Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 951

 

 

 

 

 

 

    2020         11             02                                       2020/ШЦТ/951

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч А.Марал,

хохирогч Ц.А,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

   Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн Дд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 10, эцэг, эх, дүү нарын хамт .../, Б овогт Э-ийн Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр “шүүхийн шийдвэрээр олгогдох мөнгө, эд хөрөнгийг хүлээн авах” эрх олгосон итгэмжлэлийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шилжүүлсэн 2.465.325 төгрөгийг хохирогч Ц.Ад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүйгээр завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.А мэдүүлэхдээ: “...Хохирогч би Э.Дд итгэмжлэл өгсөн. Учир байдлаа хэлээд хөөцөлдөөд өг гэж хэлсэн. Гэтэл миний мөнгийг залилж авсан. Их муухай хүн гэж бодож байна. Э.Д надад өөрийгөө дээгүүр албан тушаалд ажилладаг гэж хэлсэн. Би энэ асуудлаас болж даралт ихсээд эмнэлэгт хэвтэж 300.000 төгрөгөөр эмчлүүлсэн. Э.Дг мөнгөө өг гэж олон удаа утас руу нь залгасан. Маш их гомдолтой байна.” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

хохирогч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Манай хүүгийн найз Б- гэх залуу 2013 онд миний эзэмшлийн том оврын “Дево” маркийн тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээгээр 35.000.000 төгрөгөөр үнэлж түрээслэсэн. Гэтэл түрээсээ өгөхгүй байхаар нь би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.Б-д хандан нэхэмжлэл гаргаснаар 11863 дугаартай захирамжаар 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 23.475.000 төгрөгийг Ц.Б-гээс надад төлүүлэхээр шийдвэр гаргасан. Ингээд шийдвэр гүйцэтгэх газарт очихоор Ц.Б- нь төлбөрөө төлөхгүй байна, хил гарчихлаа гэх зэргээр тайлбарладаг байсан ба би өөрөө хөгшин настай учраас тэр болгон хөөцөлдөөд явж чаддаггүй байсан. Иймд бэрдээ миний энэ мөнгийг аваад өг гэж гуйхад Д гэх хүнийг надтай танилцуулсан. Д гэх хүн өөрийгөө ямар нэгэн ажил хийдэг гэж хэлээгүй, надтай уулзаад та надад итгэмжлэл хийгээд өг гэхээр нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нотариат орж итгэмжлэл хийж өгсөн. Үүнээс хойш Д надад 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн байна гэж хэлээд надад бэлнээр өгсөн. Би шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж яагаад мөнгө орж ирэхгүй байна вэ гэхэд танд нийт 3.965.325 төгрөгийг өгсөн, Д би итгэмжлэлтэй, би авах ёстой гээд өөрийнхөө дансаар авсан гээд надад баримтыг нь гаргаж өгсөн. Ингээд Дтэй холбогдтол би тантай уулзана гэж хэлээд утсаа огт аваагүй. Намайг залилсанд гомдолтой байна. Д Шүүхийн шийдвэрийн данснаас 3.965.000 төгрөгийг авсан атлаа надад 1.500.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-рт/,  

 

гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би шороо ачдаг бөгөөд Daewoo маркийн УБВ 62-48 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байсан. Б- нь түрээсийн гэрээ хийж 35.000.000 төгрөгөөр худалдаж авъя гэж гуйхаар нь зөвшөөрөөд Б-тэй түрээсийн гэрээ хийсэн. Үүнээс хойш 2015 он хүртэл түрээсийн мөнгөө өгөхгүй байсан атлаа машиныг ашиглаад байхаар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгөөд тухайн ондоо 47.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн захирамж гарсан. Ингээд би өөрөө хөдөө явдаг ажилтай тул тус хэрэг дээр өөрийн ээж Ад итгэмжлэл хийж өгөөд үүнээс хойш одоог хүртэл манай ээж хөөцөлдөж явдаг юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэрэг нээгээд Б- нэг ч төгрөг төлөөгүй байж байгаад саяхнаас 3.000.000 гаруй төгрөг өгсөн байсан. Манай ээж бие нь тааруу байсан тул Д гэх хүнийг өөрийнхөө өмнөөс хөөцөлдөөд өг гэж гуйсан юм шиг байгаа юм. Гэхдээ Б-гээс өгсөн мөнгийг зөвхөн өөрөө авна гэж хэлээд итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл Б- гэдэг хүнээс өгсөн 3.000.000 гаруй төгрөгөөс 1.500.000 төгрөгийг ээжид өгөөд үлдсэн мөнгийг өөрөө авсан байсан. Би Д гэх хүнийг би танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-рт/,

 

гэрч Ш.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 04 дүгээр сараас 3.965.000 төгрөг Шийдвэр гүйцэтгэлийн данс руу шилжин орсон. 2020 оны 04 дүгээр сараас эхлэн Д гэдэг хүн Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцохоор итгэмжлэл хийлгэж ирсэн байсан. Тэгээд надтай ирж уулзахаар нь байгууллагын дансанд хуримтлагдсан 3.965.000 төгрөгийг Дгийн данс руу шилжүүлсэн бөгөөд Д нь битгий манай үйлчлүүлэгч рүү залгаад бай, надтай л холбогд гэж байсан. Уг нь Г-ад хуримтлалын мөнгийг чинь Дд өгсөн гэж утсаар холбогдон хэлсэн. Тухайн үед эргээд холбогдоё гээд утсаа тасалсан. Д нь зогсоо зайгүй залгаж төлбөр авагчид өгөх ёстой мөнгөө авъя гэж залгаж байсан. Өмнө өөр дүүрэгт төлбөр авагчаар итгэмжлэлээр оролцож байсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-рт/,

 

гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Ц.А эгч 2015 оноос хойш Ц.Б- гэх хүнээс 53.000.000 сая төгрөгийн авлагатай, гэтэл тухайн авлагаа авч чадахгүй байгаа ба одоо бие нь муу өөрөө хөөцөлдөж чадахгүй байгаа юм гэсэн гэж ярихаар нь би Дг гэнэт санаад асууж үзсэн. Гэтэл би бичиг баримтын тал дээр ямар ч асуудалгүй яваад өгч чадна, гол нь ямар асуудал юм бол уулзах хэрэгтэй гэж хэлэхээр нь 2020 оны 04 дүгээр сард байхаа 10 дугаар хороололд А эгч Д бид 3 уулзацгаасан. А эгч нөхцөл байдлаа Дд тайлбарлан хэлж байсан бөгөөд өөрийнх нь бие муу байгаа тул хөөцөлдөж чадахгүй байна, төлбөр аваад өг гэж гуйж байсан. Тухайн үед би ч гэсэн манай хөгшин настай эгчид туслаад өгөөрэй гэж хэлээд салцгаасан. Харин саяхан Ц.А эгч над руу яриад Д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 3.965.000 төгрөг өөрийнхөө дансаар авсан байна, надад 04 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн би баярлалаа гээд 100.000 төгрөг өгөөд хоолонд оруулсан. Гэтэл үлдсэн мөнгийг нь одоог хүртэл өөрөө аваад хэрэглэсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-рт/,

шүүгдэгч Э.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сард Б- гэдэг найз маань надтай уулзаад манай эгч Б- гэдэг хүнээс авлагатай юм, чи өмнөөс нь хөөцөлдөөд өг гэж хэлэхээр нь би чадахгүй гэж хэлтэл хөөцөлдөөд өг гэж гуйгаад байхаар А гэх 60 гаруй настай эмэгтэй уулзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авлагатай огт өгөхгүй байна, миний өмнөөс хөөцөлдөөд өг гэхээр нь за тэгвэл нотариат орж итгэмжлэл хийе гэж хэлээд нотариат орж итгэмжлэл хийсэн... Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиход Г гэх шийдвэр гүйцэтгэгч 3.065.000 төгрөг өгч байна гэхэд би өөрийн дансаа өгөхөд миний данс руу шилжүүллээ гэсэн. Үүнээс хойш 300.000 төгрөг 2 удаа миний данс руу орсон. Би он, сарыг нь санахгүй байна. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Атай уулзаж бэлнээр 1.500.000 төгрөг өгч гарын үсэг зурсан. Тухайн үед надад бэлнээр 60.000 орчим төгрөг өгсөн. Тэгэхээр нь энэ мөнгө чинь надад өгөх ёстой мөнгөнөөс хасагдах юм уу гэхэд үгүй гэж хэлсэн. Ц.Б- нь 1 жилийн өмнөөс увуулж цувуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу шилжүүлсэн гэж байсан. Тэгэхээр нь би шийдвэр гүйцэтгэгчтэй нь уулзаж хэрүүл хийж байгаад уг мөнгийг гаргуулан өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан. Хүмүүс ихэнхдээ мөнгөө гаргуулан авчихаад тохиролцсон мөнгөө өгдөггүй юм тэгэхээр нь би мөнгөнөөс нь 2.465.000 төгрөгийг өөртөө үлдээсэн. Энэ тухай Ад өөрт нь хэлсэн үгүйгээ сайн санахгүй байна. Би өөрийн гэм бурууг ойлгож байна. Агийн хохирлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “шүүхийн шийдвэрээр олгогдох мөнгө, эд хөрөнгийг хүлээн авах” эрх олгосон итгэмжлэлийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шилжүүлсэн 2.465.325 төгрөгийг хохирогч Ц.Ад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүйгээр завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “шүүхийн шийдвэрээр олгогдох мөнгө, эд хөрөнгийг хүлээн авах” эрх олгосон итгэмжлэлийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шилжүүлсэн 2.465.325 төгрөгийг хохирогч Ц.Ад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүйгээр завшсан нь энэхүү гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

                                  

Иймд шүүгдэгч Э.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ц.Ад нийт 2.465.000 төгрөг төлсөн талаарх баримтыг шинээр гаргаж өгсөн ба хохирогч Ц.А нь шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй..” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Дг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч Э.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 90 /ер/  хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Э.Дд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Э-ийн Дг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Дд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Дд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ