Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 123/2018/0039/З |
Дугаар | 221/МА2022/0374 |
Огноо | 2022-05-31 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2022/0374
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Эр,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “С” ХХК,
Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд Ч.О, Б.Б, Б.Б, Ч.Б, П.Ү, Д.О, “С” ХХК, Ц.Ч, “Ч” ХХК, Б.Э, Ц.Н, М.Б, Ц.Ц, Ц.г, Д.Д, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Г.Э, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа,
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “С” ХХК-ийн 986 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1095 дугаар захирамжийн /Ч.О, Б.Б, нарт газар эзэмшүүлсэн/, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/215 дугаар захирамжийн /Б.Б газар эзэмшүүлсэн/, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/251 дугаар захирамжийн /Ч.Б газар эзэмшүүлсэн/, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/213 дугаар захирамжийн /П.Ү газар эзэмшүүлсэн/, А/214 дугаар захирамжийн /Д.О газар эзэмшүүлсэн/, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/393 дугаар захирамжийн /“С” ХХК-д газар эзэмшүүлсэн/, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/699 дугаар захирамжийн /Ц.Ч газар эзэмшүүлсэн/, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/201, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/91 дүгээр захирамжуудын /“Ч” ХХК-д 4 нэгж талбар газар эзэмшүүлсэн/, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/718 дугаар захирамжийн /Б.Э газар эзэмшүүлсэн/, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/654 дүгээр захирамжийн /Ц.Н газар эзэмшүүлсэн/, А/655 дугаар захирамжийн /Б.Б газар эзэмшүүлсэн/, 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаартай захирамжийн /М.Батдэлгэрт хоёр нэгж талбар, Ц.Ц, Ц.Г, Д.Д, Э сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, Ц.Г,
Гуравдагч этгээд Ч.Отгонбатын өмгөөлөгч Э.Ж,
Гуравдагч этгээд “ЧНБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,
Гуравдагч этгээд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 128/2018/0039/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтад заасныг баримтлан “С” ХХК-ийн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “С” ХХК-ийн 986 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1095 дугаар захирамжийн /Ч.О, Б.Б, нарт газар эзэмшүүлсэн/, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/215 дугаар захирамжийн /Б.Б газар эзэмшүүлсэн/, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/251 дугаар захирамжийн /Ч.Б газар эзэмшүүлсэн/, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/213 дугаар захирамжийн /П.Ү газар эзэмшүүлсэн/, А/214 дугаар захирамжийн /Д.О газар эзэмшүүлсэн/, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/393 дугаар захирамжийн /“С” ХХК-д газар эзэмшүүлсэн/, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/699 дугаар захирамжийн /Ц.Ч газар эзэмшүүлсэн/, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/201, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/91 дүгээр захирамжуудын /“Ч” ХХК-д 4 нэгж талбар газар эзэмшүүлсэн/, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/718 дугаар захирамжийн /Б.Э газар эзэмшүүлсэн/, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/654 дүгээр захирамжийн /Ц.Н газар эзэмшүүлсэн/, А/655 дугаар захирамжийн /Б.Б газар эзэмшүүлсэн/, 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаартай захирамжийн /М.Батдэлгэрт хоёр нэгж талбар, Ц.Ц, Ц.Г, Д.Д, Э сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Д.Эн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын талаар: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “С” ХХК-ийн 986 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татагдсан зарим нэр бүхий “гуравдагч этгээд нарт нэхэмжлэлийн газартай давхцуулан олгогдсон газрын эрхийг хүчингүйд тооцуулах” гэсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай гэсэн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан байдаг.
2.2 Хэргийг анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн байдал: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус баримталсан байдаг.
2.3. Давж заалдах гомдлын үндэслэл:
2.3.1. Анхан шатны шүүхээс энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэрийнхээ ТОГТООХ хэсэгт маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэл болсон хэсгийг маргааны үйл баримттай холбогдуулан үнэлж дүгнэхийн оронд маргаан бүхий акт болон нэхэмжлэлийн шаардлага цаашлаад шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдээгүй асуудлаар өөрөө санаачлан дүгнэлт өгөх замаар маргааныг шийдвэрлэсэн. Жишээ нь: Маргааны бүхий А/172 захирамжийн эрх зүйн үндэслэл болсон 40.1.6 /"...газраа 2 жил дараалан ашиглаагүй/ хэсэг заалтаас гадна Газрын тухай хуулийн 35.3.2 I.... төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх/, 40.1.1 /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн/ зэрэг заалтуудыг үндэслэх замаар хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт болох А/172 дугаар захирамжийг зөвтгөн дүгнэсэн. Ингэхдээ анхан шатны шүүхээс эдгээр заалтыг хэрэглэх бодит үндэслэл шалтгаан байгаа болохыг бүрэн нотолж, тогтоож чадаагүй төдийгүй зөвхөн өөрийн хэт үзэмжээр хэрэглэсэн.
2.3.2 Тухайлбал, анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсэгт дараах хууль зүйн үндэслэл, дүгнэлт хийсэн байна.
Үүнд: "Харин үлдэх 880 га газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан эсэхэд талууд маргах бөгөөд үүнд холбогдуулан үзвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээрээ үйл ажиллагаа явуулж байсан хангалттай баримтаар тогтоогдохгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн байна гэж үзэхээр байна." гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхээс хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгч нь газар дээрээ чацарганын эх цэцэрлэг байгуулсантай үзэж танилцсан. Ийнхүү эх цэцэрлэгийг тарьц, суулгац зохих түвшинд хүрсэн даруй бусад хэсэгт тариалалт хийхээр төлөвлөсөн гэх нэхэмжлэгч талын тайлбарт ямар нэг үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа барьцаалан Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хариуцагчийн харьяа газрын даамалд барьцаалсан барьцааны бүртгэл бүртгэгдсэн байхад хариуцагч өөрийн олгосон эрхээ хүчингүй болгож байгааг шүүхээс зөвтгөн тайлбарлаж байгаа нь илт үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүхээс хэсэгчлэн тариалалт хийж үйл ажиллагаа явуулсан байгаад ч ямар нэг дүгнэлт хийлгүй нэхэмжлэгч газраа бүхэлд нь 2 жил дараалан ашиглаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.
Мөн анхан шатны шүүхээс "гэрээгээ дүгнүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна" гэж шууд нэхэмжлэгчийг буруутган дүггэсэн. Захиргааны гэрээний хэрэгжилтийг ийнхүү дүгнэх тохиолдолд гэрээ дүгнэх талаар захиргааны зүгээс ямар нэг идэвхтэй үйлдэл, үйл ажиллагаа (гэрээ дүгнэх тухай албан мэдэгдэл, шаардлага) явуулсан байх шаардлагатай байдаг бөгөөд энэ нь захиргааны ерөнхий тогтсон практик. Энгийнээр бол "төрийн ажил цаасан дээр явдаг".
Гэтэл хэрэгт захиргааны энэ мэт үйлдэл, үйл ажиллагааг нотлох баримт авагдаагүй байхад шүүхийн зүгээс зөвхөн "миний өмнө үзэж харж байгаагүй ёстой сонин гэрээ" байна гэх үг ба түүнд хамаарах харах өнцгөөр нэхэмжлэгчийг шууд буруутгаж байгаа нь үндэслэл бүхий болж чадсангүй. Зүй нь "Шүүх хэрэг маргааныг зөвхөн хавтас хэргийн хүрээнд шийдвэрлэх учиртай" байх.
Нэхэмжлэгчид А/172 дугаар захирамжийг мэдэгдээгүй гэх үндэслэл нь "өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээгээ жил бүр сунгуулдаггүй байсан учраас мэдээгүй 3 жил болсон гэж үндэслэл тогтоогдож байна" гээд энэхүү дүгнэлтээ батлах зорилгоор: Хариуцагчийн “нэхэмжлэгч гэрээг жил бүр дүгнэж, орон нутагтай холбоотой ажилладаггүй байсан гэх тайлбар"; "Аудитын дүгнэлтийн дагуу захирамжид заагдсан иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох мэдээллийг 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдрүүдэд Урлаг.мн, Доргио.мн, Залуус.мн веб сайтуудаар олон нийтэд мэдээлсэн" гэх тайлбараар нотлогдож байна гэжээ.
Гэтэл хариуцагчийн дээрх тайлбар болон түүнийг үндэслэсэн шүүхийн энэхүү дүгнэлт ядаж цаг хугацааны логиктой ч болж чадсангүй. Учир нь нэхэмжлэгчийн газрыг эрхийн хүчингүй болгосон А/172 дугаартай захирамж 2015 оны 07 сарын 03-ны огноотой байсаар атал хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн газрыг эрхийг хүчингүй болгох тухайгаа 2015 оны 07 сарын 13-ны өдөр дээрх албан бус мэдээллийн сайтуудаар мэдэгдсэн гэж шүүхэд худал мэдүүлж байхад шүүх түүнийг нь үндэслэн нэхэмжлэгчийг буруутгаж байгаад гомдолтой байна.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь эзэмшил газраа бусдад барьцаалсан барьцааны бүртгэл хүчинтэй байхад манай газрыг хариуцагчийн зүгээс хууль зөрчиж, бидэнд мэдэгдэлгүйгээр хүчингүй болгосон гэх үндэслэлийг талаар "барьцаалагчид мэдэгдээгүй нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд энэ асуудал барьцаалагч бус нэхэмжлэгчийн эрх зөрчсөн гэх үндэслэл болохгүй гэж дүгнэжээ." Эзэмшил газрынхаа гэрчилгээг бусдад барьцаалсан болохоо хариуцагчийн харьяа газрын даамалд мэдэгдэж, барьцааны тэмдэглэл хийлгэсэн нь хуулиар хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлж байсныг харуулах төдийгүй газраа эзэмшиж, ашиглах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж байсныг харуулж байгаа хэрэг юм. Гэтэл шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн 2016 онд зээлээ хаасан гэх мэдүүлгийг үндэслэн барьцаалагчийн эрх зөрчигдөөгүй хөндөгдөөгүй тул захиргаа мэдэгдэх шаардлагагүй гэх дүгнэлт өөрөө хуулиас давсан хууль зүйн дүгнэлт юм. Учир нь нэхэмжлэгчийн газрын эрхийн 2015 онд хүчингүй болгохдоо хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч болон барьцаалагчид заавал мэдэгдэхээр хуульчилсан байхад тухайн зээл 2016 онд хаагдсан тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчих /мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэрэгт цугларсан харилцан зөрүүтэй нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй/ замаар хэргийг шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдолтой.
2.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хянахад зарим нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 176 дугаар захирамжаар 986 га газрыг чацаргана тариалах зориулалтаар нэхэмжлэгч “С” ХХК-д эзэмшүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгогдсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш жил ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “С” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Мөн нэхэмжлэгчээс Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1095 дугаар захирамжийн /Ч.Отгонбат, Б.Батцэцэг, нарт газар эзэмшүүлсэн/, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/215 дугаар захирамжийн /Б.Бадрангуйд газар эзэмшүүлсэн/, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/251 дугаар захирамжийн /Ч.Батболдод газар эзэмшүүлсэн/, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/213 дугаар захирамжийн /П.Үүрцайхад газар эзэмшүүлсэн/, А/214 дугаар захирамжийн /Д.Отгонд газар эзэмшүүлсэн/, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/393 дугаар захирамжийн /“Соднамнаа” ХХК-д газар эзэмшүүлсэн/, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/699 дугаар захирамжийн /Ц.Чимгээд газар эзэмшүүлсэн/, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/201, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/91 дүгээр захирамжуудын /“ЧНБ” ХХК-д 4 нэгж талбар газар эзэмшүүлсэн/, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/718 дугаар захирамжийн /Б.Эрдэнэсанаад газар эзэмшүүлсэн/, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/654 дүгээр захирамжийн /Ц.Насанбатад газар эзэмшүүлсэн/, А/655 дугаар захирамжийн /Б.Баярхүүд газар эзэмшүүлсэн/, 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаартай захирамжийн /М.Батдэлгэрт хоёр нэгж талбар, Ц.Цэрэндорж, Ц.Гүрбазар, Д.Дарамаш, Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “...газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй олгогдсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй” гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан зарим баримтыг буруу үнэлсэн байна.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэ талаар давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүхээс энэхүү маргааныг шийдвэрлэхдээ ... захиргааны актын эрх зүйн үндэслэл болсон хэсгийг маргааны үйл баримттай холбогдуулан үнэлж дүгнэхийн оронд маргаан бүхий акт болон нэхэмжлэлийн шаардлага цаашлаад шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдээгүй асуудлаар өөрөө санаачлан дүгнэлт өгөх замаар маргааныг шийдвэрлэсэн. ... маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг баримталсан. ... шүүхээс хэсэгчлэн тариалалт хийж үйл ажиллагаа явуулсан байгаад ямар ч дүгнэлт хийлгүй нэхэмжлэгч газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн” гэсэн нь үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгч өөрийн эзэмшиж байсан газрын 9.6 га газарт тариалалт хийж, зохих хэмжээгээр ашигласан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх боломжгүй.
8.Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “С” ХХК-ийн эзэмшиж байсан ... нэг нэгж талбарын 9.6 га газарт нь суулгац суулгасан боловч энэ талаар газар эзэмшигчид ямар нэгэн байдлаар мэдэгдэж, гэрээгээ дүгнүүлээгүй байх тул хариуцагчийн гаргасан актыг буруутгахгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
9. Газар эзэмшүүлэх гэрээг дүгнэх асуудал нь гэрээний талуудын хэн алиных нь үүрэг бөгөөд зөвхөн газар эзэмшигчийг буруутгах үндэслэлгүйгээс гадна хариуцагч нь газрыг зориулалтын дагуу ашигласан эсэхийг бүрэн шалгаж тогтоосны үндсэн дээр Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй атал газрыг хэсэгчлэн зориулалтаар нь ашигласан байхад газар эзэмших эрхийг бүхэлд нь дуусгавар болгосон нь тухайн хуулийн заалтад нийцэхгүй.
10. Харин газрын бусад хэсгийг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “... газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагчид өөрт нь мэдэгдэж, барьцаанд тавьж зээл авч байсан нь ашиглаж байсныг илэрхийлнэ ...” гэх боловч газрыг зориулалтын дагуу ашигласанд энэхүү үйл ажиллагаа нь хамаарахгүй.
11. Иймд маргаан бүхий Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжаар “газрын зарим хэсгийг зориулалтын дагуу ашиглаж байхад газар эзэмших эрхийг бүхэлд нь дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн, үүний улмаас тухайн газарт тодорхой үйл ажиллагаа явуулж байсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий А/172 дугаар захирамжийн ашигласан 9.6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
12. Харин гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн ашигласан газартай давхцаагүй бөгөөд “анхнаасаа Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэр хууль зөрчсөн” гэх гуравдагч этгээд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны тайлбарыг энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай хамт дүгнэж шийдвэрлэх үндэслэлгүй, энэ талаарх холбогдох хуулийг хэрэгжүүлж эрх бүхий этгээд акт гаргах, гаргасан захиргааны акттай эрх нь хөндөгдсөн этгээд маргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “гаргасан” гэсний дараа “нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган,” гэж, “986 га” гэснийг “9,6 га” гэж, “хүчингүй болгуулах” гэснийг “хүчингүй болгож, үлдэх 976,4 га-д холбогдох хэсэг болон” гэж, “бүхэлд нь” гэснийг “үлдэх хэсгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ