| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2017/0182/э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 10
Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Батгэрэл, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Б нарт холбогдох эрүүгийн 17350019700114 дугаартай хэргийг шүүгдэгч Б. Б-ын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Б овогт Б-ын Б нь 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, Увс аймаг, Улаангом сумын 5 дугаар багийн 5-11 тоотод оршин суух,
Монгол улсын иргэн, Б овогт Д-ын Г нь 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймаг, Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 17 настай, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 7-09 тоотод оршин суух,
Монгол улсын иргэн, Т овогт Ц-ийн И нь 2000 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 1-36 тоотод оршин суух,
Б.Б, Д.Г, Ц.И нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт дэвсгэрт байрлах “Нийгэмлэг” спорт заалны хувцас солих өрөөнд хохирогч Ц.П-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Б овогт Д-ын Г, Т овогт Ц-ийн И, шүүгдэгч Б овогт Б-ын Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.Г, Ц.И нарт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 120 /нэг зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримт байхгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Г, Ц.И нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Увс аймаг дахь Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өвсөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн эцэг эх М.У, Ц.Ц нарт хариуцуулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ” Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 120 / нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.
Б.Б нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг төгсөх ангийн сурагч юм. Хэдийгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд 18 насанд хүрсэн байсан хэдий ч Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д хорин нэгэн насанд хүрээгүй хүнд шүүх хүмүүжлийн чанартай арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан байх ба анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхэд Б.Б нь 18 нас 8 сартай байсан байна.
Анхан шатны шүүх Б.Бд 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, түүний ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй байдал, насны онцлог зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Прокурор Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “.......Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа , шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэж, өмгөөлөгч Б.Батгэрэлийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Б.Б, Д.Г, Ц.И нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймаг, Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Нийгэмлэг” спорт заалны хувцас солих өрөөнд хохирогч Ц.Пүрэвдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь :
Хохирогч Ц.Пүрэвдоржийн “Би сагсан бөмбөг тоглож байхдаа самбараас бөмбөг авах гэж байгаад надтай хамт тоглож байсан Цогцолбор 2 дугаар сургуулийн 7 дугаар ангид сурдаг 1 хүүхдийн нүүрний хэсэгт гараараа 1 удаа хальт цохисон.
Би тэр хүүхдийг огт танихгүй бөгөөд бөмбөг авах гэж гараа өргөж байгаад тэр хүүхдийн нүүр үрүү гараараа 1 удаа санамсаргүй цохичихсон юм. Би түүнээс уучлалт гуйхад тэр хүүхэд надад уурлаад цаашаа эргээд явчихсан. Би өөрийнхөө авсан цагтаа тоглож дуусаад явах гэж байтал нэг танихгүй хүүхэд ирээд “ахаа таныг тэр хүүхдүүд дуудаж байна” гэж хэлээд зааланд сууж байсан хэдэн хүүхэд үрүү гараараа заасан. Би тэдэн үрүү очиход нэг үл таних эрэгтэй хүүхэд “чи яагаад манай дүүг дээрэлхээд, зодоод байгаа юм” гэж асуухаар нь би “танай дүүг чинь би зодоогүй. Би жаахан хүүхдэд гар хүрдэггүй” гэж хэлчихээд явах гэтэл бас нэг танихгүй хүүхэд намайг мөрлөөд сандал дээр суулгасан. Тэгтэл надаас эхэлж юм асуусан хүүхэд 2-уулаа хувцас солих өрөө рүү орж байгаад учраа ольё гэж хэлээд Нийгэмлэг төвийн заалны хувцас солих өрөө рүү явахаар би араас нь дагаад хувцас солих өрөөнд орсон. Тэр өрөөнд ороход миний үл таних 7-8 хүүхэд байсан бөгөөд өрөөнд орсоны дараа намайг дагуулж орсон хүүхэд “Чи ямар том пизда вэ” гэж хэлээд миний нүүр үрүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад сандал дээр суухад намайг цохисон хүүхдийн хажууд байсан 2 эрэгтэй хүүхэд над уруу ирээд миний толгой, цээж, баруун талын хавирганы хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө жийсэн. Сүүлд намайг цохисон 2 хүүхдийн нэг нь “Чи яагаад инээгээд байгаа юм бэ” гэхээр нь би “намайг угаасаа Смайл гэдэг. Би байнга инээдэг” гэж хэлэхэд тэр хүүхэд дахин миний нүүр үрүү гараараа 1 удаа цохисон. Тэгтэл эхэлж хувцасны өрөө рүү дагуулж ороод цохисон хүүхэд ирээд миний эрүүний хэсэгт гараараа 1 удаа, духны дээд хэсэгт мөн гараараа 1 удаа цохиход миний духны дээд талын хэсгээс цус гарсан. Намайг цохиж, зодсон хүүхдүүд нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан учраас надад одоо ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/,
Насанд хүрээгүй гэрч Г.Гийн “Д.Г нь хувцас солих өрөөнд орж ирсэнийхээ дараа “Чи яагаад манай дүүг зодоод байгаа юм. Чи ямар том пизда вэ” гэж хэлээд нөгөө үл таних эрэгтэй хүний нүүр үрүү нь гараараа 1 удаа цохисон. Тэр залуу Д.Гт цохиулаад сандал дээр суусан бөгөөд би босоод Д.Гийг барьж авсан. Тэгтэл нөгөө залуу өндийгөөд босоод ирсэн бөгөөд энэ үед манай ангийн Ц.И нь нөгөө залуугийн хүзүүний хэсэг үрүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Мөн Б.Б нь тэр танихгүй залуу руу очоод гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал,
Насанд хүрээгүй гэрч Э.Д-ний “Бид нар сагсан бөмбөг тоглож байтал тэр танихгүй ах самбараас бөмбөг авах гэж байгаад Тэмүүлэнгийн нүүрний хэсэг үрүү нь гараараа 1 удаа цохисон. Манай найз Тэмүүлэн тэр хүнээр цохиулчихаад “Та яаж байгаа юм” гэж уурлаж байсан.
Би тэр хүнтэй хамт Д.Г ах руу очиход Д.Г ах тэр хүнээс “Чи яагаад манай дүүг цохиж байгаа юм” гэж асуухад тэр хүн “Тоглож байгаад санамсаргүй цохичихлоо шүү дээ. Чи боль хөгшөөн” гэж хэлсэн. Хувцас солих өрөөнд орсоны дараа Д.Г ах “Чи яагаад манай дүүг дээрэлхээд байгаа” гэж хэлээд нөгөө хүний толгой, нүүрний хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Энэ үед Д.Г ахыг ангийнх нь хүүхдүүд барьж авсан. Гэтэл Ц.Иээ ах нөгөө танихгүй хүн рүү очоод тэр хүний хүзүүний хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Мөн Б ах нөгөө хүн рүү очоод толгойны хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өвдөглөсөн. Би зааланд үлдээсэн цүнхээ авахаар гарчихаад буцаад хувцас солих өрөө рүү ороход Д.Г ах дахин нөгөө хүний нүүр, духны хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тэгтэл нөгөө залуугийн толгойны хэсгээс нь цус гарсан. Тэрнээс хойш тэр залууг цохиж зодсон хүн байхгүй. Д.Г ах, Б.Б ах, Ц.И ах нар нь нөгөө залуугаас уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,
Насанд хүрээгүй гэрч Д.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Бид нар сагсан бөмбөг тоглож байтал бид нартай хамт тоглож байсан танихгүй ах самбараас бөмбөг авах гэж байгаад миний хацарны хэсэгт гараараа 1 удаа цохисон.
Тэгэхээр нь би “Та яагаад байгаа юм бэ” гэж асуухад тэр ах “Санамсаргүй цохичихлоо. Намайг уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд бид нар үргэлжлүүлээд сагсан бөмбөг тоглосон. Бид нар тоглож дуусаад сууж байж байтал манай сургуулийн 12 дугаар ангид сурдаг Д.Г ах надтай хамт тоглож байсан танихгүй ахыг дуудсан. Би зааланд сууж байтал Д.Г ах намайг дуудаад “Энэ хүн чамайг цохисон юмуу” гэж асуухаар нь би “Бид нар сагс тоглож байтал энэ ах миний нүүр үрүү санамсаргүй цохисон” гэж хэлсэн. Д.Г ах “2-уулаа хувцас солих өрөө рүү орж байгаад учраа олъё” гэж хэлээд нөгөө хүнийг дагуулаад Нийгэмлэг төвийн заалны хувцас солих өрөө рүү орсон. Би тэд нарын араас хувцас солих өрөө рүү ороогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,
Насанд хүрээгүй гэрч С.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хувцасаа сольж дуусчихаад хэсэг хугацааны дараа хувцас солих өрөө рүү ороход Д.Гийн дагуулж орсон залуугийн толгойны хэсгээс цус гарч байсан. Тэр өрөөнд манай ангийн Д.Г, Б.Б, Ц.И, Г.Г, Шинэбаяр нар байсан. Би юу болсон талаар асуухад Г.Г “Ц.И, Д.Г, Б.Б нар нийлээд энэ залууг зодчихлоо” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Г нь хувцас солих өрөөнд орж ирсэнийхээ дараа “Чи яагаад манай дүүг зодоод байгаа юм. Чи ямар том пизда вэ” гэж хэлээд нөгөө үл таних эрэгтэй хүний нүүр үрүү нь гараараа 2 удаа цохисон. Тэр залуу Д.Гт цохиулаад сандал дээр суусан бөгөөд Г.Г босоод Д.Г-ийг барьж авсан.
Тэгтэл манай ангийн Ц.И нөгөө залуугийн хүзүүний хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод Ц.И-ийг барьж авсан. Гэтэл Б.Б нь тэр танихгүй залуу руу очоод мөн толгой, мөрний хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөж байсан” гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, шүүхийн шийдвэр нь хуульзүйн үндэслэлтэй болжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба шүүхээс бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.
Д.Г, Ц.И, Б.Б нар нь хохирогч Ц.П-ийг “ сагсан бөмбөг тоглож байхдаа дүү Д.Т-г зодсон” гэх шалтгаанаар буюу тодорхой сэдэлттэйгээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Батгэрэлийн “...Б.Бын хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү " гэх “ гомдлыг хүлээн авах боломжтой байна.
Б.Б нь 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хэрэг хянан хэлэлцэх үед 18 нас 8 сартай байсан боловч шүүх түүнд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан байна.
Анхан шатны шүүх Б.Бд хуулинд заасан төрөл хэмжээний ялыг оногдуулсан боловч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг / төгсөх ангийн сурагч/, насны онцлог, хэргийн үйлдэл, оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлж, хор уршгийг арилгасан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх зорилгоор түүнд ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын Б.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, мөн заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.Г, Ц.И нарт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай “ гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.Г, Ц.И, Б.Б нарт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай” гэж, тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “..тэдгээрийн эцэг, эх М.У, Ц.Ц нарт хариуцуулсугай “ гэснийг “...тэдгээрийн эцэг, эх М.У, Ц.Ц, Ч.Б нарт хариуцуулсугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Н.МӨНХЖАРГАЛ