Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 16 өдөр                      Дугаар 2020/ШЦТ/130                                       Зуунмод сум

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч Х.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овгийн Х.З-д холбогдох эрүүгийн 1934010940150 дугаартай хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1979 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, Төв аймаг, Өндөрширээт сум, 2 дугаар баг, Хавтгай гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 

урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хэрэгсэхгүй болсон, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НР дугаарын регистртэй, М овгийн Х.З

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Х.З нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Хавтгай гэх газарт согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 мөн 3.7, 10.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч А.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.З:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ. 

    

Эрүүгийн 1934010940150 дугаартай хэрэгт хохирогч А.Э-ийн /хх-ийн 37-38 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сугарпүрэв /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч А.Э-ийн /хх-ийн 3-5 дугаар хуудас/, гэрч Э.Баяртогтохын /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч Я.Хүрэлсүхийн /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Х.З-ийн /хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрч Б.Болормаагийн /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Б.Сугарпүрэвийн /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч С.Гансүхийн /хх-ийн 76 дугаар хуудас/, яллагдагч Х.З-ийн /хх-ийн 66-67 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан багийн даргын тодорхойлолтууд /хх-ийн 17-19 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 20 дугаар хуудас/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, хохирогч А.Эрдэнэцэцэг болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Сугарпүрэв нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 30 хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 87-88 дугаар хуудас/, прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай санал /хх-ийн 89 дүгээр хуудас/, шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сугарпүрэвийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 91, 92 дугаар хуудас/, шүүгдэгч Х.З-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 26, 30-32, 34, 70, 74-83 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

  

Шүүгдэгч Х.З нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Хавтгай гэх газарт согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 мөн 3.7, 10.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч А.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч хохирогч А.Эрдэнэцэцэг: ...Загдсүрэн манай гэрт Батаагийн хамт ирээд намайг гэрт очоод хоол хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би за гэж хэлсэн. Тэгээд Загдсүрэнгийн гэр нь манай гэрээс зүүн зүгт 3-4 км орчим өвөлжөө нь байдаг юм. Тэгээд Загдсүрэнгийн гэрийнх нь баруун талын жалганаас гараад явж байхад мотоцикл нь зүүн талаараа унасан. Би бас газар унасан. Тэгээд мотоциклоо босгохгүй намайг Батаа нь өргөөд босгох гэсэн миний зүүн хөл дээр мотоцикл нь дараатай байсан. Тэгээд Загдсүрэн нь мотоциклоо босгоод гэр рүүгээ явсан... ...миний зүүн хөл шилбэ болон шагайны дээр хоёр оёдол хийлгэсэн... ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сугарпүрэв: ...Манай ээж А.Эрдэнэцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр сумын төвийн эрүүл мэндийн газарт хөлөө хугалчихсан гэж очсон... ...Загдсүрэн ахын баруун талынх нь жалганаас гарч ирээд мотоциклтойгоо унаад хөлөө хугалчихлаа гэж хэлсэн... /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

яллагдагч Х.З: ...би хохирогчид бэлэн 600000 төгрөг өгсөн. Мөн дээрээ снь нэг 2 настай охин бяруу өгсөн. Уг бярууг надаас ирж аваагүй байгаа. Цаг гайгүй болохоор ирж авах байх... /хх-ийн 66-67 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай ...А.Э-ийн биед зүүн шаант яс, зүүн тахилзуур ясны хугарал, зүүн шилбэнд зулгаралт, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн тахимд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай ...Х.Знь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.7, 10.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан багийн даргын тодорхойлолтууд /хх-ийн 17-19 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 20 дугаар хуудас/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, хохирогч А.Эрдэнэцэцэг болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Сугарпүрэв нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 30 хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 87-88 дугаар хуудас/, прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай санал /хх-ийн 89 дүгээр хуудас/, шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сугарпүрэвийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 91, 92 дугаар хуудас/, шүүгдэгч Х.З-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 26, 30-32, 34, 70, 74-83 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.  

    

Прокуророос шүүгдэгч Х.З-д холбогдох эрүүгийн 1934010940150 дугаартай хэргийг шүүгдэгч Х.З-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сугарпүрэв нь шүүгдэгчтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.   

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Х.З нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Хавтгай гэх газарт согтуурсан үедээ “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 мөн 3.7, 10.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч А.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн хувьд холимог хэлбэрээр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хор уршигт хүргэсэн нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Иймд шүүгдэгч Х.З-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.З-ийн холимог гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.  

 

Хохирогч А.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Сугарпүрэв нь мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн улмаас учирсан хүндэвтэр хохиролтой холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч А.Эрдэнэцэцэг болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Сугарпүрэв нар нь шүүгдэгч Х.З-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч Х.З нь хохирогчийн баримтгүйгээр нэхэмжилсэн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэргийн 91 дүгээр хуудсанд авагдсан “шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт,

шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сугарпүрэвт мэдэгдсэн баримтанд бичигдсэн ...хохиролд 1500000 төгрөгийг өгч бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэсэн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Х.З энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүмжлэлийн шатанд улсын яллагч Э.Билгүүн:

...Шүүгдэгч Х.З ь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасныг хүлээн авч түүнтэй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах талар тохиролцож, саналыг шүүхэд танилцуулж байна... гэх дүгнэлтийг,

 

Шүүмжлэлийн шатанд шүүгдэгч Х.З:

...Улсын яллагчтай тохиролцсон дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгч Х.З-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Мөн шүүгдэгч Х.З-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж хэрхэн, яаж, ямар байдлаар үзүүлсэн нөхцөл зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчтэй ял тохиролцож шүүхэд танилцуулсан саналын хүрээнд оногдуулах боломжгүй, харин тодорхой хэмжээгээр хүндрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох хэд хэдэн албадлагын арга хэмжээ авах зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Х.З-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1934010940150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Знь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч А.Эрдэнэцэцэг болон түүний хууль ёсны төлөөлөгч Х.Знар нь шүүгдэгч Х.З-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

           36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

             хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

   болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн Х.З-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч М овгийн Х.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч М овгийн Х.З-д шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох хэд хэдэн албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М овгийн Х.З нь шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг тус тус биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн шүүхээс 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1934010940150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлснийг, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч Х.З-ээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М овгийн Х.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М овгийн Х.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН