Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 108

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд  хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1993 оны 06 сарын 20-нд төрсөн, эмэгтэй, 24 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Нарлаг 2-13 тоотод оршин суух, РД:ЗЮ93062000 регистрийн дугаартай, Зэндмэнэ овогт Мөнхбаярын Өнөржаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1992 оны 10 сарын 25-нд төрсөн, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, лам мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р баг, Рашаантад оршин суух, РД:ЗП92102517 регистрийн дугаартай, Эрэнхүүгийнхэн овогт Юндэнгийн Батсайханд, холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 22-ны өдөр 139/2017/00094/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч М.Өнөржаргал,     хариуцагч Ю.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч М.Өнөржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ю.Батсайхантай 2014 онд гэр бүл болж амьдарсан. 1 хүүхэдтэй. Охин маань 2015 онд төрсөн. Цаашид энэ хүнтэй амьдрах боломжгүй, албан ёсны гэрлэлтийн баталгаагүй. Энэ хүн маань худлаа ярьдаг, залилан мэхлэх муу зуршил ихтэй бөгөөд одоогоор Эрүүгийн хуулийн 145, 148 дугаар зүйлээр шалгагдаж байгаа. Цаашид охиноо өөр дээрээ өсгөж хүмүүжүүлэх сонирхолтой байгаа тул хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж авахыг хүсч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. 2016 оны 03 сараас хойш тусдаа амьдарч байгаа гэв.

            Хариуцагч Ю.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Өнөржаргал бид 2014 оноос хамтран амьдарч 2015 онд бид охинтой болсон. Албан ёсоор тусдаа гарч чадаагүй байсан. Хүүхдийн тэтгэлэгийн хувьд одоохондоо ажил төрөлгүй, цалин мөнгөгүй болохоор төлөх боломжгүй. М.Өнөржаргалын ээж Уранцэцэг гэх хүн анх салж байхад би чамаас хүүхдийн мөнгө төгрөг гэж авахгүй, би тэжээгээд хүн болгоно гэж хэлж байсан. М.Өнөржаргал бид хоёр 2016 оны 04 сараас хойш холбоо бариагүй. Би тэд нарт хүүхдийн мөнгө гэж өгөхгүй. Өгье ч гэсэн надад боломж байхгүй. Хэрвээ тэд миний охиныг тэжээж чадахгүй гэвэл охиноо би өөр дээрээ авна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч М.Өнөржаргал нь Ю.Батсайханд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Ю.Батсайхан нь хүүхдийн тэтгэлэг өгөхгүй, хүүхдээ өөрөө авна гэж маргаж байна.

Нэхэмжлэгч М.Өнөржаргал, хариуцагч Ю.Батсайхан нар нь 2014 оноос эхлэн хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2015 оны 07 сарын 10-нд охин Эрэнхүүгийнхэн овогт Батсайханы Болор-Эрдэнэ төрсөн болох нь №4801000184 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

М.Өнөржаргал, Ю.Батсайхан нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Б.Болор-Эрдэнэ нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ю.Батсайханаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Б.Болор-Эрдэнийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба Б.Болор-Эрдэнэ нь 1 настай учир Дундговь аймагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 164300 төгрөгийн 50 хувь буюу 82150 төгрөгийг сар хариуцагч Ю.Батсайхан хүүхдийн тэтгэлэгт төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.Болор-Эрдэнэд сар бүр төлөх 82150 төгрөгийг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 985800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөгийг хариуцагч Ю.Батсайханаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 07 сарын 10-нд төрсөн ЗЮ15271021 регистрийн дугаартай, охин Эрэнхүүгийнхэн овогт Батсайханы Болор-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Эрэнхүүгийнхэн овогт Юндэнгийн Батсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Өнөржаргал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 28209 /хорин найман мянга хоёр зуун ес/ төгрөгийг хариуцагч Ю.Батсайханаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ