Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/112

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,

Нарийн бичгийн дарга:                Б.Наранжаргал  

Улсын яллагч:                                 Б.БУЯНДЭЛГЭР

Шүүгдэгчийн өмгөөлгч:                 Д.Ц

Шүүгдэгч:                                          Н.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000000105 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ......оны  ........дугаар сарын ....-ны өдөр .......аймгийн ...........суманд төрсөн, ........настай, ам бүл......

Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Н-н А /РД: ........../.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 10-11 цагийн хооронд Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэрэл” худалдааны төвийн заалны үүдэнд орших сандал дээрээс Б.С-ийн гээгдүүлсэн "Айфон 6-эс” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Н.А-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 10-11 цагийн үед “Гэрэл” худалдааны төвд тамхи авахаар орсон. Дэлгүүрийн худалдагчаас нь тамхи асуусан чинь байхгүй гэхээр нь үүдэнд нь байдаг сандал дээр очиж суусан.  Гэрэл төвийн сандал дээрээс утас олоод хүн нь ирэх болов уу гээд хүлээгээд ирэхгүй байсан. Тэр үед миний ажиллаж байсан газраас яачихав гээд утасдаад байсан. Тэгээд дэлгүүрээс гараад “Номин”-гийн хойд талын дэлгүүр орж тамхиа авчихаад амралтынхаа байранд очоод утсаа орхисон. Тэгсэн чинь нөгөө утас цэнэггүй болоод унтарчихсан байсан, маргааш орой нь 30 дугаар байрны хүнсний дэлгүүрт 9000 төгрөгийн барьцаанд тавьчихсан юм. Маргааш орой нь утсыг аваад эзэнд нь өгөх гэсэн чинь цагдаа дээр байна гээд мөрдөн байцаагчид утсыг хүлээлгэж өгсөн. ...Тухайн үед утсыг дэлгүүрийн худалдагч, эсвэл цагдаад хүлээлгэж өгөх боломжтой байсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Б.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2020 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн үед “Гэрэл” худалдааны төвд ажлаа хийж байхдаа гар утасныхаа тооны машиныг ашиглаж байгаад ажлын газрын үүдний төмөр сандал дээр “Айфоне 6-Эс” загварын гар утсаа үлдээгээд хойд хэсэг рүү үйлчлүүлэгч дуудаж юм асуухаар нь хариулж өгчихөөд буцаж ирээд гар утсаа авах гэхэд алга болсон байсан. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дэлгүүрийнхээ хяналтын камерыг шүүж үзэхэд үл таних хүн авч гарсан бичлэг хийгдсэн байсан. ... миний утсанд ямар нэгэн эвдрэл байхгүй. ...саарал өнгөтэй, гадна талаараа хар өнгийн гэртэй, дэлгэцэн дээрээ шилэн наалттай.  25-30 орчим насны эрэгтэй хүн...орж ирээд заалаар тойрчихоод кассан дээр суугаад миний гар утсыг сонирхож байгаад ...гар утсыг маань бариад явж байсан...Гээгдүүлсэн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг  /хх-ийн 11, 12-13-р хуудас/,

Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хамт ажилладаг Б.С гар утсаа үүдний төмөр сандал дээр тавиад алдчихлаа гээд “Гэрэл” төвийн дотор камерыг хамт шүүсэн. 25-30 орчим насны эрэгтэй хүн ...орж ирээд заалаар тойрчихоод кассан дээр очиж худалдагчтай яриа өрнүүлээд үүдний төмөр сандал дээр суусан. Тэгээд гар утсыг аваад хамт явж байсан 2 хүнийг дагаад гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн  14-15-р хуудас/,

Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн хүн ирж юм аваад “барьцаанд нь би гар утсаа үлдээчихье, удахгүй мөнгөө өгөөд авна” гэж байсан. Тухайн утсаа удаагүй маргааш нь дэлгүүр хаах гэж байхад ирээд өөрөө мөнгө төлөөд авсан. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр билүү 13-ны өдөр тавьсан шиг санаж байна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 275 тоот:  “Айфон 6-Эс” маркийн гар утас 310,000 төгрөгийн үнэтэй.” гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/,

Мөрдөгчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн: “Хохирогч Б.С-д саарал өнгийн “Айфоне 6-Эс” маркийн гар утас /хэвийн ажиллагаатай/-ыг хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл. /хх-ийн 7-р хуудас/,

Шүүгдэгч Н.А-ны хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 57-87-р хуудас/,

Н.А-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 64-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

             

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Н.А нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 10-11 цагийн хооронд Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэрэл” худалдааны төвийн заалны үүдэнд байрлах сандал дээрээс Б.С-ийн гээгдүүлсэн "Айфон 6-эс” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  “Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх бөгөөд тухайн эд хөрөнгийг санамсаргүй олсон этгээд өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулах эрхтэй болсон үйлдлээр тухайн гэмт хэргийн объектив талын шинж тодорхойлогдоно.

Шүүгдэгч Н.А нь бусдын өмчлөлийн эд зүйлийг олж, өөрт ашигтай байдлаар завшсан гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн:

- хохирогч Б.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2020 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн үед “Гэрэл” худалдааны төвд ажлаа хийж байхдаа гар утасныхаа тооны машиныг ашиглаж байгаад ажлын газрын үүдний төмөр сандал дээр “Айфоне 6-Эс” загварын гар утсаа үлдээгээд хойд хэсэг рүү үйлчлүүлэгч дуудаж юм асуухаар нь хариулж өгчихөөд буцаж ирээд гар утсаа авах гэхэд алга болсон байсан. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дэлгүүрийнхээ хяналтын камерыг шүүж үзэхэд үл таних хүн авч гарсан бичлэг хийгдсэн байсан.”   гэх мэдүүлэг  /хх-ийн 11, 12-13-р хуудас/,

- Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хамт ажилладаг Б.С гар утсаа үүдний төмөр сандал дээр тавиад алдчихлаа гээд “Гэрэл” төвийн дотор камерыг хамт шүүсэн. 25-30 орчим насны эрэгтэй хүн ...орж ирээд заалаар тойрчихоод кассан дээр очиж худалдагчтай яриа өрнүүлээд үүдний төмөр сандал дээр суусан. Тэгээд гар утсыг аваад хамт явж байсан 2 хүнийг дагаад гараад явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн  14-15-р хуудас/,

- Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн хүн ирж юм аваад “барьцаанд нь би гар утсаа үлдээчихье, удахгүй мөнгөө өгөөд авна” гэж байсан. Тухайн утсаа удаагүй маргааш нь дэлгүүр хаах гэж байхад ирээд өөрөө мөнгө төлөөд авсан. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр билүү 13-ны өдөр тавьсан шиг санаж байна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирогчид нийт  310,000 төгрөгийн хохирол учирсан нь:

- хохирогч Б.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би гээгдүүлсэн утсаа 2019 оны 12 дугаар сард “Тэди” төвөөс 400,000 төгрөгөөр авч байсан. Жил шахуу хэрэглэж байгаа учраас 350,000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 11-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 275 тоот:  “Айфоне 6-Эс” маркийн гар утас 310,000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/-ээр тогтоогдож байх ба бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэл мөн.  

Иймд Н.А-ныг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.С нь “Айфон 6-ЭС” маркийн гар утасны хууль ёсны эзэмшигч болох нь, мөн тухайн эд хөрөнгөд хохирол учирсан нь түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн   мэдүүлэг /хх-ийн  14-15-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 275 тоот дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Б.С нь “Айфоне 6-Эс” маркийн гар утсыг биет байдлаар буцаан авсан, нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол, саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн /хх-ийн 13-р хуудас/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Н.А нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 310,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай” гэсэн ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хууль мэдэхгүй байдлаасаа ийм хэрэгт орлоо. Хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн. Торгох ялыг зөвшөөрч байна.”  гэв.

 Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

              2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 179 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Н.А-ныг албадан ирүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн ба 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нийт 7 хоног цагдан хоригдсон байна.

              Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.А-ны цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн 1 /нэг/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, нийт 105,000 төгрөгийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилөх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Н-ийн А-ныг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Н-ийн А-ныг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.А-ны цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн 1 /нэг/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 105,000 төгрөгийг шүүгдэгчид оногдуулсан торгох ялаас хасч тооцсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Н.А-нд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.А-нд тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Н.А-нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.А нь “Айфон 6-Эс” маркийн гар утсыг нэг бүрийн шинжээр нь хохирогч Б.С-д хүлээлгэн өгснийг баталж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Н.А-ны иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.А-д  урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН