| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0152/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 140
2020 оны 04 сарын 21 өдөр Дугаар 2020/ШЦТ/140 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч А.Азжаргал,
шүүгдэгч, хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Г.Э, Б овгийн Ш-ийн Э нарт холбогдох эрүүгийн 2034001670161 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 10-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЭ дугаарын регистртэй, Х овгийн Г-ийн Э
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймаг, Өндөрулаан суманд 1966 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, селесер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 04-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЬ дугаарын регистртэй, Б овгийн Ш-ийн Э
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ш.Э нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын баруун зуунмод 6 дугаар баг 04-08 тоотод хохирогч Г.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт нь галын хайч төмрөөр цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Г.Э 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын баруун зуунмод 6 дугаар баг 04-08 тоотод Г.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараа раа цохиж шүдний сулрал, зүүн хацарт зулгаралт, баруун гуянд нь өшиглөж цус хуралт гэмтэл учруулан хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э :
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э :
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э :
...Би хохиролд 125000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 2034001670161 дугаартай хэрэгт хохирогч Г.Н-ын /хх-ийн 13-14, 15, 16 дугаар хуудас/, хохирогч Г.Э /хх-ийн 18-19, 20 дугаар хуудас/, гэрч Ө.У-ийн /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Т.Б-ийн /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Д.Ө /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Ш.Э-ийн /хх-ийн 26-27, 28 дугаар хуудас/, гэрч Г.Э-ын /хх-ийн 29 дүгээр хуудас/, яллагдагч Г.Э-ын /хх-ийн 52 дугаар хуудас/, яллагдагч Ш.Э /хх-ийн 56 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 дугаар хуудас, хохирогч Г.Н-ын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, хохирогч Г.Э-ын толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ, хохирлын баримт /хх-ийн 74-77 дугаар хуудас/, хохирогч Г.Н-ын яаралтай тусламжийн хуудас, зодуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 75-85 дугаар хуудас/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 86-90 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Э , Ш.Э нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 57, 60-62, 63-73, 83 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Ш.Э нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын баруун зуунмод 6 дугаар баг 04-08 тоотод хохирогч Г.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт нь галын хайч төмрөөр цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Э 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын баруун зуунмод 6 дугаар баг 04-08 тоотод Г.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараа раа цохиж шүдний сулрал, зүүн хацарт зулгаралт, баруун гуянд нь өшиглөж цус хуралт гэмтэл учруулан хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Г.Н ...Э гарч яваад буцаж орж ирээд Ө-ыг алгадаж зодоод байсан. Тэгэхээр нь чи яаж байна гэхэд чамд хамаагүй гээд намайг түлхэж газар унагааж хөлөөрөө бөгс, гуя хэсэг рүү өшиглөж зодсон. Тэгсэн чинь манай нөхөр боль гэхэд Э зуух өшиглөөд гал тогооны шүүгээний шургуулга татаж салгаад дотор нь байсан хутганаас авч та нарыг ална өөрийгөө ална гээд манай нөхөр галд түлээ хийж байснаа галын хайчаар Э-ын толгой хэсэгт цохиж цус гаргасан... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
яллагдагч Г.Э ...Г.Н-ыг цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 52 дугаар хуудас/,
яллагдагч Ш.Э ...Г.Э-ыг галын хайчаар цохиж зодож эрүүл мэнд нь хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 56 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 96 дугаартай ...Ш.Э-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаартай ...Г.Э-ын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 97 дугаартай ...Г.Н-ийн биед шүдний сулрал, зүүн хацарт зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 дугаар хуудас, хохирогч Г.Н-ын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, хохирогч Г.Э-ын толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ, хохирлын баримт /хх-ийн 74-77 дугаар хуудас/, хохирогч Г.Н-ын яаралтай тусламжийн хуудас, зодуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 75-85 дугаар хуудас/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 86-90 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Э, Ш.Э нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 57, 60-62, 63-73, 83 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Г.Э, Ш.Э нарт холбогдох эрүүгийн 2034001670161 дугаартай хэргийн шүүгдэгч Г.Э, Ш.Э нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Э-ын хохирогч Г.Н-ын биед шүдний сулрал, зүүн хацарт зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ш.Э нь хохирогч Г.Э-ын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Э нь иргэн Г.Н-г, шүүгдэгч Ш.Э нь хохирогч Г.Э-ыг тус тус зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрсдөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг цохиж зодсон хууль бус үйлдэл нь хохирогч нарт учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Г.Э, Ш.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Г.Э, Ш.Э нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Э нь хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ш.Э-г иргэн Г.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь хохирогч Г.Н-ын биед шүдний сулрал, зүүн хацарт зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч Ш.Э нь хохирогч Г.Э-ын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Г.Н нь шүүгдэгч Г.Э-ээс эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хохирогчийн мэдүүлэг хавтаст хэргийн 16 дугаар хуудас,
хохирогч Г.Э, нь шүүгдэгч Ш.Э-с эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардалтай холбоотой 170250 /нэг зуун далан мянга хоёр зуун тавин мянга/ төгрөгийг баримтаар нэхэмжилсэн ба дээрх хохирлоос шүүгдэгч Ш.Э нь 125000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг төлсөн байна. Харин хохирогч Г.Э нь үлдэх 45250 /дөчин таван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь тус тус хавтаст хэргийн 18-19, 20 дугаар хуудаст авагдсан хохирогчийн мэдүүлгүүд болон хавтаст хэргийн 86-90 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Э, Ш.Э нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.Э, Ш.Э нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгч нартай тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Э-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
мөн шүүгдэгч Ш.Э-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс шүүгдэгч Г.Э, Ш.Э нарт тус бүр оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын, торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг тус бүрийн харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 2034001670161 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Г.Э , Ш.Э нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг галын хайч устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овгийн Ш-ийн Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х овгийн Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч Б овгийн Ш-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Э, Ш.Э нарт тус бүр шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын, торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг тус бүрийн харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
5. Эрүүгийн 2034001670161 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Г.Э, Ш.Э нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг галын хайч устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус даалгасугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Э, Ш.Э нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Э, Ш.Э нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН