| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0177/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 162
2020 05 05 2020/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
улсын яллагч А.Азжаргал,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овгийн Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 2034002410237 дугаартай хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 04 дүгээр сарын 26-нд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа мужааны ажил эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 7-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЮ дугаарын регистртэй, Ш овгийн Д-ийн Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 19 дүгээр байрны гадна байрлах автомашины зогсоол дээрээс 2020 оны 03 дугаар сарын 05-ны орой Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Мон Магнит” ХХК-ийн өмчлөлийн 24-78 УБТ улсын дугаартай Хьюндай портер-2 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034002410237 дугаартай хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Г.М /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Д.Б /хх-ийн 25-27, 28-29 дүгээр хуудас/, гэрч С.Л /хх-ийн 30-32 дугаар хуудас/, гэрч Э.О /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Б.Э /хх-ийн 35-36 дугаар хуудас/, яллагдагч Д.Б /хх-ийн 56-57 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09/94 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 39-51 дүгээр хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний Монмагнит ХХК-ийн иргэний нэхэмжлэгчээр Г.М-ыг оролцуулах хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 12, 16 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М-ын гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 63 шүүгдэгч Д.Б-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 14-15, 59, 65-66, 68 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны орой Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 19 дүгээр байрны гадна байрлах автомашины зогсоол дээрээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Мон Магнит” ХХК-ийн өмчлөлийн 24-78 УБТ улсын дугаартай Хьюндай портер-2 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М-ын ...Би Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Мон Магнит” ХХК-д түгээлтийн менежер хийдэг... ...манай компанийн ажилтан Л, Э, О нар манай компанийн эзэмшлийн 24-78 УБТ улсын дугаартай цэнхэр өнгийн “Хьюундай портер” маркийн автомашинтай явсан юм. Тэгээд тэр гурав Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 19 дүгээр байрны гадна очиж тавилгаа тухайн айлдаа зөөж оруулаад угсрах гэж байхдаа автомашинаа онгорхой асаалттай орхисон байсан. Тэгээд тэр 3 тавилгаа угсарч дуусаад гараад иртэл автомашин нь алга болсон байсан. Тэгээд над руу мэдэгдэж цагдаагийн байгууллагад хандсан... ...тухайн автомашиныг Д.Б гэх хүн унаж яваад Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг засмал зам дагуу үлдээгээд явсан байсан. Тухайн автомашинд байсан түлш нь хэвээрэй, мөн тухайн автомашинаас алдагдсан эд зүйл байгаагүй. Манай компанийн зүгээс Д.Б-аас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
гэрч Г.М-ын ...манай компанийн гурван ажилтан тухайн айлд орж тавилга угсрахдаа машинаа асаалттай онгорхой орхиод орсон учир нь манай автомашин нь аккумулятор муутай унтрахаараа эргэж асдаггүй юм. Манай компанийн захирал Н нь Оросын холбооны улсын “Улан-Үд” хотод ажлаар явж байгаа учир би компаниа хариуцаж ажиллаж байгаа юм. Тийм учраас би иргэний нэхэмжлэгчээр оролцож болно... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
яллагдагч Д.Б ...миний танил С над руу залгаад оройхон Төв аймаг Зуунмод сум 5 дугаар багийн 5 давхраас хөдөө явна гэж ярьж байсан. Тэгээд дби 5 давхрын 19 дүгээр байрны тийшээ явтал байрны үүдэн дээр асаалттай портер маркийн тээврийн хэрэгсэл байж байсан. Би тэр машиныг С-ийн тээврийн хэрэгсэл юм байна гэж бодож асаагаад Э руу хөдлөөд нэг айлын гадаа засмалын хажууд зогсоод унтраачхаад явчихсан байсан. Би архи уусан байсан болохоор сайн санахгүй байна... /хх-ийн 56-57 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09/94 дугаартай ...“Монмагнит” ХХК-ийн өмчлөлийн 24-78 УБТ улсын дугаартай “Porter-2” маркийн тээврийн хэрэгслийг 8326700 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 39-51 дүгээр хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний Монмагнит ХХК-ийн иргэний нэхэмжлэгчээр Г.М-ыг оролцуулах хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 12, 16 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М-ын гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 63 шүүгдэгч Д.Б-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 14-15, 59, 65-66, 68 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн 2034002410237 дугаартай хэргийн шүүгдэгч Д.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б-ын 2020 оны 03 дугаар сарын 05-ны орой Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 19 дүгээр байрны гадна байрлах автомашины зогсоол дээрээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Мон Магнит” ХХК-ийн өмчлөлийн “Хьюндай портер-2” маркийн 24-78 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигчийн эсхүл өмчлөгч буюу эзэмшигчийн өөрийнх нь томилсон ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр, завших зорилгогүйгээр, авч явах нь хууль бус гэдгийг мэдсээр байж өөрөө хүсэж тээврийн хэрэгслийг авч явснаар тухайн гэмт хэрэг нь төгссөн гэмт хэрэг буюу гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Д.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Б-ын санаатай гэм буруутай үйлдлийн улмаас ...“Монмагнит” ХХК-ийн өмчлөлийн 24-78 УБТ улсын дугаартай “Porter-2” маркийн тээврийн хэрэгслийг 8326700 /найман сая гурван зуун хорин зургаа мянга долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М нь шүүгдэгч Д.Б-аас завших зорилгогүйгээр авч явсан 8326700 /найман сая гурван зуун хорин зургаа мянга долоон зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслээ биет байдлаар нь буцаан хүлээж авсан бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаарх хохирогч иргэний нэхэмжлэгч Г.М-ын мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, мөн шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 63, 66 дугаар хуудас/ авагдсан бичгийн баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Б-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг тус бүрийн харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2034002410237 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1, 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Д-ийн Б-ыг бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш овгийн Д-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ш овгийн Д-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ш овгийн Д-ийн Б-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2034002410237 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш овгийн Д-ийн Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш овгийн Д-ийн Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН