Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2022/0144/З |
Дугаар | 221/МА2022/0505 |
Огноо | 2022-07-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2022/0505
“НЦХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.О
Нэхэмжлэгч “НЦХ” ХХК
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/298 дугаар захирамжийг илт хууль хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 344 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0144/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “НЦХ” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/298 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 344 дүгээр шийдвэрээр:
2.1. “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.3, 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2008 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “НЦХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг /хавсралтын 2 дахь заалт/-ыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 344 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.
3.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газарт авто зогсоолын зориулалтаар 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10099 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
3.3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасныг зөрчиж газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газрыг дур мэдэн ашиглаж байгаа нэхэмжлэгчийн хууль, ёсны ашиг сонирхлыг хөндсөн байгаа мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
3.4. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь "НЦХ” ХХК-ийн эзэмшиж буй газрын орц, гарцыг хаасан. Маргаан бүхий газрын үзлэг болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орц, гарц нь баруун болон хойд талаас нь төлөвлөсөн байгааг тогтоосон.
3.5. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт зайлшгүй эзэмшүүлэх шаардлагагүй гэж дүгнэлт хийсэн гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-д заасны дагуу "хууль, тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах" ажлыг хариуцан зохион байгуулдаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9, 25.1.10-д заасан дүүргийн чиг үүрэгт авто зогсоолын арчилгаа, нийтийн эзэмшлийн замын арчлалт хамгаалалтыг хариуцан хийхээр хуульчилсан байдаг.
3.6. Өөрөөр хэлбэл хуульд тусгайлан заасан үндсэн чиг үүргийг үгүйсгэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэхгүй байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 344 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Гуравдагч этгээдээс хариуцагчийн гомдлыг дэмжиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
3. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Энэ тохиолдолд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10091.0 м.кв газрыг Авто зогсоолын зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосонд нэхэмжлэгчээс “...нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргах эрхгүй этгээд шийдвэр гаргасан...” гэсэн үндэслэлээр маргаж байна.
3.2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамж гарах үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2008 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана” гээд 9.1.3-д "Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэж зааснаар захиргааны байгууллага өөрт хууль, эрх зүйн актаар эрх хэмжээ олгоогүй асуудлаар шийдвэр гаргасан бол тухайн захиргааны акт илт хууль бус болох хуулийн зохицуулалттай.
3.2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.1.1-д “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах”, 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж тусгайлан заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус тусгайлан хуульчилсан.
3.3. Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргаас нийслэлийн Засаг даргад хамаарах буюу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаас бусад өөрийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхээр байна.
3.4. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамжийн 2 дахь заалтаар тухайн дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 10091.0 м.кв газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар тогтоолоор баталсан “Буянт-Ухаа” орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн авто зогсоол байхаар төлөвлөгдсөн байх тул уг газрыг эзэмшүүлэх эрх нь зөвхөн нийслэлийн Засаг даргад байхад Хан-Уул дүүгийн Засаг дарга шийдвэрлэсэн нь өөрт олгогдоогүй, эрх хэмжээгүй асуудлаар гаргасан шийдвэр байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
3.5. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9, 25.1.10-д заасан дүүргийн чиг үүрэгт авто зогсоолын арчилгаа, нийтийн эзэмшлийн замын арчлалт хамгаалалтыг хариуцах эрхийн хүрээнд уг газрыг эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байх боловч нэгэнт захиргааны байгууллага өөрт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан нь зөвтгөх боломжгүй алдаа болно. Харин гуравдагч этгээдээс дээрх газрыг хуульд заасан шаардлагыг хангуулан эзэмшихэд энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
3.6. Нөгөөтэйгүүр, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх заалтаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ-3-ийн зүүн талд Нийтийн бие засах газрын зориулалтаар 35 м.кв газрыг олгосон бөгөөд уг газартай нэхэмжлэгч маргахгүй байх тул маргаан бүхий актын зөвхөн 2 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
3.7. Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.7-д зааснаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэртэй байх бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохилдолд маргаж буй захиргааны актыг хэрхэн шийдвэрлэж буй талаар тодорхой тусгах бөгөөд уг тохиолдолд “...илт хууль хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг залруулах шаардлагатай байна гэж үзлээ.
3.8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх боловч бичиглэлийн алдаа гаргасан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 344 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.3, 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2008 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “НЦХ” ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтыг илт хууль хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУнГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА