Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогч Г.О,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахар овогт С.Бт холбогдох эрүүгийн 2007002020232 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймаг, Цогт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор, токарь-фрезерийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ........................................  тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,

Цахар овогт С.Б /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч С.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 1 хороо Уурхайчдын 31 дүгээр гудамжны 11 тоот дахь өөрийн гэрт эхнэр Г.Отэй маргалдан улмаар түүнийг түлхэхэд Г.О нь шалан дээр асгасан усанд халтирч унаснаас баруун эгэм яс хугарч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Г.Оийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Санаатай гэдэг дээр би санамсаргүй түлхсэн. Яагаад гэхээр ус цацсан болохоор тэр үедээ уурласан байсан. Тэгээд түлхсэнээ тухайн үедээ мэдээгүй” гэв.

 

            Хохирогч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хангалттай гэж бодож байна.” гэв.

           

            Хохирогч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 24-ний орой би 19 цагийн орчимд ажлаасаа ирэхэд манай нөхөр хоол унд хийгээгүй гэдгээс болж хэрүүл маргаан болсон. ...намайг түлхсэн тэр үед би байшингийн зүүн талын ханыг толгойгоороо мөргөсөн. Тэгтэл үүдний амбаарт байсан шалны мод аваад миний зүүн талын дал орчимд нэг удаа цохисон. ...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бол би толгойгоо угаагаад алчуураа толгойндоо ороочихсон байсан. Түмпэнд толгойгоо угааж байсан болохоор паркетэн шалан дээр ус тусчихсан байсан, бас уурандаа эхлээд шанагатай ус цацаад эргэтэл С.Б намайг гараараа нуруу руу түлхчихсэн. Тэгэхэд нь би тэр түлхэлтээс нь цаашаа түлхэгдэж шалан дээр байгаа усанд халтираад унахдаа гараа эвгүй дараад унаснаас эгэм хугарсан байсан. Өөрөөр бол би халтирч унаагүй түлхэлтээс халтирч унасан юм. Надад ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

 

            Хохирогч Г.Оийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн “Нөхөр болох С.Б нь гэр бүлдээ удаа дараа дарамт учруулж зодож нүддэг. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний орой цохиж гар, нүү, үс толгой руу цохиж гэмтээсэн. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн үед нүүр, толгой руу цохиж, түлхэж унагаснаас болж эгэм яс хугарч гэмтсэн. Ийм учир арга хэмжээ авч өгнө үү” гэсэн утга бүхий өргөдөл /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

            Яллагдагч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би 08-09 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчид 31-11 тоот байшиндаа байж байгаад би гадагшаа гарч гүйх гэтэл манай эхнэр надаас 130.000 төгрөг байх ёстой байснаа нэхсэн. Тэгээд бид хоёр мөнгөнөөс болж багахан түр тар хийсэн. Тэгээд гараад явах гэтэл манай эхнэр Г.О миний араас ус цацахаар нь уурлаад бид хоёр маргалдсан. Тэгээд маргалдахдаа би эхнэрийгээ түлхсэн бололтой юм билээ. Би тухайн үедээ уурласан байсан болохоор яг түлхсэнээ санахгүй байгаа юм. Тэгээд би эхнэр Г.Отэй маргалдаж байгаад эргээд харахад унаж байгаа харагдсан. Унахдаа жаахан эвгүй уначихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №08 шэ/306 дугаар:

            “1. Г.Оийн биед баруун эгэм ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хх-ийн 76 дугаар хуудас/, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77 дугаар хуудас/, Өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох тодорхойлолт /хх-ийн 78 дугаар хуудас/, дансны хуулга /хх-ийн 86-92 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Яллагдагч С.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 1 хороо Уурхайчдын 31 дүгээр гудамжны 11 тоот дахь өөрийн гэрт эхнэр Г.Отэй маргалдан улмаар түүнийг түлхэхэд Г.О нь шалан дээр асгасан усанд халтирч унаснаас баруун эгэм яс хугарч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Г.Оийн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Яагаад гэхээр ус цацсан болохоор тэр үедээ уурласан байсан. Тэгээд түлхсэнээ тухайн үедээ мэдээгүй” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “С.Б намайг гараараа нуруу руу түлхчихсэн. Тэгэхэд нь би тэр түлхэлтээс нь цаашаа түлхэгдэж шалан дээр байгаа усанд халтираад унахдаа гараа эвгүй дараад унаснаас эгэм хугарсан байсан. Өөрөөр бол би халтирч унаагүй түлхэлтээс халтирч унасан юм” гэх мэдүүлэг,”

 

            Хохирогч Г.Оийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн “Нөхөр болох С.Б нь гэр бүлдээ удаа дараа дарамт учруулж зодож нүддэг. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний орой цохиж гар, нүү, үс толгой руу цохиж гэмтээсэн. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн үед нүүр, толгой руу цохиж, түлхэж унагаснаас болж эгэм яс хугарч гэмтсэн. Ийм учир арга хэмжээ авч өгнө үү” гэсэн утга бүхий өргөдөл /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №306 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

            Тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн мөнгөний асуудлаас болж маргалдсан, улмаар хохирогч Г.О нь нөхрийгөө ажилдаа явахаар гэрээс гарах үед хойноос нь ус цацсан зохисгүй байдал шууд нөлөөлсөн байна.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч С.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Г.О нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хоорондоо эвлэрсэн” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал /гэр бүлээ тэжээн тэтгэдэг, 4-16 насны дөрвөн хүүхэдтэй, нэг хүүхэд нь байнгын асаргаа шаардлагатай, өрхийн амьжиргааны түвшин босго шугамаас доогуурт багтсан/, шүүх хуралдаанд гаргасан оролцогчдын санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэв.

 

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Цахар овогт С.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Бт хорих ял оногдуулахгүйгээр 9 /ес/ сарын хугацаагаар тэнссүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч С.Бт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Э.ЭНХЖАРГАЛ