Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01897

 

“О И”ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00906 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1560 дугаар магадлалтай,

“О И”ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

А.Мт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 94 137 800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгах, барьцаа хөрөнгийн үнэлгээг 55 000 000 төгрөгөөр тохиролцсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Мын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Баясгалан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “О И”ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: А.М нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах 122.5 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалан 55 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй зээл олгохыг хүсэж, түүний гаргасан өргөдөл, бусад холбогдох баримтыг хянан үзээд А.Мт 3 сарын хугацаатай, 3.9 хувийн хүүтэй 55 000 000 төгрөгийг 16/2076 тоот зээлийн болон 16/4077 тоот хөрөнгө барьцаалах гэрээ байгуулан гэрээг нотариат болон улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн газарт баталгаажуулж, А.Мт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 55 000 000 төгрөг олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон ч зээлийн төлбөр төлөөгүй. Барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах 122.5 м.кв 4 өрөө орон сууц, 51 тоотод байрлах 18 м.кв талбайтай автозогсоолын харилцан тохиролцсон үнэлгээг 55 000 000 төгрөг болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5, 16/2076 тоот зээлийн гэрээний 3.12.11-д заасныг үндэслэн А.М нь барьцаа хөрөнгийн хөлслөгч болж нэг сарын хөлсийг 1 800 000 төгрөгөөр харилцан тохиролцсон болохыг тогтоож өгнө үү. Үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүү 33 676 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 448 300 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 94 137 800 төгрөг нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.М шүүхэд гаргасан тайлбартаа: Би “О И”ББСБ ХХК-аас 3.9 хувийн хүүтэй 55 000 000 төгрөгийн зээл авч, 2005 онд ашиглалтад орсон 122.5 м.кв 4 өрөө орон сууцыг 18 м.кв талбайтай автозогсоолын хамт барьцаанд тавьсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй нь үнэн. Би нэг сарын хүүд 145 000 төгрөг болж байгаа. Үүнд эхний 3 сар 6 345 000 төгрөг болно. Миний хувьд одоогоор санхүүгийн боломж байхгүй. Эхнэр маань өвчтэй байгаа, бүтэн жилийн тэтгэврийн зээл аваад эмчилгээний зардалд зарцуулсан тул 85 552 755 төгрөгийн хэмжээнд тохиролцож эвлэрэх саналтай байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00906 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн дугаар зүйлийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Авирмэдийн А.М РД:/ХВ49052511/-аас үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүү 33 676 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 448 300 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг нийт 94 137 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “О И”ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгийн үнэлгээг 55 000 000 төгрөгөөр тохиролцсон болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.М төлбөр төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах, Ү-2206006656 улсын бүртгэлийн дугаартай, 00050183 тоот гэрчилгээтэй, 122.5 м.кв 4 өрөө орон сууц, зогсоолын 51 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 812 888 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 628 639 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ”О И”ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1560 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00906дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 94 137 800 төгрөг гэснийг 93 695 800 төгрөг гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад 628 639 төгрөг гэснийг 626 429 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.М хяналтын гомдолдоо: Магадлалд хариуцагч А.М би гомдолтой байна. Учир нь: давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, ашгийг хамгаалсан талуудын тэгш байдлыг хангаж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 4-р зүйлийн 4.1 заалтыг зөрчсөн байдаг. Мөн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 40-р зүйлийн 40.2 заалтыг зөрчин хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлэхгүй зөвхөн нэхэмжлэгчийн шаардсан шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг шийдвэрлэсэн. Үүнд: “О И”ББСБ-тэй, А.М би 2016 оны 12 сарын 01-ний өдөр 55 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.9%-ийн хүү төлөх болзолтой зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргийн дагуу А.М би 2017 оны 3 сарын 01-нд 55 000 000 төгрөгний 3 сарын хүү /1 сарын хүү 2 145 000 төгрөг/ 6 435 000 төгрөг, 2017 оны 3 сараас 01-нээс 2018 оны 3 сарын 16 хүртэл 12 сар 15 хоногийн хүү 12.15 үржих нь 2 145 000 төгрөг тэнцүү 26 061 750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 061 750 төгрөгийг үржих нь 20% тэнцүү 5 212 350 төгрөг. Нийт үндсэн зээл 55 000 000 төгрөг, хугацаа хэтрээгүй хүү 6 435 000 нэмэх хугацаа хэтэрсэн хүү 26 061 750 төгрөг, нэмэх хугацаа хэтэрсэн хүүний нэмэгдүүлсэн хүү 5 212 000 төгрөг 92 137 800 төгрөг үүрэгтэй байдаг, гэтэл давж заалдах шатны шүүх 2 000 000 төгрөг илүү гаргуулж байгаад гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хянах хэсэгтээ ойлгомжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч  тэр нь үндсэн зээл хүү, алдангийн аль хэсгээс хасч байгаа нь ойлгомжгүй, хоёрдмол утгатай байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “О И”ББСБ ХХК нь хариуцагч А.Мт холбогдуулан үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүүд 33 676 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5 448 300 төгрөг, нотариатын зардалд 13 000 төгрөг, нийт 94 137 800 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг даалгах, барьцааны хөрөнгийн үнэлгээг 55 000 000 төгрөгөөр тохиролцсон болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нь “85 552 755 төгрөгийн хэмжээнд эвлэрэх саналтай, эхнэрийн эмчилгээнд бүтэн жилийн тэтгэвэрээ зарцуулсан, санхүүгийн боломж муутай байна” гэсэн тайлбарыг гаргасан байна. 

Анхан шатны шүүх хариуцагчаас 94 137 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 93 695 800 төгрөгийг гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээ, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэрийн үр дагавар зэрэг эрх зүйн асуудлаар Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болсон байна. Иймд 2 000 000 төгрөгийг илүү тооцсон гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр хүлээсэн талуудын үүргийн талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, 166 дугаар зүйлийн 166.1, 175 дугаар зүйлийн 175.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасан зохицуулалтад нийцсэн дүгнэлтийг хийсэн байна.

Хариуцагч нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 51 тоот 4 өрөө орон сууц, 18 м.кв талбай бүхий автозогсоолыг барьцаалж, зээлийн гэрээний дагуу 55 000 000 төгрөгийг, сарын 3.9 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан боловч буцааж төлөлт хийгээгүй байна. “О И”ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд тул зээлдэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан тул нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ зээлийн тооцооллыг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаагаар бодсон нь хуульд нийцээгүй тул давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөр тооцсноос гадна нотариатын зардлыг хангах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээ хязгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн эсвэл багасгасан, нэхэмжлэлээсээ татгалзсан үеэр тодорхойлогддог тул давж заалдах шатны шүүх энэ талаар зөвтгөсөн нь үндэслэлтэй.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1560 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА