Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 1

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Залуус хотхоны ... тоотод оршин суух Б.Өын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Зд холбогдох,

 

Гуравдагч этгээд: О.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74, Б/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж, өмнө хариуцан гүйцэтгэж байсан аймгийн Биеийн тамир спортын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн, гуравдагч этгээд О.Б, нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө миний бие нь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/62 дугаар захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүрэгт ажилд томилогдсон. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. 

Сүхбаатар аймгийн З Ж.Э 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 дүгээр захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Энэхүү захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт /албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно/-ыг үндэслэсэн. 

Намайг өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага байгаагүй. Энэ талаар надтай тохиролцоогүй, аль нэг байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн томилоогүй. Надад 2 ажлын байр санал болгосон ч би түүнд нь шилжин ажиллахыг зөвшөөрөөгүй, тохиролцоогүй харин өөрийн ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх тухайгаа хэлж байсан. Харин намайг ажлаас чөлөөлөх болсон шаардлагыг тайлбарлахдаа Ардчилсан нам 17 суудалтай болсон тул байгууллагын удирдлагуудыг 2 нам хувааж өөрсдийн намын хүмүүсийг томилох тохироо хийгдсэн гэсэн улс төрийн шалтгаан хэлж байсан. 

Иймд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 дүгээр захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “ хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, мөн хуулийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны акт нь зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” гэсэн зарчмуудыг зөрчсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: О.Бг Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/75 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа өмгөөллийн саналдаа: Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 дүгээр захирамж гарч Б.Өыг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулаад Биеийн тамир спортын газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь хуучин Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэж гарсан захирамж байна. Энэ маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу ажиллагаа хийгдэх ёстой байтал хийгдээгүй. Сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй. З нотлох баримт ирүүлэхдээ ямар сонсох ажиллагаа явуулсан, ямар санал гаргасан, ямар тэмдэглэл хөтөлсөн нь тодорхойгүй. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 27.7, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-д заасан журмыг баримталж явуулах байсан. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар “сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэсэн. Энэ талаар баримт байхгүй. Би Өтой уулзсан, сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байна гээд гарын үсэг зурсан байсан. Албан бичгийн толгой байхгүй, цагаан цаасан дээр гарын үсэг зурсан байсныг би нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар “сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэсэн боловч энэ хүнд ийм боломжийг олгоогүй.

 Өнөөдөр нь уулзсан маргааш нь шийдвэр гаргасан, хууль зүйн туслалцаа авах болон тайлбар санал гаргах боломжоор хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д зааснаар “сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэсэн мөн тайлбарлаагүй, дараа уулзъя гэж хэлсэн нь тайлбарлах биш. Тайлбарласан талаар хэрэгт нотлох баримт байхгүй. Захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлах ёстой. Энэ хуулийг Сүхбаатар аймаг дахь хамгийн том Захиргааны байгууллагын тэргүүн нь баримтлаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар “захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” гэснийг зөрчсөн байгаа. 

Хууль зүйн үндэслэлийн хувьд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан 3 үндэслэлийг баримталж хүнийг ажлаас чөлөөлөх ёстой. Тэр хүнийг өөр ажилд шилжүүлэх зайлшгүй шаардлага байсан уу?  зайлшгүй шаардлага гэдэг нь улс төрийн тохиролцоо биш. Аймгийн З Ардчилсан нам,  Ардын намын дарга нар хоорондоо ярьдаг зүйл биш. Зайлшгүй шаардлага гэдэг нь төрийн албан хаагч өөр ажилд очоод ажиллах зайлшгүй шаардлага. Ажил албаны хувьд зайлшгүй шаардлага байх ёстой. Энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй. 

Мөн тохиролцсон байх ёстой. Энэ нь санал тавьсан байхыг ойлгохгүй харин 2 тал нэг шийдэлд хүрсэн байхыг ойлгоно. Өөр албан тушаалд шилжүүлсэн байх ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ 2 албан тушаал санал болгоход үгүй гэсэн, 3 дахь ажлыг бид судалж байхад шүүхэд өгсөн байна гэж байна. Шүүхэд гомдол гаргахад хуулийн хугацаатай байдаг. Энэ 3 нөхцөл тухайн шийдвэрт аль нь ч хангагдаагүй. Хариуцагч нэхэмжлэлийн хариу тайлбартаа зөвшөөрөхгүй гэсэн агуулгыг ирүүлээгүй. Бид нар энэ хүнийг 2 дугаар сарын 10-ны дотор өөр ажилд томилохоор судалж байна гэсэн. Үүнээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж үзэж байна, эсэргүүцээгүй, зөвшөөрөхгүй гэсэн агуулга байхгүй байдаг. 

Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэсэн, бүртгээгүй, шалгалтад орсон ороогүй талаар хариу тайлбар хийе. Нөөцөд бүртгэх, тангараг өргөх эсэх Өын бүрэн эрхэд хамаарах асуудал биш. Өнөөдөр нөөцөд бүртгэсэн Төрийн албаны салбар зөвлөлийн 13 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тангаргийн хуудас хүчин төгөлдөр байгаа зэргийг үндэслэн төрийн албанд жинхлэн томилсон шийдвэрийг гаргасан байдаг. Нөгөө талаар төрийн албаны шалгалтад орсон, ороогүй тухай үндэслэл, агуулга Б/74 дүгээр захирамжид огт байхгүй, зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар чөлөөлсөн. 

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2002 оны Төрийн албаны тухай хуулиар тогтоосон журмын дагуу түр орлон гүйцэтгэгчийг томилох зохицуулалт байгаа. Тухайн байгууллагын орлогч, дэд дарга байх юм бол, хэрвээ байхгүй бол газар хэлтсийн дарга мөн байхгүй бол хамгийн ойр ажил хийж байгаа ахлах мэргэжилтэн нь орлон гүйцэтгэнэ гэсэн журам байдаг.

 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нөгөө журмын зохицуулалт тэр чигээрээ орсон байгаа. Тэгэхээр түр орлон гүйцэтгэгчийг гаднаас биш дотроос томилох ёстой. Өыг анх ажилд томилогдоход Идэрмөнх гэх ахлах мэргэжилтэн нь тэр байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Заавал иргэдийн төлөөлөгч Бг гаднаас авчирч томилох хууль зүйн үндэслэлгүй, шаардлагагүй. Гуравдагч этгээдийг хуулиар томилогдсон гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл хууль болон журмыг зөрчиж томилогдсон учир бид нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. 

Өнөөдрийн маргаан Б/74 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл дээр маргаж байгаа болохоос сонгон шалгаруулалтай холбоотой маргаан биш учир шүүх үүнийг анхааралдаа авах шаардлагагүй байх гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Өыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Биеийн тамир спортын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд өмнө нь Усан бассейны захирал, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар томилох тухай санал тавихад Б.Ө хүлээн зөвшөөрөөгүй. Иймд 2018 оны 02 дугаар сарын 15-ны дотор өөр ажилд томилох талаар төлөвлөн ажиллаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Өыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Биеийн тамир спортын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд өмнө нь Усан бассейны захирал, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар томилох тухай санал тавихад Б.Ө хүлээн зөвшөөрөөгүй. Дараагийн ажлыг шийдвэрлэх талаар удирдлагын түвшинд ярилцаж тодорхой шийдвэрт хүрээгүй байхад Б.Ө захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

Б.Өын нэхэмжлэлийн дагуу холбогдох баримт материалуудыг судалж үзэхэд:

1.Аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/64 тоот албан бичгээр Б.Өыг Биеийн тамир спортын газрын даргын үүрэгт ажилд томилохоор нэр дэвшүүлж хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрын  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05/1012 тоот албан бичигт Төрийн албаны тухай хууль, бусад салбар хууль тогтоомжид заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхэд хяналт тавьж, Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн нийцүүлж шийдвэрлэх гэсэн байх ба уг албан бичгийг зөрчсөн, мөн тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 17  дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.6 дахь заалтуудыг зөрчин томилогдож байсан нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар нотлогдож байна.

Биеийн тамир спортын газрын даргын албан тушаал нь Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал бөгөөд төсвийн захирагч тул сонгон шалгаруулалтад орж томилогдох учиртай бөгөөд Б.Ө нь Төрийн  үйлчилгээний удирдах албан тушаалын ажлын байр буюу Эрдэнэцагаан сумын соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалтад орж тэнцэн Биеийн тамир спортын газрын даргаар томилогдсон нь хуульд нийцэхгүй байна.

2.О.Бг Биеийн тамир спортын газрын даргын үүрэгт ажилд томилохоор нэр дэвшүүлж Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн урьдчилсан мэдүүлгийн хариу ирсэн бөгөөд ямар нэгэн зөрчил, дутагдал заагдаагүй байгаа нь хууль бусаар үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

Иймд Б.Өын, О.Бг томилсон захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

     Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн өмгөөллийн саналдаа: Сонсох ажиллагаа явуулаагүй гэж байна. З Өтой уулзаж ярилцаж, албан ажлыг өөрчлөх гэж байна гэж өөрт нь хэлсэн. Ажлаас чөлөөлнө гэдгийг өөрт нь хэлсэн, энэ талаар тэмдэглэл ирүүлсэн байна. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлсөн Засаг даргын захирамжийг нэхэмжлэгч гардаж авсан байдаг. Үүнээс 40 хоногийн дараа Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Мөн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс хариу ирэхдээ гомдлоо орон нутгийн салбар зөвлөлдөө гарга гэсэн хариуг ирүүлсэн.  

Салбар зөвлөлийн дүгнэлтээр Өыг удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орохдоо Биеийн тамир спортын газрын даргын албан тушаалын орон тоон дээр сонгон шалгаруулалтад орох ёстой байтал төрийн үйлчилгээний албан тушаалын ангиллаар буюу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын соёлын төвийн эрхлэгч гэх орон тоон дээр орж хууль зөрчсөн гэж Сүхбаатар аймгийн Төрийн албаны салбар зөвлөл дүгнэлт гаргаж нэхэмжлэгчийг Биеийн тамир спортын газрын даргын албан тушаалд анх томилсон аймгийн З З.Энхтөрийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/62 тоот, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 тоот захирамжууд нь хуульд нийцээгүй болох нь тодорхой тул ирүүлсэн өргөдөл гомдлыг  хангах боломжгүй гэсэн дүгнэлтийг нэхэмжлэгчид өгсөн байгаа. 

Аймгийн Засаг даргын Өыг ажлаас чөлөөлсөн захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар өөр ажил албан тушаалд шилжүүлэхтэй холбоотойгоор гарсан. 22 дугаар зүйлд бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах гэсэн ерөнхий заалт байгаа. Гэтэл 22.1 дэх хэсэгт нарийвчлан заасан байна. Зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож өөр албан ажилд шилжүүлэн ажиллуулж болно гэсэн заалтыг барьсан. Энэ нь Засаг даргын өөрийнх нь эрх хэмжээний асуудал, өөрийн санал бодлыг ярилцсан байгаа. Түүнээс намчирхсан асуудал байхгүй, санал солилцсон, сонсох ажиллагаа явагдсан гэж бодож байна. 

Төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ангилал зөрчиж орсон. Сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулж 21 хоногийн дотор тухайн шалгаруулалтад Өоос өөр хүн орж болно. Гэтэл ганцхан Өын нэрийг явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 

2018 оны 01 дүгээр сарын 17-ны 1/64 тоотоор Авлигатай тэмцэх газраас  Засаг даргын нэр дээр Б. Өын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичиг ирүүлсэн байна. Энэ бичигт нэр дэвшигч нь Төрийн албаны тухай хуулийн тодорхой заалтууд, удирдах албан тушаалтныг томилох ажилтныг сонгон шалгаруулах журмыг зөрчихөөр байна гэсэн зөвлөмж ирүүлсэн байгаа. Энэ зөвлөмж ирүүлсэн байхад Өыг Энхтөр гэх хүн албан тушаалд томилсон байдаг. Мөн нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар захиргааны актыг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргана гэсэн заалтыг зөрчсөн байгаа гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд хандан “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 дүгээр захирамжийг хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан аймгийн Биеийн тамир спортын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “О.Бг Биеийн тамир спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/75 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад ажилгүй байсан хугацаагаа 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл гэж тодорхойлсон болно. 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Намайг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага байгаагүй, энэ талаар надтай тохиролцоогүй ...” гэж маргаж байгаа бол харин хариуцагчийн зүгээс “ ... Б.Өод аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэдэх Усан бассейны захирал, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар томилох санал тавихад хүлээн зөвшөөрөөгүй. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтаар төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахдаа түүнтэй тохиролцох шаардлагагүй. Энэ нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд хууль бусаар томилогдсон ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.  

Нэг. “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Өыг Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/62 дугаар захирамжаар аймгийн Биеийн тамир спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар аймгийн Биеийн тамир спортын газрын даргын албан тушаалд томилон ажиллуулж байжээ. 

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заажээ. 

Хуулийн энэхүү зохицуулалтаар албан ажлын зайлшгүй шаардлага гарсны улмаас төрийн албан хаагчийг түүнтэй тохиролцон өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болохыг хуульчилсан бөгөөд “тохиролцож” гэдгийг албан тушаалтны аливаа шахалт шаардлага, зүй бус хөндлөнгийн нөлөө, оролцоогүйгээр гагцхүү албан хаагчийн өөрийнх нь хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр хэлэлцэн тохиролцох, тохиролцоо нь бичгэн хэлбэрээр байхыг, түүнчлэн өөр албан тушаалд шилжүүлэхдээ тухайн албан хаагчийн урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр өөр ажилд ажиллуулахыг ойлгохоор байна. 

Хариуцагч аймгийн З нь нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захирамж гаргахдаа хуулийн дээрх заалтыг үндэслэсэн боловч хэрэгт цугларсан баримтууд болон хариуцагчийн тайлбараар аймгийн Биеийн тамир спортын газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх ажлын зайлшгүй шаардлага үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн энэ талаар Б.Өтой тохиролцоогүй байна. 

Иймд нэхэмжлэгч Б.Өыг “албан ажлын зайлшгүй шаардлагаар, түүнтэй тохиролцсон” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамж нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй  гэж дүгнэлээ. 

Хоёр. “О.Бг Биеийн тамир спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/75 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.” гэжээ. 

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “О.Бг Биеийн тамир спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/75 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэнтэй холбогдуулан О.Бг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулав. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “З эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтална.” гэж зааснаас үзвэл захиргаанаас ямар нэг шийдвэрийг зөвхөн шаардлагатай үед, хууль ёсны зорилгодоо хүрэхийн тулд, бодит нөхцөлд тохируулан, хууль тогтоомжид нийцүүлэн гаргахаар байна. 

Нэгэнт Б.Өыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2018 оны Б/74 дүгээр захирамж нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ холбогдох заалтыг зөрчиж гарсан тул О.Бг аймгийн Биеийн тамир спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захиргааны шийдвэр нь хуулийн дээрх зарчимтай нийцээгүй, хууль бус шийдвэр байна. 

Гурав. “Урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл  мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Б.Өыг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн нь дээрх байдлаар тогтоогдож, хариуцагч аймгийн З нь Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно.” гэснийг зөрчиж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн алба хаах эрхийг хангаагүй буруутай байх тул түүнийг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэв. 

Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Өын ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх нийт 64 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцоолж 2.241.408  (хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун найм) төгрөгийг Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Өод  олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

Мөн шүүхээс “... нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд хууль бусаар томилогдсон ... “ гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ. 

 

Учир нь нэхэмжлэгч Б.Ө нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан байх ба Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Төрийн албаны зөвлөл нь гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэж гомдол гаргагчид хариуг өгөхөөр байжээ. 

 

Төрийн албаны зөвлөлөөс дээрх хугацаанд нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэж хариу ирүүлээгүй байх тул 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа тоологдоно. 

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн болох нь хэрэгт авагдсан тангаргийн хуудсаар тогтоогдож байна. 

 

Эрх бүхий байгууллагаас Б.Өыг төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлсэн үйлдэлд шүүхээс дүгнэлт хийх, үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай  хуулийн /2002 оны/ 22 дугаар зүйлийн 22.1, Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Өын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74, Б/75 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.Өыг Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

 

2. Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.241.408  (хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун найм) төгрөгийг Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Өод олгон, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг аймгийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогчид даалгасугай. 

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Зас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.ЦЭРЭНХАНД