Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/96

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000000097 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Б.Наранжаргал

Улсын яллагч                                                      Н.Ганчимэг

Шүүгдэгч                                                        Э-д нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ___ аймгийн ____ хотод төрсөн, __ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гэрэл зурагчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл ганцаараа, Багануур дүүргийн __ дүгээр хороо, ________ дүгээр гудамжны ___ тоот хашаанд оршин суух Э.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч Э нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн __ дүгээр хороо, ___ дугаар гудамжны __ тоотод “гөлөг минь” гэж хэлсэн үгэнд дургүйцэн хохирогч Л-г 113 см урттай, 7х4 см диаметртэй мод /прүс/-оор цохисны улмаас түүний биед зүүн шуу, богтос ясны дунд 1/3, баруун богтос ясны доод 1/3 хэсгийн зөрөөтэй далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхээс Э-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч Э-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 0.75 граммын архи уусан, орой нь 6 цагийн үед дээвэр тавихдаа хохирогч Л намайг үгээр доромжилж, бид маргалдсан. Миний уур хүрч модоор цохьсон. Гэтэл гар эвгүй боллоо гэхээр нь түргэн дуудаж, эмнэлэг явж гипс тавьсан.

Бид байшингийн дээвэр тавих гээд прүс мод хөрөөдөж байсан, ингэхгүй, тэгэхгүй гээд маргалдаад гөлөг минь, нохой минь гээд согтуу доромжилоод байхаар нь миний уур хүрээд хөрөөдөж байсан прус модоор цохьтол хоёр гараараа ээлжилж хаасан учраас гар нь гэмтсэн.

Л эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн бөгөөд би сахиж, ойр зуурын шаардлагатай зүйлсийг нь авч өгсөн. Эмч 60 хоногийн дараа ажлаа хийж болно гэсэн. Гадуур боолтоо хийлгэхэд нь би цуг явсан. Архи ууж ийм зүйлд холбогдсондоо гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 46, 47-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...найз Э-н хамтаар Сургалтын задгайд байх айлд амбаар барьж байсан, бид хоёр ажлаа хийж  байхдаа өдрийн 12 цагийн үед 1 шил 0.75 литрийн архи, орой 17 цагийн үед 0.33 литрийн 1 шил архийг хувааж уусан. Бид хоёр амбаарын дээвэр тавихдаа маргалдаж улмаар би Э-г тэнэг мангар, гөлөг минь гэж хэлтэл Э прүс мод аваад намайг 2 удаа цохиход би гараараа хааж гараа хугалуулсан ...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21-р хуудас/

              Гэрч Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 2 хүн манай хашаанд амбаар барьсан. Оройн 18 цагийн үед тэр хоёр хүн архи уучихсан согтуу харагдаж байсан ба нэг нь нөгөөгөө гөлөг минь ингэж хийдэг юм уу гэж хэлтэл нөгөө хүн нь прүс мод барьж ирээд нэгнийхээ гар луу цохисон. Би яваад очтол модоор цохиулсан хүний гар нь шуу хэсгээрээ хугарсан байдалтай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24, 25 дугаар хуудас/

              Гэрч Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг очиход Л нилээн согтуу байсан ба Э-г хоргоогоод гөлөг минь гэх мэтээр хэлээд байсан. Гэтэл миний ард түс тас гээд чимээ гарахаар нь хартал Э, Л-г газарт унагаасан прүс мод гартаа барьчихсан зогсож байсан. Би Э, Л-г хэдэн удаа цохисныг хараагүй. Би тэр хоёрыг салгахад Л-н гарыг харахад шуу хэсгээрээ хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-р хуудас/

              Гэрч Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх газарт очиход Л гэх залуу газарт хоёр гараа алдлаад хэвтэж байсан. 2 гарыг нь модонд бэхлэж уясан байдалтай байсан. Л гэгчээс болсон хэргийн талаар асуухад тэрээр “намайг цохиод ийм болгочихлоо” гэж хэлээд хажуудаа байсан өндөр нуруутай бор царайтай настай ахыг зааж “би гомдолтой” гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-р хуудас/

              2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн “…Л-н биед зүүн шуу, богто ясны дунд 1/3, баруун богтос ясны доод 1/3 хэсгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36, 37-р хуудас/

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-3-р хуудас/

              Э-н согтолтын хувь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р хуудас/

              Эд мөрийн баримтаар тооцох тухай “...113 см урт, 7х4 см өргөн прүс мод...” гэсэн тогтоол /хх-ийн 13-р хуудас/

              Шүүгдэгч Э-н хувийн байдлыг харуулсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн лавлагаа зэрэг баримтууд /хх-н 106-108-р хуудас/

              Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 101-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Э нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн _ дүгээр хороо, Сургалтын задгайн _ дугаар гудамжны _ тоот хашаанд хохирогч Л-н “гөлөг минь” гэж хэлсэн үгэнд дургүйцэн, 113 см урттай, 7х4 см диаметртэй мод /прүс/-оор цохисны улмаас түүний биед зүүн шуу, богтос ясны дунд 1/3, баруун богтос ясны доод 1/3 хэсгийн зөрөөтэй далд хугарал бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Э нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, модоор 2 удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “…Л-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Э-н үйлдэл нь Л-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Б.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

              Шүүгдэгч Э нь хохирогчийн эрүүл мэндийн хохиролд баримтаар 247.990 төгрөг төлсөн болох нь хохирогчид гэм хорын хохирол төлсөн тухай баримтууд /хх-ийн 110-113/, шүүгдэгчийн “...Баримтаар 247.990 төгрөг төлсөн, харин хадаас хийлгэсэн тухай төлбөрийг баримт өгдөггүй гэсэн. Хохирогчид 1.700.000 орчим төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Э нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Э-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 113 см урттай, 7х4 см диаметртэй мод /прүс/-ыг Э нь гэмт үйлдэлдээ ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгана.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-г  хоёр зуун дөчин /240/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан Э-д мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э нь хохирлын 247.990 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 113 см урттай, 7х4 см диаметртэй мод /прүс/-ыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ