| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0100/Э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч
Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Гт холбогдох эрүүгийн 2007002060097 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ............................. ажилладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, .................................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн .......................... дугаартай, ******* овогт Ганболд Г.Г.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чандмань налайх төвийн урд эхнэр Н.Мын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Н.Мтай 2012 танилцаж 2013 оны 08 сард гэр бүл болсон. Бид дундаасаа 4 хүүхэдтэй гэрлэлтийн баталгаа байхгүй 2020 оны 05 сарын 02-нд 18 цаг өнгөрч байхад манай эхнэр Н.М надруу согтуу залгаад ирээд авчих би айлд байна гэсэн... бид 2 маргалдаж байгаад Н.Мыг алгадсан. Надруу дайрахаар нь би түлхсэн чинь нүүрээрээ газар уначихсан. Н.М босож ирэхдээ нүүр нь хавдчихсан байсан. Цагдаа ирээд бид 2-ыг машиндаа суулгаад аваад явсан ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Н.Мтай 2012 онд танилцаж 2013 оны 08 сард гэр бүл болсон. Бид дундаасаа 4 хүүхэдтэй гэрлэлтийн баталгаа байхгүй 2020 оны 05 сарын 02-нд 18 цаг өнгөрч байхад манай эхнэр Н.М надруу согтуу залгаад ирээд авчих би айлд байна гэсэн... бид 2 маргалдаж байгаад Н.Мыг алгадсан. Надруу дайрахаар нь би түлхсэн чинь нүүрээрээ газар уначихсан. Н.М босож ирэхдээ нүүр нь хавдчихсан байсан.
Цагдаа ирээд бид 2-ыг машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 45-48 дугаар хуудас/
Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.Г хүнтэй 2012 онд танилцаад 2013 онд гэр бүл болж хамтран амьдарч дундаасаа 4 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаагүй. 2020 оны 4 сарын 29-ний өдөр муудалцаад эмээгийндээ очсон. 2020 оны 05 сарын 02-ны өдөр ...хамаатныхаа *******тай таараад гэрлүү нь хамт явсан. ******* 1 том пиво дэлгүүрээс авсныг гэрт нь бид хоёр хувааж уусан. Г.Г залгасан байхаар нь залгсан чинь хаана байна гэсэн. Тэгээд *******гын гэрийг заалгаад ирсэн. Ирчихээд хардаад маргалдсан. Тэгээд манай хамаатан гэдгийг мэдээд хардахаа больсон. ...Бид хоёр *******гийнхаас гараад Г.Гын найз *******гийн дугуй засвар дээр ирсэн....Тэгээд явъя гэхэд чи манай ээжээс уучлалт гуйх ёстой гэхээр нь би “чи миний ааваас уучлалт гуй” гээд бид хоёр маргасан. ******* өөрсдөө учраа ол гээд машиндаа суугаад яваад өгсөн. Бид хоёр маргалдаад хэрэлдэж байхдаа Г.Г намайг гараараа түлхсэн. Би уурлаад түлхэх гэж байгаад газар унасан. Босоод ирэнгүүт Г.Г миний зүүн талын хацар луу цохиход би нүүрээрээ газар унасан. Босоход миний зүүн хацар хавдчихсан байсан. Маргалдаад зогсож байсан чинь цагдаа нар ирээд Г.Гыг барьсан... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-13 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн №8 ШЭ/299 дугаар:”... Н.Мын биед нүүр, баруун өвдгөнд цус хуралт, зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны дугаар сарын 02-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чандмань налайх төвийн урд эхнэр Н.Мтай эцэг, эхийн харилцаанаас болж маргалдаж байхдаа нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох: Шүүгдэгч Г.Гын өгсөн: “... бид 2 маргалдаж байгаад Н.Мыг алгадсан. Надруу дайрахаар нь би түлхсэн чинь нүүрээрээ газар уначихсан. Н.М босож ирэхдээ нүүр нь хавдчихсан байсан. Цагдаа ирээд бид 2-ыг машиндаа суулгаад аваад явсан...гэх, Хохирогч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бид хоёр маргалдаад хэрэлдэж байхдаа Г.Г намайг гараараа түлхсэн. Би уурлаад түлхэх гэж байгаад газар унасан. Босоод ирэнгүүт Г.Г миний зүүн талын хацар луу цохиход би нүүрээрээ газар унасан. Босоход миний зүүн хацар хавдчихсан байсан..” гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8 шэ/299 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Гт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл
оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Г холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан үндэслэлд нийцсэн, шүүгдэгч Г.Г нь тухайн хэргийг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох
ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД