Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 302

 

“Нордстар ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцацрал, Т.Төгсжаргал, Д.Энх-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Ч.Сугар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 343 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0462 дугаар магадлалтай, “Нордстар ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч “Нордстар ресурс” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ...Татварын улсын байцаагч Н.Туул, Ч.Сугар нар томилогдон хэсэгчилсэн хяналт шалгалт хийж манай компанийн 2013 оны 10 дугаар сарын 31-ны байдлаар 1,056,605.9 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн үлдэгдлийг 43,680.8 мянган төгрөгийн дутуу төлөлттэй хэвээр баталгаажуулсан 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210201522 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 343 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Нордстар ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, Ч.Сугар нарын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 210201522 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0462 дугаар магадалалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварын албан татвараас хасч тооцно”, 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн, 14.1.2 худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний өөрөө шууд импортолсон бараа, ажил үйлчилгээнд төлсөн”, 14.1.7-д “Үйлдвэр үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, ашигласан хэсгийг хасч тооцно”.

Мөн Монгол Улсын Сангийн сайдын 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах харилцааг зохицуулах журам”-ын 5.1.1-т “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ” гэж тус тус заасан.  

Худалдан борлуулах зорилгогүй, өөрийн хэрэгцээнд үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ биш юм. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарал бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах тухай” Татварын ерөнхий газрын харъяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, Ч.Сугар нарын үйлдсэн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210201522 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч “Нордстар ресурс” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Худалдах, худалдан авах” гэрээгээр “М Си Эс Кока кола” ХХК-аас дутуу гүйцэтгэлтэй, агуулахын зориулалттай, дуусаагүй барилгыг худалдан авч, “Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө” гэж ангилан, “Дуусаагүй барилга” дансанд бүртгэж, нэмэгдсэн өртгийн албан татварын 2013 оны 09 дүгээр сарын тайландаа 11,002,866.6 мянган төгрөгийн худалдан авалттай, төсвөөс 1,056,606.2 мянган төгрөгийг буцаан авахаар тайлагнасан, хэргийн оролцогчид худалдан авсан барилгын болон актын үнийн дүнгийн талаар  маргаагүй байна.

Хариуцагч татварын улсын байцаагчид дээрх үйл баримтыг зөрчилд тооцож, маргаан бүхий 2015 оны 210201522 дугаар актаар төсвөөс авах татварын дүнг 1,100,286.7 мянган төгрөгөөр бууруулсан гэж үзэж,  төсөвт төлөх татварын дүнг 43,680.6 мянган төгрөгөөр баталгаажуулсныг нэхэмжлэгч “...түрээсийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор худалдан авсан барилга...,   хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан  “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ....” гэсэнд хамаарна..., ” гэж, 

хариуцагч нь  “...худалдан борлуулах зорилгогүй, өөрийн хэрэгцээнд үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн дээрх үл хөдлөх хөрөнгө нь уг хуулийн 7 дугаар зүйлд заасан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ биш, өөртөө бэлтгэсэн үндсэн хөрөнгө,...,  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.7-д заасны дагуу хасалт хийх үндэслэлгүй ...” хэмээн  маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”:

14.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн;

14.1.2.худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн хэмээн тухайн татварт хасалт хийх нөхцөл, үндэслэлийг заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх гол нөхцлийг уг хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа орлого олохтой  холбоотой худалдан авалтад тухайн татварыг төлсөн байхаар тодорхойлжээ.    

Иймээс холбогдох хуулийн зохицуулалтыг агуулгын хувьд зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн дуусаагүй барилга худалдан авсан нь тухайн 7 дугаар зүйлд заасан албан татвар ногдох бараа мөн эсэхийг зөв тодорхойлж, энэ нь 14 дүгээр зүйлийн  14.1.1-д заасны дагуу хасалт хийх үндэслэл болох эсэхийг дүгнэх нь чухал, маргааны гол нь үүнд байгааг шүүхүүд анхаараагүй байна. 

Тодруулбал, анхан шатны шүүх “...түрээсийн үйлчилгээний орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа, ...  энэ зорилгоор худалдан авсан барилга нь ...14 дүгээр зүйлийн 14.1.1-д хамаарч байна....”, гэж огт өөр үйл баримтыг дүгнэсэн, 

давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг зөв гэж үзсэнээс  гадна “...  барилгыг барьж дуусахтай холбоотой үйл ажиллагаа нь баялаг бүтээх үйл ажиллагаа байх тул үйлдвэрлэл гэж үзнэ... үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан аваагүй гэх үндэслэлгүй ...” гэх зэргээр маргаанд хамааралгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл агуулахын зориулалт бүхий “дуусаагүй барилга” худалдан авсан үйл баримт болон “актын үнийн дүн”-гийн тухайд нэхэмжлэгч маргаагүй, нэхэмжлэгчийн өөртөө үндсэн хөрөнгө олж авах зорилгоор бий болгосон үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт нь түүний тайлбарлаж байгаагаар түрээсийн үйл ажиллагаа буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил, үйлчилгээ явуулсантай хамааралгүй. 

Тухайн барилгад түрээсийн үйлчилгээний орлого олж эхэлснээс хойш орлого олохтой холбоотой худалдан авалт нь дээрх хуульд заасан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох  ажил, үйлчилгээ болно.     

Нэхэмжлэгч нь өөртөө үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь нэмүү өртөг бий болгохгүй, өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнэд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг, худалдан  борлуулсан бараа, ажил, үйлчилгээг бий болгоход зориулан түүнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвартай адилтгаж хасалт хийх нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасантай зөрчилдөхөөр байна.

Мөн тухайн тохиолдолд анх өөртөө үл хөдлөх эд хөрөнгө бий болгох зориулалтаар /хөрөнгө оруулалт/ худалдан авалт хийснийг түүний үйл ажиллагааны чиглэлтэй уялдуулж тайлбарлах нь борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний өртөгт тооцож ногдуулдаг, бараа, үйлчилгээ худалдан авсан хэрэглэгч болгон төлдөг, борлуулагч болон үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн бараа үйлчилгээний өртөг дээр татварыг нэмж тооцон хэрэглэгчээс авч төсөвт төлдөг татвар болох нэмэгдсэн өртгийн албан татварын агуулга, зорилгод нийцэхгүй.

Иймээс “...нэхэмжлэгч нь “дуусаагүй барилга буюу үндсэн хөрөнгө” худалдан авсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан татвар ногдох бараа ажил, үйлчилгээнд хамаарахгүй ...” гэх хариуцагч татварын улсын байцаагчдын тайлбар, хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлтэй.

Дээр дурдсанаар шүүхүүд маргааны үйл баримтад хамааралтай, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7, 14 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 343 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0462 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харъяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, Ч.Сугар нарын үйлдсэн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210201522 дугаар актыг хүчингүй болгуулах тухай “Нордстар ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг  дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

   ШҮҮГЧ                                                                       Л. АТАРЦЭЦЭГ