Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

 

 

  2020              05              18                                                  2020/ШЦТ/176                                          

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч С.М,

хохирогч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С-ийн М-д холбогдох эрүүгийн 2034000000269 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1979 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, яргайтын 41 дүгээр гудамж, 757 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 44-36 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЮ дугаарын регистртэй, Б овгийн С-ийн М

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч С.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн 12-15 тоотод оршин суух иргэн С-ийн гэрт өөрийн эхнэр Т.Э-ийг толгойн тус газар нь модон сандлаар цохиж, улмаар түүний биед толгойд шарх, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Э:

...Шүүхийн хэлэлцүүлэгт гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000000269 дугаартай хэрэгт хохирогч Т.Э /хх-ийн 8-9, 10 дугаар хуудас/, гэрч С.М /хх-ийн 11-12 дугаар хуудас/, яллагдагч С.М /хх-ийн 24-26 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 245 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-3 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29-30 дугаар хуудас/, аюулын зургийн үнэлгээний маягт /хх-ийн 42-43 дугаар хуудас/, хохирогч Т.Э-ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/, шүүгдэгч С.М-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 31-41, 49 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

   

Шүүгдэгч С.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн 12-15 тоотод оршин суух иргэн С-ийн гэрт өөрийн эхнэр Т.Э-ийг толгойн тус газар нь модон сандлаар цохиж, улмаар түүний биед толгойд шарх, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Т.Э-ийн ...манай нөхөр намайг хардаад модон сандлаар миний толгой руу цохиж зодож гэмтэл учруулсан юм... ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Нөхөр М-тай сайн дураараа эвлэрч байна... /хх-ийн 10 дугаар хуудас/,

гэрч С.М-ын ...унтаж байсан чинь эхнэр намайг датаж чангаагаад уурлаад байсан. Тэгээд би босоод намайг унтуулахгүй гээд уур хүрээд толгой тус газарт нь сандлаар цохиж гэмтэл учруулсан... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

яллагдагч С.М-ын ...эхнэр Т.Э-ийг сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 24-26 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд

шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 245 дугаартай ...Т.Э-ийн биед толгойд шарх, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-3 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29-30 дугаар хуудас/, аюулын зургийн үнэлгээний маягт /хх-ийн 42-43 дугаар хуудас/, хохирогч Т.Э-ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/, шүүгдэгч С.М-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 31-41, 49 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

   

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

    

Прокуророос шүүгдэгч С.М-д холбогдох эрүүгийн 2034000000269  дугаартай хэргийн шүүгдэгч С.М гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч С.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Т.Э-ийн толгойн тус газар нь модон сандлаар цохиж, улмаар түүний биед толгойд шарх, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг, 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгсэд, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”,

мөн хуулийн 3.1.2-т зааснаар “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” гэж тус тус ойлгохоор хуульчлагдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүрэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн... гэснийг хангаж байна гэж,

 

мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Т.Э-ийг зодсон үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж уг үйлдлээ хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Мөн шүүгдэгч С.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.М-ын санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Э-ийн биед толгойд шарх, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

Түүнчлэн хохирогч Т.Э, шүүгдэгч С.М-аас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 8-9, 10, 44 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлгүүд, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.М-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч С.М-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл айдлыг гэмт хэргийн шинж облгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсний дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.    

 

Шүүхээс шүүгдэгч С.М-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,  

 

шүүхээс шүүгдэгч С.М-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

   

Эрүүгийн 2034000000269 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор өнгийн модон сандал устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

   хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

       36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн С-ийн М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Б овгийн С-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн С-ийн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

     

4. Шүүгдэгч Б овгийн С-ийн М-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

                                                                                                                                                

5. Эрүүгийн 2034000000269 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.    

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор өнгийн модон сандал устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн С-ийн М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн С-ийн М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ГАНДАНСҮРЭН