| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0173/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2020-05-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 157
2020 оны 05 сарын 04 Дугаар 2020/ШЦТ/157 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн П-ын Д-д холбогдох эрүүгийн 2034000340232 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Төв аймаг, Дэлгэрхаан сум, 1 дүгээр баг, Тарган гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЛ дугаарын регистртэй, Б овгийн П-ын Д
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч П.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой Төв аймгийн Дэлгэрхаан сумын төв “Дуут хурим” 2 дугаар баг Булагийн 07-03 тоотод оршин суух иргэн П.Н-ын гэрийн гадна иргэн Ч.Т-тай хувийн таарамжгүй харьлцааны улмаас маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хаар ясны хугарал, зүүн 10-р хавирганы хугарал, дээд уруулд шарх, баруун зүүн нүдний зовхи, бүсэлхийд цус хуралт, дух, хамар, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000340232 дугаартай хэрэгт хохирогч Ч.Т /хх-ийн 5-7, дүгээр хуудас/, гэрч Ч.Т /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч П.Д /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч П.З /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Х.Б /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч П.Н /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.Г /хх-ийн 17-18 дугаар хуудас/, яллагдагч П.Д /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Ч.Т-ийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, гэмтэл, согог судлалын үндэсний төвийн шинжилгээ, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ зэрэг баримтууд /хх-ийн 34-38 дугаар хуудас/, хохирогч, шүүгдэгч нарын гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-ийн 65-66 дугаар хуудас/, шүүгдэгч П.Д-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-56 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч П.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой Төв аймгийн Дэлгэрхаан сумын төв “Дуут хурим” 2 дугаар баг Булагийн 07-03 тоотод оршин суух иргэн П.Н-ын гэрийн гадна иргэн Ч.Т-тай хувийн таарамжгүй харьлцааны улмаас маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хаар ясны хугарал, зүүн 10-р хавирганы хугарал, дээд уруулд шарх, баруун зүүн нүдний зовхи, бүсэлхийд цус хуралт, дух, хамар, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах бага насны хохирогч Ч.Т-ийн ......Би Н-ын гэрээс гартал Д араас гарч ирээд өмссөн хүрмээ тайлаад намайг шууд барьж аваад нүүр рүү 2, 3 удаа цохиод мөрөн дээрээс татаж өвдөглөсөн. Тэгээд би газар унатал миний араас намайг өшиглөсөн... /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
...Д хүрмээ тайлж тавьчихаад буцаж ирээд намайг заамдаж аваад нүүр рүү мөргөхөөр нь би бултсан чинь миний шанаа руу мөргөсөн. Тэгээд би малгай ойчихоор нь би авах гээд тонгойсон чинь, миний хоёр мөрөн дээрээс татаж авчираад миний нүүр рүү 2 удаа өвдөглөсөн... ...Д намайг дахиад нүүр цохиод намайг газар унаад хэвтэж байхад Д ирээд 3-4 улаа миний цээж, хавирга руу өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
яллагдагч П.Д-ын ...Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хурим 2 дугаар багийн нутаг 03-03 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө хохирогч Ч.Т-г цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дугаартай ...Ч.Т-ийн биед хамар ясны хугарал, зүүн 10-р хавирганы хугарал, дээд уруулд шарх, баруун зүүн нүдний зовхи, бүсэлхийд цус хуралт, дух, хамар, хацар, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч П.Д-д холбогдох эрүүгийн 2034000340232 дугаартай хэргийн шүүгдэгч П.Д-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч П.Д-ын Ч.Т-ийн биед хамар ясны хугарал, зүүн 10-р хавирганы хугарал, дээд уруулд шарх, баруун зүүн нүдний зовхи, бүсэлхийд цус хуралт, дух, хамар, хацар, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж зодож байгаагаа хууль бус шинжтэйг мэдсээр байж уг үйлдлээ хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч П.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.Д нь хохирогч Ч.Т-ийн биед хамар ясны хугарал, зүүн 10-р хавирганы хугарал, дээд уруулд шарх, баруун зүүн нүдний зовхи, бүсэлхийд цус хуралт, дух, хамар, хацар, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхирй хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч Ч.Т нь эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Ч.Т, шүүгдэгч П.Д нарын эвлэрсэн тухай хүсэлт, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Д-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч П.Д-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч П.Д-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс шүүгдэгч П.Д-д оногдуулсан торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг тус бүрийн харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 2034000340232 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч П.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Ч.Т нь шүүгдэгч П.Д-д гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн П-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн П-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Б овгийн П-ын Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн П-ын Д-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2034000340232 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч П.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Ч.Т нь шүүгдэгч П.Д-д гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн П-ын Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн П-ын Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН