Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2017/00070

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар /дарга Б.М/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын Ё багийн хүүхдийн цэцэрлэгт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Шинжилгээний үнэ 126000 /нэг зуун хорин зургаан мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б сумын Ё багийн Хүүхдийн цэцэрлэг нь тухайн байгууллагын хүүхдүүдэд түгээж буй 9 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус байгууллагын Нэгдсэн лабораторид өөрийн хүсэлтээр шинжлүүлэхээр нярав нь авчирсныг Хүүхдийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч К.К ы 04\03\023\274 тоот лабораторид дээж хүлээн авах тэмдэглэлийн дагуу хүлээн авч шинжилгээ хийгдсэн болно. Монгол улсын шадар сайдын 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн, Дугаар 19 тоот тушаалын 5.3.2 Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтээр шинжилгээнд хамруулсан тохиолдолд шалгуулагч этгээд шинжилгээний төлбөрийг гаргана гэсэн заалтын дагуу тухайн шинжилгээний үнэ болох нийт 126,000 төгрөгийг сайн дураар барагдуулах ёстой байсан боловч янз бүрийн шалтгаан тоочиж өдий хүртэл барагдуулж өгөөгүй байна. Иймд Б сумын Хүүхдийн цэцэрлэгээс шинжилгээний төлбөр болох нийт 126,000 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Төлбөрийн нэхэмжлэлийг Б сумын Ё багийн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид хүргүүлсэн. Эх хувь нь цэцэрлэгт байгаа тул шүүхэд нотлох баримтаар татаж авч өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.М шүүхэд ирүүлсэн албан бичигт: 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/646 тоот албан бичгээр Б сумын Ё бага сургуулиас лабораторид өгсөн дээжийн төлбөр 142600 төгрөг, Хүүхдийн цэцэрлэгээс 126000 төгрөг нэхэмжилсэн билээ. Тэд нэхэмжлэлд дурдсан төлбөрийг барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б сумын Ё багийн Хүүхдийн цэцэрлэгт холбогдох Шинжилгээний үнэ 126000 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.М уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай шүүхэд албан бичиг ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газар нь хариуцагч Б сумын Ё багийн Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан гаргасан Шинжилгээний үнэ 126000 /нэг зуун хорин зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН