Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 08

 

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Болормаа, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолтой, Б.А-т холбогдох эрүүгийн 1735000000087 дугаартай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, З овогт Б-гийн А нь 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух, боловсрол, мэргэжилгүй ам бүл 9, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

 Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн нутаг Мунживын зүүн тал гэх газарт байрлах хохирогч Х.Б-ны өвөлжөөний модыг 19-18 УВХ улсын дугаартай портер загварын авто машин ашиглан хулгайлж бусдад 153.900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогт Б-гийн А-ыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч З овогт Б-гийн А-т 1 /нэг/ жил 1 /нэг/ хоног хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасньг баримтлан шүүгдэгч Б.А-т оногдуулсан хорих яльгг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч нь шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, гомдолгүй гэсэн болохьгг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Б.А-ын эзэмшлийн 09-18 УВХ улсын дугаартай Хюндэй Портер /Hyundai/ загварын хөх өнгийн автомашиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, улсын орлогод оруулж, хуурайг устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 -д зааснаар шүүгдэгч Б.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо: “Миний бие нь Увс аймаг дахь сум дундын эрүүтийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүтээр зүйлийн 2.4-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэлийн талаар ямар нэгэн маргах зүйл байхгүй бөгөөд шүүхээс надад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан миний эзэмшлийн 09-18 УВХ улсын дугаартай автомашиныг улсын орлого болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Учир нь уг машиныг манай аав Б өөрийн хөрөнгөөр худалдан авч, машин барьж чаддаггүй тул миний нэр дээр шилжүүлсэн.

Би тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул надад машин худалдаж авах хэмжээний хөрөнгө байгаагүй, одоо ч байхгүй. Манайх 9 ам бүлээр амьдардаг, портер машинаараа аргал түүж, сумын төв оруулан зарж амьжиргаагаа залгуулдаг байсан юм.

Гэтэл миний буруутай үйлдлийн улмаас гэр бүлийн бусад 8 гишүүний амьжиргаагаа залгуулах гол эх үүсвэр болох портер машиныг хурааж улсын орлого болгосонд гомдолтой байна.

Би машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэнээр би аав, ээж, болон гэр бүлийн бусад гишүүдийнхээ амьдралыг хүнд байдалд оруулж, давхар хохироосондоо маш их гэмшиж, харамсаж байна.

Иймд шүүхээс энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 09-18 УВХ улсын дугаартай Хюндэй портер загварын автомашиныг биш, уг машины үнэлгээ болох 2.915.000 төгрөгийг улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээг хэрэглэхээр, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар 21-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэжээ.

Прокурор Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Б.Аын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тотоолыг хэвээх үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Б.А нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Өмгөөлөгчийн хувьд дээрх гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялын талаар маргах зүйл байхгүй.

Харин анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэхдээ Б.А-ын эзэмшлийн 09-18 УВХ улсын дугаартай автомашиныг улсын орлого болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан. Учир нь тухайн автомашин Б.А-ын эзэмшил боловч түүний аав Б нь өөрийн хөрөнгөөрөө амьжиргаагаа залгуулах үүднээс худалдаж авсан байдаг. Б.А-ын ар гэр 9-лээ, тэдний дунд ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй, мал ахуй болох зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж улсын орлого болгосон Хюндэй портер загварын автомашинаараа аргал, хөрөл түүж сумынхаа төв оруулан зарж, амьжиргаагаа залгуулдаг.

Гэтэл Б.А-ын хулгайн гэмт хэрэг үйлдсэн буруутай үйлдлийн улмаас амьжиргааны эх үүсвэр болсон автомашин нь хураагдсанаар гэр бүлийн бусад 8 гишүүний эрх ашиг хөндөгдөхөд хүрээд байгаа юм. Хэрэг үйлдэхдээ ашигласан Хюндэй портер загварын автомашиныг биш, уг машины үнэлгээ болох 2.915.000 төгрөгийг улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээг хэрэглэхээр, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны ийн 2017 оны 12 дугаар 21-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.А-ын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчилгүй, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзэв.

Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн нутаг Мунжив зүүн тал гэх газарт байсан хохирогч Х.Б-ны өвөлжөөний модыг 19-18 УВХ улсын дугаартай портер загварын авто машин ашиглан хулгайлж 153.900 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

Хохирогч Х.Б-ны “...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө өвөлжөөндөө буухаар очиход өвөлжөөний шон мод, 21 ширхэг банз мод байхгүй байсан. 2017 оны 11 сарын 02-ны өдөр би өвөлжөөндөө гэртээ байтал Б.А гэгч нь ээж П, эгч Ц нарын хамтаар өөрийн 09-18 УВХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр банз мод, шон модыг авчирч өгч, уучлалт гуйсан “ гэх мэдүүлэг / хх-ийн 38-39/,

Гэрч А.П-гийн “...би амбаараас сав авах гээд ороход амбаарт шон мод, банз мод байхаар гайхаад нөхөр Буянхишигээс ямар учиртай болохыг асуухад би яаж мэддэг юм гэж хэлсэн.Б.А-ыг чи ямар мод хаанаас аваад ирсэн юм гэхэд та хоёроос айгаад хэлж чадаагүй юм. Яаяа гэгчийн өвөлжөөнөөс аваад ирсэн. Хашаа барих гэж авсан гэж хэлсэн. Манай нөхөр бид хоёр уурлаж чи яагаад хулгай хийсэн юм хүний нэр боддоггүй. Нэр хугарахаар яс хугар гэдэг, ичмээр юм бэ яг одоо хүргэж өг гэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би хүү Б.А-ын хамтаар тухайн модыг Х.Б гэгчид хүргэж өгч, уучлалт гуйсан” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Б.А нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахдаа машин механизм ашигласан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.А-ын “...миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 09-18 УВХ улсын дугаартай Хюндэй портер загварын автомашиныг биш, уг машины үнэлгээ болох 2.915.000 төгрөгийг улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээг хэрэглэхээр, 166 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж өгнө үү “ гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын төсөвт шилжүүлэхээр хуульчилсан .

Б.А нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн 09-18 УВХ улсын дугаартай Хюндэй загварын автомашин ашиглаж үйлдсэн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Х.Б, гэрч А.П нарын мэдүүлэг, Увс аймгийн автотээврийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 262 дугаар тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүхээс Б.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийг хураан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.10 дугаар зүйлийн 4-т  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.А-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЖАМБАЛСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                           Б.ДАМБА

Н.МӨНХЖАРГАЛ