Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 11

 

                                 Д.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Даваадолгорт холбогдох

 “Гэм хорын хохирол 6.988.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэн, түүний  өмгөөлөгч Т.Оюунчимэг, хариуцагч Э.Даваадолгор, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Д.Цэрэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хархорин сумын Засаг даргын тамгын газартай газар ашиглах гэрээг 2013 оноос байгуулан Эрдэнэзуу хийдийн төв хаалганы чигт байрлах газарт хүнсний болон бэлэг дурсгалын зориулалтаар худалдаа үйлчилгээг эхнэр Г.Бямбасүрэнгийн хамтаар эрхэлж ирсэн. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын эхээр Э.Даваадолгор нь уг газарт байсан миний эзэмшлийн байрыг хүчээр чирж өөр газарт байрлуулан, оронд нь өөр байр барьж хүнсний дэлгүүр ажилуулсан. Уг газарт Э.Даваадолгор нь байр барих болон газар эзэмших зөвшөөрөлгүй атлаа жуулчид ихээр ирж орлого олох үе буюу 6-10 cap хүртэл газрыг минь чөлөөлж өгөхгүй хууль бусаар хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Би уг газрыг чөлөөлүүлэхээр сумын Засаг даргад хандахад Э.Даваадолгор болон түүний нөхөр Ч.Бямбатогтох нарт Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн албан шаардлагаар газар чөлөөлөхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Мөн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр газар чөлөөлөх ажиллагаа явуулсан боловч тэд эсэргүүцэж чөлөөлөөгүй тул шүүхэд газар чөлөөлөх нэхэмжлэл гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан болно. Энгийн иргэн би хууль ёсны дагуу ашиглах газраа ашиглаж чадахгүй, хууль бусаар ашиглаж байгаа хүн нь Засаг даргын албан шаардлагыг биелүүлэхгүй, цагдаагийн байгууллагын тавьсан шаардлагыг үл тоомсорлож байна. Одоо болтол газрыг минь чөлөөлөхгүй байгаагаас манай гэр бүлийн орлогын эх үүсвэр дэлгүүрээ ажиллуулж чадахгүйд хүрч, хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна.

Иймд Иргэний хуулийн 495.1, 495.6, 92.1, 228.1-т тус тус зааснаар хариуцагч Э.Даваадолгороос: Өөрт учирсан хохирол буюу 6-10 сарын хооронд олох ёстой байсан орлогыг 2015 оны 6-10 сард олсон ашиг 7.060.840 төгрөгийн 50 хувиар тооцож 3.500.000 төгрөг, 2016 онд үүнээс илүү орлого олох боломжтой байсан. Гэвч энэ дүнгээр дүйцүүлж нэхэмжилж байна. Газар байсан байрыг хүчээр чирж эвдэж өөр газарт байрлуулснаас эргэж засварлахад гарсан зардал 1.500.000 төгрөг, газраа ашиглаж чадаагүй ба 2016 оны газрын түрээсийн төлбөрт төлсөн 10.000 төгрөг, уг газрыг ашиглаж үйл ажиллагаа явуулахын тулд эхнэр Г.Бямбасүрэн Хас банкнаас 7.000.000 төгрөгийн зээл авсан ба Э.Даваадолгорын буруутай үйлдлээс дэлгүүрээ ажиллуулж чадаагүйгээс 5-9 сард зээлд 1.868.000 төггрөгийг төлсөн. Хэрвээ дэлгүүрээ хэвийн ажиллуулж байсан бол зээлийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой байсан. Нийт 6.988.000 төгрөгийг гаргуулж өгнө гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би хариуцагч Э.Даваадолгороос 6.988.000 төгрөгийг юуг үндэслэж нэхэмжилсэн бэ? гэвэл Эрдэнэзуугийн урьд талын талбайд байрлах дэлгүүрт би өөрөө үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ дэлгүүр манай нэр дээр байдаг дэлгүүр юм. Хариуцагч Э.Даваадолгор нь 2015 оны 3 дугаар сард над руу яриад би Түмэндэмбэрэл гэдэг хүнээс дэлгүүрийн талыг худалдаад авчихлаа гэсэн. Ямар үндэслэлээр Түмэндэмбэрэлээс худалдаж авч байгаа юм бэ гэхэд тал нь Түмэндэмбэрэл эгчийнх гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадахыг чинь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хадам ээжийн бие муу байна гэсэн чинь буулгалаа шүү гэж хэлээд утсаа тасалсан. Би 2015 оны 05 дугаар сард захиргаан дээр ирээд түрээсийн гэрээгээ сунгаад татвараа төлчихөөд явсан. Тэгээд төлчихөөд явсан хойгуур хариуцагч Э.Даваадолгор миний дэлгүүрийг шууд зайнаас татаж буулгаад өөрийнхөө дэлгүүрийг сунгасан байсан. Тэгээд би үүнийг мэдээд өмгөөлөгчдөө мэдэгдэхэд хоёулаа шүүхэд хандана гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шүүхэд хандсан боловч өмчлөл, эзэмшлийн гэрчилгээ байхгүй учраас Засаг даргын шийдвэрлэх ёстой асуудал байна гээд шүүгчийн захирамж гарсан байсан. Ийм асуудлаас болж 2016 онд үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр 2015 оны тайлан болон дэлгүүрүүдээс авдаг байсан паданыг үндэслэж тайлан гаргаад 7.000.000 төгрөгийн ашигтай ажилласнаас татвар бага төлдөг байсан учраас 3.500.000 төгрөг нэхэмжилсэн. 1.500.000 төгрөг нэхэмжилсэн нь энэ хүмүүс тухайн дэлгүүрийг буулгахдаа дотор тал гадна талыг нь эвдсэн байсан. Тэрийг засварлах гэж материал авсан тэр мөнгөө нэхэмжилсэн. Дэлгүүр ажиллуулдаг гэж би банкнаас зээл авдаг байсан тэр гэрээнийхээ дагуу 2016 оны 05 дугаар сарын 01-нээс 2016 ны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл би дэлгүүрээ ажиллуулж чадаагүй гэх үндэслэлээр тэр мөнгийг нэхэмжилж байгаа. 120.000 төгрөгийн хувьд би 2016 онд дэлгүүрээ ажиллуулж чадаагүй орлого олоогүй гэж нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч Э.Даваадолгор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Цэрэндорж нь огт үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Э.Даваадолгор миний бие Эрдэнэзуугийн урд байрлах Б-4-ийг Д.Цэрэндоржтой хамтран эзэмшдэг. Н.Эрдэнэбатын эхнэр Түмэндэмбэрэлээс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өргөн нь 1.5 метр, урт нь 3 метр хэмжээтэй №Б-4-ийн талыг ашиглах эрхийг 1.250.000 төгрөгөөр худалдаж авсан. Б-4-ийг анх 2009 онд миний нөхөр Бямбатогтох, Эрдэнэбат, Цэрэндорж нар хамтран ажиллахаар авч Засаг даргын тамгын газартай тухайн үед гэрээ байгуулж байсан. 2010 онд Бямбатогтох нь Батбаяр, Батсайхан гэдэг хүмүүсээс Б-З-ийг худалдан авч Б-З-д орсон. Уг Б-4-ийн байранд Эрдэнэбат, Цэрэндорж нар хамтран үйл ажиллагаа явуулж үлдсэн. Уг байранд Эрдэнэбатын эхнэр Түмэндэмбэрэл нь 2014 онд үйл ажиллагаа цаашид явуулж чадахгүйд хүрэн өөрийн эзэмшлийн талыг 1.5 метр өргөн, урт нь 3 метр, хамтран эзэмшигч Д.Цэрэндорж түүний эхнэр Бямбасүрэн нарт худалдаж ав гэж хэлсэн боловч аваагүй. Тиймээс 2015 оны 6 дугаар сард Батболд гэдэг хүнд түрээслэж байсан боловч борлуулалт байхгүй учир гэрээгээ цуцалсан. Түмэндэмбэрэл нь Э.Даваадолгор надтай уулзан 2015 оны 11 дүгээр сард уг Б-4-ийн талыг ашиглах эрхээ харилцан тохиролцож 1.250.000 төгрөгөөр өгсөн. 2016 оны 03 дугаар сард миний бие Цэрэндоржийн эхнэр Бямбасүрэнд Түмэндэмбэрэлээс Б-4-ийн талыг ашиглах эрхээ авсанаа удаа дараа хэлсэн. Үүнийг мэдсээр байж миний авсан ашиглах Б-4-ийн тал дээр бидэнд хэлж мэдэгдэлгүй Цэрэндорж нь 2016 оны 04 дүгээр сард түрээсийн 120.000 төгрөгийг төлж Засаг даргын тамгын газартай өөрийн нэр дээрээ гэрээ байгуулсан байсан. Түрээсийн мөнгөний тавин хувийг миний бие Засаг даргын тамгын газарт төлөх гэсэн боловч Цэрэндорж төлсөн учир давхар авахгүй гээд аваагүй. 2016 оны 05 дугаар сард Цэрэндоржийн эзэмшлийн 1.5x3 метр зайг 1.8x3 метр, болгож үлдээн өөрийн худалдаж авсан 1.5x3 метр зайг 1.2x3 метр болгон өөрийн эзэмшлийн Б-4-ийн тал дээрээ хүнсний дэлгүүрээ сунгаж барьсан. Цэрэндоржийнх 2016 оны 7 дугаар сарын 10-аас Эрдэнэзуугийн өмнө /хувцас өмсдөг/ зураг авдаг ажлaa 9 дүгээр cap хүртэл хийсэн. Уг үлдээсэн Б-4 (1.8x3 метр) тал дээрээ үйл ажиллагаа явуулах боломж байгаа. Уг байрыг чирж эвдээгүй бөгөөд миний бие Цэрэндоржийн эхнэр Бямбасүрэнд утсаар Түмэндэмбэрэлээс худалдаж авсан Б-4-ийн тал дээрээ байшингаа сунгаж барих талаар удаа дараа хэлсэн гэсэн. Иймд уг байрыг 3 хүнээр хойш нь тавиулсан. Уг байшинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй. Засвар үйлчилгээ хийгээгүй. Засвар хийх гэж байгаа талаар надад ерөөсөө хэлээгүй. Мөн энэ байрны тал нь 1.5x3 метр газартайгаа надад ирэх ёстой. Бямбасүрэн нь байрны талыг нь ав гэж хэлж байсан. Энэ зун зурагны хувцаснуудаа дотор нь хийж үйл ажиллагаа явуулж байсан. Иймд Д.Цэрэндоржийн нэхэмжилж буй 6.928.000 төгрөгийг ямар ч үндэслэлгүй нэхэмжилж байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин түрээсийн 60.000 төгрөгийг Засаг даргын тамгын газар давхар авахгүй гээд аваагүй бөгөөд Цэрэндорж нь бидэнд хэлэлгүйгээр Засаг даргын тамгын газарт өөрөө очиж өгсөн байсан. Иймд уг 60.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад нэхэмжилж буй 6.928.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

      Түмэндэмбэрэл нь 2015 оны 10 дугаар сард надад худалдаж авах санал тавиад би   худалдаж авсан.  Би  1.250.000   төгрөгийг   өгсөн   байсан.   Би Г.Бямбасүрэнд удаа дараа хэлсэн тэгсэн тэг гэж хэлсэн учраас би 5 сард өрийнхөө хүнсний дэлгүүртэй нийлүүлэн барьсан. Уг дэлгүүрийг эслэг хавтан, даавуу зэргээр хийсэн болохоор хүнсний зориулалтаар үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй байсан. Тухайн дэлгүүр нь тоггүй энэ хавтаст хэрэгт гаргасан баримтууд нь үндэслэлгүй яг ямар бараа гардаг, ямар бараа худалдаж авч ямар үнэ өртөгөөр зардаг зэргээ худлаа тааж бичсэн. Жишээ нь энэ Д.Үдэнбаарай гэх хүний баримтууд дээр зайрмаг авсан гэх баримтууд нь ямар ч үндэслэлгүй багцаагүй худлаа таамгаар бичсэн үнэтэй байна. Энэ дэлгүүр тоггүй учир ийм их хэмжээний зайрмаг хөлдөөж зарна гэж байхгүй. Тухайн дэлгүүрийг зөвхөн хувцасаа хийх зорилгоор ашигладаг байсан. Арвижих дэлгүүрээс хэдэн хроп ундаа авч ирээд дэлгүүрийнхээ баруун талд өрөөд тавьчихдаг зүүн тал нь бараг хоосон байдаг үндсэндээ бараг бараа байхгүй байсан. Уг байрыг чирч эвдсэн гээд 1.500.000 төгрөг нэхэмжлээд байна. Тэгэж чирч эвдсэн зүйл бол байхгүй. Гурван хүнээр өргүүлж тавьсан. Ислэг   хавтан учраас их хөнгөн байсан. Уг Цэрэндоржийн  эзэмшлийн тал газар нь хэвээрээ   байгаа. Би зөвхөн Түмэндэмбэрэлээс худалдаж авсан хэсэг дээрээ өөрийнхөө дэлгүүрийг өргөжүүлж барьсан. 1.500.000 төгрөгийн засвар үйлчилгээ орно гээд байгаа үүнийг бас үндэслэлгүй гэж үзэж байна. Одоо тэр дэлгүүр урьд ямар байсан яг тэр хэвээрээ байгаа. Дэлгүүрийг барихад ашигласан материал нь даавуу нь 1.500.000 төгрөг хүрэхгүй гарын доорх материал ашиглаж засвар хийх боломжтой. Газрын түрээсийн 120.000 төгрөг бол намайг худалдаад авсан гэхээр надад хэлэлгүй нууцаар ганцаараа эзэмших зорилгоор газрын даамал дээр очиж гэрээ байгуулсан. Тухайн гэрээг бол 6 дугаар сарын 20-нд газрын даамал өөрийн биеэр түрээслэгч нар дээр ирж хийдэг гэрээ байгаа. Үүнийг энэ хүмүүс урьдчилан хийж татвараа төлсөн байсан. Би 6 сард татвараа төлөх гэсэн боловч Г.Бямбасүрэн төлсөн давхар төлөх боломжгүй гэсэн учраас би төлөөгүй. Үүнийг одоо 60.000 төгрөгийг төлж болно гэж үзэж байгаа. Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Э.Даваадолгороос 3.620.000 /гурван сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цэрэндоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.368.000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар үйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Даваадолгороос 2.870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цэрэндоржид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 19.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн чинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан атны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Даваадолгор давж заалдах гомдолдоо: Миний бие нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 146 \шш2017\00015 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Цэрэндорж нь хуурамч нотлох баримтууд бүрдүүлж надаас 7.000.000 төгрөг нэхэмжилсэнээс 3.620.000 төгрөгийг Цэрэндоржид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Эрдэнэзуу хийдийн өмнө байрлах Б-4 тоот үйлчилгээ явуулдаг түц-ийг Д.Цэрэндорж нь ганцаараа эзэмшигч биш болох нь М.Түмэндэмбэрэл, Ч.Бямбатогтох, түрээслэгч П.Батболд нарт хууль сануулан авсан мэдүүлгээр нотлогддог бөгөөд анх иргэдийг ажлын байраар хангах золгоор Хархорин сумын ЗДТГ-аас 3 иргэний дунд буюу Ч.Бямбатогтох, Н.Эрдэнэбат, Д. Цэрэндорж нарын нэр дээр анх түрээсэлж байсан нь ЗДТГ-тай байгуулж байсан гэрээ, түрээсийн төлбөр зэргээс нотлогдож байна.

             Хамтран эзэмшигч Н.Эрдэнэбатын эхнэр М.Түмэндэмбэрэл нь уг Түц-ний өөрийн эзэмшлийн 1.5*3м газар болон түц-ний талыг Цэрэндоржид зарах талаар санал гаргахад өөрсдөө авахгүй байсан учир Э.Даваадолгорт 1.250.000 төгрөгөөр зарсан болохоо шүүхэд мэдүүлсэн. Зарсан эзэн М.Түмэндэмбэрэл байсаар байтал надад огт хамааралгүй асуудлаар шүүхэд хандсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Г.Бямбасүрэн нь ганцаараа авсан мөн өөрийн эзэмшлийн гэрэл цахилгаан байхгүй түц-ний талаа хүнсний дэлгүүр гэж ярьж байгаа боловч үүнийгээ нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэгч Д.Цэрэндоржийн нэхэмжлэлийн шаардалга болох 2015 оны 6-10 дугаар cap хүртэл орлогыг олсон мэт ашгаар тооцож 7.000.000 рөгийг 50 хувиар бодон 3.500.000 төгрөгийг нэхэмжилсэн тайлан гаргахдаа хуурамч зарлагын баримтууд ашиглан их хэмжээний орлого олдог мэтээр орлого ашгийн тайлан гаргасан байна.

Уг ашгийн тайланд хуурамч нотлох баримтууд бүрдүүлсэн. Гэрч Батдоржийн мэдүүлэг болон Д.Үдэнбаарайгийн тодорхойлолтоор батлагдсаар байтал шүүх бүрэлдэхүүн Д.Үдэнбаарай, Ц.Батдорж нарын гарын үсэг зурагдсан байсан атал гарын үсэг зурагдаагүй гэж нотлох баримтыг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна.Тухайлбал:

“Зандан шоо” ХХК-ны зарлагын баримтыг ашиглан “М-СИ-ЭС” Дистрибюшин ХХК-д худалдааны ажилтан Ц.Батдоржийг жирэмсний амралтаа авсаныг мэдэлгүй бараа бүтээгдэхүүн өгч авсан мэтээр гарын үсгийг нь хуурамчаар бичсэн. Бараа бүтээгдэхүүний нэр төрөл болон үнэ буруу бичсэн.

Д.Үдэнбаарайн нөхөр П.Дондороос 2016 оны 9 дүгээр сард зарлагын тамгатай баримт гуйн авч нийт 7.087.500 төгрөгний зайрмагийг зарлагын баримтуудад зохион бичин Д. Үдэнбаарайгийн гарын үсгийг хуурамчаар бичсэн.

Шүүxийн шийдвэр гарсанаас хойш Д.Цэрэндоржийн татвар төлсөн баримт засвартай байхаар нь Хархорин сумын татварын хэлтэсийн байцаагч нараар шүүлгэхэд Өвөрхангай аймгийн татварын хэлтэсийн хэмжээнд байхгүй 0603677 дугаартай патентын цаасан дээр нэр, тоо, он cap засвартай. 2015 онд хүнсний худалдааны чиглэлээр ямарч мөнгө төлөөгүй болох нь тогтоогдож, сумын татварын байцаагч нарын тэмдэг, гарын үсгийг ямар нэгэн аргаар бичүүлсэн байна гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан дагуу нотлох баримтаа өөрсдөө хуулийн дагуу бүрдүүлж өгөх ёстой байтал нэхэмжлэгч Д.Цэрэндорж нь хуурамчаар баримт үйлдэн том дэлгүүр ажиллуулдаг мэтээр тайлан гаргаж мөнгө нэхэмжилсэнийг хүлээн зөвөөрөхгүй байна.       

        Нэхэмжлэгч Д.Цэрэндорж нь уг байрны хамтран эзэмшигч Н.Эрдэнэбат, М.Түмэндэмбэрэл нар нь өөрийнхөө эзэмшлийн хэсгийг худалдаж ав гэж хэлэхэд   авч чадахгүй байсан хүн ийм ашигтай ажилладаг гэдэг нь худлаа байна.

        Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүхэд хуурамч нотлох баримт худал  нэхэмжлэл тайлбар  гаргаж засварлаагүй байж засварлахад гарсан зардал гэж мөнгө нэхэмжилж байгаа зэргээс энэ ямар хүн бэ? гэдгийг харуулж байна. Эрдэнэзуу хийдийн өмнө байрлах үйл ажилгаа явуулдаг байрыг хамтран   эзэмшдэг иргэд нь ЗДТГ-тай газар ашиглах гэрээг байгуулахдаа нэг нь төлөөлж гэрээ байгуулдаг болохыг гэрч Г.Жаргал болон газрын даамал Х.Лхагвадулам нарын тодорхойлолт мэдүүлгээр нотлогдож байна. Иймд Д.Цэрэндорж нь бусдыг төлөөлөн ЗДТГ-тай байгуулсан гэрээг үндэслэн шүүх шийдвэрлэснийг   үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтууд болох Хархорин сумын ЗДТГ-ын албан шаардлага, бичгүүд нь   Э.Даваадолгорт  биш Бямбатогтоход хүргүүлсэн бичиг байхад Э.Даваадолгороос мөнгө нэхэмжилсэн хэрэгт үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Д.Цэрэндоржийн газрын түрээсэнд төлсөн 120.000 төгрөгийг би төлөхгүй Учир нь М.Түмэндэмбэрлийн эзэмшлийн хэсгийг авсан гэдгээ 3-н сард хэлсээр байтал, уг газар дээр надад хэлэлгүйгээр нууцаар ЗДТГ-тай гэрээ хийхийн тулд зуны 4-н сард, сар сард нь төлдөг газрын түрээсийг 4 сарын 8-д бөөнөөр нь 120.000 төгрөг тушаасан. Би Д.Цэрэндоржийн газраас 1см ч ашиглаагүй харин өөрийн газраас 30 см-ийг өгсөн. Мөн түүнчлэн 2016 оны 6-10 хүртэл өөрийн авах ёстой түц-ний талыг бүрэн ашиглуулсан.

Надад хэлэлгүйгээр гэрээ хийсэн нь сүүлд нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн их хэмжээний мөнгө олох зорилгоор залилангийн шинжтэй гэрээ хийсэн байгаа нь харагдаж байна.

Иймд хуурамч нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн нь иргэний хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 5-ыг зөрчсөн.

Нэхэмжлэгч Д.Цэрэндорж нь Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэлийн 65-р зүйлийн 65.1.5-ыг мөн тухайн хуулийн эд хөрөнгийн 248 дугаар зүйлийн 248.2-ыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул уг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 146\шш2017\00015 тоот шийдвэрийн хариуцагч Э.Даваадолгороос 3.620.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Цэрэндорж давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбартаа:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бол талуудын зарчим буюу мэтгэлцэх зарчимын хүрээнд явагддаг байгаа. Хариуцагч Э.Даваадолгор нь бусдын ашиглах эрхтэй газрыг худалдан авахдаа ашиглах эрхтэй этгээд нь хэн болох, М.Түмэндэмбэрэл, Н.Эрдэнэбат нар нь уг газрыг бусдад шилжүүлэх эрхтэй этгээдүүд мөн болохыг лавлаж мэдэлгүйгээр дур мэдэн бусдын газар ашиглах эрхийг, зарах эрхгүй этгээдүүдээс өөрөө худалдаж авчихаад, бусдын газар дээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсан. Үүнд нэхэмжлэгч миний бие ямар ч буруугүй, харин ч өөрийн ашиглах эрхтэй газарт үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Тийм байтал хариуцагч давж зааладах гомдолдоо М.Түмэндэмбэрэл, Н.Эрдэнэбат нарын мэдүүлгээр уг газрыг худалдаж авсан гэжээ.

Хэргийн үйл баримтуудаар уг газарт хариуцагч Э.Даваадолгор нь нөхрийнхөө хамт хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Мөн хариуцагч Э.Даваадолгор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “уг газарт би дэлгүүр ажиллуулдаг" гэж тайлбарласан атлаа давж заалдах гомдолдоо надад хамааралгүй асуудлаар шүүхэд хандсан гэжээ. Харин ч Э.Даваадолгор нь өөрөө хүний ашиглах эрхтэй газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаараа миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хариуцагч этгээд мөн юм. Хэрвээ Э.Даваадолгор нь давж заалдах гомдол дурдсан шигээ “зарсан эзэн М.Түмэндэмбэрэл байсаар байтал” гэж үзэж байгаа бол өөрт учирсан хохирол буюу ашиглах эрхгүй бусдын газрын бусдад зарсан этгээд болох М.Түмэндэмбэрэлээсээ өөрөө жич өөрт учирсан хохирлоо гаргуулах эрх нь байгаа болно.

Миний бие ийм маргаан болно гэж ирээдүйг урьдаас тааж чадахгүй тул урд урд жилүүдэд уг газарт үйл ажиллагаа явуулж олж байсан орлогын баримтуудаа хадгалах байжээ гэж одоо харамсаж байна. Харин ч бид жилд дунджаар 10.000.000-12.000.000 төгрөгийн ашиг олдог байсан. Уг баримтуудаа хадгалаагүйгээс ийм хэмжээний мөнгө нэхэмжилээгүй. Өөрт байсан баримтуудынхаа хэмжээнд 7.000.000 төгрөг нэхэмжилсэн болно. Эдгээр баримтуудыг хариуцагч үндэслэлгүй, хуурамч гэж үзэж байсан бол хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд үгүйсгэсэн баримтаа шүүхэд цуглуулж, няцаах эрх нь бүрэн байсан. Тухайн уед уг эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй байж одоо ийм давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

 

Мөн хариуцагч татварын баримтыг хуурамч гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь тэрээр мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх баримтыг хуурамч гэж үзэж байгаа бол түүнийг нотолж, үгүйсгэсэн баримтаа гаргаж өгөх боломжтой байсан. Мөн өөрөө ийм баримт цуглуулж өгөх боломжгүй гэж үзвэл шүүхэд хүсэлт гаргаж тухайн баримтыг Татварын албанд бүртгэлтэй эсэх, хуурамч эсэх дээр үзлэг хийлгүүлэх, шинжээч томилуулах эрх нь бүрэн нээлттэй байсаар байтал уг эрхээ хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн дээрх эрхийг хүчээр эдлүүлэх, зааж зөвлөх боломжгүй тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн дурдахад хариуцагч өмгөөлөгчтэй буюу дээрх эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн зөвөлгөөг авч байсан болно.

 

Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын албан шаардлага болон уг газартай ашиглах эрхийн гэрээ байгуулсан хүн нь намайг болохыг газрын даамал Х.Лхагвадулам гэрчийн мэдүүлгээр нотолсон. Үүнийг заавал гэрчийн мэдүүлгээр нотлуулах шаардлагагүй уг газар ашиглах эрхийн гэрээ хэрэгт авагдсан. Уг гэрээний дагуу хариуцагч Э.Даваадолгорыг бусдын газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа тул газар чөлөөлөх албан шаардлага, мэдэгдэл, цагдаагийн байгууллагын шаардлага зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт байгаа.

 

Иймд би уг газрыг ашиглах эрхтэй этгээд бөгөөд уг газартаа үйл ажиллагаа явуулах боломжгүйгээс миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй этгээд юм. Иймд хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Д.Цэрэндорж нь хариуцагч Э.Даваадолгорт холбогдуулан “Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Эрдэнэзуу хийдийн өмнө байрлах хүнсний болон бэлэг дурсгалын зориулалтаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг Б-4 дугаартай талбайд байсан миний эзэмшлийн байрыг хүчээр чирж өөр газарт байрлуулан, жуулчид ихээр ирж орлого олох үе буюу 6-10 cap хүртэл газрыг минь чөлөөлж өгөхгүй оронд нь өөр байр барьж хууль бусаар хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулсаны улмаас учирсан гэм хорын хохирол 6.988.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Нэхэмжлэгч Д.Цэрэндорж Э.Даваадолгорын хууль бус үйл ажиллагаанаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байгаа боловч Хархорин сумын ЗДТГазарын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн албан шаардлага /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, Хархорин сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны 1/204 тоот “Газар чөлөөлүүлэх тухай” албан бичигт /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/ иргэн Ч.Бямбатогтохыг газар чөлөөлөхийг шаардсан бөгөөд хариуцагч Э.Даваадолгороос газар чөлөөлүүлэх үйл ажиллагаа явагдаагүй байх тул Э.Даваадолгорыг хариуцагч гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан бөгөөд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар  газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр Д.Цэрэндоржийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 10 сарын 26-нд шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байна.

Гэтэл хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, шүүгчийн захирамжинд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл арилаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Э.Даваадолгорын давж заалдсан гомдолд “...шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтууд болох Хархорин сумын ЗДТГ-ын албан шаардлага, бичгүүд   нь Э.Даваадолгорт биш Бямбатогтоход хүргүүлсэн бичиг байхад Э.Даваадолгороос мөнгө нэхэмжилсэн хэрэгт үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна...” гэснийг үндэслэлтэй гэж үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72870 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хуульд заасан журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсаны дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

         1. Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 146/ШШ2017/00015 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Хариуцагч Э.Даваадолгороос давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 72870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                       ШҮҮГЧИД                         Л.НЯМДОРЖ

                                                                                                  Т.ДАВААСҮРЭН