Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 944

 

 

 

 

 

 

 

   2020          10              27                                       2020/ШЦТ/944

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:             

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А хариад овогт Б-ийн Бд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бараа худалдан борлуулдаг гэх, ам бүл 1, .../, А хариад овогт Б-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пирамид” нэртэй паб дотор хохирогч Ч.М-тай маргалдан, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, баруун чих, хамрын нурууны зулгаралт, баруун, зүүн бугалга, баруун шууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Би тэр пабад олон удаа үйлчлүүлж байсан. Би хааяа ажлаа тараад тухайн газарт ганц, хоёр пиво уугаад гардаг байсан. Сүүлд ороход нэг шинэ охин ажилд орсон байсан ба тэр охин миний эрх чөлөөнд халдсан, надтай нохой шиг харьцсан. Мөн намайг төлбөрөө төлж чадахгүй гэж харсан юм шиг надад санагдсан. Би өөрийн хийсэн үйлдлээ өөрийгөө хамгаалж хийсэн үйлдэл гэж бодож байна. Хэрэг гарсан өдөр уураа барьж чадаагүй нь миний буруу. Бид хоёр харилцан зодолдсон. Нэг өндөр охин намайг мөрлөөд, янз бүрийн үгээр доромжилсон ба над руу зажилж байсан бохио шидсэн. Тэгэхээр нь би уур хүрээд гадна шилэн хаалгыг нь хоёр тийш шидээд гарсан. Тооцоогоо хийх гэтэл тэр охин чамаас юу ч авахгүй гэж хэлсэн... Би тухайн үед согтоогүй байсан. Би буруугаа хүлээж байна. Би хүнд хэзээ ч муу зүйл хийх хүн биш, худлаа ярьдаг ч хүн биш...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие “Пирамид” нэртэй пабд бармен хийдэг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлаа хийж байтал манай пабд ганц эмэгтэй хүн орж ирж үйлчлүүлсэн. Тухайн эмэгтэй хоёр шил пиво авч ууж дуусаад нилээн согтоод дахиад нэг шил пиво нэмж авна гэхээр нь би тухайн эмэгтэйд хандаж манай байгууллага архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүнд мөн та ганцаараа явж байгаа учир нэмж пиво зарахгүй гэж хэлтэл намайг нусан жур чамаар заалгахгүй гэж хэлээд над руу уурлаад байсан. Тэгтэл манай ажлын зөөгч А ирээд тухайн эмэгтэйг надаас холдуулах гээд тэр хоёр зууралдсан. Би тэр эмэгтэйг Агаас салгах гээд голоор нь ортол миний үснээс зулгаагаад намайг нааш цааш чирж байгаад бид хоёр газар унасан. Тэгтэл хажуунаас манай ажлын Ө-, А хоёр бид хоёрыг салгасан тэгээд тухайн эмэгтэй хүн манай пабаас гарахдаа хөлөөрөө хаалганы шил өшиглөөд хагалчихаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-рт/,

 

гэрч Ч.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид паб дотор ажлаа хийж байхад надтай цуг ажиллаж байсан М- руу 30 орчим насны, шар үстэй, махлаг биетэй манай пабд үйлчлүүлж байсан эмэгтэй хүн согтууруулах ундааны зүйл нэхэж дайраад буланд шахаад байсан юм. Тэгэхээр нь би түлхээд яагаад манай ажилтныг ингээд байгаа юм бэ, манай байгууллага танд үйлчлэх боломжгүй байна гэж хэлсэн. Гэтэл М- миний урдуур орж эгчээ та тайвшир гэж хэлтэл тэр эгч гэнэт үсдэж аваад цохиод эхэлсэн. Харин М- тэр эгчийн гарыг тавиулах гэж оролдсон боловч огт тавихгүй байсаар байгаад буйдан үйлчлүүлэгчид сууж байсан буйдан руу тулж очоод тэр эгч үсийг нь татсаар байгаад буйдан дээр нуруугаараа хэвтээд харин дээр нь манай М- байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-рт/,

гэрч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Парадоксын автобусны хажууд байрлах Пирамид нэртэй пабд зохион байгуулагч хийдэг юм. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байтал манайхаар хааяа орж ирж үйлчлүүлдэг эмэгтэй ганцаараа орж ирсэн. Тухайн эмэгтэй хоёр ширхэг сэнгүр нэртэй пиво захиалж авч уугаад тухайн авсан хоёр пиво нь дууссан чинь нэмж нэг шил пиво захиалья гэж манай ажилтан М-д захиалга өгсөн. Тухайн эмэгтэй нэлээд согтуу байсан учир М- “Та нилээд согтсон учир таньд манайх нэмж пиво өгөхгүй. Та нилээд согтсон байна” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй “ Юун сүртэй нусан чавх вэ” энэ тэр гээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Тухайн эмэгтэй М- руу дайраад байхаар нь зөөгч А очоод битгий орилоод бай ширээн дээрээ очоод суу гээд тохойнд нь зөөлөн хүрэхэд тухайн эмэгтэй битгий надад хүрээд бай гээд уурлаад Агийн үснээс хальт зулгаасан. Тэр үед М- тэр хоёрыг салгах гээд дундуур нь ортол нөгөө эмэгтэй М-г тохойноос нь үсдэж доош дараад үсдсэн чигээрээ цаана байсан буйдан руу явсан. Тэгээд тэр хоёр буйдан дээр давхралдаж унаад тухайн эмэгтэй М-гийн үснээс нь гараа тавихгүй болохоор нь А бид хоёр очиж тэр эмэгтэйг салгасан. Тэгээд би М-г зодсон эмэгтэйд хандаж “Чи манай пабаас гар, яв” гэхэд тухайн эмэгтэй гарахдаа манай пабын гадна талын хаалганы доод талын шилийг хөлөөрөө өшиглөж хагалчихаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-рт/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн ... дугаартай дүгнэлтэд:

1. Ч.М-н биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, баруун чих, хамрын нурууны зулгаралт, баруун, зүүн бугалга, баруун шууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 40-41-рт/ гэх дүгнэлт,

 

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-24-рт/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-рт/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэллээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пирамид” нэртэй паб дотор хохирогч Ч.М-тай маргалдан, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, баруун чих, хамрын нурууны зулгаралт, баруун, зүүн бугалга, баруун шууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Ч.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хохирогч Ч.М- нь хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх ба “...шүүгдэгч Б.Б нь хагалсан шилний 65.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх баримт хэрэгт авагдсан байна. Иймд хохирогчийг энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Бгаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, хохирол хор уршгийн хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. А хариад овогт Б-ийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Ч.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Мөнхжаргалаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ