Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2018/0035/З |
Дугаар | 03 |
Огноо | 2019-01-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ЭК” ХХК
Хариуцагч: ОАБӨСЗД, БӨСЗДТГД нарт тус тус холбогдох
“ОАБӨСЗД-ын “ЭК” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох”, “ОАБӨСЗДТГ-ын “ЭК” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус компаний хамтын гэрээг бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд Б.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЭК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь 2011 онд үүсгэн байгуулагдаж, улмаар бие даан ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдээр бүртгүүлсэн юм. Ийнхүү шинээр байгуулагдсан манай компани нь “ЭК” ХХК гэх оноосон нэрийг авсан бөгөөд байгуулагдсан цагаас хойш ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн ба хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ажилтантай манай компани хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож байгаагийн хувьд ажилтны төлөөлөл гэж тэдний дундаас байгуулагдсан Үйлдвэрчний эвлэл байхгүй бол нийт ажилтнуудаас сонгогдсон төлөөлөгчдийг ойлгохоор хуульчилсны дагуу манай компанийн ажилтнууд үйлдвэрчний эвлэл байгуулаагүй тул нийт ажилтнууд 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж дундаасаа төлөөлөгчдөө сонгон хамтын гэрээ байгуулах хэлэлцээр эхлүүлэх санал ирүүлсэн тул компанийн захиргаа ажилтны төлөөлөгчидтэй хамтын гэрээ байгуулах ажлыг эхлүүлж, улмаар хамтын гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулан баталгаажуулан ОАБӨСЗДТГ-т мөн өдөр хүргүүлсэн боловч тус газраас манай хамтын гэрээг үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан юм. Ингээд дахин манай компани 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тусдаа үйл ажиллагаа явуулдаг бие даасан байгууллага болохоо илэрхийлэн холбогдох нотлох баримтуудыг хавсарган хүргүүлсэн боловч мөн л 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгээр бүртгэхээс татгалзсан хариу өглөө.
...Иймд ОАБӨСЗД-ын “ЭК” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн хамтын гэрээг бүртгэхийг даалгаж, мөн тус СЗД-ын “ЭК” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭК” ХХК нь анх 2011 онд хуулийн этгээд гэж шинээр үүсгэн байгуулагдсан. “ЭК” ХХК байгуулагдаад ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “ЭК” ХХК-д Үйлдвэрчний эвлэл байхгүй тул нийт ажилтны төлөөлөл гэж байх ёстой гэж үзэн эвлэл байгуулаагүй. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нийт ажилчдаас 4 хүнийг төлөөлөл гэж томилсон байдаг. Ингээд хамтын гэрээ байгуулах санал гарган, хамтын гэрээгээ харилцан тохирч байгуулаад баталгаажуулахаар ОАБӨСЗД-ын Тамгын газарт хүргүүлсэн байдаг. Гэтэл ОАБӨСЗДТГ үндэслэлгүйгээр хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан. Тэгэхэд нь “НТГ” ХХК нь “ЭК” ХХК-иас тусдаа үйл ажиллагаа явуулдаг болохоо илэрхийлсэн. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “ЭК” ХХК нь дэргэдээ Үйлдвэрчний эвлэл байхгүй талаарх лавлагааг хавсарган дахин хүргүүлсэн. Гэтэл ОАБӨСЗДТГ гэсэн албан бичгийн бланк дээр БӨСЗДарга гарын үсэг зураад мөн бүртгэхээс татгалзсан хариу албан бичиг явуулсан. Эдгээр захиргааны байгууллагууд асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг болсон талаар бодит байдлыг ойлгохгүй байна. Хууль эрх зүйн хувьд алдаатай шийдвэр гаргасан. “ЭК” ХХК-ийн захиргаа болон ажилтан нарын хооронд хийсэн хамтын гэрээг баталгаажуулаагүй нь ажилчдын хамтын гэрээгээр эдлэх нийтлэг эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Нэг гэрээ байгуулах гэхээр ажилтны ажлын онцлог, ашиг сонирхолд төдийлөн нийцүүлсэн нэг гэрээ байгуулах боломж байдаггүй. Хууль ёсны ашиг сонирхол орхигдох байдал байсан. Эдгээр компаниуд өөр өөр үйл ажиллагаа, үйлдвэрлэл эрхэлдэг. Тиймээс тухай бүрчлэн ажилтны ашиг сонирхолд нийцүүлэн хамтын гэрээг байгуулахын тулд буюу өөр компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороогоор эрхээ хамгаалуулах хүсэлгүй байгаа бөгөөд өөрсдөө хүсвэл Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулах боломжтой. Шинээр байгуулаагүй учраас төлөөллөө томилсон. Тиймээс ОАБӨСЗД-ын “ЭК” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, ОАБӨСЗДТГ-ын “ЭК” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус компанийн хамтын гэрээг бүртгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү? БӨСЗД шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байдаг тул БӨСЗД-д холбогдох хэсгийг биелсэн гэж үзэж байна.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Тус компанид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр ажилладаг. Энэ байдал нь маргааныг би удирддаг гэсэн зүйл биш. Би зөвлөгөө өгдөг. Энэ бол миний гэрээгээр хүлээсэн үүрэг юм. Энэ хэрэг дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд БӨСЗДТГ-т холбогдох 2 шаардлага байгаа. Хамтын гэрээг бүртгэхээс татгалзаж байгаа шийдвэр хууль бус болохыг тогтоож, хамтын гэрээг бүртгэхийг даалгах шаардлага байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасныг баримтлан нэхэмжлэл гаргасан. БӨСЗД-д холбогдох шаардлагын хувьд Засаг даргын гаргасан шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар нэхэмжлэл гаргасан. Энэ захиргааны үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэхэд иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь захиргааны байгууллагаас үйлчилгээ авч эрх зүйн аливаа харилцаанд орж байдаг. Захиргааны байгууллагад энэ тохиолдолд ямар харилцаа байсан бэ? гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хамтын гэрээ байгуулах асуудлыг баталгаажуулах, хамтын гэрээг бүртгэж, үүний үр дүнд гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөх үр дагавар үүсгэх үйлдэл хийх байсан. Энэ үйлдлийг хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх олсон этгээд тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана” гэж заасан үндэслэлээр татгалзахаар хуулинд заасан. Тэгэхээр хууль тогтоомжид нийцэж байвал гэхээр тус хамтын гэрээний заалт бүрийг захиргааны байгууллага хянаж үзэх ёстой байсан. Гэрээ заалтууд ажилтны эрх ашгийг хөндсөн байна уу, эрх зүйн байдлыг дордуулсан байна уу гэдэг байдлыг тодруулаагүй. Гэрээ байгуулж байгаа процесс ажиллагаа биш байсан. Захиргааны байгууллага энэ хэний хооронд байгуулагдсан гэдгийг дүгнэх ёстой гэж үзэж байна. “НТГ” ХХК-ийн ҮЭХ-той өөр байгууллагын ажилчид гэрээ байгуулаад очихоор бүртгээд байсан. Хэрэв төрийн захиргаа хуулиа мэддэг байгаад үүнийг хянаж үздэг байсан бол энэ асуудлыг мэддэг байх байсан. Яг ийм гэрээ очоод бүртгэсэн байхад, гэнэт одоо ухаан ороод “ЭК” ХХК болон ажилчдын хооронд гэрээ байгуулагдсан нь “НТГ” ХХК-ийн эрхийг хөндсөн байх гэж бодсон. Хуульд заасан асуудлыг харахгүйгээр шийдсэн. Гэрээг бүртгэх нь Хөдөлмөрийн тухай хуулинд Засаг даргын Тамгын газрын бүрэн эрхийн асуудал гэж заасан. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг”, 3.1.2.“ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг”, 3.1.4.“хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог” хэлнэ гэж заасан. Энэ хуулийн заалтаас харахаар гэрээг аж ахуйн нэгж байгууллага, ажилчдын төлөөлөлтэй гэрээ байгуулсан учраас нэхэмжлэл гаргаж байгаа. Энэ нөхцөлд захиргааны хяналт ямар хэмжээнд хэрэгждэг гэхээр нийт ажилчдын төлөөлөл гэж зөв сонгогдсон эсэх, үнэхээр ажилтны төлөөлөл мөн эсэх, энэ компанийн дэргэд улсын бүртгэлийн газар бүртгэгдсэн Үйлдвэрчний эвлэлийн хороо байгаа эсэх зэргийг судлах ёстой байтал “НТГ” ХХК-ийн ҮЭ-ийн эрхийг хөндөх вий гээд бүртгэхээс татгалзаж байна. “НТГ” ХХК бол тусдаа өөр компани. Хуулийн хувьд гээд байгаа бол улсын бүртгэлд үндэслэх ёстой байсан. Бид эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх эрх мэдэл байхгүй гэхээсээ улсын бүртгэлд үндэслэх ёстой байсан. Тухайн байгууллагын ажилчид гэрээ байгуулахад оролцсон эсэхийг хянах ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “ажил олгогчийн төлөөлөгчид” гэж аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажил олгогчоос эрх олгосон этгээд буюу дүрэмдээ ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагыг”, 3.1.7. “ажилтны төлөөлөгчид” гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг” гэж заасан байна. Тэгэхээр “ЭК” ХХК нь өөрийн ажилчидтай л гэрээ байгуулсан. Энэ хүмүүсийн дундаас гэрээ байгуулагдсан эсэхийг шалгах ёстой байсан. Нэр бүхий хүмүүсийг үнэхээр ажилтны төлөөлөл мөн эсэхийг асуух боломжтой байсан. Ийм ажиллагаа огт хийхгүй. Д.Ц нь өөрийгөө энэ компанийн үйлдвэрчний эвлэлийн даргаар ажилладаг гэж боддог хүн. Тухайн хүнд тийм эрх байна уу гэдгийг харах ёстой. Манай компани Үйлдвэрчний эвлэл байхгүй гэдгээ нотлоод баримтаа өгсөн. Үйлдвэрчний эвлэл байхгүй учраас нийт ажилтны хурлаас төлөөллөө сонгосон. Гэтэл үүнийг харахгүйгээр өөр компанийн дундын маргааныг манайхтай холбож үзсэн. Нотлох баримт судалж байхад өөрсдийн арбитрч болон зуучлагч томилоод гарсан зөвлөмжид ажилчид захиргаандаа хандаж маргаан үүсгэжээ гэж байна. Гэтэл үүнийг охин компаниудад хүртэл хамаатай гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлгосон байна. Яагаад өөр өөр нэр өгөөд байгаа юм. Хувь хүний хувьд ч хуулийн этгээдийн хувьд ч өөр өөр эрх эдэлж үүрэг хүлээдэг. Үүсэж байгаа харилцаа нь өөр өөр компанийн захиргаа, үйлдвэрчний эвлэл байгаа бөгөөд энэ хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй. Тийм зүйлийг анхаарах байсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан байна. “ЭК” ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч байгаа нь үнэн. Иргэний хуульд хуулийн этгээд гэж тусдаа захирал нь өөр, өөрийн гэсэн эд хөрөнгөтэй, өөр өөр эрх зүйн чадвар чадамжтай, байгаад байгаа. 100 хувь хувьцаа эзэмшдэг байлаа гээд энэ компанийн өмнөөс хариуцлага хүлээхгүй. Тусдаа өөр өөр компани учраас тусад нь нэр өгөөд бүртгүүлээд байгаа юм. Арбитрч зөвлөмж гаргасан. Үүнээс нэг зүйл анхаарах ёстой. Ажилтан хамтын гэрээ байгуулах хүсэлт гаргавал ажил олгогч гэрээ байгуулах үүрэгтэй. Харин өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн хүсэлтээр явахгүй. Ажилчид гэрээ байгуулахаар хүсэж байгаа тохиолдолд гэрээ байгуулна. Тэгтэл өөр байгууллагын үйлдвэрчний эвлэлийн эрхийг хөндөнө гэж айгаад захиргааны байгууллага бүртгэхээс татгалзсан нь хууль бус шийдвэр байна. Хууль бус үйл ажиллагаа шаардсан байвал гэрээг бүртгэхээс татгалзах ёстой. Гэтэл маргаан явж байгаа учраас бүртгээгүй гэж хэлж байна. Энэ маргаан нь “ЭК” ХХК ажилчидтайгаа хамтын гэрээ байгуулахад огт хамааралгүй асуудал. Ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан байвал гэж ярихаас илүү гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөнө. Тиймээс гэрээг бүртгэхгүй гэж байгаад гайхаж байна. Энэ гэрээг бүртгэснээр “НТГ” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны ямар эрх ашиг хөндөгдөх юм энэ талаар тайлбарлахгүй байна. Хамтын нэг гэрээ байгуулах асуудал яригдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан байна. Энэ нь аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр л яригдана. Өөр өөр компанийн тусдаа асуудал байна. Нэгж хэсгийн хүрээнд нэг гэрээ байгуулна гэж байгаа энэ ойлголт нь улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн эрх зүйн чадвартай этгээдэд хамааралтай байна. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх нь үүсэж татан буугдсанаар дуусна. Тэгтэл “ЭК” ХХК нь “НТГ” ХХК-иас хөрөнгө, үйл ажиллагааны чиглэл, захирал, ажилчид гээд олон зүйлээрээ ялгаатай. Өөрийн компанитай холбоотой асуудал үүсэхэд өөрөө л хариуцлага хүлээнэ. “НТГ” ХХК гэрээ байгуулаад үүнийг нь “ЭК” ХХК-ийн ажилчид мөрдөөд явна гэж байна. Энэ нь харин “ЭК” ХХК-ийн ажилчдын эрх ашигт хөндлөнгөөс оролцож нөлөөлөөд, тэдний эрх ашгийг хөндсөн байна гэж үзэж байна. Нэг гэрээ байгуулна гэдэг нь нэхэх, ээрэх цех нь тус тусдаа гэрээ байгуулж болохгүй гэсэн хуулийн үзэл баримтлал байна. Тэгэхээр энэ яриад байгаа хэсэг дээр “ЭК” ХХК нэг л гэрээ байгуулсан энэ гэрээгээ бүртгүүлэхээр хандсан. Ажилчдын хувьд эрх ашиг нь хөндөгдсөн, хохирлоо гэж байгаа бол ажилчдыг оролцуулан асуух боломжтой байсан. Хамтын гэрээгээр хөнгөлөлт, нэмэгдэл зэрэг олон зүйлийг зохицуулсан. Энэ гэрээ бүртгэгдэхгүй бол түүний цаана нь ажилчдын эрх л яригдана. Захиргааны байгууллага маргаж байгаа талуудад дүгнэлт хийхгүйгээр гэрээнд дүгнэлт хийх боломжтой байж ээ. Өмнө нь хамтын гэрээг өөр компанийн үйлдвэрчний эвлэлтэй байгуулаад явсан. Энэ буруу зүйл болсон. Буруу зүйл хийсэн байна лээ. Тэглээ гээд ажилчид хохироод явж болохгүй. “ЭК” ХХК-ийг оролцуулаад гэрээ хийсэн. Үүний цаана цалингийн нэг хувийг өөр компанийн үйлдвэрчний эвлэлд өгөөд байсан. Захиргааны байгууллага энэ ажиллагааг хянах гэж байгаа бол иймэрхүү бодитой зүйлийг олж харах хэрэгтэй байна. Шууд автоматаар ажилчдын цалингаас татвар аваад байсан. Тэгтэл аливаа этгээд гишүүнээр элсэх, татвар төлөх эсэх нь түүний эрхийн асуудал байтал байгууллагын захиргаа, үйлдвэрчний эвлэлтэйгээ нийлээд шууд аваад байсан. Хамтын гэрээ байгуулсан байсан учраас өгөхөөс аргагүй гээд татвараа өгөөд байсан. Энэ гэрээний хугацаа дуусгавар болсон. Нөгөө өмнө нь авч байсан мөнгийг дахин ажилчдаас авах уу? Үйлдвэрчний эвлэл буцаан өгөх боломжтой юу? гэдэг асуудал яригдах ёстой. Эцэст нь захиргааны байгууллага энэ бүртгэлийг хийхгүй байгаа нь эргээд ажилчдын нийтлэг эрх ашгийг хохироосон. Хуулийн хүрээнд хянаагүй. Урьдаас тогтоохгүйгээр хамтын маргаан байна гэж бүртгэхээс татгалзаж байгаа нь буруу. “ЭК” ХХК хөдөлмөрийн арбитрч, зуучлагч оролцуулсан хөдөлмөрийн маргаанд “ЭК” ХХК-иас оролцоогүй. Харин “НТГ” ХХК оролцсон. “НТГ” ХХК-ийн ҮЭ нь өөр компанийн захиргаатай маргаан үүсгэх боломжгүй. БӨСЗД-д “ЭК” ХХК-иас хандсан 2 албан бичиг байгаа. Эхнийх нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа байсан. Тэгтэл ЗД татгалзсан. Танайх үйлдвэрчний эвлэлтэй маргаантай байна гэхээр нь манайд үйлдвэрчний эвлэл байхгүй гэж тайлбараа баримттайгаа хүргүүлсэн. Тэгтэл Тамгын газар гэсэн бланк дээр Засаг дарга гарын үсэг зураад албан бичиг ирүүлсэн байсан. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа бол эхний үйлдэл байгаа. Сүүлийн албан бичгийн илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан. Мөн алдаатай албан бичгийн хувьд хууль бус гэдгийг нь тогтоолгомоор байна. Зөв ажиллагаа явуулж байна уу? гэдгийг хянаад өгөөч гэтэл ийм хариу албан бичиг ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд ЗД-ын бүртгэхээс татгалзаад байгаа албан бичгийг хууль бус болохыг тогтоож, БӨСЗДТГ-ын хамтын гэрээг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус компанийн хамтын гэрээг бүртгэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгаа. Энэ бол “НТГ” ХХК болон түүний ҮЭ-тэй холбоотой асуудал. Эдгээр этгээдүүдийн хоорондох маргаан нь манай компанийн ажилчид хамтын гэрээ байгуулж, түүнийгээ бүртгүүлэхтэй хамааралгүй. “ЭК” ХХК ажилчидтайгаа хамтын гэрээ байгуулах эсэх нь өөр хэн нэгэнд хамааралгүй. Хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр гэрээ байгуулах эрхтэй.” гэв.
Хариуцагч ОАБӨСЗДТГД Ш.Өлзийбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Манай байгууллагад 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар албан тоотоор “НТГ” ХХК болон түүний охин компаниуд болох “ЭТ” ХХК, “ЭХ” ХХК, “ЭК” ХХК, “ОИМ” ХХК-иудтай “НТГ” ХХК-ийн ҮЭХ хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж байгааг албан ёсоор мэдэгдсэн. Мөн “НТГ” ХХК-ийн ҮЭХ-оос 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаартай албан тоотоор Зуучлагч томилж өгөх хүсэлт ирүүлэн үүний хүрээнд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр таван зуучлагчийн бүрэлдэхүүнтэй зөвлөмж гаргасан. “НТГ” ХХК-ийн ҮЭХ 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай албан тоотоор Хөдөлмөрийн маргааныг хэлэлцэх арбитарчдыг томилуулах хүсэлт ирүүлсэн. Үүний хүрээнд 2018 оны 08 дугаар сарын 15-ны А/242 дугаар захирамжаар хөдөлмөрийн хамтын маргаан таслах арбитарчид томилогдож 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн арбитрын зөвлөмж гарсан. Уг зөвлөмжөөр “... “НТГ” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Э, бусад нэр бүхий дөрвөн охин ХХК-ийн гүйцэтгэх захирал болон нийт ажилтныг төлөөлж “НТГ” ХХК-ийн ажиллагсдын ҮЭХ-ны дарга Г.У, дөрвөн охин ХХК-ийн нэр бүхий нэг нэг ажилтан оролцож 2016 оны 04 дүгээр сарын 25-нд “ХАМТЫН ГЭРЭЭ”-г хоёр жилийн хугацаатай байгуулжээ. Энэ гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 25-нд дуусаж шинээр хамтын гэрээ байгуулах асуудлаар маргаан үүссэн байна...” гэж маргаан үүссэн үндэслэлийг тодорхойлсон ба “...Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтаар энэ нь зохицуулагдсан байх тул толгой болон охин компаниудад хэд хэдэн Үйлдвэрчний эвлэл байгуулахыг ажил олгогч шаардах үндэслэлгүй байна. Харин Үйлдвэрчний эвлэлийн хороо одоогийн үүссэн нөхцөл байдлаас үүдэн захиргааны нөлөө, оролцоогүйгээр гишүүдээсээ чөлөөт байдлаар санал авч МҮЭ-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасан охин компаниудад “ҮЭ-ийн хороо”, тэдгээрийг нэгтгэсэн “ҮЭ-ийн нэгдсэн хороо” байгуулах асуудлыг авч үзэж шийдвэрлэх дүрмийн боломж байгааг ҮЭ-ийн хороонд зөвлөж байна ..” гэж зөвлөмж хүргүүлсэн байна. Дээрх нөхцөл байдал нь “НТГ” ХХК-ийн ҮЭХ “НТГ” ХХК болон түүний охин компаниуд болох “ЭТ” ХХК, “ЭХ” ХХК, “ЭК” ХХК “ОИМ” ХХК-тай хамтын гэрээ байгуулах, биелүүлэх явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар хамтын маргаан үүссэн байна гэж үзэх үндэслэл болж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “ажилтны төлөөлөгчид” гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг ойлгоно гэж заасан байх ба дээрх нөхцөлд “НТГ” ХХК-ийн ҮЭХ нь “ЭК” ХХК-ийн ажилчдыг төлөөлөх Үйлдэрчний эвлэл мөн эсэх асуудал хууль журмын дагуу шийдвэрлэгдээгүй байгаа тул “ЭК” ХХК-ийн ажил олгогч, ажилтны төлөөлөл нарын хооронд байгуулсан хамтын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзаж байна.
Өөрөөр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар дээрх хөдөлмөрийн хамтын маргаанд шууд эрх зүйн дүгнэлт хийж өөрт олгогдоогүй эрхийг эдэлж гэрээг бүртгэх хууль зүйн боломжгүй юм. Уг хөдөлмөрийн хамтын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд гэрээг бүртгэхээс татгалзах зүйлгүй болно.” гэжээ.
ОАБӨСЗД С.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “… Дээрх ХХК-ийн нэхэмжлэлийн 2-т “... ЗД өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан тухайгаа илэрхийлэн ...” гэсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хамтын гэрээг СЗД бүртгэх эрхгүй байна. Иймд хамтын гэрээг бүртгэх эрхгүй атлаа бүртгэхээс татгалзсан тухай албан тоот илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч байх тул ЗД-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ОАБӨСЗД, БӨСЗДТГД нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЗДТГ-т хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тайлбар хэлэхэд “НТГ” ХХК болон ҮЭХ нь хөдөлмөрийн гэрээ байгуулах явцад хамтын маргаан гарсан бөгөөд үүнийг шийдвэрлэхээр хөдөлмөрийн зууч томилж өгөөч гэсэн хүсэлт манайд ирүүлсэн. Үүний дагуу зөвлөмж гаргахад даган биелүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Дахин энэ маргаан дээр арбитрч томилсон. Арбитрч зөвлөмж гаргахад мөн л зөвлөмжийг дагах боломжгүй гэх хариу өгсөн. Тэгтэл “ЭК” ХХК болон ажилчдын төлөөлөл нарын хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгүүлэхээр манайд ирсэн. Энэ гэрээг бүртгэхээр судлахад бүртгэх боломжгүй байдал үүссэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана” гэж заасан. Гэрээ байгуулж байгаа субъектүүд гэрээ байгуулах эрхтэй эсэх нь тодорхойгүй байсан учир хууль ёсны гэрээ гэж үзэх боломжгүй учраас гэрээг бүртгэхээс татгалзсан.
БӨСЗД-д хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд БӨСЗДТГазар гэсэн албан бланк дээр ЗД гарын үсэг зурсан нь андуурал болсон. Ингээд манай нарийн бичгийн дарга алдаа гаргасан гэж сахилын шийтгэл авсан байгаа. Хариу тайлбартаа энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ одоо ингээд харахаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр “ЭК” ХХК ЗД-д хандсан байсан уу? эсвэл ТГ бүртгэхгүй байна, бүртгээд өгөөч гэж хандсан уу? энэ хэрэгт урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хэрхэн хийгдсэн эсэх асуудал яригдана. Энэ ажиллагааг хийгээгүй мэт харагдаж байна. Гэхдээ ЗД энэ гэрээг бүртгэх эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн байгаа.” гэв.
Гуравдагч этгээд Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““ЭК” ХХК бол “НТГ” ХХК-ийн охин компани юм. 2011 онд үүсгэн байгуулагдсан гэж байна. Тэр үед “ЭХ” ХХК-ийн захирал М гэж хүн ажиллаж байсан. Маркетингийн захирал Г гэдэг хүн ажиллаж байсан. Одоогийн “ЭК” ХХК, “НТГ” ХХК-ийн захирлууд “ЭХ” ХХК байхад энэ компанид ажиллаж байсан. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “ЭХ” ХХК группын бүтэц зохион байгуулалтад орж, нэршлийг өөрчилж “НТГ” толгой компани байгуулж, “ЭХ” ХХК, “ЭТ” ХХК, “ЭК” ХХК, “ОИМ” ХХК нь охин компанийн зохион байгуулалтад оруулсан ерөнхий захирлын тушаалтай зөрчилдөж байна. Энэ ҮЭХ нь 1980 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. Нэршлээ өөрчлөөгүй байхад нэг л ҮЭХ байсан. Тухайн үед ерөнхий захирлын тушаалаар нэршил өөрчлөгдөн “НТГ” ХХК болгоход ҮЭХ мөн нэршлээ өөрчилсөн байдаг. Энэ ҮЭХ-д дээрх охин компаниудын ажилчид бүртгэлтэй байдаг бөгөөд өөрсдийн эрх үүргээ хүлээгээд компаниуд тус тусдаа татвараа хураагаад ҮЭХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Хамтын гэрээ байгуулах явцад үүссэн маргааны хувьд 2016 он буюу “НТГ” ХХК болсон байхад 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нийт гишүүдийн хурлаас ҮЭХ-ны даргаар сонгогдсон. Энэ хуралдаанд “ЭК” ХХК-ийг төлөөлж нэр бүхий 16 хүн оролцож байсан. Тиймээс би өөрийгөө нийт ажилтнуудыг төлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд хамтын гэрээ байгуулах эрхтэй гэж ойлгож байна. Намайг эрхгүй гэж үзэн “ЭК” ХХК нь маш хурдан хуралдаан зохион байгуулж ажилтны төлөөлөл гэж 4 хүн сонгосон байсан. Эдгээр хүмүүс ямар ч хуулийн мэдлэггүй байна. Энэ 4 хүн манай ҮЭХ-д гишүүнээр бүртгэлтэй. Нэг хүн нь бүр манай тэргүүлэгч гишүүн байсан. Ажил олгогч нь ямар ч эрх зүйн мэдлэггүй хүмүүсийг оролцуулан өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн хамтын гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Захирал дуудаад гарын үсэг зур гэж хэлсэн гэж өөрсдөө тайлбарлаж байсан. Хамтын гэрээ нь нийт ажилтнуудын ашиг сонирхлыг хамгаалсан гэрээ гэж хэлж байна. Хамтын гэрээгээр зохицуулдаг харилцаа энэ гэрээнд тусгагдаагүй. Удаан жилийн нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл гээд заавал байх ёстой зохицуулалтууд байхгүй. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийг дээрдүүлсэн заалтууд энэ гэрээнд байхгүй. Ажилтнуудын нийтлэг ашиг сонирхол хамгаалагдаагүй. Харин ч хуулийн заалтуудыг дордуулсан гэрээ гэж үзэж байна. Өмнө хэрэгжиж байсан хамтын гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болсон. Тэгсэн ч дараагийн гэрээ байгуулагдтал энэ гэрээ мөрдөгдөхөөр заасан байхад “НТГ” ХХК-ийн охин компани болох “ЭК” ХХК хамтын гэрээний үйлчлэлийг зогсоож хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан татвар хураалтыг зогсоосон байна. Хөндлөнгөөс Үйлдвэрчний эвлэлийн эрхэд дарамт үүсгэж, үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна. Одоогоор манай үйл ажиллагаа бүрэн зогссон байна. Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу хамтын маргаан үүсгэсэн. Гэрээгээ байгуулах саналыг компаниудын ерөнхий захирлуудад хүргүүлсэн. Гэрээгээ хийх гэхэд тус тусдаа гэрээ хийнэ. Яагаад гэвэл “ЭК” ХХК-ийг та төлөөлөх эрхгүй. “ЭК” ХХК нь “НТГ” ХХК-иас тусдаа үйл ажиллагаа явуулдаг, бие даасан компани гэж хэлсэн. Би бүх гишүүдийн хурлаас томилогдсон учраас гэрээ байгуулах эрхтэй талаараа тайлбарласан. Удаа дараа ярилцаж хамтын гэрээг ажилчдын нийтлэг эрхийг хамгаалах зорилгоор хийх гэж маш олон санал тавьсан, уулзалт, ярилцлага хийсэн. Гэтэл энэ л үндэслэлээрээ татгалзаж байсан. Хамтын маргаан хуулийн дагуу явахад хөдөлмөрийн зуучлагч томилох асуудал гаргаж хүсэлт хүргүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр албан бичгээр манай зуучлагчийг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд БӨСЗД-аар томилуулах зуучлагч томилуулах хүсэлт өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “ажилтны төлөөлөгчид” гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг” гэж заасан байна. Энэ хуулийн заалтыг тухайн компанийн хуульч хэрхэн ойлгож ажилчдад ойлгуулаад байгааг ойлгохгүй байна. Ажилчдын төлөөлөл гэсэн хүмүүс нь өнөөдөр хамтын гэрээгээр ямар эрх зүйн асуудлаа хэрхэн зохицуулах, юуг ажил олгогчоос шаардах талаараа юу ч мэдэхгүй байгаа хүмүүсийн хийсэн гэрээг бүртгээгүй нь БӨСЗДТГ-ын зөв гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.” гэв.
Гуравдагч этгээд Б.Ц-гийн өмгөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 дугаар сараас өмнө гишүүдийн татвараас санхүүжиж ажилладаг байсан. Би бол Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүн учраас өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ яриад байгаа асуудлыг ажил олгогч, ажилтан нар гүн орохгүйгээр ойлговол ойлгоход хэцүү асуудал биш. Энгийн асуудлыг маргаантай болгоод маргавал сэжүүр хаанаас ч гарна. Урьд нь “ЭХ” ХХК байхад ТУЗ-ийн хуралдаан болоод улмаар бүтэц нь өргөжөөд “НТГ” ХХК болоод үүнийг дагаад охин компани болон толгой компани болон салж нэршлээ өөрчлөн бүртгүүлээд явсан. Үйлдвэрчний эвлэл нь толгой компаниараа бүртгүүлээд явсан охин компаниудад хамаараад ажиллаж байсан. Хамтын гэрээ байгуулаад бүртгээд явж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болоод дараагийн гэрээ байгуулах гэж байхад “ЭК” ХХК нь “НТГ” ХХК-тай л холбоотой гэрээ гэж маргаад явсан. Хамтын маргаан хуульд зааснаар явсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр БӨСЗД-д ийм маргаан үүсээд ингээд явж байгаа талаараа мэдэгдсэн. Хамтын маргаантай холбоотой субъектууд хооронд гээд хуулийн дагуу явж байгаад Баян-Өндөр сумаас хөдөлмөрийн зуучлагч, томилуулсан. Арбитрч томилуулсан. Одоо ажил хаялт зохион байгуулах боломжит байдал үүссэн байхад гэрээ орж ирээд бүртгүүлэхээр өгсөн. Тэгтэл энэ маргааныг нэг тийш болтол бүртгэхгүй гэж захиргааны байгууллага үзсэн. М.Г өмгөөлөгчийн хувьд хэлбэрийн аж ахуйн нэгж талаас нь тайлбарлаж байна. Миний хувьд эвлэлдэн нэгдэх талаас нь харж тайлбарлаж байгаа. Өнөөдөр “НТГ” ХХК толгой компани мөн үү. Мөн. Энэ толгой компанийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг үйлдвэрчний эвлэлтэйгээ гэрээ байгуулаад явж байхад болохгүй зүйл байхгүй. Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч нарын хооронд татварын суутгал, гишүүдийн хурал гээд маш олон үйл ажиллагаа байна. Гэтэл энэ үйлдвэрчний эвлэл 4 охин компанийг хамаараад яваад байна. Тэгэхээр хамтын гэрээний хугацаа дуусахаар үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх эрх дуусгавар болно гэж үзэх боломжгүй. Сайн дураараа хүсэлтээ өгөөд гарч байгаа бол өөр хэрэг. Гэтэл өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал татвараа суутгаад өгдөг байсан байна. Татварын суутгал өгөхгүй гэсэн учраас “ЭК” ХХК-ийн захирлаас зөвшөөрөл авсан байна. Түүнээс гадна 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гишүүдийн хурлаа хийгээд явсан. Энэ нэхэмжлэгч компаниас гишүүд оролцсон. Компанийн бүтэц өөрчлөгдсөн учраас үүнийгээ дагаад уялдаад үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хамтарч ажиллаад нэрээ өөрчлөөд явсан. Түүнээс татан буугдаад өөр шинэ үйлдвэрчний эвлэл байгуулаагүй. Ингээд хамтын гэрээгээ байгуулж байсан. Ер нь хууль тогтоомжийн хэлэлцүүлэг шиг зүйл энд хийгээгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд аль аль талд нь нээлттэй хуулийн боломжууд байгаа. Нэг толгой компани, нэг байшинд, нэг дор үйл ажиллагаа явуулдаг, хуучин нэг компани байсан. Энэ нөхцөлд нэг гэрээ байгуулахыг хориглосон хуулийн заалт байхгүй. Мэдээж хэрэг хуулийн этгээдүүд тус тусдаа байгуулагдана гэвэл хурлаа хийгээд байгуулахад хуулиар хязгаарласан зүйл байхгүй. Нэг үйлдвэрчний эвлэл байгаад хамтын гэрээгээр явж байгаа туршлага ч байгаа. Олон улсын суурь 8 конвенц байгаа. Үүний нэг болох 135-р конвенцийн 3-р зүйлд тодорхой заасан. Тэгтэл “ЭК” ХХК-ийн ажилчид хуралдаад ажилчдын төлөөлөл томилсон байна. Эдгээр хүмүүс бүгд энэ үйлдвэрчний эвлэлийн гишүүн. Хамт олон дундаас байгаа төлөөлөл гаргаад нийтээрээ хуралдаад конвенцийн 5-д нийцүүлж үйлдэрчний эвлэл байгуулах боломжтой зүйл байна. 100 хувь төлөөлөн удирдах зөвлөл 100% хувьцаа эзэмшдэг гэдэг маань дээд эрх мэдлийн байгууллага байна гэсэн үг. Тэгэхэд нэг хамтын гэрээ байгуулахыг дэмжээд явах байтал ийм байдал гаргаж байгаа нь буруу байна. Өнөөдөр энэ байгууллага дээр ажил хаях байдал үүссэн байна. Иргэний хэргийн шүүх дээр нийтийн цуглаан хийхийг хориглосон захирамж гарсан байна. Ажил хаялтын асуудал шийдвэрлэх арга зам хайхын оронд улам хүндрээд байгаа нь хэцүү байна. Толгой компани охин компанитайгаа нэг гэрээ байгуулахыг хязгаарласан зүйл байхгүй. Гэрээний хугацаа дууссан ч гэрээ мөрдөгдөөд явах боломжтой байсан. Ажилтны төлөөлөл гэж гэрээ байгуулж байгаа нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн эвлэлдэн нэгдэх явдлыг буюу үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сулруулах зорилгоор ажилчдыг зохион байгуулж байна. Үйлдвэрчний эвлэл бол жинхэнэ сайн дураараа цуглараад ажилладаг байх ёстой. Гэтэл энэ асуудлыг харахаар захиргааны санаачлагаар явагдаад байна. Энэ ажилтны төлөөлөл гэх 4 хүн нь тус үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн байна. Ингэж нэгнийхээ эвлэрүүлж хийх гэж байгаа зүйлийг эсэргүүцэж байгаа нь зохисгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЭК” ХХК “ОАБӨСЗДТГ-ын “ЭК” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус компанийн хамтын гэрээг бүртгэхийг даалгах, БӨСЗД-ын “ЭК” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг анх гаргасан ба
“ОАБӨСЗДТГ-ын “ЭК” ХХК-ийн захиргаа болон тус компанийн нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тус хамтын гэрээг бүртгэхийг даалгах”,
“ОАБӨСЗД-ын “ЭК” ХХК-ийн захиргаа болон тус компанийн нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тус тус тодруулсан болно.
ОАБӨСЗД шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд нэхэмжлэгч “ЭК” ХХК-ийн захиргаа болон тус компанийн нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
ОАБӨСЗДТГ-ын холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
“НТГ” ХХК нь “ЭК” ХХК, “ЭТ” ХХК, “ЭХ” ХХК, “ОИМ” ХХК гэсэн охин компаниудтай ба “НТГ” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Э, охин компаниудын гүйцэтгэх захирлууд болон нийт ажилтныг төлөөлж “НТГ” ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.У нар 2016 оны 04 дүгээр сарын 25-нд “Хамтын гэрээ”-г хоёр жилийн хугацаатай байгуулсан ба энэ гэрээ нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч “ЭК” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч нь өөрийн оршиж байгаа нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хамтын гэрээг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүртгүүлэхээр хүргэнэ.” гэж заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/45 дугаар албан бичгээр “Хамтын гэрээ бүртгүүлэх тухай” хүсэлтээ ОАБӨСЗДТГ-т хүргүүлсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасны дагуу засаг даргын ТГ 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3/1405 дугаар албан бичгээр “НТГ” ХХК, “ЭК” ХХК, “ЭТ” ХХК, “ЭХ” ХХК, “ОИМ” ХХК болон “НТГ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороодын хооронд хөдөлмөрийн хамтын маргаан үүссэн гэдэг үндэслэлээр хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан хариу өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч ОАБӨСЗДТГ хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ хөдөлмөрийн хамтын маргаан “НТГ” ХХК, “ЭК” ХХК, “ЭТ” ХХК, “ЭХ” ХХК, “ОИМ” ХХК-иудын ажилчдын төлөөлөл болж хамтын гэрээ байгуулж үйл ажиллагаагаа явуулж байсан Үйлдвэрчний эвлэлийн хороодын хооронд үүссэн ба “ЭК” ХХК-ийн захиргаа болон тус компанийн нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулах хамтын гэрээний субъектууд нь хамтын гэрээ байгуулах эрхгүй гэж тайлбарласан болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “хөдөлмөрийн хамтын маргаан” гэж хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүүг” гэж тодорхойлсон байна.
Гэтэл толгой компани болох “НТГ” ХХК, тус компанийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хооронд “Хамтын гэрээ” байгуулах асуудлаар маргаан үүссэн болох нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Хөдөлмөрийн арбитрийн зөвлөмж” /Хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/-өөр тогтоогдож байхад хариуцагч захиргааны байгууллага болох ОАБӨСЗДТГ хамтын маргаан үүссэн гэж үзэн “ЭК” ХХК-ийн удирдлага, ажилчидтайгаа байгуулсан хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “ ”хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог” гэж,
3.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг” гэж,
3.1.2-д “ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг” гэж тус тус заасан байна.
“ЭК” ХХК 2011 онд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж 5442966 регистрийн дугаартай, ** дугаар гэрчилгээ /Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/ авсан ба Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 247 дугаар лавлагаагаар /Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ “ЭК” ХХК-ийн дэргэд Үйлдвэрчний эвлэлийн хороо бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон байна.
Мөн “НТГ” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 18/291 дугаар албан бичигт /Хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ “...манай компани нь улсын бүртгэлд тусдаа бүртгэгдэж үйл ажиллагаагаа бие даан явуулдаг. Харин “ЭХ” ХХК “ЭТ” ХХК, “ОИМ” ХХК, “ЭК” ХХК зэрэг 4 компани нь мөн улсын бүртгэлд тусдаа бүртгэгдэж улсын бүртгэлийн тус тусын гэрчилгээтэйгээр бие даан үйл ажиллагаа явуулдаг болно. Тодруулбал манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, “ЭТ” ХХК, “ЭХ” ХХК, “ОИМ” ХХК, “ЭК” ХХК-ийн ажилтнуудтай тухайн дөрвөн компанийн захиргааг төлөөлөн манай компани хамтын гэрээ байгуулан үүрэг хүлээх хууль зүйн боломжгүй юм. Харин зөвхөн манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтны төлөөлөлтэй хамтын гэрээ байгуулсан болно.” гэсэн мэдэгдлийг ОАБӨСЗД С.Г-д хүргүүлсэн байна.
Дээрхи хуулийн заалтууд болон “НТГ” ХХК-ийн 18/291 дугаар албан бичгээс дүгнэхэд “ЭК” ХХК бие даасан хуулийн этгээд ба ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа учраас “ЭК” ХХК-ийн захиргааг ажилчидынхаа төлөөлөлтэй хамтын гэрээ байгуулсныг бүртгэхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана.” гэж заасны дагуу БӨСЗДТГ-т “ЭК” ХХК-ийн захиргаа болон тус компанийн нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэхийг даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гуравдагч этгээд Б.Ц нь “НТГ” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга ба 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /Хавтаст хэргийн 125 дугаар хуудас/ авсан байна.
“НТГ” ХХК-ийн ҮЭХ-ны дарга Б.Ц нь “ ...толгой болон охин компаниуд нэг үйлдвэрчний эвлэлтэй байж нэг хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах ёстой, “ЭК” ХХК-ийн ажилчдын төлөөлөлтэй байгуулсан хамтын гэрээ нь гэрээгээр зохицуулдаг харилцаа энэ гэрээнд тусгагдаагүй. Удаан жилийн нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл гээд заавал байх ёстой зохицуулалтууд, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийг дээрдүүлсэн заалтууд энэ гэрээнд байхгүй. Ажилтнуудын нийтлэг ашиг сонирхол хамгаалагдаагүй. Харин ч хуулийн заалтуудыг дордуулсан гэрээ” гэж тайлбарлаж байгаа боловч “ЭК” ХХК-ийн захиргаа, ажилчдын төлөөлөлтэй “Хамтын гэрээ” байгуулахад түүний эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж шүүх үзсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед “ЭК” ХХК-ийн ажилчдын төлөөлөл шүүхэд нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасан ба шүүх “ЭК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь тэдний эрх, хууль, ёсны ашиг сонирхолыг хамгаалсан нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэл гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭК” ХХК-ийн “ОАБӨСЗД-ын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1493 дугаар “ЭК” ХХК-ийн захиргаа болон тус компанийн нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан албан бичгийг нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг БӨСЗД хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭК” ХХК-ийн “ОАБӨСЗДТГ-ын “ЭК” ХХК-ийн захиргаа болон тус компанийн нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, БӨСЗДТГ-т “ЭК” ХХК-ийн захиргаа болон нийт ажилчдын төлөөллийн хооронд байгуулсан хамтын гэрээ”-г бүртгэхийг даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “ЭК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЭК” ХХК-д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА