| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2020/0144/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 150
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Л.М,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Л-ын М-д холбогдох 2028000000169 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................ оны ........... дугаар сарын ...............-ний өдөр Өмнөговь аймгийн ....................... суманд төрсөн, ............... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ....................................................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овгийн Л-ын М, регистрийн дугаар ................................,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Л.М нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны орой 24 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг ................................ тоотод Э.Т-тай маргалдан, толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.М-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хадмын талын хөгшин болох Ц эгчийн гэрийг М ах, Тү, Э нарын хамтаар гэр бариад орой дуусаад бид нар нийлээд 2 шил архи хуваагаад ууцгаасан. Архи дууссан, би гэр рүүгээ харьсан. Гэрт очиход найз Аынх руу яваад тэднийхээс 1 том пиво аваад буцаад М ахынд очтол тэр хэд явах гэж байсан. Тэнд нөгөө пивио уучхаад харих гэхэд М ах гадаа машинд сууж байхаар нь би машинд нь суусан чинь М ах намайг машинаас буу гээд уурласан. Жаахан маргалдчихаад гэр рүү орох гээд явж байтал араас М ах ирээд толгойн ар тал руу цохьсон. М ах миний толгойн ар хэсэг рүү чулуугаар цохьсон, шөнийн 23 цагаас 24 цагийн үед болсон. Тэгээд би гэр рүү орохоос өмнө манайхаас дээш Э гээд таньдаг хуурай ах байдаг, тэднийд очоод толгойн ар хэсгийн цусаа угаачихаад гэр рүү очтол эхнэр цагдаа руу дуудлага өгсөн... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас/
Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бид нар хадам ээжийн гэрийг манай хашаанд буюу Баруунсайханы ............. тоотод барьсан. Хадам ээжийн гэрийг Т, Тө бас нэг танихгүй хүн Э гэдэг хүн бас ирсэн. Гэр барьж байхад Т дотор муу байна гээд байсан чинь манай нөхөр 1 шил архи гаргаж өгсөн. Гэр барьж дуусаад Т, Э, Тө бас нэг танихгүй хүн тэгээд манай нөхөр М нар архи ууцгаасан. Манай гэрт 0.75, 0.5 граммын “Ерөөл” архи уугаад архи нь дуусахад Т ганцаараа гараад явсан. Хэсэг хугацааны дараа Т эргээд нэг 2.5 граммын том савлагаатай пиво бариад ороод ирсэн. Гэрт орж ирээд нөгөө пивоо задлаад манай хүнд өгсөн. Тэгсэн манай хүн пиво уухгүй гэсэн чинь манай нөхрийг залуу хүүхэнтэй уулздаг гэх мэтээр янз бүрийн юм яриад байсан. Тэгж байгаад тэд нар гэрээс гарцгаасан. Би гэрт байж байгаад хэсэг хугацааны дараагаар гэрээс гараад ирсэн чинь хашааны гадаа манай нөхөр байгаа бололтой чимээ нь гарч байсан. Би хашаанаас гараад ирсэн чинь Т манай хүнийг газар хүчтэй унагаасан. Тэгэхээр нь би Тд чи настай хүнийг газар унагаагаад гар хөлийг нь хугалчихав гэж хэлсэн. М гайгүй босоод ирэхээр нь би буцаад гэр рүү орсон. Намайг гэр рүү ороход Т хашааны урдуур дээшээ алхаж байсан, би гэр рүү ороод удаагүй байхад М араас ороод ирсэн. Гэрт орж ирээд М миний шүд байхгүй байна гэхээр нь би гэрээс гараад хайсан чинь олдохгүй байсан. Т дээр очоод ганцаараа сууж байсан, би гэр рүү орж гар чийдэн аваад гараад ирэхэд Т дээшээ явж байсан. Би чийдэн тусгаад Мын шүдийг олоод гэртээ орж амарсан. Бид хоёр гэртээ унтаж байхад цагдаа ирээд манай хүнийг аваад явсан... Т, Мыг 1 удаа газар унагаасан. Түүний дараагаар нь М, Т-ыг араас нь очиж чулуугаар цохьсон гэсэн. М, Т-ыг чулуугаар цохиж байхыг хараагүй, Маас сонссон.” /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/
Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 07 цагт ажилдаа гараад явсан. Гэрт миний нөхөр Т манай охин Эн хоёр үлдсэн. Орой ажлаасаа 19 цагт тараад ирэхэд нөхөр Т гэртээ байхгүй байсан. Тэгсэн 20 цаг өнгөрч байхад Т архи уучихсан халамцуу орж ирсэн. Гэртээ хоол ундаа идэж амарч байгаад 23 цагийн үед би айлд очоод ирье гээд гараад явсан. Тэгээд эргээд 00 цаг өнгөрч байхад толгойгоо хагалуулчихсан цусаа гоожуулсан байдалтай гэртээ орж ирсэн. Яасан бэ гэхэд М намайг чулуугаар цохьчихлоо гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгсөн дараагаар нь эмнэлэгт дуудлага өгсөн чинь эмнэлэг аваад ир гэсэн. Эмнэлэг дээр очиход Т-н толгойд 2 оёдол тавьсан, ийм зүйл болсон.” /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/
Шүүгдэгч Л.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би болон Т, Тө, Га, Э, манай эхнэр Н бид нар 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай ээжийн гэрийг манай хашаанд буюу Баруунсайханы ............. тоотод барьсан. Ээжийн гэрийг бариад орой 17 цагийн орчимд дууссан. Би гэрт байсан 0.75, 0.5 граммын Ерөөл архи байснаа тэд нарт гаргаж өгөөд Т, Тө, Га, Э бид 5 хувааж уусан. Архи дуусах үед Э яваад өгсөн, араас нь Т бас яваад өгсөн. Га, Тө бид гурав юм ярьж сууж байгаад тарах гэж байхад Т гаднаас 2.5 граммын том савлагаатай пиво бариад ороод ирсэн. Гэрт орж ирээд нөгөө пивоо задлаад аягалаад надад өгөхөөр нь би пиво уухгүй гэсэн чинь би танай дүүд хөөгдчихлөө чи яахаараа пиво уудаггүй юм бэ, залуу хадагтайтай болсон хүн гэх мэтээр хэл амаар өдөөд байсан. Тэгэхээр нь би пиво уухгүй гэсний төлөө чи юундаа намайг өдөөд байгаа юм бэ гэж хэлсэн. Бид хоёр гэрт хэсэг ам мурийж хэрэлдсэн. Тэгж байхад манай эхнэр гарч хэрүүлээ хий гэж хэлсэн. Гэрт байсан Тө, Га, Т бид дөрөв гэрээс гараад хашааны гадаа байсан өөрийн машиндаа ороод суухад Т хажууд орж ирээд суусан. Тэр үед Тө, Га хоёр яваад өгсөн. Би Т-ыг машинаас буу гэсэн буухгүй байхаар нь би машинаас бууж очоод гарнаас нь татаад буулгасан чинь Т намайг согтуугаар машин унах гээд байна гээд байсан. Тд би машин унахгүй одоо ийш, тийшээ явахгүй гэж хэлээд эргэхэд Т намайг түлхээд унагасан. Би газар унахдаа нуруугаараа их эвгүй унасан. Т намайг унагаачихаад цаашаа алхаад явахаар нь уур хүрээд босож ирээд газраас юм хайсан чинь гарт нэг жижиг чулуу баригдахаар нь нөгөө чулууг барьж очоод Т-ын араас толгой руу нь нэг удаа цохиж авсан. Тэгсэн Т газар суучихаар нь би яваад хашаа руугаа ороод гэртээ ороод амарсан. Гэртээ унтаж байхад цагдаа ирээд намайг ирээд аваад эрүүлжүүлэхэд оруулсан.” /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 519 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.Т-ын биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1642 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Л.Маас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Мд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Л.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Л.М нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны орой 24 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Баруунсайханы .................. тоотод Э.Ттай маргалдан, толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Т-ын “...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хадмын талын хөгшин болох Ц эгчийн гэрийг М ах, Тү, Э нарын хамтаар гэр бариад орой дуусаад бид нар нийлээд 2 шил архи хуваагаад ууцгаасан. ...Тэнд нөгөө пивоо уучхаад харих гэхэд М ах гадаа машинд сууж байхаар нь би машинд нь суусан чинь М ах намайг машинаас буу гээд уурласан. Жаахан маргалдчихаад гэр рүү орох гээд явж байтал араас М ах ирээд толгойн ар тал руу цохьсон. М ах миний толгойн ар хэсэг рүү чулуугаар цохьсон, шөнийн 23 цагаас 24 цагийн үед болсон...” /хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас/, гэрч Х.Нн “...Манай гэрт 0.75, 0.5 граммын “Ерөөл” архи уугаад архи нь дуусахад Т ганцаараа гараад явсан. Хэсэг хугацааны дараа Т эргээд нэг 2.5 граммын том савлагаатай пиво бариад ороод ирсэн. Гэрт орж ирээд нөгөө пивоо задлаад манай хүнд өгсөн. Тэгсэн манай хүн пиво уухгүй гэсэн чинь манай нөхрийг залуу хүүхэнтэй уулздаг гэх мэтээр янз бүрийн юм яриад байсан. Тэгж байгаад тэд нар гэрээс гарцгаасан. Би хашаанаас гараад ирсэн чинь Т манай хүнийг газар хүчтэй унагаасан. Тэгэхээр нь би Тд чи настай хүнийг газар унагаагаад гар хөлийг нь хугалчихав гэж хэлсэн. М гайгүй босоод ирэхээр нь би буцаад гэр рүү орсон. Ороод удаагүй байхад М араас орж ирээд миний шүд байхгүй байна гэхээр нь би гэрээс гараад хайсан чинь олдохгүй байсан. Т, Мыг 1 удаа газар унагаасан. Түүний дараагаар нь М, Т-ыг араас нь очиж чулуугаар цохьсон гэсэн. М, Т-ыг чулуугаар цохиж байхыг хараагүй, Маас сонссон.” /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/ гэрч С.Т-гийн “...20 цаг өнгөрч байхад Т архи уучихсан халамцуу орж ирсэн. Гэртээ хоол ундаа идэж амарч байгаад 23 цагийн үед би айлд очоод ирье гээд гараад явсан. Тэгээд эргээд 00 цаг өнгөрч байхад толгойгоо хагалуулчихсан цусаа гоожуулсан байдалтай гэртээ орж ирсэн. Яасан бэ гэхэд М намайг чулуугаар цохьчихлоо гэж хэлсэн. Эмнэлэг дээр очиход Т-ын толгойд 2 оёдол тавьсан...” /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Мын яллагдагчаар өгсөн “...Би Т-ыг машинаас буу гэсэн чинь буухгүй байхаар нь би машинаас бууж очоод гарнаас нь татаад буулгасан чинь Т намайг согтуугаар машин унах гээд байна гээд байсан. Тд би машин унахгүй одоо ийш, тийшээ явахгүй гэж хэлээд эргэхэд Т намайг түлхээд унагасан. Би газар унахдаа нуруугаараа их эвгүй унасан. Т намайг унагаачихаад цаашаа алхаад явахаар нь уур хүрээд босож ирээд газраас юм хайсан чинь гарт нэг жижиг чулуу баригдахаар нь нөгөө чулууг барьж очоод Т-ын араас толгой руу нь нэг удаа цохиж авсан...” /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 519 дугаартай шинжээчийн Э.Т-ын биед зулайн хуйханд шарх бүхийн хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Л.Мын хохирогч Э.Т-ын толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Мыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.М нь хохирогч Э.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүйн дээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар хүсэл зоригоо илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 30,000 төгрөг төлсөн талаар мэдүүлсэн боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч энэ талаар мэдүүлээгүй байх тул шүүгдэгчийг 30,000 төгрөгийн хохирол төлсөн гэж дүгнэлт хийх боломжгүй байна.
Шүүгдэгч Л.Мын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогч нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Л.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Л-ын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.М нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ