| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2020/0192/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 192
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, С.Батзаяа,
шүүгдэгч А.Т, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт А.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Б.Э нарт холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ............................ ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ............................ тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
Урианхай овогт А.Т /РД: /,
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ............................... ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт .......................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................................. тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
Сартуул овгийн Б.Э /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч А.Т нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 07 дугаар хороо ******* тоотод иргэн Б.Этэй “гэр бүлээс гадуур харилцаатай болсон” хэмээн маргалдан улмаар урт, нарийн зүйлээр цохиж /хохирогчийн хэлснээр/ биед нь тархи доргилт, эрүү, цээж, нуруу, бүсэлхий, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Б.Э нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 07 дугаар хороо ******* тоотод иргэн А.Т болон Ш.М нартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь халдаж, зодон А.Тийн биед нүүр, цээжинд зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл, Ш.Мийн биед зүүн хөмсгөнд шарх, нүүрэнд зулгаралт гэмтлүүдийг тус тус учруулж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн болохоор нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ш.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед найрнаас ирээд авчирсан нэг шил архиа задлаад хоол унд хийгээд сууж байтал Б.Э гаднаас орж ирээд архинаас чинь ганц татчихъя гэхээр нь би нэг аяганд хийж өгөхөд тэрийг уусан. Урьд нь надад манай эхнэрийн төрсөн дүү О.О манай эхнэр гэртээ ирж хонохгүй гадуур яваад байна чи нэг хэлээд өгөөч миний үгэнд орохгүй байна гэж хэлж байсан болохоор би тэр үед Б.Эт чи яагаад гэр орондоо ирэхгүй хаагуур янхандаад яваад байдаг юм гэж хэлтэл урдаас уурлаад бид 2 хоорондоо хэрэлдэхэд манай эхнэр хажуугаас орж ирээд худлаа гэвэл чиний шалдан зураг надад байгаа гэж хэлтэл Б.Э шууд манай эхнэрийг 2 мөрнөөс нь барьж аваад доош нь татаж унагаад үстэлцээд биетэйгээ зууралдаад орилж чарлалдаад эхлэхээр нь би очоод голоор нь ороод салгах гэхэд бие биенийгээ тавихгүй Б.Э бүр манай эхнэрийн зүүн бөөрнөөс нь хазаж байсан. Тэгээд би Б.Эийг татсаар байгаад салгаад гэрээсээ гаргах гээд чирээд явтал миний нүүрийг маажсан ба би тавилгүй тэр чигтээ татаж явсаар гэрийнхээ хаалгаар гаргаад хаалгаа цоожилсон чинь цаашаа яваад өгсөн. Тэгээд удалгүй хаалга хүн татахаар нь хартал О.О, Б.Э нар хаалгаа тайл гээд орилоод байхаар нь онгойлгож өгөөгүй юм тэгтэл цонхон дээр хоёулаа ирээд хаалгаа тайл гээд орилоод байхаар нь би яг цонхны өөдөөс нь орон дээр сууж байхад О.О цонх чанга чанга тогшоод байхаар нь очоод хөшгөө хаасан чинь тас буугаад цонх хагараад хагархайнууд нь ороод ирэхээр нь би өө цонх хагалчихлаа гээд босоод очоод хөшгөө нээтэл урдаас манай үүдэнд байдаг нүүрсний тогоо орж ирээд миний духыг оноод толгой хагалсан. Тэгээд хартал О.О наад талд нь, Б.Э цаад талд нь зогсож байсан ба шууд л хоёулаа цаашаа яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “16 цагийн үед болов уу Б.Э гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд Б.Э архинаасаа нэг хийчхээч гэж хэлэхэд Ш.М янхан хүнд архи өгөхгүй гээд хэлсэн чинь Б.Э уурлаад хэрүүл болоод бие биеэ хэлэх хэлэхгүй үгээр дуудаад хэрэлдэж байтал А.Т эгч хажуугаас нь орж ирээд хоорондоо маргалдаад Б.Э шууд А.Т эгчийн 2 мөрнөөс нь зуурч аваад хоёулаа зууралдсан чигтээ газар унасан. Тэгээд л хоёр биенийхээ үснээс зулгаагаад хөлөөрөө өшиглөлцөөд дээр доороо гараад байсан ба манай хүүхэд уйлаад би хүүхдээ тэврээд салгаж чадаагүй ба Ш.М очоод Б.Эийг татаж салгаад гэрээсээ гаргаад дахиад ороод ирж магадгүй гээд хаалгаа цоожилсон. Тэгээд бүгдээрээ тайвшраад сууцгааж байтал байшингийн хаалга ирж татаад хаалгаа тайл гээд тогшоод О.О, Б.Э нар орилоод байсан ба хаалгаа тайлж өгөөгүй юм. Тэгтэл цонхон дээр ирээд дахиад хаалгаа онгойлго гээд цонх цохиод байсан чинь гэнэт тас буугаад л цонх хагарахад Ш.М цонх хагалчихлаа гээд босоод цонхон дээр яваад очтол цаанаас нь хайлшин тогоо орж ирээд толгойг нь оноод зүүн хөмсөгнөөс нь цус гараад явчихсан. Тэгээд л манай хүүхэд уйлаад би хүүхдээ тэврээд сууж байтал О.О, Б.Э нар цаашаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Ш.Шгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ш.М, А.Т нар найрнаас ирээд хоол унд хийж өгөөд 1 шил архи задлаад тэрийгээ ууж байгаад миний нойр хүрээд байхаар нь унтаад өгсөн. Унтаж байтал гэнэт хөлөн дээр юм цохиод сэрэхэд байшингийн цонх хагарсан ширмэн тогоо миний хөлийг цохисон байхаар нь гайхаад хартал байшингийн гадаа О.О цаана нь Б.Э нар зогсож байсан ба Ш.М толгой оноод хагалчихлаа гээд зүүн хөмсөгнөөс нь цус гараад явчихсан. Тэгээд бид нар Ш.Мийн цусыг арчаад зогсож байтал О.О, Б.Э нар цаашаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б.Э бид хоёр гол дээр найзуудтайгаа очиж амрангаа 1 шил 0,75 литрийн соёрхол нэртэй архи дөрвүүлээ хувааж уучихаад 16 цагийн үед Налайхад гэртээ ирсэн. Би шууд буцаж гараад хамар хашаанд байдаг эгчийндээ ороод ойр зуурын юм ярьж сууж байгаад гараад гэртээ ороод иртэл манай эхнэр уйлчихсан танай эгч намайг зодчихлоо гэхээр нь би юу яриад байгаа юм очиж уулзъя гээд эхнэрээ дагуулаад хашаанд нь ороод байшингийнх нь хаалгыг татахад цоожтой, тогшоод онгойлго гэж хэлээд тайлахгүй болохоор нь цонхон дээр нь очоод тогшоод “хаалгаа онгойлго” гэхэд хөшгөө хаачихаар нь би цонхыг нь чанга чанга нүдээд “хаалгаа онгойлго” гээд нүдэж байтал гэнэт л тас буугаад л цонх нь хагарчихаар нь би болиод цонхоор нь дотогшоо харж байтал араас тогоо орж ирээд байшингийн цонхны хагархайгаар яваад орсон. Энэ үед Ш.М хөшгөө нээж таараад тогоонд толгой нь оногдоод, хөмсөгнөөс нь цус гараад явчихаар нь эхнэр бид хоёр буцаад шууд гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт нь ороход А.Т, нөхөр Ш.М, Ш.Мийн ах дүү нар болох Тогоо, Энхээ гэх хүмүүс архи уугаад сууж байсан. Гэрт нь ороод зогстол Ш.М нь намайг дуудаад “хөөш, хөөш чи янхан юм уу, чамайг тэгээд байна лээ” гэхээр нь юу яриад байгаа юм бэ гэхэд наад талд нь сууж байсан эхнэр А.Т нь “тийм ш дээ наадах чинь угаасаа янхан ш дээ миний дүү тэгэж хэлсэн” гэж хэлээд босож ирээд миний баруун талын эрүү орчим руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь болиоч гэхэд манайх камертай чамайг яасан ч яадаг юм бэ гэж хэлснээ “чи эхлээ биз дээ” гэж хэлэхээр нь би “чи өөрөө эхлээд намайг цохио биз дээ” гэхэд “чи намайг цохилоо” гэсэн. Тэр үед нөхөр нь босож ирээд А.Ттэй хамт намайг өмсөж явсан хувцасны мөрөн дээрээс татаад гэрээс гаргаад хаалгаа онгойлгоод намайг түлхээд гадагш гаргасан. Би газар унасан, араас нь А.Т гарч ирээд юмаар зүүн талын гар, нуруу, зүүн талын хөл орчим руу хэд хэдэн удаа цохисон, юугаар цохисныг харж чадаагүй би бодохдоо нарийн зүйл байсан учраас хогийн шүүрний иш байх гэж бодсон. Цохиж байхад нь нөхрийгөө дуудаад орилсон. Мөн “болиоч” гэж хэлэхэд болиогүй, олон удаа цохиод байсан. Гэтэл хашааны хаалга дуугарсан. Тэгтэл А.Т нөхөртэйгөө хамт хаалгаа хаагаад гэртээ орчихсон” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн №08/шэ/703 дугаар :
“1. Н.Ш.Мийн гэх гэрэл зурагт зүүн хөмсгөнд шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь гэрэл зураг авсан гэх өдрөөс 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн №08/шэ/700 дугаар :
“1. А.Тийн гэх гэрэл зурагт нүүр, цээжинд зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь гэрэл зураг авсан гэх өдрөөс 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №08 шэ/641 дугаар:
“1. Б.Эийн биед тархи доргилт, эрүү, цээж, нуруу, бүсэлхий, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 75 дугаар хуудас/,
Гэрэл зургууд /хх-ийн 39-40, 45, 50-51 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар зэрэг /хх-ийн 97-109 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар хуудас/, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ зэрэг,
Шүүгдэгч А.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа, Налайх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дасны хуулга зэрэг /хх-ийн 81-94 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/, Нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар хэн аль нь гэм буруу дээр маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр улсын яллагчтай мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж оролцлоо.
Шүүгдэгч А.Т нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 07 дугаар хороо ******* тоотод иргэн Б.Этэй “гэр бүлээс гадуур харилцаатай болсон” хэмээн маргалдан улмаар урт, нарийн зүйлээр цохиж биед нь тархи доргилт, эрүү, цээж, нуруу, бүсэлхий, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч А.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг түлхээд гадагш гаргасан. Би газар унасан араас А.Т гарч ирээд юмаар зүүн талын гар, нуруу, зүүн талын хөл орчим руу хэд хэдэн удаа цохисон юугаар цохисныг харж чадаагүй би бодохдоо нарийн зүйл байсан учраас хогийн шүүрний иш байх гэж бодсон. ... “болиоч” гэж хэлэхэд болиогүй, олон удаа цохиод байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.М янхан хүнд архи өгөхгүй гээд хэлчихсэн чинь Б.Э уурлаад хэрүүл болоод бие биеэ хэлэх хэлэхгүй үгээр дуудаад хэрэлдэж байтал А.Т эгч хажуугаас нь орж ирээд хоорондоо маргалдаад Б.Э шууд А.Т эгчийн 2 мөрнөөс нь зуурч аваад хоёулаа зууралдсан чигтээ газар унасан. Тэгээд л хоёр биенийхээ үснээс зулгаагаад хөлөөрөө өшиглөөд дээр доороо гараад байсан ба манай хүүхэд уйлаад байсан учир хүүхдээ тэврээд салгаж чадаагүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №08 шэ/641 дүгээр дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 07 дугаар хороо ******* тоотод иргэн А.Т болон Ш.М нартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь халдаж, зодон А.Тийн биед нүүр, цээжинд зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл, Ш.Мийн биед зүүн хөмсгөнд шарх, нүүрэнд зулгаралт гэмтлүүдийг тус тус учруулж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Мийн нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Б.Эийг татсаар байгаад салгаад гэрээсээ гаргах гээд чирээд явтал миний нүүрийг маажсан. ...би “өө цонх хагалчихлаа” гээд босоод очоод хөшгөө нээтэл урдаас манай үүдэнд байдаг нүүрсний тогоо орж ирээд миний духыг оноод толгой хагалсан. Тэгээд хартал О.О наад талд нь, Б.Э цаад талд нь зогсож байсан ба шууд л хоёулаа цаашаа яваад өгсөн.” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Шгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...унтаж байтал гэнэт хөлөн дээр юм цохиод сэрэхэд байшингийн цонх хагарсан ширмэн тогоо миний хөлийг цохисон байхаар нь гайхаад хартал байшингийн гадаа О.О, цаана нь Б.Э нар зогсож байсан ба Ш.М толгой оноод хагалчихлаа гээд зүүн хөмсөгнөөс нь цус гараад явчихсан. Тэгээд бид нар Ш.Мийн цусыг арчаад зогсож байтал О.О, Б.Э нар цаашаа яваад өгсөн” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.М янхан хүнд архи өгөхгүй гээд хэлсэн чинь Б.Э уурлаад хэрүүл болоод бие биеэ хэлэх хэлэхгүй үгээр дуудаад хэрэлдэж байтал А.Т эгч хажуугаас нь орж ирээд хоорондоо маргалдаад Б.Э шууд А.Т эгчийн 2 мөрнөөс нь зуурч аваад хоёулаа зууралдсан чигтээ газар унасан. Тэгээд л 2 биенийхээ үснээс зулгаагаад хөлөөрөө өшиглөлцөөд дээр доороо гараад байсан ба манай хүүхэд уйлаад би хүүхдээ тэврээд салгаж чадаагүй. ... гэнэт тас буугаад л цонх хагарахад Ш.М цонх хагалчихлаа гээд босоод цонхон дээр яваад очтол цаанаас нь хайлшин тогоо орж ирээд толгойг нь оноод зүүн хөмсөгнөөс нь цус гараад явчихсан” гэх мэдүүлэг,
Гэрч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би цонхыг нь чанга чанга нүдээд хаалгаа онгойлго гээд нүдэж байтал гэнэт л тас буугаад л цонх нь хагарчихаар нь би болиод цонхоор нь дотогшоо харж байтал араас тогоо орж ирээд байшингийн цонхны хагархайгаар яваад орсон ба энэ үед Ш.М хөшгөө нээж таараад тогоонд толгой нь оногдоод, хөмсөгнөөс нь цус гараад явчихаар нь эхнэр бид 2 буцаад шууд гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн №703 дугаар дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн №700 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн архидалт болон хохирогч Ш.М, шүүгдэгч нарын зүй бус харьцаа, бие биенийгээ үл хүндэтгэсэн байдал нөлөөлжээ.
Шүүгдэгч А.Т, Б.Э нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Б.Э нь тогоо шидсэний улмаас хохирогч Ш.Мийн толгойн тус газар онож, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул шүүгдэгч А.Тийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Эийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Э нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч А.Т нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Т, Б.Э нар нь урьд ял шийтгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувь хүний нөхцөл байдал, гэмт хэргийн оролцоо зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг тус бүр арван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Т, Б.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Урианхай овогт А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Сартуул овгийн Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Эт оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Т, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ