Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай 1957 оны 02 сарын 28-нд төрсөн, 60 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч, цахилгаанчин мэргэжилтэй, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг, Угтаалын 4-4 тоотод оршин суух, Хулан овогт Буянтогтохын Сугирын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 27-ны өдөр 139/2017/00056/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Сугир, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Б.Сугир шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оны 07 сарын 09-нөөс 1986 оны 03 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум дундын эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан ба тэр үед ажлаас чөлөөлөгдсөн тушаал зөрчилтэй тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Б.Сугир нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

 

            Б.Сугир нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум дундын эмнэлэгт 1978 оны 07 сарын 09-нөөс 1986 оны 03 сарын 01-н хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь:

            Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн 08/138 тоот албан бичиг,  

           Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум дундын больницоос 1978 оны 07 сарын 20-ны олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум дундын эмнэлэгийн “Манай эмнэлэгийнхэн 1934-2015” номын 156 дугаар хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Гэрч Р.Бадамцэцэгийн “...Намайг 1981 онд сургуулиа төгсөөд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилд ороход Б.Сугир нь тус эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан. Б.Сугирыг яг хэдэн онд ажилд орсон талаар нь мэдэхгүй. Намайг ороход л ажиллаж байсан. Намайг 1993 онд ажлаас гарахад Б.Сугир ажиллаад үлдсэн. Ажлаас хэдэн онд гарсан талаар сайн мэдэхгүй байна. Намайг 1981-1993 он хүртэл тус эмнэлэгт ажиллах хугацаанд Б.Сугир тасралтгүй жолоочоор ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ. Архи уудаггүй, ажилдаа хариулагатай сайн жолооч байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Цээсүрэнгийн “...Б.Сугир 1978 оны 07 сарын 10-даар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт жолоочоор ажилд орсон. 1986 он хүртэл ажилласан. Яг хэдэн сарын хэдэн хүртэл ажиллаж байсан талаар нь мэдэхгүй байна. Би 1978 оны 07 сарын 01-нээс 2007 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт эх баригч, бага эмчээр ажилласан. Хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ. Ажилдаа хариулагатай, цаг хугацаа сайн барьдаг, шуурхай жолооч байсан...” гэх мэдүүлэг, 

Гэрч Б.Жавзмаагийн “...Би 1971 оноос 1981 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт эх баригчаар ажиллаж байсан. Б.Сугир нь 1978 оноос тус эмнэлэгт жолоочоор ажилд орсон. Яг хэдэн сард ажилд орсон талаар нь санахгүй байна. Намайг 1981 он хүртэл ажиллахад Б.Сугир ажиллаад үлдсэн. 1981 оноос хойш ч гэсэн тус эмнэлэгт Б.Сугир жолоочоор ажиллаж байсан. Яг хэдэн онд ажлаас гарсан талаар нь мэдэхгүй байна. Би 1971-1981 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт эх баригчаар, 1981 оноос хойш Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаж байсан.  Хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ. Дуудлаганд цаг наргүй явдаг байсан. Ажилдаа хариулагатай, цаг хугацаа сайн барьдаг, зан харьцаа сайтай, машин техникдээ сайн жолооч байсан” гэх мэдүүлэг, гэрэл зураг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хулан овогт Буянтогтохын Сугирын Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум дундын эмнэлэгт 1978 оны 07 сарын 09-нөөс 1986 оны 03 сарын 01-н хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Сугирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ