Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 969

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Батцэрмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00533 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Батцэрмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Хишигбуянд холбогдох

 

Хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 2 450 000 төгрөг, эм тарианы зардал 364 694 төгрөг, унаа тээврийн зардал 651 600 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3 150 000 төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан 6 сарын хугацааны олох байсан орлого  1 152 000 төгрөг нийт 7 768 294 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Батцэрмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Өнөрзаяа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баднайсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Технологийн дээд сургуулийн Max махан бүтээгдэхүүний ангийн 3 дугаар дамжаанд суралцдаг. Зуныхаа амралтаар хичээлийн бэлтгэлээ хангах, мөн өөрийн мэргэжлийн чиглэлээр дадлагажих зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 10-нд “Хүчит шонхор" захын мax машинддаг цехэд ажилд орсон. Ажил олгогч талтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба нийгмийн даатгал төлдөггүй байсан. Цалинг амаар харилцан тохиролцож 400 000 төгрөгөөр цалинжиж байсан. Ажилд орсон өдөр тус цехийн захирал Б.Хишигбуян надад Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж гарын үсэг зуруулсан. Түүний дараа 7 дугаар сард дахин нэг удаа, 8 дугаар сард намайг гэмтэхээс 5-6 хоногийн өмнө 3 дахь удаагаа танилцуулж гарын үсэг зуруулсан. 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би ажлын байран дээрээ 20 кг мах машиндаж байгаад машины ар талаар мах унахаар нь машиныг унтраачихаад авах гэж байтал гэнэт махны машин ажиллаж, моторын реминд гар хавчуулагдан осолд орж, баруун гараа гэмтээсэн. Гарын долоовор хуруу 1 дүгээр үеэр тасарч, дунд хуруу, ядам хуруу гэмтэж, гарын ар ярагдаж судаснууд тасарч гэмтсэн. Миний бие гэмтлийн эмнэлэгт 16 хоног хэвтэн эмчлүүлж гуяны арьснаасаа авахуулж гэмтсэн гарынхаа арьсыг нөхүүлсэн. Уг ослын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон. Шинжээч эмчийн дүгнэлтээр  хүндэвтэр гэмтэл,  хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтмол 10 хувиар нөлөөлнө гэсэн дүгнэлт гарсан. Уг ослыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ажил олгогч Б.Хишигбуян нь байнгын ажлын байранд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, махны машиныг ажиллуулах гэрчилгээ зөвшөөрлийг аваагүй, бүрэн бус машинаар ажил гүйцэтгүүлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болсон.

Шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учирсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувь тогтмол нөлөөлөх нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар Б.Хишигбуянгаас 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 2 450 000 төгрөг, эм тарианы зардалд 364 694 төгрөг, тээврийн зардал 651 600 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3 150 000 төгрөг,  гэмтлийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа учраас 6 сарын хугацаанд ажил хийсэн бол олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 1 152 000 төгрөг, нийт  7 768 294  төгрөгийг Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйл, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагууд нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд хариуцагчийг ямар гэм буруутай гэж үзээд хохирол шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд нэр бичигдээгүй, хэнтэй гэрээ байгуулсан нь тодорхой биш байна. Нэхэмжлэгч зуны амралтаараа ажиллаж байхдаа осолд орсон байгаа. Талууд хөдөлмөрийн харилцаанд ороогүй, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсгэсэн байсан. Эм, эмчилгээний материал авсан талаарх баримтууд  ямар ч тамга тэмдэггүй байна. Мөн эмчийн үзлэг дээр 80 000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн нь үнэн болно гэсэн боловч үүнийг эмч биш арга зүйч хүн гаргасан байгаа. Мөн эмчилгээ хийлгэсэн үйл баримтыг дурдсан зүйл байхгүй байна. Жолоочтой гэрээ байгуулаад хүргүүлж, 651 600 төгрөгийн зардал гарсан гэж байгаа боловч жолоочийн үнэмлэх, гэрчилгээ нь байхгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй. Эрүүгийн хэрэгт өмгөөлөгч нь 2 000 000 төгрөгийн хөлс авсан гээд эрүүгийн хавтаст хэргээс хуулбар үнэн тэмдэг даруулсан байна. Үүнд зөвхөн өмгөөлөгчийн дардас л дарсан байгаа юм. Үүнийг нөхөөд хийсэн байж болзошгүй мэт харагдаж байна. Ажил хийсэн бол олох ёстой байсан орлого гэж 1 152 000 төгрөг нэхэмжилснийг Б.Хишигбуян төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

    Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.4, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Батцэрмаагийн хариуцагч Б.Хишигбуянгаас нөхөн төлбөр, хохирол нийт 7 768 294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Батцэрмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Батцэрмаагаас 98 988 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Өнөрзаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ хэт нэг талыг барьж, болсон үйл баримтад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Б.Хишигбуянгийн хууль бус санаатай буюу болгоомжгүй шууд үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч Б.Батцэрмаагийн биед гэмтэл учраагүй байна гэж эрүүгийн хэргийг шалгасан мөрдөн байцаагч, прокурорын байр суурьнаас иргэний хэргийг дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг тус тус зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх "...хариуцагч Б.Хишигбуянгийн хууль бус санаатай буюу болгоомжгүй шууд үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч Б.Батцэрмаагийн биед гэмтэл учраагүй тул гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хамааралгүй, ...хариуцагч Б.Хишигбуянгийн үйлдэл, эс үйлдэхүй нэхэмжлэгч Б.Батцэрмаагийн гэмтлийн хооронд шалтгаант холбоо байхгүй байна,  ... хэрэгт авагдсан баримтаар тухайн махны машин гэмтэлтэй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" зэрэг дүгнэлтүүдийг ямар нотлох баримтыг үндэслэж гаргасан нь ойлгомжгүй байхын зэрэгцээ шүүх хэргийн газарт очиж үзлэг шинжилгээ хийгээд тогтоочихсон мэт үндэслэлгүй дүгнэжээ. Хариуцагч гэм буруугүйгээ нотолсон баримт гаргаагүй байхад шүүх санаачлагаараа ийнхүү хариуцагчийн хууль бус үйлдлийг хаацайлж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх "нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй" гэж үзсэн атлаа "нэхэмжлэгч Б.Батцэрмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийн дагуу нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно" гэж огт үндэслэлгүй, нэхэмжлэгчийг гүтгэсэн шинжтэй зүйл шийдвэртээ тусгасан байна. Үйлдвэрлэлийн ослын акт болон прокурорын тогтоолоос өөр ямар хангалттай нотлох баримт шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Мөн тус шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч Б.Батцэрмаа нь Б.Хишигбуянг ажил олгогчийн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр хохирол, нөхөн төлбөр шаардсан тул Иргэний хуулийн системчилсэн хэрэглээний дагуу үүрэг, гэрээний эрх зүйн үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлыг арилгуулах хүрээнд хууль зүйн дүгнэлтийг хийх үндэслэлтэй байна" гэснийг анхааралдаа авч бодитой дүгнэлт хийнэ гэдэгт найдаж байна. Нэхэмжлэгч тал Б.Хишигбуянг ажил олгогчийн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр хохирол шаардсан гэж шууд дүгнэх нь өрөөсгөл юм. Яагаад гэвэл хохирол нэхэмжлэх гол үндэслэл нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын акт, мөн хариуцагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьект мөн болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн хөөн хэлцэх хугацаа дууссан болохыг тогтоосон прокурорын тогтоол юм. Дээрх баримтууд байгаагүй бол нэхэмжлэгч талыг шаардах эрхгүй гэж үзэж болох байсан. Иргэний хуулийн системчилсэн хэрэглээний дагуу гэрээний эрх зүйн зөрчил гэж үзнэ гэснийг хэрхэн ойлгох, хэр зэрэг хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болохыг анхаарч үзнэ үү. Ийнхүү шүүхийн шийдвэр нь "хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

  Нэхэмжлэгч Б.Батцэрмаа нь хариуцагч Б.Хишигбуянд холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 2 450 000 төгрөг, эм тарианы зардал 364 694 төгрөг, унаа тээврийн зардал 651 600 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3 150 000 төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан 6 сарын хугацааны олох байсан орлого  1 152 000 төгрөг нийт   7 768 294 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… ажлын байранд ажлаа хийж байх үед үйлдвэрлэлийн осолд орсон, хөдөлмөрийн чадвараа алдсан” гэж тайлбарласан. Хариуцагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчид 1 500 000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэгт маргасан.

 

Нэхэмжлэгч Б.Батцэрмаа нь 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Хүчит шонхор” худалдааны  төвд  байрлах Б.Хишигбуянгийн эзэмшлийн мах машиндах цехэд ажиллаж байхдаа  махны машинд гараа гэмтээж биед нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь  Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоол, хариу мэдэгдэх хуудас, Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон  2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 6-9, 14-15 дугаар тал/

 

Уг ослын улмаас Б.Батцэрмаагийн баруун гарын долоовор хурууны 1 дүгээр үеэр тасарсан, дунд хуруу ядам хуруу гэмтсэн үйл баримтад хариуцагч маргаагүй. Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон  2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн актаар ажил олгогч нь машин механизм тоног төхөөрөмжийг мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж, аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлага ханган зөвшөөрөл аваагүй, ажил олгогчийн уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгосон  нь тогтоогджээ. /хх-ийн 8-13 дугаар тал/

 

Үйлдвэрлэлийн осол гарах, ажилтан хөдөлмөрийн чадвараа түр алдахаас урьдчилан сэргийлэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй эс үйлдэл гаргасан байх тул хариуцагч Б.Хишигбуянгаас эм тарианы зардал 364 694 төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан 6 сарын хугацааны олох байсан орлого 1 152 000 төгрөг буюу нийт       1 516 694 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Батцэрмаад олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан 6 сарын хугацааны олох байсан орлогыг тодорхойлох нотлох баримтыг шүүхэд цуглуулж өгөөгүй боловч Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн 07 тоот тогтоолоор сард 192 000 төгрөг буюу нэг цагт 1,142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоож 2013 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий баримт гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас бий болсон хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээг Эмнэлгийн магадлах комиссоор тогтоолгоогүй байх тул тэрээр хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 2 450 000 төгрөг нэхэмжлэх эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасантай нийцжээ.

 

Мөн унаа тээврийн зардалд 651 600 төгрөг нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, тухайн хэрэг нь эрүүгийн журмаар шалгагдаж байхад жолооч Ц.Дашдаваагаас гаргасан тодорхойлолтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхэд учир дутагдалтай байна. /хх-ийн 30-31 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч өөрийн эдлэх эрхийг хэрхэн хэрэгжүүлэх нь түүний хүсэл зоригийн асуудал бөгөөд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, түүнд ажлын хөлс 3 150 000 төгрөг төлсөн гэх  үндэслэлээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн зардал нь нэхэмжлэгчээс зайлшгүй гарах  хохирол төлбөрт хамаарахгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2  дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00533 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 227 дугаар зүйлийн 227.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т тус тус зааснаар хариуцагч Б.Хишигбуянгаас 1 516 694 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батцэрмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  6 251 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 …” гэснийг,  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2” гэж,  “… оруулсугай.” гэснийг, “оруулж, хариуцагч Б.Хишигбуянгаас улсын тэмдэгтийн хураамжид 39 217 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батцэрмаад олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 900 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                               

                                                          ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ                                                                                                            

                                                                                                          Г.ДАВААДОРЖ