Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/00436

 

 

 

 

 

   2017 оны 02 сарын 01 өдөр

      Дугаар 101/ШШ2017/00436

    Улаанбаатар хот

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Ж нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: МУХСИС холбогдох

 

2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан /долоон сар/ хугацааны үндсэн цалин буюу төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний 12 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатлал болох 650,817 төгрөг, ахмад цолны нэмэгдэл буюу үндсэн цалингийн 30 хувь болох 195,245 төгрөг, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл буюу үндсэн цалингийн 8 хувь болох 52,026 төгрөг, албан ажлын онцгой нэмэгдэл буюу үндсэн цалингийн 10 хувь болох 65,081 төгрөг, нийт 7 сарын /сарын үндсэн цалин 963,169 төгрөг/ буюу нийт 6,742,183 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Жамъяндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Д.Жамъяндагва шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 169 дүгээр шийдвэрээр “Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, Д.Жамъяндагвыг урьд эрхэлж байсан “Эрдэм шинжилгээний ажилтан” албан тушаалд эгүүлэн томилж, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны үндсэн болон бусад нэмэгдэл цалин болох 15,240,960 төгрөг /арван таван сая хоёр зуун дөчин мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0305 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, /...ажилгүй байсан 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны урьд эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 11,401,264 төгрөгийн/ гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0305 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч Хууль сахиулахын их сургуулийн захирал биелүүлэхгүй байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хамт хүргүүлж, тус албанаас албан бичгийг төлбөр төлөгч талд удаа дараа хүргүүлснээр Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/428 дугаартай тушаалаар 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Хууль сахиулахуйн инновацийн төвд эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажилтнаар томилогдсон. Миний бие хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин болох 11,401,264 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх цалинг гаргаж өгөх тухай өргөдлийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн захирал, тэргүүн комиссор С.Баатаржавт хандан гаргасан боловч хуулийн хугацаанд /30 хоногт/ тодорхой хариу өгөөгүй. Иймээс харъяа дээд шатны байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод хандаж мөн л ажилгүй байсан хугацааны цалин болон 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх цалингийн хамт сайдын төсвөөс гаргаж өгөх тухай өргөдөл гаргасан боловч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1-4/800 дугаартай албан бичгийг Хууль сахиулахын их сургуулийн бичиг хэргийн ажилтнаас хүлээн авсан ба Хууль сахиулахын их сургуулиас Хууль зүй, дотоод хэргийн яамны өөрийн нарийн бичгийн даргын хугацаатай албан бичгийн хариуд ямар утгатай хариу хүргүүлснийг надад ямар ч албан тушаалтан амаар болон бичгээр мэдэгдээгүй. Дээрх гаргасан шийдвэрийг миний бие эс зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төрийн албаны зөвлөлд цалингийн тухай гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1200 дугаартай өргөдлийн хариуг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Ахмад Д.Жамъяндагва миний бие дээрх албан тушаалтнуудын хууль бус шийдвэрүүдийг эс зөвшөөрч, өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуупж, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан /долоон сар/ хугацааны үндсэн цалин буюу төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний 12 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатлал болох 650,817 төгрөг /зургаан зуун тавин мянга найман зуун арван долоо/ төгрөг, ахмад цолны нэмэгдэл буюу үндсэн цалингийн 30 хувь болох 195,245 төгрөг /нэг зуун ерэн таван мянга хоёр зуун дөчин тав/, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл буюу үндсэн цалингийн 8 хувь болох 52,026 төгрөг /тавин хоёр мянга хорин зургаа/, албан ажлын онцгой нэмэгдэл буюу үндсэн цалингийн 10 хувь болох 65.081 төгрөг /жаран таван мянга наян нэг/, нийт долоон сарын /сарын үндсэн цалин 963,169/ хугацааны цалин буюу 6,742,183 төгрөг /зургаан сая долоон зуун дөчин хоёр мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Хууль сахиулахын их сургууль, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Жамъяндагва нь Их сургуульд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ба уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 169 дүгээр шийдвэрээр өмнө эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг эргүүлэн олгохоор шийдвэрлэсэн. Хууль сахиулахын их сургуулиас уг шийдвэрийг зөвшөөрөлгүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хуулийн хугацаанд нь гомдол гаргасан ба уг гомдлыг шүүхээс хянан үзээд 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0305 дугаартай магадлалаар өмнө эрхэлж байсан ажилд эргүүлэн томилох шийдвэрийг хэвээр үлдээн харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн болно. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхэд иргэн Д.Жамъяндагва нь гомдол гаргахдаа Их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/287 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн шүүхээс анхан шатны шүүх хуралдаан болсон 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх мөнгө болох 11,401,264 /арван нэгэн сая дөрвөн зуун нэг мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Д.Жамъяндагва нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, давж заалдах шатны шүүх хуралдаан 5 дугаар сарын 18-ны өдөр, хяналтын шатны шүүх хуралдаан 7 дугаар сарын 04-ний өдөр болсон бөгөөд энэ хооронд тухайн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/428 дугаар тушаалаар Эрдэм шинжилгээний хөгжпийн хүрээлэнгийн Хууль сахиулахуйн инновацийн төвд эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажилтнаар томилсон. Хууль сахиулахын их сургууль, Д.Жамъяндагва нарын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхэд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд нэхэмжлэгчийн эрх, үүргийг зааж өгсөн бөгөөд 19.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй болохыг нь зааж өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэж байх хугацаанд нэхэмжлэгчээс энэ талаар ямар нэг хүсэлт гараагүй болно. Өнөөдөр Захиргааны хэргийн шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр, тогтоол, магадлал хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд хүлээн авахаас татгалзана гэсний дагуу иргэн Д.Жамъяндагвын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.                  

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Д.Жамъяндагва нь хариуцагч Хууль сахиулахын их сургуульд холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан /долоон сар/ хугацааны үндсэн цалин буюу төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний 12 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатлал болох 650,817 төгрөг, ахмад цолны нэмэгдэл буюу үндсэн цалингийн 30 хувь болох 195,245 төгрөг, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл буюу үндсэн цалингийн 8 хувь болох 52,026 төгрөг, албан ажлын онцгой нэмэгдэл буюу үндсэн цалингийн 10 хувь болох 65,081 төгрөг, нийт 7 сарын /сарын үндсэн цалин 963,169 төгрөг/ буюу нийт 6,742,183 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Хууль сахиулахын их сургууль нь Захиргааны хэргийн шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр, тогтоол, магадлал хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан, мөн иргэний хэргийн шүүхийн харьяаллын хэрэг биш өмнө нь захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн тул захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан, захиргааны хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж байх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй байсан тул одоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 169 дүгээр шийдвэрээр “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 13 дугаар зүйлийн 13.3, 16 дугаар зүйлийн 16.1, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Жамъяндагвын “Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “Эрдэм шинжилгээний ажилтан”-ы албан тушаалд эгүүлэн томилж, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны үндсэн болон бусад нэмэлт цалин болох 15,240,960 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж” шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Хууль сахиулахын их сургуулийн давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0305 дугаартай магадлалаар дээрх 169 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жамъяндагвын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хууль сахиулахын их сургуулийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар тушаалын 1,3,4 дэх заалтыг хүчингүй болгож, Д.Жамъяндагвыг урьд эрхэлж байсан эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Жамъяндагвын ажилгүй байсан 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 11,401,264 төгрөгийн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагч Хууль сахиулахын их сургуульд даалгасугай гэсэн 2 дахь заалтыг нэмж, тогтоох хэсгийн “2” гэсэн дугаарыг “3” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч Хууль сахиулахын их сургууль шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

Улмаар Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/428 дугаартай “Д.Жамъяндагвыг ажилд томилох тухай” тушаалаар “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 0305 дугаар магадлалыг үндэслэн ахмад Д.Жамъяндагвыг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Хууль сахиулахуйн инновацийн төвд эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажилтнаар томилж, Д.Жамъяндагвын сарын үндсэн цалинг төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний 12 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатлалаар тогтоож, ахмад цолны цалинг сарын үндсэн цалингийн 30 хувиар, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг сарын үндсэн цалингийн 8 хувиар, албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг сарын үндсэн цалингийн 10 хувиар тооцох”-оор заасан байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаантай хэргийг захиргааны хэргийн шүүх харьяаллын дагуу хянан шийдвэрлэх бөгөөд энэхүү харьяаллын дагуу нэхэмжлэгч Д.Жамъяндагва нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу хэрэг маргааныг захиргааны хэргийн анхан, давж, заалдах, хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн байх бөгөөд харин нэхэмжлэгч Д.Жамъяндагва нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор …-ыг олгоно” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс ажилд томилогдсон 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилж ердийн шүүхэд хандсан явдал нь хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

Түүнчлэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор шийдвэрлэсэн нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа боловч ийнхүү захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоосон дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд хамаарч байгаа, одоо нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг нэхэмжилж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлд хамааруулан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэрэг хянагдаж байх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй байсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүх нь анхан шатны шүүхэд цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянадаг хуулийн зохицуулалттай болно.

 

Нэхэмжлэгч Д.Жамъяндагва нь “эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажилтан”-ы албан тушаалд томилогдсон бөгөөд уг албан тушаалын цалингийн сүлжээ, цолны нэмэгдэл, төрийн тусгай алба хаасаны нэмэгдэл, албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан буюу ажлаас халагдахаас өмнөх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор байна.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0305 дугаар магадлалд ажилгүй байсан хугацаа буюу 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 16 сар 5 хоногийн /ажлын/ цалинтай тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу 11,401,264 төгрөгийн олговор олгохоор шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй юм.

 

Дээрх магадлалд нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхой дурьдаагүй байх тул 16 сар 5 хоногийг дундажаар бодоход 1 сард ажлын 22 өдөр байх бөгөөд 16 сараар үржүүлэн тооцоход 352 хоног+5 хоног, нийтдээ ажлын 357 хоног гэж үзэж, дундаж цалинтай тэнцэх олговорт олгосон 11,401,264 төгрөгийг 357 хоногт хуваахад нэг өдрийн цалин нь 31,936.3 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс ажилд томилогдсон 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх цалин хөлсийг нэхэмжилсэн, энэ хугацаанд ажлын 121 хоног болж байх бөгөөд нэг өдрийн цалин хөлс болох 31,936.3 төгрөгөөр тооцоход 3,864,292.3 төгрөг болж байна.  

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй байх тул 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс ажилд томилогдсон 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,864,292.3 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Д.Жамъяндагвын ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 122,850 төгрөгийг төлсөн байх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй юм.

        

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Хууль сахиулахын их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,864,292.3 /гурван сая найман зуун жаран дөрвөн мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Жамъяндагвад олгож, Д.Жамъяндагвын ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож, бичилт хийхийг хариуцагч Хууль сахиулахын их сургуульд даалгаж, нэхэмжлэлээс 2,877,890.7 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,850 /нэг зуун хорин хоёр мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Жамъяндагвад олгож, хариуцагч Хууль сахиулахын их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 76,779 /далан зургаан мянга долоон зуун далан ес/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.  

    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ЭНХЖАРГАЛ

 

 

 

.