Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 27                              Дугаар 2020/ШЦТ/147                                        Зуунмод сум

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн А-ын М-д холбогдох эрүүгийн 1934011820151 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцагаан суманд 1990 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт, Төв аймаг, Баянцагаан сум, Өлзийт 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЗ дугаарын регистртэй, Х овгийн А-ын М

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч А.М нь согтуурсан үедээ Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт  дүгээр багийн нутаг Өлзийт нуур гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн С.Э-тай маргалдан нүүрэн тус газар нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934011820151 дугаартай хэрэгт хохирогч С.Э /хх-ийн 4-5, 6-7 дугаар хуудас/, гэрч С.Э /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч А.М /хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрч У.Б /хх-ийн 11, 12 дугаар хуудас/, гэрч Б.Г /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Б.Б /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Ж.Э /хх-ийн 17-18 дугаар хуудас/, шинжээч И.Г /хх-ийн 25-26 дугаар хуудас/, яллагдагч А.М /хх-ийн 32-33 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 дугаар хуудас, шүүгдэгч А.М-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-39, 52 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

    

Шүүгдэгч А.М нь согтуурсан үедээ Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт  дүгээр багийн нутаг Өлзийт нуур гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн С.Э-тай маргалдан нүүрэн тус газар нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч С.Э-ын ...бид нар муудалцаад хэл ам зөрөөд босож ирэн намайг заамдаад гэрээс гаргаж цохиод газар унагаасан... ...Одоо толгой өвдөж даралт ихсээд байна. Өөр гэмтэл байхгүй... /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

...Шараа гэх залуу их согтуу чи юу гээд байгаа юм гээд аягаар миний хамарт цохисон. Тэгээд би гэрээс гарсан. Тэгсэн Ш гэх залуу нь араас гарч ирээд надтай муудалцаад барьцалдаад байж байхад гэрээс надтай цуг явсан хүмүүс гарч ирээд салгах гэсэн чинь Ш миний нүүр рүү мөн гараа раа нэг удаа цохисон юм... 6-7 дугаар хуудас/,

яллагдагч А.М-ийн ...С.Э гэх хүнтэй барьцалдаад байж байсан. Тэгээд би тухайн хүнийг гараа раа нүүр рүү нь нэг цохиж зодсон юм... ...би нүүр хэсэгт нь гараа раа нэг удаа цохисон талаар мэдэж байгаа... /хх-ийн 32-33 дугаар хуудас/

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай ...С.Э-ын биед толгой, дээд уруулын салст, зүүн хацарт язарсан шархтай, баруун нүдний доод зовхи, хамарт зулгаралт, баруун нүдэнд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, зулайд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 дугаар хуудас, шүүгдэгч А.М-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-39, 52 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

    

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

     

Прокуророос шүүгдэгч А.М-д холбогдох эрүүгийн 1934011820151 дугаартай хэргийн шүүгдэгч А.М гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч А.М-ийн С.Э-ын биед толгой, дээд уруулын салст, зүүн хацарт язарсан шархтай, баруун нүдний доод зовхи, хамарт зулгаралт, баруун нүдэнд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, зулайд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж зодож байгаагаа хууль бус шинжтэйг мэдсээр байж уг үйлдлээ хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч А.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.М нь хохирогч С.Э-ын биед толгой, дээд уруулын салст, зүүн хацарт язарсан шархтай, баруун нүдний доод зовхи, хамарт зулгаралт, баруун нүдэнд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, зулайд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

Хохирогч С.Э нь эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч А.М нь 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн болох нь хохирогчид хохирлоо төлсөн талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хохирогч С.Э-ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хавтаст хэргийн 4-5, 6-7, 8 дугаар хуудаст авагдсан мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

  

Иймд шүүгдэгч А.М-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  

Эрүүгийн хариуцлагын талаар:   

Шүүх шүүгдэгч А.М-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгч нартай тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч А.М-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,  

 

шүүхээс шүүгдэгч А.М-д оногдуулсан торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг тус бүрийн харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгах нь зүйтэй.

   

Эрүүгийн 1934011820151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.   

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

   хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

            36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн А-ын М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х овгийн А-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн А-ын М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

     

4. Шүүгдэгч Х овгийн А-ын М-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 1934011820151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн А-ын М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн А-ын М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ш.ГАНДАНСҮРЭН