Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2022/0281/З |
Дугаар | 221/МА2022/0504 |
Огноо | 2022-07-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2022/0504
“Г” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч Ж.Гэрэлмаа, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Н
Гомдол гаргагч “Г” ХХК
Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.В
Гомдлын шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.Вийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0035430 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 402 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0281/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Г” ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.В-эд холбогдуулан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.В-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0035430 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 402 дугаар шийдвэрээр:
2.1. “Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дэх заалт, Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Г” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгч Ж.Гэрэлмаа дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “.... Манай компани Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал, үйлдвэрчний гудамж, 32 дугаар байрны 1 давхрын 1,2 тоот мөн В1 давхрын 1-7 тоотод байрлах 7 ширхэг автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг “С” ХХК-иас зээлээр худалдан авч, уг объектдоо оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг.
3.2. “С” ХХК нь уг 32 дугаар байрыг барьж ашиглалтад оруулсан ба тус 7 зогсоолын зориулалттай В1 давхрын үл хөдлөх эд хөрөнгүүдийг авах оршин суугчийг 5 жил хүлээсний эцэст бидэнд худалдсан. Анхнаасаа худалдахдаа оёдлын үйлдвэр эрхэлж болноо гээд гэрээгээ байгуулсан.
3.3. Тиймээс манай өмгөөлөгч тус компанийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй. Гэтэл шүүхийн энэхүү шийдвэрээс шалтгаалан бидний хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээ цуцлагдах хүртэл асуудал хөндөгдөх буюу “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхөөр байхад түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.
3.4. Мөн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан болохоос өмнө “С” ХХК нь өөрөө бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтээ гаргасан боловч түүний хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг хуралдуулж шийдвэрээ гаргасан нь ч мөн адил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна. Учир нь энэхүү 32 дугаар байрыг барьж ашиглалтад оруулсан тус компани энэхүү 7 зогсоолыг яагаад бидэнд оёдлын үйл ажиллагаа явуулах зорилгоор худалдсан талаар, мөн барилгын хийц бүтээц зориулалтад өөрчлөлт орсон эсэх талаар мэргэжлийн тайлбар дүгнэлт, өөрсдийн байр суурийг илэрхийлэх ёстой байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй оролцох оролцоог нь хангаагүй хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулах үүрэгтэй боловч энэхүү үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэж байна.
3.6. Учир нь шүүхээс бодит байдал дээр маргаан бухий объектод үзлэг хийгээгүй, мөн гомдол гаргасан гэх иргэдээс тайлбарыг аваагүй, тэд үнэхээр энэхүү үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас шалтгаалж ямар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөд байгааг тодруулаагүй.
3.7. Эдгээр нотлох үүргээ буюу хэргийн нөхцөл байдлыг тодруулах, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хэрэгжүүлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй оролцвол зохих гуравдагч этгээд болох “С” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулаагүй зөрчлийг арилгуулах шаардлагатай гэж үзэж байна.
3.8. Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 402 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.В нь “Г” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д "өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, эсхүл тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн" гэж заасныг зөрчил үйлдсэн нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүхээс үзжээ.
4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: "Тус компани нь оёдлын үйлдвэрлэл эрхлэхдээ “С” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал, үйлдвэрчний гудамж, 32 дугаар байрны В1 давхрын 1-7 тоотод байрлах 7 ширхэг автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг зээлээр худалдан авсан" гэж тодорхойлсон. Тодруулбал гомдол гаргагч “Г” ХХК нь үйл ажиллагагаа дээр дурьдсан орон сууцны зориулалт бүхий ханын материалын 32 дугаар байрны 1 давхар, зоорийн давхарт үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ нь гомдол гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдоно. Тодруулбал 32 дугаар байрны 1 давхрын 1,2 тоот үл хөдлөх, зоорийн давхрын 1-7 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлээр худалдан авч оёдлын үйл ажиллагаагаа эрхэлж байна.
4.3. Тус зоорийн 1-7 тоот зогсоолын зориулалтыг өөрчлөн оёдлын үйлдвэрлэлийнхээ агуулах, шаардлагатай тохиолдолд оёдлын үйлдвэрлэл эрхлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн” зөрчил гаргасан гэж үзсэн үндэслэлгүй юм. Учир нь дээр дурьдсан 32 дугаар байр нь өөрөө орон сууцны зориулалт бүхий буюу нийт 32 айлын орон сууцны зориулалт бүхий барилга юм.
4.4. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг" хэлнэ гэж зааснаас харахад 32 дугаар байр нь орон сууцны байшин гэсэн ангилалд хамаарна.
4.5. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь зориулалтыг өөрчлөх зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагаас авахаар зохицуулсан байсныг хүчингүй болгосон.
4.6. Харин тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт "Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон сууцандаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж болно” гэж зааснаас харахад нийтийн зориулалттай сууцны үйлчилгээний хэсэг болон орон сууц, түүнд харъяалагдах автозогсоолдоо Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаас бусад төрлийн буюу “Г”ХХК-ийн явуулж буй оёдлын үйл ажиллагаа хуулийн дагуу гэж үзэж байна.
4.7. Мөн Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасны дагуу “Г” ХХК нь тус 32 дугаар байрны техникийн өрөөний зориулалтыг огт өөрчлөөгүй.
4.8. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дахь хэсэгт "Мөн хариуцагч маргаж буй шийтгэлийн хуудсыг гаргахдаа гомдол гаргагчийг “Техникийн зориулалттай өрөөг өөрчилсөн” гэж буруутгаагүй гэж дүгнэснээс харахад гомдол гаргагч нь тус 32 дугаар байрны техникийн зориулалттай өрөөг өөрчлөөгүй болох нь тогтоогдож байна.
4.9. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-д "Дээрх нөхцөлд гомдол гаргагч “Г” ХХК нь барилга байгууламжийн зориулалтыг зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн нь хуульд нийцэхгүй байх тул хариуцагчийн гаргасан маргаж буй шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ" гэжээ. Үүнээс харахад анхан шатны шүүхээс “Г” ХХК нь барилга байгууламжийн зориулалтыг зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн нь хуульд нийцэхгүй гэж үзсэн. Харин “Г” ХХК нь ямар мэргэжлийн байгууллагаас ямар зөвшөөрөл авах ёстой талаар дурьдаагүй. Өмнө дурьдсан орон сууцны тухай хуулийн зохицуулалтаас харахад орон сууцны барилгад үйлдвэрлэл эрхлэх зорилгоор зөвшөөрөл авах зохицуулалтгүй хүчингүй болсон тул тийнхүү зөвшөөрөл авах байгууллага байхгүй болно. Энэ талаар хариуцагч ч зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ тогтоогоогүйгээс харагдаж байна.
4.10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д "Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарах субъект мөн тул мөн хэсэгт зохицуулсан хориглолт тухайн компанид үйлчлэх нь зүй ёсны гэж үзнэ" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.11. Тодруулбал субъектийн хувьд хамаарч болох ч Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг хэлнэ гэж хуульчилснаас харахад зөрчилд дурьдагдаж буй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал, үйлдвэрчний гудамж, 32 дугаар байр нь орон сууцны барилгад хамаарах тул Орон сууцны тухай хуулийн нарийвчилсан зохицуулалт үйлчилнэ гэж үзэж байна.
4.12. Гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалт буюу орон сууцны барилгатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Орон сууцны тухай хуулиар хориглоогүй, зориулалтыг өөрчилж эрхлэхийг зөвшөөрсөн үйл ажиллагаа буюу оёдлын үйл ажиллагаа эрхэлж байх ерөнхий зохицуулалт агуулсан Барилгын тухай хуулийг баримтлан шийдвэрлснийг эс зөвшөөрч байна. Эрх зүйт төрт улсад иргэн хүнд хуулиар хориглоогүй бүхэн зөвшөөрөгдөж, төрд хуулиар хориглосноос бусад нь зөвшөөрөгдөх суурь зарчмыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй.
4.13. “Г” ХХК нь оёдлын үйл ажиллагаа эрхэлж, ажлын байрыг бий болгож улсдаа татвар төлж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч юм. Тус компани төрөөс ямар нэгэн зээл тусламж авалгүйгээр бие даан цар тахлын хүнд үед ажилчдын цалингаа таслалгүй шударга хөдөлмөр эрхэлж буй аж ахуй нэгж билээ.
4.14. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч мэргэжлийн хяналтын хяналт шалгалтыг цар тахлын үед зогсоох, аж ахуйн нэгжүүдийг дэмжихээ илэрхийлээд байхад бусдад саад бололгүй ажиллаж буй манай компанийн үйл ажиллагааг ийнхүү зогсоох хүртэл арга хэмжээ авч байгаа хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.Вийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 402 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн төлөөлөгч Ж.Гэрэлмаа, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
3. Шүүх давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлээ. Үүнд:
3.1. Гомдол гаргагч “Г” ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.Вэд холбогдуулан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.Вийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0035430 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
3.2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.В нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 32 дугаар байрны В1 давхрын 1-7 тоотод байрлах 7 ширхэг автозогсоолын зориулалтыг өөрчлөн үйлдвэрийн зориулалттай болгож засварласан байх тул Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтад “өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, эсхүл тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн ... бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар шийтгэл оногдуулжээ.
3.3. Хариуцагчаас Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д “Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж зохицуулсан бөгөөд гомдол гаргагчийг барилгын бүтэц, зориулалтыг өөрчлөхөд зохих байгууллагад хандаж, зөвшөөрөл аваагүй хэмээн шийтгэлийн хуудсын үндэслэлээ тайлбарлаж байна.
3.4. Гэтэл Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцны зориулалтыг өөрчлөх, уг сууцыг орон сууцны сангаас хасах, түүнчлэн сууцны төлөвлөлт, үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг өөрчлөхөд тавих шаардлага, зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасныг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж зааснаас үзвэл хуульд орон сууцны техникийн өрөөнөөс бусад өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоогүй байна.
3.5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Г” ХХК нь маргаан бүхий 32 дугаар барилгын В1 давхрын 7 автомашины зогсоолыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшиж, оёдлын цех болгон ашиглаж, үйл ажиллагаа явуулж байх ба энэ нь тухайн барилгын үндсэн хийц, бүтээц, байгууламжийг өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
3.6. Мөн “Г” ХХК уг байрны 1 давхарын 2 орон сууцанд болон зоорийн давхарт оёдлын үйлдвэрлэл эрхэлсэн нь оршин суугчдын эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн болон барилгын аюулгүй байдалд нөлөөлөх өөрчлөлт хийгээгүй байх тул Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон сууцандаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр энэ хуулийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болно.” гэж зааснаар хуульд хориглоогүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй.
3.7. Иймд гомдол гаргагч “Г” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 32 дугаар байрны В1 давхрын 1-7 тоотод байрлах 7 ширхэг автозогсоолд оёдлын үйлдвэрлэл эрхэлсэн нь Орон сууцны тухай хуулийг зөрчөөгүй, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахуйц өөрчлөлт хийгээгүй байх тул Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтад хамаарахгүй байна.
3.8. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдолд дурьдсанаар эрх бүхий этгээд зөрчлийн хэргийг “С” ХХК-д холбогдуулан нээсэн бөгөөд гомдол гаргагч “Г” ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг нээгээгүй атлаа шийтгэл оногдуулж, улмаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавар өгч гомдол гаргагчид хуульд заасан холбогдогчийн эрх, үүргийг эдлүүлээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.
3.9. Мөн зөрчлийн хэргийн холбогдогч “С” ХХК-ийг шалгаж байх явцад “Шинэ санаа сууц” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Наранхандын мэдүүлэгт “байрны доод автозогсоолд оёдлын цех ажиллуулдаг, бид авто зогсоол авах хүсэлтэй” гэсний дагуу гомдол гаргагчийг шалгаж, зөрчилд хариуцлага оногдуулсан боловч хууль, журмын дагуу явуулаагүй, харин гомдол гаргагч “Г” ХХК-д шийтгэл ногдуулж, албан шаардлага хүргүүлснээр бусад иргэдийн авто зогсоол эзэмших, өмчлөх эрх шууд сэргэхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3.10. “Г” ХХК нь оёдлын цехийн үйл ажиллагаа эрхэлж, ажлын байрыг бий болгон татвар төлөгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн хувьд мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хууль, журамд заагаагүй үндэслэлээр шийтгэл ногдуулж, үйл ажиллагааг зогсоох, ажлын байрыг үгүй болгох нь зохимжгүй бөгөөд харин зоорийн давхарт байрлах техникийн өрөө болон бусад нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, талбайг хашиж, засвар үйлчилгээ хийх боломж бололцоог хаах, хууль бус үйлдлийг гаргасан тохиолдолд хариуцлага тооцох нь зүйн хэрэг.
3.11. Харин гомдол гаргагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “С” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй хэмээн тайлбарлаж байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар маргааны бүхий шийтгэлийн хуудсын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулах бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 32 дугаар байрны В1 давхрын 1-7 тоотод байрлах 7 ширхэг автозогсоол худалдсан этгээд нь 0035430 дугаартай шийтгэлийн хуудсын улмаас шууд хөндөгдөх эрх ашиггүй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 402 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх заалт, Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.4, Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Г” ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.Вэд холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.Вийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0035430 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОюУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА