Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 943

 

 

 

 

 

 

   2020          10              27                                       2020/ШЦТ/943

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч П.Энхболд,

хохирогч Э.Э-,

хохирогч Б.М-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Ч.Энхбаяр,

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

гэрч П.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г  овогт Д-ын О, Ж овогт Ч-ын Э нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Эзэн Од” ХХК-д захирал ажилтай, “.../, Г  овогт Д-ын О,

Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ...../, Ж овогт Ч-ын Э.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь “Тоёота марк икс” маркийн **-** улсын дугаартай автомашиныг хохирогч Э.Э-эд 9.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 8.820.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч уг автомашинаа “Тайкун” ХХК-ийн Банк бус санхүүгийн байгууллагын зээлээс чөлөөлж өгөлгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилсан,

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.М-т “тендерийн эрх авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкинд хамтран эзэмших дундын ... дугаартай данс нээж 47.000.000 төгрөг байршуулсан боловч мөнгийг нь авчир гэж байна гэж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 17.000.000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр хурууны хээгээр үйлчилдэг койсик машинаар 29.677.000 төгрөгийг гарган авч залилсан,

 

Шүүгдэгч Ч.Э нь Д.Отэй бүлэглэн Харилцаа холбоо мэдээлэл, технологийн газраас зарласан тендерт шалгаруулж өгнө гэж хуурч, материал бүрдүүлэн авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.М-оос 47.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ:

“...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Э.Э-ийг хохироосон үйлдэлдээ маргахгүй. Э.Э-эд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Би С гэх хүнд сүүлийн нэг сарын түрээсийн мөнгө төлөх байсан. Гэтэл Э-ээс над руу шилжүүлсэн мөнгөнөөс С байрны түрээсийн 400.000 төгрөг, зээлийн 100.000 төгрөг, нийт 500.000 төгрөгийг авсан байдаг. Гэхдээ С одоо тухайн мөнгийг төлөх боломжгүй байх. Иймд би уг 500.000 төгрөгийг Э.Э-эд төлж барагдуулах болно. ...Харин би тендер гаргах эрхтэй хүн биш. Б.М- гэх залуутай холбогдоод манай ах төрийн байгууллагад ажилладаг гээд Ч.Э ахыг тендер гаргаж өгдөг хүн, ямар ч тендерийг гаргадаг, би туслах нь байгаа юм гэж хэлээд танилцуулсан. Б.М- хэд хоногийн дараа залгаад, наад тендер чинь ашигтай тендер байна, би оролцъё, ямар шалгуур тавьж байна гэж хэлэхээр нь Ч.Эаас асуутал Төв аймгийн харилцаа холбооны 47.000.000 төгрөгийн тендерт оруулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би М-т тэр талаар хэлэхэд Ч.Э ах 1 хувийг нь дундын дансанд байршуул гэж хэлсэн. Б.М-т энэ талаар хэлэхэд дундын данс нээж 1 хувийг байршуулаад наад тендерт чинь оръё гэж хэлсэн. Дундын дансанд мөнгө байршуулсан мөнгөний баримтыг Ч.Эад очиж үзүүлээд ажил нь бүтнэ биз дээ гэхэд бүтнэ асуудалгүй, манайд тендерийн хорооны 3 томчуудын нэг нь байгаа, би ямар ч тендерийг гаргачихдаг, чи юу яриад байгаа юм гэж хэлсэн. Хэд хоногийн дараа мөнгө авчирч өгөх хэрэгтэй байна, тендерийн хорооныхонд мөнгө өгч байж ийм зүйл хийнэ, тэгэхгүй бол болохгүй гэж Ч.Э хэлсэн. М-т би утсаар хэлэхэд би чамд зээлүүлье гээд нотариатаар орсон. Ингээд 17.000.000 төгрөгийг би тэр өдрийнхөө орой Ч.Э ахад бэлнээр өгсөн. Ч.Э энэ мөнгийг тендерийн хорооны хүмүүст бэлнээр тарааж өгч байж бичиг баримтаа өгдөг, тэгэхгүй бол болдоггүй юм гэж хэлсэн. Тэрнээс хойш их удсан. Ч.Э ахаас болж байна уу гэж асуухад 3.8 тэрбумын Говь-Алтай аймгийн сум дундын тендер болсон гэж хэлэхээр нь би Б.М-т хэлсэн чинь болно, бодож үзэхэд ашигтай юм байна, наад тендерт чинь орох гээд бэлдсэн байна гэж хэлсэн. М-той ярих уу гэж Ч.Эаас асуухад болоогүй, гэрээ хийхдээ шууд уулзана,  заавал уулзах шаардлагагүй гэж хэлсэн. Тэгээд 11 дүгээр сарын сүүлээр маргааш гэрээ хийлээ гэж хэлсэн. Гэтэл тэр үед П.С гэх нэртэй нэг эмэгтэй гарч ирсэн. Ямар учиртай хүн бэ гэхэд Харилцаа холбооны газарт төрийн байгууллагад ажилладаг хүн байгаа юм, тендер зохицуулж байгаа гол хүн гэж Ч.Э хэлсэн. Би тэр эмэгтэйн утасны дугаарыг мэднэ. Нэг удаа Ч.Эын ажлын өрөөнд бүдүүн эмэгтэй хүнтэй зөрж байсан. Хэн гэдгийг нь мэдээгүй. Сүүлд нь бодоход П.С гэх хүн байсан байна. П.С надтай утсаар ярьж, компани тендерт орж байна гэдэг зүйл хэлж байсан. Түүнээс П.С гэх хүнтэй би уулзаж байгаагүй. Мөнгө авах болоход наад компаний чинь гэрээ хийгдсэн, мөнгөө татаж ав, Д.Оээ наад мөнгө чинь чиний хувь шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би баярлаад тэр мөнгийг авсан. Тухайн үед миний хүнд итгэсэн болгоомжгүй үйлдлээс болж хүн хохироож, залилаад энд зогсож байна. Их гэмшиж байна. Тэр мөнгийг өөрийнхөө дансанд шилжүүлж авсан тул би буруутай болсон байна. Өөрийнхөө гэм бурууг маш сайн ойлгож байна гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: “...Д.О энэ хэргийг намайг зохион байгуулсан, хамтран оролцсон гэх мэтээр гүтгэж байна. С гэдэг дүүгийн маань найз Д.О манай ажлын газарт 2 удаа ирж байсан. Д.О Б.М-ыг хохироосон талаар би Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очоод анх мэдсэн. Д.О, С бид нар тухайн үед ажил хэргийн шугамаар уулзаж байсан. Д.О анх ирээд нээлттэй тендер байна, та барилгын хүн, төсөв нь ямар байна хараад өг гэж хэлэхээр нь харчихаад өөрөө 5 жил барилгын үйл ажиллагаа эрхэлсэн хүний хувьд боломжийн юм байна гэж хэлсэн. Энэ хэрэгт надад ямар ч оролцоо байхгүй. Д.О тухайн үед 10.000.000 төгрөг барьчихсан ийм компани тендерт оролцуулах гэсэн юм, ямар нэгэн арга байна уу гэж ирсэн. Би чадахгүй юм байна гэж хэлээд 10.000.000 төгрөгийг нь буцаагаад Д.Оийн данс руу шилжүүлсэн. Д.О намайг 17.000.000 төгрөг авсан мэтээр гүтгэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Д.О мэдүүлэхдээ Ч.Э ахаас 10.000.000 төгрөг аваагүй гэж хэлсэн байдаг...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э- мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 4.000.000 төгрөгийг С-ийн данс руу шилжүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай ах О 4.300.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 220.000 төгрөгийг би өөрийн данснаас мөн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус Д.Оийн дансанд хийсэн. Нийт 8.820.000 төгрөг шилжүүлсэн. Нийт шилжүүлсэн мөнгөнөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөгийг буцааж авсан. Одоо 8.320.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Анх манай ажлын газрын хүн болох Д.Оийн дүү С- нь хямдхан машин зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныг нь үзье гэж хэлсэн. Машинаа 9.000.000 төгрөгөөр зарна гэж хэлээд удалгүй 9.300.000 төгрөгөөр зарахаар болсон гэж хэлсэн. Би ахдаа хэлж байгаад зээл авч Д.Оийн машиныг авсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.С мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгч нарыг танихгүй. Д.Оийг шүүх дээр анх удаа харж байна... Би Д.От харилцаа холбооны газар ажилладаг гэж хэлээгүй. Би одоо барж байгаа утасны дугаараа 16 жил барьж байна, утасны дугаараа нэг ч удаа сольж байгаагүй. Би Б.М- гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй... мөн Харилцаа холбооны газраас зарласан гэх тендерийн талаар мэдэхгүй. Ч.Э-ын төрсөн эх, манай хадам эх хоёр найзын харилцаатай. Надад Ч.Этай тендерийн асуудлаар хамтран ажилласан зүйл байхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Хохирогч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажлын залуу С- надаас машин авах уу, хямд машин зарах гэсэн юм, манай эхнэрийн эгчид мөнгөний хэрэг гараад машинаа хямдхан зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Би машиныг үзээд авахаар болоод машины эзэн гэх Оийн утсаар ярихад 9.000.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Ер нь бол С- надад уг машинаа 9.300.000 төгрөгөөр зарах гэж байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд би эхний ээлжинд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5018479688 дугаартай данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 4.300.000 төгрөгийг С-ийн данс руу 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Оаас машины төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Мөн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн данснаас Оийн ХААН банкны данс руу нь 220.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 2019 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр 300.000 төгрөгийг Оийн данс руу шилжүүлэн өгсөн. Бусад мөнгөө ахынхаа данснаас шилжүүлсэн. Би анх машин худалдаж авчихаад С-ийг унах машингүй гэхээр нь машиныг унуулаад хэд хоногийн дараа өөрөө аваад машины бичиг баримтыг үзэхэд “Тайкун” гэх банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байхаар нь би О рүү залгаад ямар учиртай банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжсэн байгаа юм бэ, миний нэр дээр шилжүүлж өг гэж хэлэхэд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны дотор торгуулийг нь төлж барагдуулчихаад нэр дээр чинь шилжүүлж өгнө гээд хувь хүний гараар бичсэн гэрээ хийж гарын үсгийг нь зуруулж авсан. Тэгээд энэ өдрөөс хойш О алга болоод би нөгөө машиныг нь унаад явж байтал банк бус санхүүгийн байгууллагын ажилчид ирээд наад машиныг чинь удаан хайж байна, наад машин чинь манай банк бус дээр зээлийн гэрээгээр барьцаанд байгаа гээд тухайн машиныг авч явсан. Би нийт 8.820.000 төгрөгийг О, С- нарын данс руу шилжүүлсэн ба үүнээс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Оээс 500.000 төгрөг буцааж авсан, одоо Оээс 8.320.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16, 2-р хх-ийн 222-рт/,

 

гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Э- машин авах гэж байгаа мөнгө байвал зээлээч гэж хэлсэн. Ингээд би дүүдээ 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Э-ийн данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь уг машиныг унаад явж байтал 2 залуу ирээд энэ машин манай банк бус санхүүгийн байгууллагад өртэй, машины эзэн нь зээлээ төлөхгүй 6 cap худлаа хэлээд явж байгаа гэж хэлэхээр нь гэрчилгээг нь үзэхэд банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Би уг асуудлыг дүүдээ хэлээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-рт/,

 

гэрч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О манай байрны хажуу өрөөг 300.000 төгрөгөөр түрээслэн амьдардаг байсан. О түрээсийн мөнгөө өгч чадахгүй байхаар нь би түрээсийн мөнгөө өгч чадахгүй бол өрөө суллаж өгөөрэй, өөр хүн оруулна гэж хэлэхэд удахгүй мөнгийг нь өгнө, машинаа зарах гэж байгаа гээд 7 хоног өнгөрсөн. Тэгээд дахиад мөнгөө нэхэхэд миний машиныг ченж нар хямд авах гээд байна, өөр авах хүн байхгүй байна, түр хүлээж бай гэж хэлэхээр нь байрныхаа түрээсийн мөнгийг гаргаж авах гээд машин авах хүн байгааг сураглахад Э- ямар машин байгаа талаар асуугаад Оийн машиныг нь үзэхээр болсон. Тэгээд би От машиныг чинь манай ажлын залуу сонирхож байна, хэдэн төгрөгөөр зарах вэ гэхэд 9.000.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би Э-эд машины үнэ дээр 300.000 төгрөг нэмээд 9.300.0000 төгрөгөөр зарна гэж байна гэж хэлсэн. Э- эхний ээлжинд миний данс руу 4.000.000 төгрөг, дараа нь 4.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр нь би Оийн данс руу хоёр удаагийн шилжүүлгээр 7.900.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 400.000 төгрөгийг Оийн байрны түрээсийн мөнгөнд тооцон авсан...” гэх мэдүүлэг /1р хх-ийн 104-106-рт/,

 

хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ажлынхаа залуу А-оор дамжуулан О гэх эмэгтэйтэй
танилцсан. 2019 оны 09 дүгээр сарын эхээр Отэй уулзахад “манай ах төрийн томоохон албанд ажилладаг, ямар ч төрийн албанд зарлагдсан тендер авах боломжтой, хамтарч тендерт оролцъё мөн цаашид хамтран бизнес хийе гэсэн санал тавьсан. Улмаар төрийн байгууллагын тендерт оролцохын тулд санхүүгийн чадавхаа харуулах баталгаа болгож дансанд мөнгө байршуулах ёстой гэж хэлэхээр нь би хүнээс мөнгө зээлж ХААН банкинд дундын данс үүсгэж 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 47.000.000 төгрөгийг байршуулсан. Түүнээс хойш Оээс өдөр бүр тендерийн асуудал юу болж байна, ямар шатандаа явж байгааг асууж тодруулахад О бүтэж байгаа, удалгүй хариу гарна гэдэг байсан. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дундын дансаа шалгахад О надад мэдэгдэлгүйгээр тухайн дансандах 47.000.000 төгрөгийг өөрийн дансруу шилжүүлэн авсан байсан. Энэ талаар Оээс лавлахад удахгүй бүтнэ, тендерийн мэдэгдэл өгч гэрээ байгуулна гэж дахин худал хэлж хугацаа хожиж байна. Би Оээс нийт 47.000.000 төгрөг нэхэмжилж байна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162, 165-166-рт, 2-р хх-ийн 228-229-рт/,

 

гэрч Б.Шүрэнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өглөө гэртээ унтаж байтал О над руу залгаад намайг хүрээд ирээч гэж хэлэхээр нь би Оийн байгаа зочид буудалд нь очсон. Гэтэл гаднаас М- гэх хүн орж ирээд Отэй уулзаад би мөнгөө авмаар байна, авсан мөнгөө хурдан өг гэж хэлж байсан. М-ыг гараад явсаны дараа Оээс энэ хүн ямар учиртай мөнгө нэхээд байгаа юм бэ гэж асуутал О би энэ М-т нэг ажил бүтээж өгч байгаа юм, тэр нь бараг бүтчихсэн, гэтэл М- надад хугацаа өгөхгүй мөнгөө нэхээд байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-рт/,

 

шүүгдэгч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Э-ээс С-оор дамжуулан эхлээд бэлнээр 3.600.000 төгрөг авсан. Дараа нь С-оос 3.850.000 төгрөгийг С-ийн картыг нь аваад өөрөө АТМ орж бэлнээр гарган авсан. Мөн Э- өөрийн данснаас миний ХААН  банкны 5589026465 дугаарын данс руу 220.000 төгрөг билүү 260.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Мөн С- Э-ээс анх орж ирсэн мөнгөнөөс над руу шилжүүлэхдээ өөрсдөө 400.000 төгрөг авч үлдсэн юм. Мөн дараагийн Э-ээс орж ирсэн мөнгөнөөс байрны түрээсийн мөнгө гэж 150.000 төгрөгийг суутган авч мөнгийг над руу шилжүүлэн өгсөн. Ингэхээр Э-ээс орж ирсэн мөнгөнөөс С- 550.000 төгрөг авсан. Тэгэхээр би С-оос болон  Э-ээс шууд авсан мөнгө нийлээд 8.010.000 төгрөг болж байна. Би энэ мөнгөнөөс 6.000.000 төгрөгийг үеэл болох Б байр авна гээд урьдчилгаа мөнгө дутаад байна, түр мөнгө зээлээч гэхээр нь бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг нь тухайн Банк бус санхүүгийн байгууллагад 800 гаруй мянган төгрөгийг төлөлтөндөө өгөөд мөн өртэй байсан Сайнаа гэх хүнд 1.150.000 төгрөг өгсөн. Би хохирлоо бүрэн төлж барагдуулна. Би марк Х зио маркийн автомашинаа 13.000.000 төгрөгөөр зарна гэж байсан. Гэтэл С- надад 9.000.000 төгрөгөөр өгчих гэж гуйгаад байхаар нь би учир байдлаа хэлээд мөнгөний хэрэг гарсан байгаа, мөнгөө авчихаад дараа нь нэрээ шилжүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд С-оос эхлээд 3.600.000 төгрөгийг дансаар дараа нь 3.000.000 төгрөгийг мөн 1.200.000 төгрөг авсан. Тэгээд нийт миний данс руу 7.800.000 төгрөг орсон. Энэ мөнгийг би банк бус санхүүгийн байгууллагад 890.000 төгрөгийг зээлийн төлбөр гэж төлсөн. Тэгээд өрнүүдээ төлсөн, хамаатныхаа Бүдээ гэх залууд нийт 6.000.000 төгрөг өгсөн. С- надаас байрны түрээсийн мөнгө гэж 150.000 төгрөг авах ёстой байсан. Би С-оос авсан мөнгөнөөс банк бус санхүүгийн зээлнээсээ 890.000 төгрөг болох сар хагасын төлбөрийг өгсөн. Би машинаа 4 сард банк бусын өрийг дарчихаад машиныхаа нэрийг шилжүүлж өгье гэж тохирсон байсан. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу М-той гэрээ хийсэн өдрөө Эад 47.000.000 төгрөг өгсөн. Намайг Эын өрөөнд байж байхад Э иймэрхүү мэдээлэл гарна гэж хэлээд компьютераасаа уг мэдээллийг хэвлэж гаргаж ирээд зургийг нь дараад М-руу явуулчих гэж хэлсэн учир зургийг нь гар утсан дээрээ аваад М-руу чатаар явуулсан. Э надад тендер шалгаруулах эрх бүхий албан тушаалтан гэж хэлсэн учир би итгэсэн. Э надад тендерийн ажил хөөцөлдөхөд мөнгө хэрэг болно гээд 17.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Би М-т учруулсан хохирол төлж барагдуулах болно. Би М-оос авсан 47.000.000 төгрөгийн 17.000.000 төгрөгийг Эад өгсөн ба өөрөө 30.000.000 төгрөгийг өөрийн өрөө дарж, амьдрал ахуйдаа зарцуулсан. Э анх надад тендерт оролцох компани олоод өг, олоод ирвэл үнийн дүнгийн 1 хувийг нь чамд өгнө гэж хэлсэн. Иймд М-той холбогдож Этай холбож өгсөн. Тэгээд тендерийн ажил бүтсэн энэ дансанд байгаа мөнгийг чи ав гэсэн учир үнийн дүнгийн 1 хувь гэж бодож 29.670.000 төгрөг авсан. М-т 17.000.000 төгрөгийн барьцаанд Ланд крузер 80 маркийн авто машин өгсөн. Тухайн машины эзэн нь миний үеэл дүү Б гэх хүний автомашин юм... Миний хувьд хүн залилсан зүйл байхгүй, хүний ажил бүтээж өгөөд хөлсөө авсан гэж бодож байна. Э над руу залгаад уулзъя гээд наад хэргээ үүрчих тэгэхгүй бол хоёулаа болвол ял нэмэгдэнэ гэсэн зүйл яриад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18, 2-р хх-ийн 231-232, 3-р хх-ийн 49-50-рт/,

 

шүүгдэгч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М- гэх хүнийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр л анх харсан. Тухайн үед би М- гэдэг  хүнээс мөнгө аваагүй гэдгээ хэлсэн... Бид хоёр хамт ажил бүтээгээд хамтарч ажилласан асуудал байхгүй. Утсаар ярьж байсан. Д.О Өмнөговь аймгийнх учир уурхайн барилгын кемпийн ажил олж өгч чадах уу гэж асууж ярьж байсан. Мөн хотод Оийн 2 найз нь сэндвичен байшин бариулна гэж ярьж байсан. Тэгээд үнэ хөлс дээрээ тохироогүй учир больж байсан. Тэр үед л утсаар холбогдож байсан. Би М- гэх хүнд тендерийн ажил хөөцөлдөж өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 41-42-рт/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 207, 223, -рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 46-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 201-рт/,

- хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1-р хх-ийн 210-212-рт/,

- тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 49-рт/ болон хэрэгт

цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Ч.Энхбаяр “...Хохирогч Э.Э- худалдаж авсан машинаа Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан эсэхийг мэдээгүй, бичиг баримтыг нь үзээгүй авснаас болж мөнгөө шилжүүлсэн байдаг. Машин бусдын эзэмшилд байсан гэдгийг мөн анхнаасаа эрхийн зөрчилтэй байсан эсэхийг мэдэх боломжтой байсан. Гэвч энэ асуудлыг тогтоогоогүй. Үүнийг тогтоосноор гэм буруу, гэмт хэргийн сэдэлтийг тогтоох, эрх зүйн дүгнэлт хийх байсан. Д.Оийн хувьд машиныг худалдаж борлуулчихаад мөнгийг нь буцааж өгөхгүй гэх залилах санаа зорилго огт байгаагүй. Иймд Д.Оийг цагаатгах нь зүйтэй...” гэх санал, 

 

Шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг улсын яллагч зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Оийн мэдүүлгийг үндэслээд Ч.Эыг энэ хэрэгт яллагдагчаар татсан нь шүүгдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, 16.3 дугаар зүйлийн 3-т “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасан. Иймд яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болж үнэлэгдэхгүй. Мөн Д.О үнэн, худал ярьж байгаа нь тогтоогдохгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Энэ хэргийн хувьд Ч.Э хохирогчийн өмчлөх эрхэд яаж халдаж байгаа нь ойлгомжгүй байгаа. 17.000.000 төгрөгийг Ч.Эад бэлнээр өгсөн гэдэг боловч яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолд 47.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж тусгагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодорхой тогтоосон байхыг заасан. Иймд Ч.Эыг гэм буруугүйд тооцно уу...” гэх санал, хүсэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгч Д.Оийг “Тоёота марк икс” маркийн *** УБО улсын дугаартай автомашиныг хохирогч Э.Э-эд 9.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 8.820.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч уг автомашинаа “Тайкун” ХХК-ийн Банк бус санхүүгийн байгууллагын зээлээс чөлөөлж өгөлгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилсан,

Мөн шүүгдэгч Ч.Этай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Б.М-т “тендерийн эрх авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкинд хамтран эзэмших дундын ... дугаартай данс нээж 47.000.000 төгрөг байршуулсан боловч мөнгийг нь авчир гэж байна гэж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 17.000.000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр хурууны хээгээр үйлчилдэг “койсик” машинаар 29.677.000 төгрөгийг гарган авч залилах гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Ч.Эыг шүүгдэгч Д.Отэй бүлэглэн Харилцаа холбоо мэдээлэл, технологийн газраас зарласан тендерт шалгаруулж өгнө гэж хуурч, материал бүрдүүлэн авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.М-оос 47.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нараас гаргасан шүүгдэгч нарыг гэм буруугүйд тус тус тооцуулах тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг. Мөн бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд залилах гэмт хэргийн арга нь хуурах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Тухайн хэрэгт шүүгдэгч Д.О нь “Тоёота марк икс” маркийн *** УБО улсын дугаартай автомашиныг хохирогч Э.Э-эд 9.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 8.820.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч уг автомашинаа “Тайкун” ХХК-ийн Банк бус санхүүгийн байгууллагын зээлээс чөлөөлж өгөлгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Оийн “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Э.Э-ийг хохироосон үйлдэлдээ маргахгүй. Э.Э-эд хохирлоо төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлгээр, хохирогч Э.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Д.От шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж байна, хохирлоо төлвөл гомдолгүй” гэх мэдүүлгээр, гэрч Б.Оын  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...уг машиныг унаад явж байтал хоёр залуу ирээд энэ машин манай банк бус санхүүгийн байгууллагад өртэй, машины эзэн нь зээлээ төлөхгүй 6 cap худлаа хэлээд явж байгаа гэж хэлэхээр нь гэрчилгээг нь үзэхэд банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан...” гэх мэдүүлгээр,   

шүүгдэгч Ч.Этай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.М-т “тендерийн эрх авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкинд хамтран эзэмших дундын ... дугаартай данс нээж 47.000.000 төгрөг байршуулсан боловч мөнгийг нь авчир гэж байна гэж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 17.000.000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр хурууны хээгээр үйлчилдэг “койсик” машинаар 29.677.000 төгрөгийг гарган авч залилсан болох нь шүүгдэгч Д.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “би тендер гаргах эрхтэй хүн биш. Тухайн үед миний хүнд итгэсэн болгоомжгүй үйлдлээс болж хүн хохироож, залилсан. Их гэмшиж байна. Тэр мөнгийг өөрийнхөө дансанд шилжүүлж авсан тул би буруутай болсон байна. Өөрийнхөө гэм бурууг маш сайн ойлгож байна... гэх мэдүүлгээр, хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын эхээр Отэй уулзахад “манай ах төрийн томоохон албанд ажилладаг, ямар ч төрийн албанд зарлагдсан тендер авах боломжтой... гэсэн санал тавьсан. Улмаар төрийн байгууллагын тендерт оролцохын тулд санхүүгийн чадавхаа харуулах баталгаа болгож дансанд мөнгө байршуулах ёстой гэж хэлэхээр нь би дундын данс үүсгэж 47.000.000 төгрөгийг байршуулсан. Түүнээс хойш Оээс өдөр бүр тендерийн асуудал юу болж байна, ямар шатандаа явж байгааг асууж тодруулахад О бүтэж байгаа, удалгүй хариу гарна гэдэг байсан. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дундын дансаа шалгахад О надад мэдэгдэлгүйгээр тухайн дансандах 47.000.000 төгрөгийг өөрийн дансруу шилжүүлэн авсан байсан. Энэ талаар Оээс лавлахад удахгүй бүтнэ, тендерийн мэдэгдэл өгч гэрээ байгуулна гэж дахин худал хэлсэн. Би Оээс нийт 47.000.000 төгрөг нэхэмжилж байна, гомдолтой байна...” гэх мэдүүлгээр, гэрч Б.Шүрэнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М- гэх хүн Отэй уулзаад би мөнгөө авмаар байна, авсан мөнгөө хурдан өг гэж хэлж байсан. М-ыг гараад явсаны дараа Оээс энэ хүн ямар учиртай мөнгө нэхээд байгаа юм бэ гэж асуутал О би энэ М-т нэг ажил бүтээж өгч байгаа юм, тэр нь бараг бүтчихсэн, гэтэл М- надад хугацаа өгөхгүй мөнгөө нэхээд байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Шүүгдэгч Ч.Э нь шүүгдэгч Д.Отэй бүлэглэн Харилцаа холбоо мэдээлэл, технологийн газраас зарласан тендерт шалгаруулж өгнө гэж хуурч, материал бүрдүүлэн авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.М-оос 17.000.000 төгрөгийг шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...мөнгө авчирч өгөх хэрэгтэй байна, тендерийн хорооныхонд мөнгө өгч байж ийм зүйл хийнэ, тэгэхгүй бол болохгүй гэж Ч.Э хэлсэн. Ингээд 17.000.000 төгрөгийг би тэр өдрийнхөө орой Ч.Э ахад бэлнээр өгсөн. Ч.Э энэ мөнгийг тендерийн хорооны хүмүүст бэлнээр тарааж өгч байж бичиг баримтаа өгдөг, тэгэхгүй бол болдоггүй юм гэж хэлсэн. Тэрнээс хойш их удсан. Ч.Э ахаас болж байна уу гэж асууж байсан... Э надад тендер шалгаруулах эрх бүхий албан тушаалтан гэж хэлсэн учир би итгэсэн. Э надад тендерийн ажил хөөцөлдөхөд мөнгө хэрэг болно гээд 17.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Би М-оос авсан 47.000.000 төгрөгийн 17.000.000 төгрөгийг Эад өгсөн ба өөрөө 30.000.000 төгрөгийг өөрийн өрөө дарж, амьдрал ахуйдаа зарцуулсан. Э анх надад тендерт оролцох компани олоод өг гэж хэлсэн. Тэгээд олоод ирвэл үнийн дүнгийн 1 хувийг нь чамд өгнө гэж хэлсэн. Иймд М-той холбогдож Этай холбож өгсөн” гэх мэдүүлгээр болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутай байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.О, Ч.Э нарын гэмт үйлдэл нь залилах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлон заасан байх бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.О, Ч.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч нарыг тус гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

 

Хохирогч Э.Э-ийн “...Би Д.Оээс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг авсан одоо Д.Оээс 8.320.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16, 2-р хх-ийн 222-рт/, мөн хохирогч Э.Э- шүүх хуралдаанд Д.Оээс 4.500.000 төгрөг хүлээн авсан талаарх баримтыг шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгч Д.Оээс 3.820.000 /гурван сая найман зуун хорин мянган/ төгрөг гаргуулж хохирогч Э.Э-эд, мөн шүүгдэгч Д.О нь хохирогч Б.М-т 3.000.000 төгрөг төлсөн талаарх баримтыг шинээр гаргаж өгсөн тул 36.677.000 /гучин зургаан сая зургаан зуун далан долоон мянган/ төгрөг гаргуулж хохирогч Б.М-т тус тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Э хохирогч Б.М-т 7.000.000 /долоон сая/ төгрөг төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилжээ.

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж,

шүүгдэгч Ч.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож тус тус шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.О нь 6 /зургаан/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Г  овогт Д-ын О, Ж овогт Ч-ын Э нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж,

шүүгдэгч Ч.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Эад оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.От тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, шүүгдэгч Ч.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Д.Оээс 3.820.000 /гурван сая найман зуун хорин мянган/ төгрөг гаргуулж хохирогч Э.Э-эд, 36.677.000 /гучин зургаан сая зургаан зуун далан долоон мянган/ төгрөг гаргуулж хохирогч Б.М-т  тус тус олгосугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Э бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.О энэ хэргийн улмаас 6 /зургаан/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ