Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2017/00018/И |
Дугаар | 130/ШШ2017/00069 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 130/ШШ2017/00069
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр багт оршин суух, У овогт Х н Б ийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Б, гэрч Ж.Х, С.М, Х.Б, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатад 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.Б шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 219 тоот тушаалаар оёдолчноор ажилд орсон болно. 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 150 тоот тушаалаар хүүхэд асрах 5 сарын тэтгэмжтэй чөлөө олгосон. 1995 оны 01 сараас А ХК-д ажиллаж шимтгэл төлж байсан. 1985 оны 09-р сарын 02-ноос 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл 9 жил, 5 сар, 29 хоног ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Х.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 1985 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилд орсон. Тэгээд 1997 онд тус үйлдвэр тарсан байсан. Тухайн үед ажлаас гарсан талаар тушаал аваагүй байсан. Ажилд орсон тушаал байгаа, гарсан тушаал байхгүй учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Б нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатад 1985 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүсэж шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 442 дугаартай архивын лавлагаа, 1985 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нээлгэсэн 131498 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баян-Өлгий аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 365 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 219 дугаартай тушаал, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 1985 оны 7 дугаар сард олгосон 151 дугаартай эвлэлийн илгээлтийн хуулбар, хамт ажиллаж байсан хүмүүстэй авахуулсан гэрэл зураг, Өлгий сумын 3 дугаар багийн иргэн С.М, 5 дугаар багийн иргэн Х.Б, 3 дугаар багийн иргэн М.Ж нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг гаргаж өгчээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 442 дугаартай архивын лавлагаанд 1. АҮК-ын даргын 1985 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 219 тоот тушаалаар Х.Бийг оёдолчноор түр авч ажиллуулсан байна. 2. Мөн даргын 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 150 тоот тушаалаар Х.Бд 5 сарын тэтгэмжтэй чөлөө олгосон байна. А хоршооны баримтыг архивд шилжүүлээгүй байна гэжээ.
Хүсэлт гаргагч өөрийн шаардлагаа үндэслэж байгаа хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлаж байгаа байдал нь хоорондоо зөрүүтэй, мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч нар мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй, энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 219 дугаартай тушаалаар Х.Бийг түр оёдолчноор томилон ажиллуулах тухай бичилтээс харахад хүсэлт гаргагч Х.Б нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатад 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн түр оёдолчноор ажилд томилогдсон боловч түүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаад 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хүсэлт гаргагч Х.Б нь 1985 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байна гэж дүгнэх боломжгүй байна.
Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн С.М, Х.Б, Ж.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод Х.Б нь чухам ямар байгууллагад хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байсан тухай тодорхой дурдаж бичээгүй, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ж.Х, С.М, Х.Б нар нь мэдүүлгийн эх сурвалжийг зааж өгч чадаагүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х.Б шүүхэд гаргасан хүсэлтэд ...Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатад 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж бичсэн бөгөөд шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй ба энэ байдлаа тодорхой тайлбарлаж чадаагүй, түүний нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд 1. 1985.09.02 Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор авч ажиллуулав, гэх бичилт болон Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 219 дугаартай тушаалд ...1985 оны 9-р сарын 02-ны өдрийн 185 шилжүүлэгтэй Х.Бийг түр оёдолчноор ажиллуулсугай гэх бичилт нь хоорондоо зөрүүтэй байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолгоо гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүргээ биелүүлж ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.
Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй байна.
Иймд хүсэлт гаргагч Х.Бийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатад 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Хн Бийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатад 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН