Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 130/ШШ2017/00073

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суух, Т овогт Д ий Р гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэг /эрхлэгч Р.Е/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.З, хариуцагч Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 6 сарын цалин хөлс 1620000 /нэг сая зургаан зуун хорин мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Д.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Р миний бие 2016 оны 3-р сарын 01-ний өдрийн Өлгий сумын 18-р цэцэрлэгийн эрхлэгчийн 15 тоот тушаалаар гэрээт үйлчлэгчийн албан тушаалд томилогдсон юм. Тэгээд 2016 оны 03-р сарын 01-нээс 2016 оны 06-р сарын 01-ний хүртэл тасралтгүй ажиллаж цалин хөлсийг бүрэн авсан юм. 2016 оны 06-р сарын 01-нээс одоо хүртэл цалин хөлс аваагүй бөгөөд Д.Р намайг 2016 оны 07-р сарын 01-ний өдрийн 18-р цэцэрлэгийн эрхлэгчийн 28 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, түүнээс хойш одоо хүртэл ажил хийгээгүй, цалин хөлс аваагүй болно. Д.Р миний бие ажлаас үндэслэлгүй халагдсаны учир шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 13-ны өдрийн 604 тоот шийдвэрийн 1 дэх заалтаар ажилд эгүүлэн тогтоогдсон юм. Д.Р миний сарын цалинг ажил олгогч Өлгий сумын 18-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсон тухай 2016.03.01-ний өдрийн 15 тоот тушаалаар 270000 /хоёр зуун далан мянган/ төгрөгөөр тогтоосон байгаа. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 13-ны өдрийн 604 тоот шийдвэр 2016 оны 11-р сарын 18-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэн. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд биелэгдэх шатанд байгаа юм. Иймд шүүхээс хүсэх нь:

Д.Р миний ажилгүй байсан хугацааны цалин болох 2016 оны 6-р сарын 01-нээс 2016 оны 11-р сарын 30-ныг дуусталх цалин хөлс сард 270000 /хоёр зуун далан мянган/ төгрөгөөр ажилгүй байсан 6 сард нийт 1620000 /нэг сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг хариуцагч Өлгий сумын 18-р цэцэрлэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өлгий сумын 8-р багийн иргэн Д.Ргийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгээс цалин нэхэх тухай" нэхэмжлэлтэй танилцаж доорх тайлбарыг гаргаж байна. Тус цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай, 2 бүлэгтэй бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Үүнд: Иргэн Д.Раг Аймгийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн А/508 дугаартай "Бүтэц орон тоо батлах тухай " захирамжийн дагуу Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгт 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 13 дугаартай тушаалаар гэрээт үйлчлэгчээр, түр томилон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан боловч бүтэц орон тоо цалин хөлс нь баталгаатай бус гэрээт нэрийдлээр авч ажиллуулсан юм. Орон тоо цалин хөлс тодорхой бус хугацаатай гэрээгээр ажиллуулсан нь миний буруу биш аймгийн удирдлагуудын худуу үйл ажиллагаа гэдгийг цохон хэлмээр байна. Д.Ра нь дөнгөж 4 сар гэрээгээр ажиллаад 6 сарын цалин нэхэж байгаа нь сонирхолтой байгаа ба нэг нэхэмжлэлийг 2-3 төрөл болгон хэд-хэдэн шүүхэд өгч залилан хэрэглэж байгаа гэж үзэхээс өөр үндэслэл алга байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дугаар шийдвэрийг би хүндэтгэн үзэж 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаар тушаалыг гаргаж Д.Раг ажилд тэр даруй эргүүлэн тогтоосон боловч өөрөө мэдсээр байж шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэж шүүхээр албадан биелүүлэх шийдвэрийг давхар гаргуулан намайг худлаа гүтгэсэнд гомдолтой байгаа. Уг шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 03-нд хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 47 дугаартай тушаал гаргаж ажилд эгүүлэн авсан боловч Д.Р өөрөө тухайн өдөр цэцэрлэгт ирээд тушаал болон гэрээтэй танилцаж гарын үсгээ зурж өөрөө хүлээн зөвшөөрсөн мөртлөө ажилд орохоос татгалзаж 12 хоног ажил тасалж шүүхэд худал мэдээлэл өгч " Намайг ажилд авахгүй байна" гэж аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 516 дугаар гүйцэтгэх шийдвэр гаргуулж 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хошууч Э.Б гийн 1523 дугаар шийдвэрийг давхар гаргуулсныг би ойлгохгүй байна. ЕБС болон Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь улирлын чанартай ажиллах ба зуун бол багш ажилчид амрах ба зарим гэрээт ажилтнуудын ажиллах хугацааг гэрээгээр зохицуулдаг. Д.Р 2016 оны 03 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарын 01-ний хүртэл гэрээ болон тушаалд хугацааг тодорхой зааж өгсөн үүнийг өөрөө сайн мэдэж байгаа боловч өнөөдөр юу ч мэдэхгүй дүр эсгэн мэдэн будлиж байгаа юм. Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн 2016 оны жил, улирлын төсвийн хуваарилалтад 6, 7, 8 дугаар саруудад гэрээт ажилчдын цалин төсөвт тусгагдаагүй байгаа ба 2016 оны 09 дүгээр сараас эхлэн гэрээт орон тоо байхгүй болж төсөв мөнгө нь хасагдсан учир Д.Рад цалинг албан байгууллагаас төлөх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга уг хууль бус захирамжаараа дамжуулж төсөв хөрөнгө нь батлагдаагүй орон тоонд зарим нэр бүхий хүмүүсийг ажиллуулахыг надад үүрэг болгож захиргаадсан гэсэн үг. Миний бие төрийн албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1,-т заасны дагуу /аймгийн Засаг даргын захирамж хүчингүй болох хүртэл/ аргагүй эрхэнд түүнийг биелүүлсэн. Д.Р нь тус цэцэрлэгт гэрээт үйлчлэгчээр 13 дугаар тушаалтайгаар 2016 оны 03 дугаар сарын 01-ээс 2016 оны 07 дугаар сарын 01-ний хооронд хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллаж гэрээний хугацаа дууссан тул, гэрээг сунгах боломжгүй учраас чөлөөлөгдсөн юм. Д.Раг би 2016 оны 03 дугаар сарын 01-ээс 2016 оны 07 дугаар сарын 01-ний хооронд түр томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсугай гэж дурдаж гаргасан энэ тушаалын талаар нэхэмжлэгч Д.Р сайн мэдэж байгаа. Үүнийг Д.Р нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр анх ажилд орохдоо надтай /байгууллагатай/ хийсэн түр хугацаатай гэрээнд гарын үсэг зурсныг өөрөө нотариатаар баталгаажуулан шүүхэд нотлох баримт болгон өгснийг давхар нотолсон байна. Тэр үед Д.Ртай гэрээт үйлчлэгчээр, түр тушаал гаргаж, хөдөлмөрийн хугацаатай гэрээнд хугацааг тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгч Д.Р тушаал болон гэрээнд заасан хугацааны 3, 4, 5, 6 дугаар сарын цалинг бүтэн авсан бөгөөд тушаал болон гэрээний хугацаа дуусангуут ажлаас чөлөөлөгдсөн учир 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудын цалинг нэхэх нь үндэслэлгүй байна. Д.Р намайг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд , гэрээт ажилтан гэдгээ мэдээгүй гэж худлаа гомдол гаргаж шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 тоот шийдвэрээр гэрээт үйлчлэгчээр эгүүлэн тогтоох шийдвэр гаргуулсан. Гэрээт ажилчдын төсөв мөнгө 2016 оны 06 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл тусгагдаагүй болон 09 дүгээр сараас эхлэн гэрээт ажилтны цалин хөлс хасагдсан тухай байгууллагын нягтлан бодогч шүүх хуралдаан дээр биеэрээ оролцож тайлбарлах болно. Мөн төсөвт холбогдолтой нотлох баримтуудыг гаргаж өгөх болно. Эцэст нь хэлэхэд Р нь үндэслэлгүй цалин нэхэмжилснийг тунгаан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Р шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Д.Р 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 15 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн албан тушаалд томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж ирсэн. Ажилласан хугацаанд миний сарын цалинг 270000 төгрөгөөр тушаалаар болон гэрээгээр тогтоож өгсөн. Д.Р миний бие 2016 оны 03 дугаар сараас мөн оны 05 дугаар сар дуустал цалин бүрэн авсан. Харин 2016 оны 06 дугаар сараас 11 сар дуустал цалин аваагүй тул сард 270000 төгрөгөөр тооцож 6 сард ногдох цалин 1620000 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна. 2016 оны 06 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар дуустал нийт 6 сар цалин аваагүй болох нь миний Хаан банкан дахь Д.Р миний хувийн дансны депозит хуулгаар нотлогдож байна. Иймд ажилгүй байсан хугацааны олговор болох 1620000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Д.Ргийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгээс цалин нэхэмжилсэн тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай, 2 бүлэгтэй бөгөөд 2016 оны 03 дугаар сараас эхлэн Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнд Д.Рг аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн А/5208 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай захирамжаар Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн гэрээ үйлчлэгчээр 2016 оны 03 дугаар 01-ний өдөр 13 тушаалаар түр томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж ажилд авсан боловч түүний бүтэц орон тоо, цалин хөлс нь баталгаатай бус гэрээт нэрийдлээр авч ажиллуулсан. Орон тоо, бүтэц цалин тодорхой бус, гэрээтээр авч ажиллуулсан нь миний буруу биш, аймгийн удирдлагуудын буруу гэдгийг цохон хэлмээр байна. Д.Р нь дөнгөж 4 сар гэрээтээр ажиллаад 6 сарын цалин нэхэмжилж байгаа нь сонирхолтой байгаа ба нэг нэхэмжлэлийг 2-3 төрөл болгож шүүхэд өгч байгаа үйлдэл нь залилан хэрэглэж байна гэж үзэхээс өөр үндэслэл алга байна. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дугаартай шийдвэрийг би хүндэтгэн үзэж 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 47 дугаар тушаал гаргаж Д.Рг тэр даруй ажилд эгүүлэн тогтоосон боловч намайг шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй гээд шүүхээр албадан биелүүлэх шийдвэрийн давхар гаргуулан, намайг худлаа гүтгэсэнд нь гомдолтой байна. Уг шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 47 дугаартай тушаал гаргаж ажилд авсан боловч Д.Р тухайн өдөр цэцэрлэгт ирээд тушаал болон гэрээтэй танилцаж гарын үсэг зурж өгөөрэй гэхэд ажилд орохоос татгалзаж ажлаас үндэслэлгүй 12 хоног тасалж, шүүхэд худал мэдээлэл өгч намайг ажилд авахгүй байна гээд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 516 дугаартай албадан гүйцэтгэх шийдвэр гаргуулж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хошууч Э.Бгийн 1523 дугаар шийдвэрийг давхар гаргуулсныг ойлгохгүй байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь улирлын чанартай ажиллах ба зун багш ажилчид амарч зарим гэрээт ажилтнуудын ажиллах хугацааг гэрээгээр зохицуулдаг. Д.Рг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллах хугацааг тушаал болон гэрээгээр тодорхой зааж өгсөн. Үүнийг өөрөө сайн мэдэж байгаа боловч өнөөдөр юу ч мэдэхгүй дүр эсгэж мэдэн будлиж байгаа нь үндэслэлгүй байна. Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн 2016 оны жил улирлын төсвийн хуваарилалтад 6, 7, 8 дугаар саруудад гэрээт ажилчдын цалин төсөвт тусгагдаагүй ба 2016 оны 09 дүгээр сараас эхлээд гэрээт ажилтны орон тоо байхгүй болж төсөв, мөнгө хасагдсан учир Д.Рд албан байгууллагаас цалин төлөх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дара уг хууль бус захирамжаар дамжуулж төсөв мөнгө нь батлагдаагүй орон тоонд зарим нэр бүхий хүмүүсийг ажиллуулах талаар надад үүрэг болгож захиргаадсан гэсэн үг юм. Миний бие төрийн албан хаагч учир Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргын захирамж хүчингүй болох хүртэл аргагүй эрхэнд түүнийг биелүүлсэн. Д.Р тус цэцэрлэгт 13 дугаартай тушаалаар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа дууссан тул гэрээг сунгах боломжгүй учир ажлаас чөлөөлөгдсөн. Д.Рг би 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж түр тушаал гаргасан. Энэ тушаалын талаар нэхэмжлэгч Д.Р сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч Д.Р тушаал болон гэрээнд заасан 3, 4, 5, 6 дугаар сарын цалинг бүтэн авсан бөгөөд гэрээний хугацаа дууссанаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 6 сарын цалинг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Д.Р шүүхэд би өөрийгөө гэрээт ажилтан гэдгээ мэдээгүй гэж худлаа гомдол гаргаж шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 604 тоот шийдвэрээр Д.Рг гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргуулсан. Эцэст нь хэлэхэд Д.Р үндэслэлгүй цалин нэхэмжилснийг тунгаан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөн үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Р нь хариуцагч Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 6 сарын цалин 1620000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Рг Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай тушаалаар гэрээт үйлчлэгчээр түр томилж, мөн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай ... Тус цэцэрлэгийн цалингийн сан хүрэлцэхгүй тул орон тоог цөөрүүлж байгаа учраас гэрээтээр, хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр үйлчлэгчийн албан тушаалыг гүйцэтгэж ирсэн Д овогтой Ргийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг ажилтан Д.Р нь эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.Рг Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон ба уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаартай Ажилд томилох тухай Төсвийн байгууллагын зарим, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 233 дугаар тогтоол, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсаны дагуу Д овогтой Рг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлсүгэй... гэсэн тушаал гаргаж нэхэмжлэгч Д.Рг ажилд томилсон байна.

Нэхэмжлэгч Д.Р нь ажлаас халагдаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан бол Хөдөлмөрийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т зааснаар ... хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах үндсэн эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгч Д.Р нь ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Р нь ажиллаж байх хугацаандаа сард 270000 төгрөгийн цалинтай болох нь Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай Д.Рг ажилд томилсон тухай тушаалын 2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээнд дурдсанаар, Д.Ргийн 0997492 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч Д.Ргийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е нь цэцэрлэгийн 2016 оны жил, улирлын төсвийн хувиарлалтанд гэрээт ажилчдын төсөв мөнгө, 2016 оны 06 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл тусгагдаагүй, 09 дүгээр сараас эхлэн гэрээт ажилтны цалин хөлс хасагдсан, гэрээнд заасан хугацааны 3, 4, 5, 6 дугаар сарын цалинг бүтэн авсан, тушаал болон гэрээний хугацаа дуусангуут ажлаас чөлөөлөгдсөн учир 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудын цалинг нэхэх нь үндэслэлгүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар нотлох баримтыг гарган өгч, нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй болно.

Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е нь шүүх хуралдааны шатанд ...нэхэмжлэгч Д.Ргийн Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 6, 7 дугаар саруудын цалинг олгож байсан, хуулийн дагуу шийдвэр гаргаж өгнө үү гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч Д.Рд 6, 7 сард цалин олгосон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 дугаартай Бүтэц орон тоо батлах тухай захирамж түүний хавсралт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/582 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамж, мөн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаартай Бүтэц орон тоо батлах тухай захирамжууд нь нэхэмжлэгч Д.Ргийн нэхэмжлэлтэй Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай маргаанд хамааралгүй нотлох баримт байна гэж үзлээ.

Мөн хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Хүүхдийн цэцэрлэгийн 2016 оны төсөв, санхүүжилтийн сар, улирлын хуваарийн өөрчлөлтийг харахад гэрээт ажлын цалин 06, 07, 08 саруудад 00 гэсэн боловч 09, 10, 11, 12 дугаар саруудад тодорхой хэмжээний цалин хуваарилж байсан нь харагдаж байх тул тус цэцэрлэгийн төсөвт тусгагдаагүй гэж үзэх боломжгүй байна.

Нийгэм хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д ...Ажилтны цалин хөлсийг тодорхойлохдоо ... тухай ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу нэхэмжлэгч Д.Ргийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 270000 төгрөгөөр тооцож, /270000 х 6 сар/ 1620000 төгрөгөөс нэхэмжлэгч Д.Ргийн цалингийн дансанд орж ирсэн 2016 оны 6 дугаар сарын цалин гэх 38880 төгрөгийг хасаж, үлдсэн 1581120 төгрөгийг хариуцагч Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан нь нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Д.Ргийн цалингийн 00000000 дугаартай дансанд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 38880 төгрөгийн орлого орсон нь түүний нотлох баримтаар гаргаж өгсөн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, мөн шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Д.Ргийн болон өмгөөлөгч нарын ...уг мөнгө дансанд орж ирсэн, мөнгийг авсан гэж хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас /38880 төгрөгийг/ хасаж тооцож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 38880 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан байдаг. Иймд нэхэмжлэгч Д.Ргийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 40248 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Өлгий сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн санхүүгээс нэхэмжлэгч Д.Ргийн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 6 сарын цалин хөлстэй тэнцэх олговор 1581120 төгрөгийг гаргуулан Д.Рд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 38880 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ргийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймаг Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 40248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Рд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН