нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч О овгийн А-ын Х-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овгийн Б-ын Б, С овгийн С-ийн М, О овгийн А-ын Х нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О овгийн А-ын Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О овгийн А-ын Х нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг,

 

шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.  

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Б-ын Б-ын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн 2034000830047 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч С.М, А.Х, өсвөр насны шүүгдэгч Л.М нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,

шүүгдэгч Ш овгийн Б-н М, Б овгийн А-ийн Э нар тус бүр шүүхийн зөвшөөрөлгүйгээр 1 /нэг/ хоног баривчлагдсаныг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нараас гаргуулах хохирол, төлбөргүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б, Б.М, А.Э нарт тус бүр урьд авсан Монгол улсын хилээр гадагш гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосныг,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуйлсан 50 төгрөгийн дэвсгэр 1 ширхэг, мөнгөлөг цаас 1 ширхэг, 3 ширхэг саарал өнгийн уутанд хийсэн өвс зэрэг эд зүйлсийг устгахыг тус шүүхийн Тамгын газар даалгасныг,

прокурорын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг “МАЦУМОД” ХХК-д олгохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, мөнгөлөг цаас 1 ширхэг, 3 ширхэг саарал өнгийн уутанд хийсэн өвс зэрэг эд зүйлийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “TOYOTA PRIUS-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5.300.000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нараас хувь тэнцүүлэн 1.767.000 /нэг сая долоон зуун жаран долоон мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 

11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш овгийн Б-н М, Б овгийн А-ийн Э, өсвөр насны шүүгдэгч Б овгийн Л-ын М нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

шүүгдэгч О овгийн А-ын Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

шүүгдэгч С овгийн Б-ын Б, С овгийн С-ийн М нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, тэдний тус бүрийн хорих ял эдлэх хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

14. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О овгийн А-ын Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С овгийн Б-ын Б, С овгийн С-ийн М нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН