Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/102

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,

Нарийн бичгийн дарга     З.ГАНЦООЖ

Улсын яллагч                       Н.Г

Хохирогч                               Б.Э 

Шүүгдэгч                               Д.М /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.М-т холбогдох эрүүгийн  2004000000096 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .....оны ... дугаар сарын ....-ний өдөр ...... төрсөн, .....настай  

Урьд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б овгийн Д-н М /РД:...................... /.  

       Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 47 дугаар байрны 36 тоотод өөрийн гэрийн үүдэнд “хаалга чанга нүдлээ” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Э-ны ам хэсэг газарт зангидсан гараараа нэг удаа цохиж, хохирогч унахдаа толгойгоороо шат мөргөсний улмаас түүний биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 6 дугаар сарын 19-ний орой Э-ныг хаалга чанга цохилоо гэж цохьсон нь үнэн. Гэхдээ би санаатай цохиогүй, тухайн үед архи уучихсан байсан учраас цохьчихсон юм. Э бид хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаагүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,    

Хохирогч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр М-н гэрт нь очсон. Би М-н гэрээс гарч явахдаа гар утасныхаа цэнэглэгчийг мартсан байсан. Тэгээд би цэнэглэгчээ авах гээд буцаад М-н хаалгыг нь нүдэхэд хаалгаа онгойлгож өгөхгүй байхаар нь хаалгыг нь чанга нүдсэн. Тэгтэл М хаалга онгойлгоод намайг шууд цохьсон. Би тэр үед арагшаа саваад шат руу унасан. Нэг мэдсэн чинь угаалгын өрөөнд цусаа гоожуулаад сууж байсан. Энэ гэмтлийн улмаас миний хэл ярианд өөрчлөлт гарсан, толгойд уйланхай үүссэн, зулай хэсэг байнга өвддөг, толгой байнга өвдөж байгаа. Нэг хэсэг эмчилгээ хийлгэсэн бөгөөд ажилгүй, мөнгөгүй болоод эмчилгээ хийлгэж чадаагүй байсан. Саяхнаас эмчилгээ хийлгэж эхэлсэн. Намайг 6 сарын турш эмчийн хяналтанд байж уйланхайг бага багаар шимэгдүүлнэ гэсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Өмнө нь нэхэмжилсэн 705,930 төгрөг дээр сая авсан эм, тарианы үнэ 107,500 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нийт эрүүл мэндэд учирсан хохирол 813,430 төгрөг болсон. Энэ төлбөрийг төлчихвөл цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.”  гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,   

Гэрч Б.Б-ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.М-н гэрт найз охин н.Н-н хамт очиж пиво ууж байхад 23 цагийн үед Б.Э хотоос ирсэн. Бид 4 пиво ууж суухад ...үүр цайх дөхөж байсан. Би М-г “чи хөдөө цэрэгт явж үзээч” гэхэд М дургүйцэж “цэрэгт явж яах юм” гээд байхаар нь би М-т хэдэн үг хэлж бид хоёр маргалдаад угаалгын өрөөнд ороход ...Б.Э гэрт хамт байсан, хэзээ гарсныг мэдээгүй. ...хаалгыг хэн нэгэн гаднаас эвдэх гэж байгаа юм шиг л чанга нүдэхэд М “миний гэрийн хаалгыг хэн ингэж чанга нүддэг байна аа” гээд угаалгын өрөөнөөс гараад явахаар нь би араас нь очиход М надтай маргалдсан уурандаа хаалга нээнгүүтээ хаалга нүдээд зогсож байсан Э-ныг хэн гэдгийг нь анзаарах сөхөөгүй урдаас нь цохичихсон байсан. Би харж амжаагүй. ...Э-ныг унаж байхыг хараад “Э байна ш дээ, яаж байгаа юм бэ чи” гэхэд М “тийм байна ш дээ” гээд бид хоёр дотогш оруулж толгойных нь ар талаас урсаж байсан цусыг арилгахаар угаалгын өрөөнд оруулахад Э-ны толгойн зүүн ар хэсэгт шалбарчихсан, уруул нь язарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 203 дугаартай: “...1.Б.Э-ны биед зулайн хуйх, дээд  уруул, завьжинд шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт  /хх-ийн 34-35-р хуудас/,

Шинжээч эмч Б.Г-н “...үзүүлэгч Б.Э-ны биед учирсан шарх гэмтлүүд нь нэг удаагийн үйлдэл хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм. Б.Э-ны биед учирсан зулайн хуйх дээд уруул, завьжинд үүссэн шарх нь нийтдээ болон тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь урдаас цохиж арагш хатуу биет дээр унах үед үүсэх боломжтой гэмтлүүд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/, 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14-р хуудас/,

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаархи ирүүлсэн гомдолд: “манай хүү Б.Э нь Д.М гэгчид зодуулсан байна” гэсэн тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Шүүгдэгч Д.М-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 52-56-60-р хуудас/,

Д.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 56-р хуудас/,

Б.Э-ны гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 9-11, 69-75, шүүх хуралдаанд өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Д.М нь 2020 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 47 дугаар байрны 36 тоотод өөрийн гэрийн үүдэнд “хаалга чанга нүдлээ” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Э-ны ам хэсэг газар зангидсан гараараа нэг удаа цохисоны улмаас унахдаа толгойгоороо шат мөргөж, түүний биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

              Хохирогч Б.Э-ны биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч  Д.М-н хохирогчийн ам хэсэг газарт зангидсан гараараа нэг удаа цохьсоны улмаас унахдаа толгойгоороо шат мөргөж унасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:  

              - хохирогчийн “...Тэгээд би цэнэглэгчээ авах гээд буцаад М-н хаалгыг нь нүдэхэд хаалгаа онгойлгож өгөхгүй байхаар нь хаалгыг нь чанга нүдсэн. Тэгтэл М хаалга онгойлгоод намайг шууд цохьсон. Би тэр үед арагшаа саваад шат руу унасан. Нэг мэдсэн чинь угаалгын өрөөнд цусаа гоожуулаад сууж байсан. Энэ гэмтлийн улмаас миний хэл ярианд өөрчлөлт гарсан, толгойд уйланхай үүссэн, зулай хэсэг байнга өвддөг, толгой байнга өвдөж байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

              - Гэрч Б.Б-ны: “...Б.Э- гэрт хамт байсан, хэзээ гарсныг мэдээгүй. ...хаалгыг хэн нэгэн гаднаас эвдэх гэж байгаа юм шиг л чанга нүдэхэд М “миний гэрийн хаалгыг хэн ингэж чанга нүддэг байна аа” гээд угаалгын өрөөнөөс гараад явахаар нь би араас нь очиход М надтай маргалдсан уурандаа хаалга нээнгүүтээ хаалга нүдээд зогсож байсан Э-ныг хэн гэдгийг нь анзаарах сөхөөгүй урдаас нь цохичихсон байсан. Би харж амжаагүй. ...Э-ныг унаж байхыг хараад “Э байна ш дээ, яаж байгааа юм бэ чи” гэхэд М “тийм байна ш дээ” гээд бид хоёр дотогш оруулж толгойных нь ар талаас урсаж байсан цусыг арилгахаар угаалгын өрөөнд оруулахад Э-ны толгойн зүүн ар хэсэгт шалбарчихсан, уруул нь язарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

              - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 203 дугаартай дүгнэлт,

              - шинжээч эмч Б.Г-н “...үзүүлэгч Б.Э-ны биед учирсан шарх гэмтлүүд нь нэг удаагийн үйлдэл хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм. ...Уг гэмтлүүд нь урдаас цохиж арагш хатуу биет дээр унах үед үүсэх боломжтой гэмтлүүд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

              - шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.М нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч Д.М-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.Э-ны эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 203 дугаартай “...1.Б.Э-ны биед зулайн хуйх, дээд  уруул, завьжинд шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт  /хх-ийн 34-35-р хуудас/, шинжээч эмч Б.Г-н “...үзүүлэгч Б.Э-ны биед учирсан шарх гэмтлүүд нь нэг удаагийн үйлдэл хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм. Б.Э-ны биед учирсан зулайн хуйх дээд уруул, завьжинд үүссэн шарх нь нийтдээ болон тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь урдаас цохиж арагш хатуу биет дээр унах үед үүсэх боломжтой гэмтлүүд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Б.Э нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 813,430 төгрөгийн баримтыг /хх-ийн 9-11, 69-75, шүүх хуралдаанд өгсөн/  шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэл, түүний нотлох баримтаар нотлогдож буй байдлыг /эмчилгээ, оношилгоо хийлгэсэн, эмчийн зааврын дагуу холбогдох эм, тариа худалдаж авсан гм/ харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Д.М-с 813,430 /найман зуун арван гурван мянга дөрвөн зуун гуч/-н төгрөг гаргуулж хохирогч Б.Э-д олгуулах нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв. 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.М-г хохирогч Б.Э-ны эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай.” гэсэн ба шүүгдэгч Д.М гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулна.” гэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Д-н М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Д-н М-г 280 /хоёр зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.М нь шүүхээс оногдуулсан 280 /хоёр зуун ная/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М-с гэм хорын хохиролд 813,430 /найман зуун арван гурван мянга дөрвөн зуун гуч/-н төгрөг гаргуулж хохирогч Б.Э-д олгосугай.
  5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Д.М-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН