Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 12

 

                              С.Гантуяагийн нэхэмжлэлтэй иргэний  хэргийн тухай

        Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны  02 дугаар сарын 17-ны өдрийн 89 дүгээр шийдвэртэй

 

          Нэхэмжлэгч С.Гантуяагийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч О.Мөнхцэцэгт холбогдох

         “Гэм хорын хохирол 4.484.850. төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгч С.Гантуяа, хариуцагчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч С.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Гантуяа нь О.Мөнхцэцэгийн үйлдсэн гэм хэргийн хохирогчоор тогтоогдсон. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 ны 05 дугаар сарын 23-ны өдрийн 39 тоот тогтоолоор О.Мөнхцэцэгийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж, хохирогч С.Гантуяа намайг иргэний журмаар гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан. С.Гантуяа миний бие эрүүл мэндийн шалтгаанаар шүүхэд хандаж чадахгүй өдийг хүрсэн бөгөөд О.Мөнхцэцэг үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж миний хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул О.Мөнхцэцэгээс гэм хорын хохирол болох 4.484.850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч С.Гантуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр О.Мөнхцэцэг намайг түлхсэний улмаас богино сүүл хугарсан. Энэ байдлаас болж миний нуруу өвдөж хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. Би машинд удаан хугацаагаар явах, суухад нуруу өвддөг. Нурууны суулттай болсон. О.Мөнхцэцэг надад гэмтэл учруулсан байж одоо хүртэл уучлалт гуйгаагүй. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар гэм буруутай нь тогтоогдсон ч одоо хүртэл үйлдсэн хэрэгтээ гэмшдэггүй. Мөн миний хөл өвддөг хууч өвчтэй. Хөлний өвчний улмаас БНХАУ-д эмчлүүлж байгаад ирсэн. Би тухайн үед эрүүгийн хэргийн шүүхэд гаргаж байсан нотлох баримтын хүрээнд эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Түүнээс илүү дутуу эмчилгээний зардлыг нэхэмжлээгүй. Би эрүүл мэндээрээ хохирчихоод одоогоор нуруу нугасны өвчтэй болсон, 5 килограммаас дээш зүйл өргөж чадахаа больсон. Би ардаа 3-4 хүний амь амьжиргаа залгуулдаг. Тухайн үед энэ хүн надад гэмтэл учруулаагүй бол би эрүүл мэндээрээ хохирохгүй байх байсан. Энэ хүнийг 2 жил орчим харж үзсэн. Би өөрийн эрүүл мэндэд учирсан тухайн үеийн хохирлоо л нэхэмжилж байгаа гэв.

           Хариуцагч О.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Гантуяа нь намайг татаж унаган биедээ хүндэвтэр гэмтэл учруулсан гэж гомдол гаргасан. Энэ хэргийг 2016 оны 07 дугаар сард шийдвэрлэсэн. С.Гантуяа надаас 4.484.850 төгрөгийн эмчилгээний зардал болон бусад зардал нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.Гантуяагийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх үнэлэж хохирлыг гаргаагүй.  Үндэслэлгүй, тодорхойгүй зүйлүүдийг надаас нэхэмжилдэг. Би үнэн бодитоор гарсан зардлыг төлнө. Иймд С.Гантуяагийн гэм хорын хохирол гэж 4.484.850 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

          Хариуцагч О.Мөнхцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би энэ хэрэгт холбогдоод 2 жил орчим болж байна. Энэ хэрэгтээ гэм буруутай гэж Өршөөлийн хуульд хамрагдсан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан тохиолдолд тэр хэмжээгээр нь төлнө гэж хэлж байсан. Яг энэ баримтаар гаргуулна гэсэн баримт байдаггүй учраас би одоо хүртэл төлөөгүй байгаа гэжээ.

               Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар хариуцагч О.Мөнхцэцэгээс 190.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 4.234.850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас 6.350 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 45 дугаар зүйлийн 45.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан Амбултори поликлиникээр үйлчлүүлэгчийн карт, СD бичлэг 2 ширхэг, хугарсан нүдний шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчид буцаан олгохоор, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд авж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Гантуяа нь 23 төрлийн баримтаар 4.484.850 төгрөгийг хариуцагч О.Мөнхцэцэгээс нэхэмжилж байгаа ч ямар оношоор, ямар эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн нь тодорхойгүй эмийн жороор эм авсан гэж тайлбарлаж байгаа ч эмийн жор хэрэгт авагдаагүй. Нүдний шил хагарч, монетон гинж тасарсан гэдэг нь тогтоогдоогүй, куртикээ дахин ашиглах боломжтой эсэхийг дүгнэх боломжгүй. Түрээслэж авсан хэсгээ зориулалтын дагуу ашиглаагүй гэдгээ нотлоогүй. Шатахуун авсан баримтууд нь засвартай гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн үнийн дүгнээс 4.234.850 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.Гантуяа нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилж байгаа. Хариуцагч О.Мөнхцэцэг нь нэхэмжлэгч С.Гантуяагийн эрх чөлөөнд халдаж бие махбодь болон эд хөрөнгөнд гэм хор учруулсан гэм буруутай гэдгийг Эрүүгийн шүүх хуралдаанаар тогтоосон байхад шүүхээр хүчин төгөлдөр болсон дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлэж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 145/ШШ2017/00089 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж 4.234.850 төгрөгийг хариуцагч О.Мөнхцэцэгээс нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч О.Мөнхцэцэг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Гантуяагийн биед учруулсан хохиролдоо дүгнэлт хийж эмчилгээний зардлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч С.Гантуяа нь нотлох баримтын шаардлага хангаагүй их хэмжээний 4.484.850 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. С.Гантуяагийн гаргаж өгсөн нотлох баримтууд нь бодит байдалд нийцэхгүй байна. Тухайлбал: “Хөх манал”, “Ивэл” зэрэг эмнэлэгт удаа дараа эмчилгээ хийлгэсэн гэдэг боловч “Хөх манал” эмнэлгийн тодорхойлолтон дээр “Ачтан ирээдүй” эмнэлгийн захирал их эмч Банзрагчийн тэмдэг дарагдсан байдаг. Эмч нарын жороор эм тариа авсан гэдэг боловч карт болон бусад баримтаар нотлогдоогүй. Өвөрхангай аймгийн Хангамж захад Лангуу түрээслэсний талбар гэж 3, 4, 5, 6 саруудын төлбөр 1.357.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шатахуун авсан баримтууд байдаг боловч тэдгээр нь засвартай учраас ойлгомжгүй байдаг. Шүүхийн шийдвэрээр гаргасан 190.000 төгрөгийг төлж барагдуулна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

       Шүүх нэхэмжлэгчийн О.Мөнхцэцэгт холбогдох эрүүгийн 201515000110 тоот хэргээс гэм хорын хохиролтой холбогдох эх хувиараа байгаа баримтуудад үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасныг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

           Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, уг хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй тул хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

        Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх эрхийг, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ шүүх зөрчжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг, тухайлбал амбултороор үзүүлэгчийн картыг бүрэн танилцуулаагүй болох нь давж заалдах шатны шүүх хуралд оролцсон хариуцагчийн өмгөөлөгч А.Адьяасүрэн, нэхэмжлэгч С.Гантуяа нарын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг зөрчиж, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагад нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэр гаргасан атал тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтуудыг нэхэмжлэгчид буцаан олгохоор заасан нь алдаатай болсоныг дурьдах нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

                                             ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 145/ШШ2017/00089 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Нэхэмжлэгч С.Гантуяагийн давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

        4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                     ШҮҮГЧИД                         Л.НЯМДОРЖ

                                                                                               Т.ДАВААСҮРЭН