Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2017/00071

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын Ё багийн Бага сургуульд холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Шинжилгээний үнэ 142600 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, хяналтын Улсын ахлах байцаагч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б сумын Ё багийн бага сургууль нь тухайн байгууллагын хүүхдүүдэд түгээж буй 11 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тус байгууллагын Нэгдсэн лабораторид өөрийн хүсэлтээр шинжлүүлэхээр нярав нь авчирсныг Хүүхдийн эрүүл ахуйн хяналтын Улсын байцаагч К.К ы 04\03\023\273 тоот лабораторид дээж хүлээн авах тэмдэглэлийн дагуу хүлээн авч шинжилгээ хийгдсэн болно. Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай тушаалын 5.3.2-т Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтээр шинжилгээнд хамруулсан тохиолдолд шалгуулагч этгээд шинжилгээний төлбөрийг гаргана гэсэн заалтын дагуу тухайн шинжилгээний үнэ болох нийт 142600 төгрөгийг сайн дураар барагдуулах ёстой байсан боловч янз бүрийн шалтгаан тоочиж өдий хүртэл барагдуулж өгөөгүй байна.

Иймд Б сумын Ё багийн Бага сургуулиас шинжилгээний төлбөр болох нийт 142600 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, хяналтын Улсын ахлах байцаагч Б.М шүүхэд гаргасан хүсэлтэд: Тус газраас шүүхэд Б сумын Ё багийн Бага сургуулиас лабораторид өгсөн дээжийн төлбөр 142600 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан билээ.

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлд дурдсан төлбөрийг барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Б сумын Ё багийн Бага сургуульд холбогдох шинжилгээний үнэ 142600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ё багийн Бага сургууль нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжилсэн 142600 төгрөгийг төлж өгсөн бөгөөд энэ тухай тайлбарыг нэхэмжлэгч байгууллагаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ё багийн Бага сургууль нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ё багийн Бага сургууль нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжилсэн 142600 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК