Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

                                                                             

Д.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгчид Б.Дамба, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаар шүүгчийн захирамжтай, Д.Цд холбогдох эрүүгийн 1735001570117 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Х овогт Д-гийн Ц нь 1988 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Маамуу нааш ир” цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 5-21 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй.

Д.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Хорин айл" дэлгүүрийн гаднах зам дээр “Тоёота королла спасио” загварын 30-63 УВХ улсын дугаартай авто машин жолоодож, яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчиж, хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-д холбогдох 1735001570117 дугаартай эрүүгийн хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очих хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “ ...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаар шүүгдэч Д.Ц-д холбогдох эрүүгийн 1735001570117 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

......Анхан шатны шүүх хуралдааны үед хэргийн оролцогчдийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тов тогтоож байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх, шүүх хуралдааны үед яллагдагч Д.Ц-гийн гаргасан хүсэлтийг өөрөөр нь, түүнчлэн өмгөөлөгчөөр тайлбарлуулсан хэрнээ улсын яллагчид хариу тайлбар хэлэх боломжийн олгоогүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд тайлбараа гарга гэдэг байдлаар шүүх хуралдааныг дуусгасан болох нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдаж байна.

Энэ нь шүүх хуралдааны даргалагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцлийг бүрдүүлээгүй, хэт нэг талыг баримталж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасны дараагаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан "Хэргийг прокурорт буцаах" тухай шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 30 дугаар, 1735001570117 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болж чадаагүй учраас уг захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэндээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаар, эрүүгийн 1735001570117 дугаартай шүүгдэгч Д.Цд холбогдох хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Тухайн үед миний бие Улсын Дээд шүүхэд хуралтай байсан тул шүүхэд хүсэлт гаргасан.

 Хүсэлтийг шийдвэрлэх явцдаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь анхан шатны шүүх дахин тов гаргасан байдаг. Тиймээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэндээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаар, шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Ц нь өмгөөлөгч аваагүй байхад шүүхэд хэрэг нь шилжсэн, өмгөөлөгч аваад хүсэлтээ гаргасан. Шүүх хуралдаан даргалагч өөрийн эрхийн хүрээнд шүүх хуралдааны явцад шүүхэд гарч ирсэн нөхцөл байдлыг үнэлж, шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгийг зарлаж хэргийг прокурорт буцаах шүүгчийн захирамж гаргасан.

 Хэргийг буцаасан гол үндэслэл нь шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход эргэлзээтэй байна гэж үзэж нотлох баримтыг үнэлж байгаа шүүгчийн өөөрийнхөн дотоод итгэл үнэмшлийн асуудал.

Үүнийг эсэргүүцэж байгаа нь шүүгчийн нэр хүндэд халдаж байна. Уг захирамжийг шүүгч өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргасан хууль зүйн үндэслэлтэй захирамж гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн 30 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Д.Цд холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Прокурорын газраас Д.Ц-г 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой “Тоёота королла спасио “ загварын 30-63 УВХ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчиж хохирогч Н.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Д.Ц-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, улмаар шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр хийхээр товложээ.

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах, мөн шүүгдэгч Д.Ц 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүссэн хүсэлтийг тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дээрхи хүсэлтүүдийг хэлэлцэж, өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахдаа мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хийхээр товлож, улмаар Д.Ц-д холбогдох хэргийг Увс аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах дүгнэлтэнд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахаар хуульчилсан байх бөгөөд ингэхдээ энэ ажиллагаа прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэлх хугацаанд явагдахаар зохицуулжээ.

Хэрэв дээрх хугацаанд хэргийн оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсхүл хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан бөгөөд нэгэнт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн бол шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаан явагдах учиртай.

Хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүх Д.Ц-д холбогдох хэргийг хүлээн авч яллагдагчийг шилжүүлэх захирамж гаргаж, улмаар гэм бурууг хэлэлцэхээр товлосон шүүх хуралдаан хойшлогдох үедээ буюу  яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хуулийн хугацаа дууссан  хойно 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан шүүгдэгч Д.Цгийн “хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү “ гэх хүсэлтийг үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хэргийг прокурорт буцаасан нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн гэж үзэхээр байна

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх прокурор , мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалтыг биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Ц-д холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЖАМБАЛСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                           Б.ДАМБА

Н.МӨНХЖАРГАЛ