| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2020/0190/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 190
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн /томилолтоор/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Эод холбогдох эрүүгийн 2007000000207 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******,******* суманд төрсөн, ******* настай зэрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “...................” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт, .............................................................................. тоотод оршин суух,
Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
******* овогт Э.Э /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Э.Э нь 2020 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-ний шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хоро “Уу-Булан” гэх газарт хохирогч Ц.Бын нүүрэн тус газарт толгойгоороо 3 удаа мөргөж баруун дээд 2, баруун доод 1, зүүн доод 1 дүгээр шүдний таславч ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн өглөө ажлаасаа буугаад ажлынхаа хүмүүстэй нэг газар уулзахаар болсон. Тэгээд Ц.Б ахыг дуудаад хамт уусан. Манай ажлын хүмүүс Уу-буланд амралтанд байна гэхээр нь бид нар очихоор болсон. Налайх руу дөрвүүлээ явсан. Би замдаа унтчихсан байсан. Нэг сэрэхэд оршуулгын газрын ойролцоо Ц.Б ах намайг машинаас чирч буулгасан. Би айгаад яагаад намайг энд буулгаж байгаа юм бэ гэхэд Ц.Б ах “чи муу 5.000.000 төгрөг өгөөд ажилд орж чадахгүй, арчаагүй...” гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн. Тэгээд бид нар Улаанбаатар хот руу буцаад Ц.Б ах бид хоёр буудалд хоносон. Өглөө нь би Ц.Б ахыг гэрт нь хүргэж өгсөн” гэв.
Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай хуучин Оюутолгой, Эм Си Эс-д хамт ажилладаг байсан залуучууд дуудаад бөөнөөрөө уулзалдаж нэг газар суухаар болж Улаанбаатар хотод “Караоке” орж дуулж архи пиво ууж сууцгаасан. Тэгэхдээ миний хувьд бусдаас арай их архи хэрэглээд согтолт жаахан илүү байсан. Ингээд манай ажлын зарим хүмүүс Налайх дүүргийн Уу булан гэх газарт байна хүрээд ир гэхээр нь бид нар бөөндөө очихоор Налайх руу явцгаасан. Ингээд Улаанбаатар хотоос 23 цаг өнгөрөөд 00 цаг дөхөж байхад Налайх дүүрэг рүү хөдөлцгөөсөн. Ингээд замд явж байхад 00 цаг өнгөрөөд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болчихсон байхад явж байсан автомашин замдаа зогсчихоор нь би зүйрмэглэж явж байгаад өндийсөн, манай хамт явсан бусад залуус унтаж байх шиг байхаар нь би автомашины урд сууж явсан тул босоод шууд хойд хаалга нээгээд сэрээчээ та нар нэг газар ирчихсэн байна гээд таттал босохгүй байхаар нь гудчаад Э.Эыг татчихсан чинь автомашинаас бөгс, хөлөөрөө татагдаад буусан, тэгэхдээ жаахан чирэгдсэнийг үгүйсгэхгүй. Тэгээд Э.Э босож ирснээ шууд уурлаад та намайг яагаад оршуулгын газар автомшинаас чирч буулгаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө нэлээн согтуу мөн шөнө байсан тул оршуулгын газрын орчимд байгаагаа мэдээгүй, тэгээд би “уучлаарай” гэхэд “та яаж байгаа юм бэ” гээд нүүр лүү духаараа 2-3 удаа мөргөсөн, яг 2 байна уу 3 удаа мөргөсөн. Ямартай ч миний хамар амнаас цус гоожиж, нүд хөхөрсөн байсан. Энэ үед автомашин дотор бусад нь сэрж ирээд биднийг боль гээд салгасан юм. Ингээд би чамайг таньдаг том хүн рүүгээ ярина гээд худлаа айлгаад утсаа гаргаж иртэл та хэрэггүй ш дээ гээд намайг гуйгаад битгий ярь л даа гээд намайг утсаар яриулахгүй гээд утас булаацалдсан энэ үед гарт байсан утасны дэлгэц эвдэрчихсэн байсан. Тэрнээс Э.Э миний утсыг санаатай эвдсэн юм байхгүй. Ингээд бид хоёр айхтар маргалдсан юм байхгүй салаад эв зүйгээ олоод бид нар буцаад хот руу яваад хороололд буугаад Э.Э намайг ийм царай төрхтэй гэртээ харьж яах юм бэ гэдэг байдлаар нэг буудалд орж хоноод маргааш нь намайг Э.Э таксигаар хүргэж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/,
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...автомашин зогсоохоор нь би сэрчихсэн тэгээд шээс хүрээд машинаас буугаад бие засч байхад Э.Э хойд суудал дээр унтаад машинаас буугаагүй байсан. Ингээд Э.Эыг Ц.Б сэргээх гээд л хувцас хунар биеэс нь зулгаагаад автомашинаас татаад чирч буулгасан. Тэгтэл Э.Э сэрээд тэнд оршуулгын газар байсан тул “оршуулгын газарт намайг чирлээ” гээд Ц.Бод уурлаад маргалдаж байгаад мөргөчихсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Эын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Налайх руу явах замд унтчихсан байж байтал гэнэт хүн намайг чирээд машинаас буулгаад шороон дээр чирэхэд нь сэрэхэд Ц.Б намайг оршуулгын газрын ойролцоо машинаас чирч буулгасан байхаар нь “Та одоо яаж байгаа юм бэ, яагаад намайг оршуулгын газар руу чирээд байгаа юм бэ” гэтэл “чи муу 5 сая төгрөг өгөөд ажилд орж өгч чадахгүй арчаагүй бацаан” гээд 1-2 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү мөргөчихсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн №656 дугаар:
“1. Ц.Бын биед баруун дээд 2, баруун доод 1, зүүн доод 1-р шүдний таславч ясны хугарал, сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
“............” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 39-45 дугаар хуудас/, дансны хуулга /хх-ийн 48-58 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-ний шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хороо “Уу-Булан” гэх газарт хохирогч Ц.Бын нүүрэн тус газарт толгойгоороо 3 удаа мөргөж баруун дээд 2, баруун доод 1, зүүн доод 1 дүгээр шүдний таславч ясны хугарал, сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгэхээр нь би нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Э.Э босож ирснээ шууд уурлаад “та намайг яагаад оршуулгын газар автомшинаас чирч буулгаад байгаа юм бэ” гэж хэлсэн, тухайн үед би өөрөө нэлээн согтуу мөн шөнө байсан тул оршуулгын газрын орчимд байгаагаа мэдээгүй тэгээд би “уучлаарай” гэхэд “та яаж байгаа юм бэ” гээд нүүр лүү духаараа 2-3 удаа мөргөсөн, яг 2 байна уу 3 удаа мөргөсөн, ямартай ч миний хамар амнаас цус гоожиж, нүд хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “автомашин зогсоохоор нь би сэрчихсэн тэгээд шээс хүрээд машинаас буугаад бие засч байхад Э.Э хойд суудал дээр унтаад машинаас буугаагүй байсан. Ингээд Э.Эыг Ц.Б сэргээх гээд л хувцас хунар биеэс нь зулгаагаад автомашинаас татаад чирч буулгасан. Тэгтэл Э.Э сэрээд тэнд оршуулгын газар байсан тул “оршуулгын газарт намайг чирлээ” гээд Ц.Бод уурлаад маргалдаж байгаад мөргөчихсөн” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн шинжээчийн №656 дугаар дүгнэлт зэрэг болно.
Хохирогч Ц.Бын эрүүл мэндэд учирсан “...баруун дээд 2, баруун доод 1, зүүн доод 1 дүгээр шүдний таславч ясны хугарал, сулрал” гэмтэл нь шүүгдэгч толгойгоороо мөргөх үед үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Э.Э нь хохирогч Ц.Бын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Эыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ц.Б нь “.....................” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн эмчилгээний төлөвлөгөө гаргасан тодорхойлолтыг үндэслэн 7.620.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд энэхүү эмчилгээний төлөвлөгөө бүхий үнийн санал гаргасан тодорхойлолтыг үндэслэн эмчилгээ хийлгэхэд гарах 7.620.000 төгрөгийг энэ тогтоолоор шүүх шийдвэрлэх боломжгүй, тухайн зардлыг гаргасан тохиолдолд нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Э.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэнгээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувь хүний нөхцөл байдал /тодорхой ажил эрхэлдэг орлоготой/ зэргийг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эод 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эод оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дэхь хэсэгт зааснаар хохирогч Ц.Бын эрүүл мэндэд хохирол учирсны улмаас 7.620.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ